Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гэмээ хүлээж, зэмээ хүртэхүй

Улаанбаатар дахь “Русский дом”-ын дэргэд “Орфей” театр өнгөрсөн пүрэв гарагт хөшгөө нээж, Ф.М.Достоевскийн “Гэмт хэрэг ба ял шийтгэл” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” постдрамын жүжгийг үзэгчдэд хүргэв. Оросын алдарт эл зохиолчийн бүтээл Монголын театрын тайзнаа анх удаа “амилсан” нь тэр.

ЗОХИОЛЧ, НАЙРУУЛАГЧИЙН ОЙЛГОЛЦОЛ

Юуны түрүүнд жүжгийн зохиолын тухай дурдах хэрэгтэй болов уу. Найруулагч М.Батболд “Гэм зэм”-ийг жүжиг болгохоор шийдээд зохиолыг нь бичих саналыг яруу найрагч, утга зохиол судлаач Я.Баяраад тавьжээ. “Гэм зэм” бол Ф.М.Достоевскийн агуу таван романы нэгт тооцогддог, нөгөөтээгүүр, насны залуудаа бус, амьдрал үзэж, “том” зохиолч болсон хойноо туурвисан бүтээл нь. Тиймээс л хөдөлшгүй логиктой, нарийн. Монолог, харилцан яриа, өнгөн дүрслэлтэй, маш баялаг. Зарим хүн нуршуу ч гэдэг. Мөн хүүрнэл зохиол дотроо төгс бөгөөд сонгодог жишээ. Тиймээс жүжгийн зохиол болгоход сонголт арвин мэт атлаа зориг, мэдрэмж шаардсан нь тодорхой. Түүнчлэн жүжгийн зохиолыг бичихдээ зохиолч, найруулагч хоёр харах өнцгөө алгуурхан нийлүүлж, нэг цэгт огтлолцуулж чадсан нь тод харагдана. Тус романыг монголчуудтай анхлан “танилцуулсан” нэрт орчуулагч, ахмад дипломатч, Төрийн шагналт Ц.Гомбосүрэн ч эл жүжгийн зохиолыг яг ийн сайшааж байв.

“УХААЛАГ” ТАЙЗ

“Гэм зэм” жүжгийн тайз “ухаалаг”. Энд уламжлалт театрын эргэдэг тайзыг хэлээгүйг тодруулъя. Жүжгийн тайзыг эхлээд харахад энгийн л нэг куб хэлбэртэй төмөр хүрээ. Гэтэл энэ тайз жүжгийн туршид жүжигчидтэй “тоглож” байв. Эргэж, өргөж, бууж, дөрвөн тийш сунаж, болоогүй шат ч болно. Оюутан асан Родягийн гэр, Дуня, Пульхерия нарын хямдхан түрээсийн байр, бяцхан Сонягийн толгой хоргоддог гэр, архичин Мармеладовын ууж суух дуртай уушийн газар, мөрдөгч Порфирийгийн мэдүүлгийн өрөө ч болж “хувирна”. Хамгийн минимал болон “хоггүй” тайз гэж хэлж болохоор. Эл тайзыг зураач Л.Батбилэг багийнхныхаа хамт урлажээ. “Ухаалаг” тайз болон гэрэлтүүлгийн сонирхолтой шийдлүүдийн нийлбэр жүжгийн дүрүүдийг тодруулах үүргээ биелүүлэхийн зэрэгцээ бас нэгэн дүр болж тоглосныг дахин дурдъя.

АМЬД ХӨГЖИМТЭЙ ЖҮЖИГ

Жил гаруйн өмнө “You¬tube”-ээр “тэнэж” яваад “Улаан нүдэн лам” гэх дуу олж сонссон юм. B.L.M.D нэртэй хамтлагийнх. Тухайн үед уг хамтлагийн бусад дууг сонсож, хэрэндээ судлав. Маш содон, эксперименталь хамтлаг. Аль нэг урсгалаар дагнахаас илүүтэй трип хоп, реп, эксперименталь рок, электроник гээд олон төрлийн, өөрсдөдөө таалагдсан, “балмад” сонсогдсон урсгалаар туурвидаг нь онцгой. Тус хамтлаг “Eventide”-ынхантай хамтран “Гэм зэм” жүжгийн хөгжмийг хариуцжээ. Тэд жүжгийн зарим үзэгдэлд жүжигчидтэйгээ хамт тоглож, хөгжимдсөн. Жүжгийг цогцоор нь хөгжмөөр “базах”-аас гадна дүр бүрийг илүү тод харуулж, үйл явдлыг уран, яруу болгох үүргээ тэд онц биелүүлсэн.

