Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Үдийн хоол”-ыг эздэд нь л “аягалъя”

Буузны мах, аль эсвэл бөөрөнхийлсөн будаа ч юм шиг атгахан зүйл аяганд нь хаяад, хажууд нь нэг аяга цай тавьжээ. Дүрэмт хувцастай хүүхдийн цээж хэсэг “тансаг зоог”-той ширээний цаанаас цухуйн харагдана. Тэр сурагч хоолоо хэрхэн идэх учраа олохгүй сууж байна уу гэлтэй санагдах. Эсвэл идэх хүсэл төрөөгүй ч байж болох. Яг энэ үеийн агшны зургийг хэн нэгэн санаатайгаар авч, олон нийтийн сүлжээнд түгээж орхижээ. Санаатайгаар хэмээн онцолсон нь тус зургийн гол агуулгыг өнөөх “царай муутай” хоолонд төвлөрүүлснээс үүдэлтэй.

Эл зургийг “Баянзүрх дүүргийн “Амгалан” цогцолбор сургуулийн сурагчдын үдийн хоол” хэмээх тайлбартайгаар хэд хоногийн өмнө цахим сүлжээнд түгээсэн юм. Аливаа асуудлыг зөв, буруу, үнэн, худал гэсэн хоёр туйлаас талцан шүүж, хэрэлдэж хэвшсэн цахим орчны хэрэглэгчид энэ удаа дуу нэгтэйгээр шүүмжилж, хашхирцгаав. Тэд тухайн сургуулийн удирдлага, БШУ-ны сайдыг цоллож, “Үүнийг нохой ч тоож идэхгүй, шиншлэхгүй” хэмээн уурсацгаасан юм. Харин “Амгалан” цогцолбор сургуулийн захирал “Энэ зураг манай сургуультай хамааралгүй. Үдийн хоолны чанарт сургуулийн нийгмийн ажилтан, сургалтын менежер, эмч болон эцэг, эх, сурагчдын төлөөлөл байнга хяналт тавьдаг. Цахим сүлжээнд тархсан зурагтай холбоотойгоор нийслэлийн Мэргэжлийн хяналт газарт хандсан. Хаанаас эх сурвалжтай зураг болохыг тэд шалгаж тогтоох байх” гэсэн тайлбар өгснөөр энэ бүхэн намжив. Сурагчдын эрүүл мэнд, өсөлт, хөгжлийн үзүүлэлттэй холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний сонголт, чанарын асуудлыг хөндөж байсан иргэд бүлх залгисан мэт дуугүй боллоо. БШУЯ болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан ч энэ асуудлаар дуугарсангүй, олны жишгээр тэгсхийгээд намжаасан юм. Худал цуурхал, эвлүүлэг мэт ойлголт төрүүлээд, таг чиг болцгоов.

Магадгүй хүүхдийн эрх, эрүүл мэндийн асуудлыг эн тэргүүнд тавьдаг өөр улсад ийм явдал тохиосон бол эл зургийг хэн, хаана авсныг тогтоогоод, ямар сургууль сурагчдадаа тийм “жонхуу” өгснийг мэдээлэн, холбогдох хүмүүст хэдийн арга хэмжээ авах байсан биз. Эцэг, эхчүүд нь ч хүлцэнгүй хандахгүй болов уу. Харин бид хэсэгхэн зуур цамнаж, сенсаац болгоод, холбогдох хүмүүсийн мэлзсэн тайлбарт итгээд өнгөрөөв. Үүний цаана асуудлын жинхэнэ төрх, мөн чанар бүдгэрэн үлдлээ.

“Үдийн хоол” хөтөлбөртэй холбоотой гомдол, шүүмжлэл байнга гардаг. Тэр бүрт сургуулийн удирдлага, салбарын сайд нь “арьсаа хамгаалсан” тайлбар хэлээд, гал унтраах төдий арга хэмжээ авч, олон нийтийн бухимдлыг намжаасаар өнөөдрийг хүрсэн. Товчхоноор хэлбэл, ийм муу жишиг, уламжлал нийгэмд тогтоод байна. Уг нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтэй холбоотой асуудалд хамгийн нээлттэй, ил тод хандах учиртай. Тэрчлэн дагаж мөрдөх журам, стандарт, хяналт нь чанд хатуу байх ч ёстой. Гэтэл Монголд асуудлыг дэвэргэхгүй гэсэндээ нуун дарагдуулж, сургуулийн хэмжээнд шийдэх нь элбэг. Энэ нь эргээд тухайн асуудал даамжрах, давтагдах нөхцөл болдог.

Нөгөөтээгүүр, манай улс ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн сурагчдын үдийн хоолонд хангалттай хэмжээний хөрөнгө төсөвлөж чаддаггүй нь эл хөтөлбөрөөс үүдэлтэй асуудал тасардаггүйн нэг гол шалтгаан болдог. “Үдийн цай” хөтөлбөрийг өнгөрсөн аравдугаар сард “Үдийн хоол” болгож өөрчлөхдөө нэг хүүхдэд ногдох зардлыг 600 төгрөгөөр нэмж, 1500 болгосон. Харин VI-IX ангийнханд ногдох зардлыг ирэх оны намраас, ахлах ангийнхныхыг 2023 оноос үе шаттайгаар нэмэхээр шийдвэрлэсэн юм. Энэ асуудлыг хэлэлцэх үеэр Засгийн газрын гишүүд “Сурагчдын “Үдийн хоол”-ны зардлыг ийнхүү нэмснээр боловсролын чанарт мэдэгдэхүйц ахиц дэвшил гарах боломж бүрдлээ” хэмээн ярьж байв. Гэвч энэ нь тийм ч амар биелэх боломжгүй юм.

