Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Л.МЕССИ: Бид “жинхэнэ баг” болох шаардлагатай

Францын ПСЖ болон Аргентины шигшээ багийн довтлогч Л.Месси Испанийн “Marca” сонинд ярилцлага өгчээ. Үүнийг товчлох сонирхуулья.

“Аваргуудын лиг”-т түрүүлэх багийн тухай

“Маш олон хүн манай багийг энэ тэмцээнд түрүүлнэ гэж нэрлэж байна. Аваргалах боломжтой багуудын нэг нь ПСЖ мөн гэдгийг үгүйсгэх аргагүй боловч бид улам сайжирч, “жинхэнэ баг” болох зайлшгүй шаардлагатай. Мэдээж энэ том тэмцээнд түрүүлэх чадалтай өөр багууд бий. Аваргуудын лигт түрүүлэхэд тун хэцүү, тийм учраас л онцгой гэж болох байх. ПСЖ бол түрүүлэх боломжтой ганц баг нь биш, өөр олон баг бий. Хоёр жилийн өмнө энэ тэмцээнд түрүүлсэн “Ливерпуль” хүчирхэг хэвээр байгаа. Тэднээс гадна “Байерн”, “Ман. Сити”, “Атлетико”, “Реал”-ыг нэрлэж болно”.

“Барселона”-гийн тухай

“Барселона” өөрчлөлт шинэчлэлийн үедээ яваа. Багт олон залуу тоглогч бий. Одоогоор “Барса”-гаас сайн олон баг байгаа гэж бодож байна. Түүнчлэн Хави дасгалжуулагч болж байгааг, олон тоглогч гэмтсэнийг бодолцох хэрэгтэй. Хэрэв танд “Барселона” онцгой сэтгэгдэл төрүүлж чадахгүй байгаа бол энэ нь тэд тэмцэхгүй энэ хэвээр үлдэнэ гэсэн үг биш юм. Энэ баг улам сайжирч, өсөн дэвжих чадвартай. Лигтээ “Барса”-гийн эзэлж буй байр надад сайхан санагдахгүй байгаа. Би энэ багийг үргэлж шилдэг нь байгаасай гэж хүсдэг. Би одоо энэ багт тоглохгүй байгаа ч хөгжөөн дэмжигч нь хэвээрээ. Мөн энэ багт миний найз, андууд бий. “Барса”-г улам амжилтад хүрээсэй гэж хүсэж байна. Одоогийн нөхцөл байдлаа тэд засаж сайжруулах нь гарцаагүй.

К.Роналдугийн тухай

“Манчестер юнайтед” бол олон шилдэг тоглогчтой сайн баг. Англид буцаж ирээд дасан зохицоход нь Криштиануд ямар ч асуудал үүсээгүй. Тэрбээр эхний тоглолтуудаасаа л гоолоор бөмбөгдөж байлаа. Цаашид юу ч болж магадгүй. Роналду бид хоёр нэг лигт тоглож байснаас хойш олон жил өнгөрчээ. Тэрхүү өрсөлдөөн нь бид хоёрт мөн хөгжөөн дэмжигч нарт ч сайхан санагддаг. Иймэрхүү дурсамж хөлбөмбөгийн түүхэнд үүрд үлдэх байх.

К.Мбаппегийн тухай

Чин үнэнийг хэлэхэд Мбаппе “Реал”-д очих, үгүйг мэдэхгүй байна. Толгойд нь ямар бодол байгааг зөвхөн Килиан л мэдэх байх. Түүнийг энэ улиралд ПСЖ-д үлдэх болсонд нь их баярласан. Тэрбээр манай багт их чухал тоглогч. Улирлын төгсгөлд тэрбээр ирээдүйнхээ талаарх шийдвэрийг бие даан гаргах нь гарцаагүй.

С.Рамосын тухай

Эхэндээ надад их сонин мэдрэмж төрж байсан. “Барселона”, “Реал”-д тоглож байхдаа бид хоёр өчнөөн жил өрсөлдсөн атал одоо нэг багт тоглож байна. Товчхондоо бол өмнөх бүх өрсөлдөөн өнгөрсөн цагтаа үлдсэн. Бид хоёр хэзээд бие биенээ хүндэлсээр ирсэн. Түүнийг тун удахгүй эдгэрээд талбайд гарна гэдэгт итгэж байна.

Хавигийн тухай

Хави багт маш их хувь нэмэр оруулах чадалтай, мэдлэгтэй дасгалжуулагч. Үүнээс гадна тэр хүүхэд байхаасаа л Барселонад амьдарч байгаа. Түүнийг хөгжөөн дэмжигчид болон хөлбөмбөгчид их хүндэлдэг. Залуу тоглогчдын хувьд Хави тун үнэ цэнтэй, үлгэр дуурайл болж чадах хүн. Түүнтэй хамт багийн амжилт ахина гэдэгт би огт эргэлзэхгүй байна.

Р.Куманыг халсан тухай

Дасгалжуулагч нар үргэлж л ямар нэг байдлаар шударга бус харилцаатай нүүр тулж байдаг. Куманд ч, Вальвердед ч тийм зүйл тохиолдсон. Багийн амжилт уруудах үед хөлбөмбөгчдийг бус дасгалжуулагчийг солих нь хамаагүй амар. Куман “Барса”-г гол тоглогчид нь орхиж явсан их хүнд үед удирдсан. Өмнө хэлсэнчлэн бүх бүтэлгүйтэлд дасгалжуулагчийг буруутгах нь амархан. Мэдээж тэд ч ямар багт ирж буйгаа мэдэж байдаг.

“Барса”-д эргэн ирэх тухай

Миний гэр, миний амьдрах газар учраас хэзээ нэгэн цагт Барселонад эргэж ирнэ. Мэдээжийн хэрэг багт хувь нэмрээ оруулж, туслах хэрэг гарвал би баярлан эргэж очих болно.

1
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.