Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийслэлийн төсвийн орлого 1.6 их наяд төгрөгт хүрэх нь

Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг боловсруулжээ. Улаанбаатар хотын ирэх оны төсвийн нийт орлого нэг их наяд 642.4 тэрбум төгрөг байхаар төсөлд тусгасан байна. Уг дүн нь энэ оныхоос хоёр дахин нэмэгдсэн аж. Хууль, эрх зүйн орчин шинэчлэгдэж, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40, хувь хүний орлогын албан татварын тодорхой хувийг ирэх оноос нийслэлийн төсөвт төвлөрүүлэх болсонтой холбоотойгоор орлого ийнхүү нэмэгдсэнийг нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн танилцуулав. Түүнчлэн нийслэлийн төсвөөс санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний дүн нэмэгдсэн байна. Тодруулбал, ирэх онд Улаанбаатар хотод 270 төсөл, арга хэмжээнд нийт 847.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулахаар төсөвт тусгажээ. Энэ онд ердөө 115 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төсөвлөсөнтэй харьцуулахад хөрөнгө оруулалтын хэмжээ 700 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг ИТХ-ын хороод болон ажлын албаныхан цаашид нарийвчлан хэлэлцэх бөгөөд эцэслэн батлах хугацаа нь ирэх сарын 5 юм.

Ташрамд дурдахад, нийслэлийн энэ оны төсвийн гүйцэтгэл зарим зүйл дээр тасарч байгааг Ж.Сандагсүрэн дурдсан. Тухайлбал, цар тахлын улмаас цалин хөлс, түүнтэй адилтгах хувь хүний орлогын албан татвар 43.7, үл хөдлөх хөрөнгийн албан татвар 11.5, газрын төлбөр 33.8, нийслэл хотын татвар 1.9, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 1.3 тэрбум төгрөгөөр тасалджээ. Харин газрын дуудлага худалдааны орлого 12.5 тэрбум, хүү торгуулийн орлого 18.2 тэрбум төгрөгөөр даван биелсэн байна.

Бэлтгэсэн М.Оч

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.