Монгол Улс нэг хүүхдийн үдийн хоолонд 1500 төгрөг зарцуулж байгаа нь олон улс, бусад орны жишгээс хол гээгдсэн үзүүлэлт. Гэтэл энэ мөнгөний тодорхой хувийг хоол бэлтгэн нийлүүлэгч газар (ихэнх сургуулийн доторх цайны газар)-ууд ашиг хэлбэрээр шингээж авдаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхдэд ногдох 1500 төгрөгийн тодорхой хувь нь бусдын халаас руу ордог, эзэндээ хүрдэггүй гэсэн үг. Ямар ч үйлчилгээний байгууллага хямд зардлаар ашиг олохыг чухалчилдаг. Бага ангийн сурагчдын үдийн хоол хариуцсан газрууд ч ийм зарчим баримталдаг. Энэ дагуу сурагчдад шим тэжээл бага, аль болох цөөн төрлийн орц, найрлагатай, хөнгөн, хялбар хоол санал болгохыг “хичээдэг” байна. Үүнээс хамаг асуудал үүсдэг аж.

Хөгжингүй орнууд цэцэрлэг, сургуулийн хоолны хөтөлбөрт ихээхэн ач холбогдол өгдөг. Эрүүл, шим тэжээлээр баялаг хоол идсэнээр, өргөн сонголттой хүнсний бүтээгдэхүүн тогтмол хэрэглэснээр хүүхдийн сэтгэхүй болон бие бялдар жигд хөгжиж, улмаар амьдралын чанарт нь нөлөөлдөг гэж үздэг юм билээ. Энэ өөрчлөлт, хандлагыг дагаад монголчуудын өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэр, төрөл ч олширсон. Зөвхөн мах, гурил, будаа иддэг цаг ард хоцорсон. Харин ч гурил, будаа зэрэг цардуул ихтэй хүнснээс татгалзахыг, ялангуяа бага насны хүүхдэд ийм орцтой хоол, зутан аль болох өгөхгүй байхыг судлаач, мэргэжилтнүүд анхааруулж байгаа. Дэлхий нийтийн хандлага нэгэнт ийм болсон учраас, мөн цэцэрлэг, сургуулийн багачуудын хооллолтод төр санаа тавих зохицуулалтыг өөрсдийн санаачилгаар бий болгосон учраас чанар, гүйцэтгэлийн асуудалд ч дорвитой анхаарах шаардлага үүссэн.

Ялангуяа одоогийнх шиг тарчиг төсөв хуваарилж буй нөхцөлд энэ асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Үгүй бол дээрх шиг үйл явдал ил, далд байнга гарч, сурагчид өвдөл цөвдөл төдийхнөөр хооллосоор, чимээгүй хохирсоор байх нь. Харин үүнд зарцуулах төсвийг олон улсын жишигт хүргэж чадвал холбогдох журам, стандартыг чангатгах, боловсронгуй болгох замаар хоол бэлтгэн нийлүүлэгчидтэй арай өөр түвшинд “ойлголцох”, хариуцлага тооцох нөхцөл бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, өгснийхөө хэрээр шаардлага тавих, чанар, хариуцлага нэхэх нүүртэй болно гэсэн үг.

Төрийн эрх мэдэлтнүүд, УИХ-ын гишүүд хэдхэн жилийн настай хэврэг бүтээн байгуулалт, шавар хөшөө, суваргад татвар төлөгчдийн мөнгийг хайр гамгүй зарцуулахын оронд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, ядаж сонгогдсон дүүрэг, тойргийнхоо сурагчдын “Үдийн хоол”-ны чанарт санаа тавибал илүү үр дүнтэй, өгөөжтэй сэн. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 70 орчим хувь нь түрээсийн гал тогоотой бөгөөд сурагчдын “Үдийн хоол”-нд төсөвлөсөн мөнгөний тэн хагас нь тэдгээрийг эзэмшдэг хувийн хэвшлийнхний халаасанд ордог гэсэн мэдээллийг БШУЯ-ныхан онцолсон. Мөн Л.Энх-Амгалан сайд “Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын 600 сургуулийн үдийн хоолны чанарыг сайжруулж, бүгдийг нь стандартын гал тогоотой болгоход 40 тэрбум төгрөг хэрэгтэй. Зарим сургуулийн гал тогоог шинэчлэхэд зориулж 2022 оны төсөвт зургаан тэрбум төгрөг тусгуулсан. БШУЯ-наас мөн хэмжээний хөрөнгө гаргаж, шинэчлэл хийнэ” хэмээн ярьсан юм. Бүх сургуулийг гал тогоотой болгож, “Үдийн хоол”-ны төсвийг сурагчдад бүрэн зарцуулдаг болгоход ердөө 40 тэрбум төгрөг хэрэгтэй аж. 32 тэрбумаар “эзэнгүй” бурхны хөшөө барих төсөв баталдаг улсад ийм хэмжээний мөнгө босгох уг нь зовлон биш байлтай. Гагцхүү тэдэнд хүүхдийн төлөө ажиллах хүсэл, сэтгэл байдаггүй бололтой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on ““Үдийн хоол”-ыг эздэд нь л “аягалъя”

  • Сок says:

    Цайны газрыг нь ашгийн бус, сургуульд нь хариуцуулсан цагт засармой