Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Амарсайхан: Эгийн голын усан цахилгаан станцын тухайд үл ойлголцох зүйл байхгүй

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс (ЗГХК)-ын ээлжит 23 дугаар хуралдаан өнгөрсөн баасан гарагт Улаанбаатарт болсон. Хуралдааныг Монголын талаас Шадар сайд С.Амарсайхан, Оросын талаас Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко тэргүүлсэн юм. Энэ үеэр хөндөгдсөн зарим асуудлын талаар Шадар сайд С.Амарсайханаас тодрууллаа.

-Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үр дүнгийн талаар товч мэдээлэл өгөхгүй юү?

-Хуралдаанаар хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа, иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл, хөтөлбөрүүд, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцааг өргөжүүлэх талаар ярилцсан. Энэ оны гуравдугаар сард ээлжит хуралдаанаа цахимаар хийгээд байсан юм. Энэ удаа Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлал, бэлтгэл ажил, Засгийн газар хоорондын комиссын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, ирээдүйн зорилтыг тодорхойлох зэрэг асуудлаар ярилцсан. Улмаар ойрын жилүүдэд хэрэгжүүлэх томоохон арга хэмжээнүүдийг тохиролцож, дүнгээр нь протокол байгууллаа.

Хэд хэдэн зүйлийг онцолъё. Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хүрээнд III цахилгаан станцын өргөтгөлийг хийнэ. ТЭЗҮ-ийг нь бэлэн болгож байна. Бүтээн байгуулалтын ажлыг ирэх жил эхлүүлэх юм. Мөн төмөр замын салбарыг шинэчлэх ажлын хүрээнд тарифыг хоёр тал тохиролцсоны үндсэн дээр 2025 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Монгол, Оросын хилийн боомтуудыг тохижуулах, дэд бүтцийг нь сайжруулах ажлыг идэвхжүүлэхээр тохиролцлоо. Түүнчлэн газрын тосны бүтээгдэхүүн, ялангуяа үүний хангалт, нийлүүлэлт, нисэх онгоцны тээврийн шатахуун нийлүүлэх тухай ярилцсан. Үүнээс гадна хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүнийг экспортын нэр, төрөл, хэмжээг нэмэгдүүлэх боломжийг идэвхтэй эрэлхийлэх, техникийн паркийг нь шинэчлэх, байгаль орчныг хамгаалах, цөлжилтийн эсрэг тэмцэх “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Хөвсгөл нуурын ёроолыг цэвэрлэх төслийг Оросын талтай үргэлжлүүлэн хэрэгжүүлэх сонирхолтойгоо манай талаас илэрхийлсэн. Хийн хоолойн төслийг үргэлжлүүлэх тухай ярилцсан. Хоёр тал соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар мөн санал солилцож, Улаанбаатар хотод хамтарсан сургууль байгуулах ажлыг шуурхайлахаар тогтсон. Цаашлаад хоёр улс хоорондын шууд нислэгийг сэргээх нь бүх салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал гэдэгт санал нэгдэж, нислэгийн хуваарийг шуурхай тохиролцох үүргийг агаарын тээвэр хариуцсан байгууллагуудын удирдлагад өгсөн. Энэ ондоо багтаан ЗГХК-ын хүрээнд ажилладаг бусад дэд комисс, ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулахаар тогтлоо.

-Эгийн голын усан цахилгаан станцын тухайд тодорхой саналд нэгдсэн үү?

-Монгол Улс хөрш орнуудтайгаа эдийн засгийн харилцан өгөөжтэй хамтарч ажиллах бодлого барьж ирсэн. Үүний хүрээнд Эгийн голын усан цахилгаан станц болон эрчим хүчний бусад цогцолборыг өргөтгөх талаар олон талаас нь ярилцлаа. Эгийн голын станцын талаар иргэд мэдээлэлтэй байгаа болов уу. Уг төслийг хэрэгжүүлэх тухайд хоёр тал харилцан адилгүй байр суурь илэрхийлж ирсэн шүү дээ. Манай талаас дунд болон том оврын цахилгаан станц барих, байгаль орчин, экологийн тэнцвэртэй байдлыг нь хадгалах, эдийн засгийн үр өгөөжийг нь бодолцон хамтарч хэрэгжүүлэх санал тавьж байгаа. Хил орчмын гол, горхины урсац болон экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх талаар нэлээд ярьдаг. ОХУ-ын зүгээс Эгийн голын станцыг барьсан тохиолдолд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй учраас тус төсөлд оролцоно гэдгээ хэлэх боломжгүй хэмээн байр сууриа илэрхийлж буй. Тиймээс хоёр тал цаашдаа байгаль орчинд сөргөөр нөлөөлөхгүйгээр хамтарч судалъя хэмээж байгаа. Нэг нь сөрөг байр суурьтай байгаа юм биш. Гэсэн хэдий ч бид Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц болон III цахилгаан станцыг өртгөтгөхөөр шийдээд байгаа шүү дээ. Үл ойлголцох зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, ОХУ ч, манайх ч байгаль орчны үр дагаврын талаар нэгдсэн судалгаа, тооцоогоо эцэслэн гаргах ёстой гэж үзэж байна. Францын зарим компани энэ талаарх судалгаагаа эхлүүлсэн.

Бэлтгэсэн У.Наран

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.