Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Соёлын сайдаас СОЁЛЫН БОДЛОГО л нэхье

Манай улсын удирдагчид, зарим сайд тус бүртээ өөрийн гэсэн үзүүлбэртэй, “жүжиг”-тэй болжээ гэхэд хилсдэхгүй. Ерөнхий сайд найруулагчтай “Андлалын хөшөө” сэдэвт “жүжиг”-ийн гол дүрд БОАЖ-ын сайд Н.Уртнасан тоглоодох сон. Тухайн үед “Төрийнхний ээлжит шоу” хэмээн бичиж байлаа. Соёлын сайд олон удаа “тайзнаа” гарсан бөгөөд “Төмс” хэмээх нэг ангит хошин гарааных нь дараах “Богд Зонхов” сэдвээрх хэд хэдэн ангит бүтээл нь ид дундаа үргэлжилж байна. Тасганы овоон дээр босгож эхэлсэн дугуй барилгын эзэн тодорвол “жүжиг” жаргах, эсэх нь ч тодорхойгүй.

Ер нь энэ Засгийн газар, сайд нар олон нийтийн зүгээс зэмлэл ихэд хүлээж буй. Энэ талд одоогийн байдлаар Соёлын сайд Ч.Номин тэргүүлж буй бөгөөд үүнийг дагаад Соёлын яамны нэр хүнд унасаар.

Тэгээд ч шинээр байгуулсан яамны бодлого төдийлөн тодорхой бус хэвээр. Бодлогын гол цөм нь юу юм, мэдэгдэхгүй. Лав сайдын алсын хараа нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өв, соёлын агуулга бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг гадаад зах зээлд гаргах, худалдан борлуулж, мөнгө олох гэж харагдаж буй. Мөнгө олдог юм байж, түүнийг нь Засгийн газар авах юм уу, яам уу, эсвэл сайд уу, бүү мэд. Эсвэл мөнгө олох, эсэх нь чухал биш, гагцхүү монголчууд нүүдэлчид хэвээрээ байгаа, урлаг нь, соёл нь ийм өвөрмөц, содон гэдгийг сайд байх хугацаандаа аль болох олон улсад таниулаад, суудлаасаа буумагц үргэлжлүүлэн хувиараа ажиллах талбар, орон зайгаа бэлдээд байна уу гэж харагдахаар. Түүний барьж буй бодлого ингэж л мэдрэгддэг. Хэрвээ үгүй юм бол, Соёлын яамтай болсны хэргийг дотоодод гаргахын төлөө тууштай тэмцмээр. Ажиллаж буй бол тэр нь ойлгогдох хугацаа өнгөрсөн. Гэтэл үнэр ч алга, их л бүдэг байх аж. Үүнийг олон жишээгээр баталж болно.

Эх орон, ард түмний өмнө гавьяа байгуулж төдийлөн шалиагүй, ялангуяа ажлаа алдаа багатай хийгээд явдаг залуу хүмүүс гавьяат цолтон болоод ихэд баярладгийн учир юу вэ. Юуны өмнө байгууллагаараа тодорхойлуулж чадсандаа, хамт олны дэмжлэг авсандаа, эсвэл хороо, дүүргээрээ шантралгүй гүйж чадсандаа, мөн хэн нэгэн хөөцөлдөж бүтээж өгсөнд, тэрхүү тэмдгийг энгэртээ зүүж чадсандаа бараг л хязгааргүй их баярладаг шиг. Гавьяат болчихоод бусдын дургүйцсэн, шоолсон харцтай тулгардаг нь ч бий. Энэ дүр зураг соёл, урлагийнханд илүү тод. Юу гэх гээд байна вэ. Тийм залуус гавьяат болж чадсандаа яагаад баярладаг вэ. Тэд 60 нас хүрэхээрээ тэтгэвэр дээрээ сар бүр хэдэн төгрөгийн нэмэгдэл авна гэхээс илүүтэй нэр хүндтэй боллоо гэж баярладаг шиг. Тэгж сэтгэл ханадаг мэт. Яагаад гэхээр уран бүтээлээ үзүүлж, үнэлүүлж, тасалбар олныг худалдаж, уран зургаа үнэ хүргэж ашиг олох боломж, орон зай манай улсад бага. Хошин урлагийнхан л энэ талдаа арай дээр. Учир нь тэдний хувьд зах зээл нь харьцангуй байдаг. Гэтэл соёлын чиглэлийнхэн, их урлагийнхан буюу сонгодог болон үндэсний хөгжмийнхөн, драмынхан, дүрслэхийнхэн гээд авьяастайн сацуу олон жилийн сургалт, боловсролын дүнд сая уран бүтээлч болдог мэргэжилтнүүдийн бүтээсэн, туурвисныг үзэж, харж, сонсож, үнэлдэг нь хэд байдаг билээ. Зах зээл маш бага. Яагаад зах зээл байхгүй вэ гэхээр ийм бүтээл, бүтээгдэхүүнийг ойлгож, үнэлж, хэрэгцээгээ болгож мэддэг нь тун цөөн. Өөрөөр хэлбэл, хүлээж авах, хүсэх, сонирхох оюуны хөгжил дутмаг. Олон нийтийг урлагт, соёлд ойртуулах, гэгээрүүлэхээ байг гэхэд нүдийг нь нээж, тархиных нь түгжээг мултлах ажил зохион байгуулах, төсөл, хөтөлбөрүүдийг бодлогодоо тодорхой тусгаж, хэрэгжүүлэх субъект нь БШУЯ болон Соёлын яам болой.