ГУРВАН ҮЕИЙН ЖҮЖИГЧИД

“Гэм зэм” жүжигт Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Г.Урнаа нарын туршлагатай, ахмад уран бүтээлч, Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, Д.Ганцэцэг, Ш.Доржсүрэн, Д.Лхагва нарын дунд үеийн жүжигчин тоглов. Мөн Д.Түвшинбаяр, Г.Золзаяа, Х.Цасчихэр, Б.Одгэрэл, Х.Баярмаа, Б.Баярсанаа, Б.Цогбаяр, Ж.Тэмүүлэн нарын залуу жүжигчин тоглож буй. Театрын “амьд домог” Ц.Төмөрбаатар Свидригайловт гарамгай “хувирч”, Ш.Доржсүрэн Лужин “болж”, П.Эрдэнэзаан Мармеладовоор авьяасаа гайхуулав. Тайзнаа гаралгүй удсан Д.Ганцэцэг Алена Ивановна болон улсын яллагчийн дүрээр эргэн гарч, “гялалзсан”. Харин жүжгийн гол дүр болох хуулийн ангийн оюутан асан, алуурчин Родион Романович Раскольниковт дуучин, жүжигчин Д.Лхагва тоглосон. Найруулагч М.Батболд театрын туршлагатай жүжигчнийг бус, Д.Лхагвад гол дүрээ оноосон нь эрсдэлтэй, зоригтой алхам байв. Гэхдээ тэр сонголт нь байгаа яг оночихсон. Учир нь Д.Лхагва Раскольниковын гөлгөр, айдас дүүрэн харцыг гайхуулж, мэдрэмжийг төрүүлж, гэмээ ухаарч, зэмээ үүрсэн Раскольниковыг үзэгчдэд харуулж чадсан юм.

ЕСӨН ШИДТЭЙ НАЙРУУЛАГЧ

М.Батболд ОХУ-ын Театрын урлагийн сургууль буюу ГИТИС-ийг төгсмөгцөө Германы алдарт зохиолч И.В.Гётегийн “Фауст”-ыг Монголын үзэгчидтэй анхлан “уулзуулсан”. Харин удаах бүтээлээрээ мөн л Монголд өмнө нь тавьж байгаагүй бүтээл сонгосон нь түүний зориг, чансаа, чадварыг харуулна. Тэр дундаа постдрам хэлбэрийг “барьсан” нь шинэ, содон бүхнийг эрэлхийлдэг, илэрхийлэхийг хүсдэгийнх нь баталгаа болов уу. Постдрамыг шинэ үеийн драмын жүжиг гээд хэлчихэд хилсдэхгүй. Логикийг нарийн тооцоолж, шийдлүүдээ уран яруу илэрхийлэхийн сацуу сэтгэлгээ, мэдрэмж, гоо зүйн нийлэмжийг хүний сэтгэл, оюунд хүргэхийг зорьсноо М.Батболд “Гэм зэм”-ээрээ харуулжээ.

Раскольниковын гэмийг шүүж, зэмийг оноох шүүх хурлаар эхлэх энэ жүжиг тааварлашгүй, онц сонирхолтой үйл явдлаар дүүрэн үргэлжилнэ. Тиймээс ч “Зууны шүүх хурал” гэсэн гарчигтай сонин хэлбэртэй жүжгийн танилцуулга, “Шүүх хурлын зарлан дуудах хуудас” бүхий тасалбарыг үзэгчдэд тараасан байх. Дахин төрсөн хүний, эсвэл үнэнийг олж, ухаарч чадсан нэгний түүх ч гэж болох эл бүтээлийг ирэх арванхоёрдугаар сарын 10-ныг дуустал үзэгчдэд хүргэнэ. “Гэм зэм”-ийг дотоод сэтгэл рүүгээ өнгийж, эргэн тойрноо тольдох боломж, уран бүтээлчдийн авьяасаар дамжуулан өөр “агаар” мэдрэх гарц, нөгөөтээгүүр, байдаг л нэг биш, онцгой өнгө аяс, хоцрогдсон бус дэлхийтэй хөл нийлүүлсэн театрын бүтээл гэж онцолъё.

Бэлтгэсэн А.Тайшир

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.