Соёлын яам. Социализмын үед энэ яамны үүрэг, үйл ажиллагаа, өөрөөр хэлбэл бодлого тун тодорхой байсан бөгөөд үр дүн нь өнөөдөр ч харагддаг тухай өмнө нь нэг удаа дурдаж байлаа. Тухайн үед засгаас тохоон томилсон хүмүүс нь тун оновчтой бодлого боловсруулж, түүнийгээ үе шаттай хэрэгжүүлж ирсний үрээр монголчууд дэлхийн соёлтой танилцаж, амьдрал ахуйгаа өөд нь татаж, оюун санааны хувьд өсөн дэвжсэн. Өнөөдөр монголчууд дэлхий хэмээх маш том тоглолтын талбарт учраа олж, улс орнуудтай харилцаж чадаж, эрх тэгш оршиж буйн цаад нигуур нь түүхэн цаг үеүдийн алинд ч боловсорч хөгжсөн хүмүүс бүхий л цэгт ажиллаж, ухаанаа дайчилж ирснийх гэлтэй. Үүний зэрэгцээ яам толгойлж байсан сайдууд, орлогч нар салбартаа төдийгүй нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүд байсан тул соёлын бодлого үр дүнтэй хэрэгждэг байжээ гэсэн дүгнэлт хийхээр байна. Захиргаадалтын үе юм чинь аргагүй шүү дээ гэх хүн гарах байх. Гэхдээ л Соёлын яамны бодлого мэргэн байв. Соёл урлагийг хөгжүүлэх бодлогыг хоёр талын, нэг нь нөгөөгөө дэмжих харилцаат систем байлгаж чадаж байсан. Соёл, урлагийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох боловсон хүчнүүдээ чанартай сургаж, уран бүтээлийн шаардлагыг өндөр түвшинд тавьж байв. Нөгөө талаас үзэгч, сонсогчдыг бэлтгэж байв. Малчны хотхон, тариаланчдын майхны үүдэнд сонгодог хөгжим тоглуулж байсан. Жишээ нь, аль ч насныхны дуртай урлагийн төрөл циркээр дамжуулж маш их мэдлэг өгч, амьдралд эр зоригийн хүрч болшгүй мэт ийм оргил байдгийг мэдрүүлдэг байлаа. Ингэж оюунд нь итгэлийн ч, сэтгэлийн ч гал ноцоодог байв. Энэ бол хүмүүжлийн, үгээр орлуулшгүй уран, мэргэн арга байсан юм. Өдгөө энэ нь үлгэр мэт болж, үнэн, эсэх нь мэдэгдэхээ ч байв. Хоцрогдсон юм бүү ярь гэх гэж байна уу. Цаг цагаараа байдаггүй нь үнэн. Гэхдээ ямар ч цаг үед соёл, урлагийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулж үндэстнийхээ ахуй, соёл, онцлогийн талаарх ойлголтыг залуу үеийнхэнд суулгаж, улс үндсээ гэх дархлааг тогтоож болдог ажгуу. Гагцхүү энэ асуудлыг төрийн, засгийн нэрийн өмнөөс хийх, бодлого боловсруулж, түүнийгээ үр дүнд хүрэхүйцээр хэрэгжүүлэх ухааныг олох субъект Соёлын яамыг хөрөнгө зарцуулан байж бий болгосон атал өнөөх нь нийгэмд хүртээлтэйгээр ажиллаж чадахгүй, удирдлага нь байсхийгээд олны тохуу болж байхыг харах үнэхээр харамсалтай байна.

Үнэндээ социализмын үеийн, нийгэмдээ нэр хүндтэй, олон түмэнд үлгэр дуурайлтай байсан Соёлын яамыг өнөөгийнхтэй харьцуулахад тэнгэр, газар шиг зөрүүтэй байх юм. Зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан улсын Соёлын яамыг түрүүчийн, үе нь өнгөрсөн нийгмийнхтэй харьцууллаа, боломжгүй гэх вий. Үгүй юм аа. Мөн чанар нь соёл, урлаг. Түүнийг хөгжүүлэх, ашиглах, хэрэглэх, түүгээр ялгарах тухай ойлголт адилхан. Гэтэл өдгөөгийн Соёлын яамны зүгээс соёл, урлагийг хэрхэн хөгжүүлэх тухайд бодлого нь тодорхой бус. Элдэв хууль, баримт бичиг нэрлэх байх. Хэрэг нь амьдралд мэдэгдэхгүй бол тэдгээрээр яах юм. Уг нь “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд олон сайхан үйл явдал боллоо. Гэтэл аль ч арга хэмжээ албаны хүмүүсээс өөр үзэгчээр ховор байлаа. Театруудын тухайд бол ондоо. Харьцангуй үзэгчидтэй. Тэгэхээр одооноос эхэлж соёл, урлагийн салбарт цусны эргэлтийг сайжруулж, үр нөлөөг нь нийгмийн хүртээл байлгахын бодлогыг бодитоор боловсруулмаар.

Энэ мэт ажилд санаа тавьж, бодлоо чилээж, багаа удирдаж суух ёстой сайд өнөөдөр олон нийтэд юу харуулж, ямар “хичээл” заагаад байгаа юм бэ. Хүмүүс өнөөдөр юу ярьж байна вэ. Соёлоор далимдуулж мөнгө угааж болох юм биш үү, Засгийн газрынхан идэх, ашиглах хөрөнгөө Соёлын сайдын багцад гэж хаяглаад, оруулж, гаргаж болох нь хэмээн их сүрхий юм олж мэдсэн мэт ам дамжуулан ярьж байна. Үүний төлөө Соёлын яамыг байгуулсан юм уу.

Ерөнхийлөгчид нэр дэвшигч Д.Энхбат “Манай улстөрийн нам, сонгуулийн тогтолцоо бол өөрөө Монголын хамгийн том авлигын сүлжээ. Тэдгээрийг өөрчлөхгүйгээр өнөөгийн байдал огт өөрчлөгдөхгүй. Олон түмэн хэсэг шуугьж байгаад л мартана” гэсэн байсан. Өдгөө нийгэмд сонирхолтой гэгчийн сэдэв болоод буй “Богд Зонхов”, элдэв хөшөө зэрэг асуудал, тэдгээрийг тойрсон үйл явдлын өнцгөөс харсан ч Засгийн газар, яамд, тэр дундаа Соёлын яам, сайд гэсэн дараалал чухамхүү түүний хэлснийг нотлох сүлжээ ч юм шиг. Сүлжээсэн дунд сайд яахаа мэдэхгүй тарчилж байх шиг. Улстөрчид алсдаа хэрэгтэй бүхнээ аажим амжуулах гэж, тактикийн нууц, нөөц талбар, бааз байлгах гэж Соёлын яамыг байгуулсан ч юм шиг. Тиймгүй л юм бол яам бодлого, зорилгоо олон нийтэд тодорхой болго. Үйл, үйлдлээ хяна. Судлах нь ээ, ҮУИТ-ын барилгыг БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барих ажил урагштай байгааг эс тооцвол болж бүтэж буй нь бага юм билээ. Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театрын барилга хаана байна. Циркийг сэргээх тухай бодож байна уу. Аймаг бүрт нүүдлийн цирк аваачна гэдгийг бол тооцохгүй. Цирк нь Монголын брэнд, үнэлж баршгүй өв. Монголын циркчдийн тоглолтыг Монголд нь үзэх гэж олон улсаас жуулчид ирдэг болтол соёлын бодлогоо тодорхойл. Тэр цагт таныг сайд хэмээн хүндлэх, эсэх нь цаг хугацааны асуудал.

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.