Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ла-Маншаар дамжин Британийг зоригсдын тоо гурав дахин ихэсжээ

Британийг зорьж Ла-Маншийн хоолойгоор дамжиж буй, хууль бус дүрвэгсдийн тоо энэ жил өмнөх оныхоос гурав дахин ихэсжээ. Өнгөрсөн бямба гарагт л гэхэд 886 хүн Английн эрэгт хүрснээр энэ онд завиар зорчсон, хууль бус цагаачдын тоо 25 700-д хүрснийг Британийн Дотоод хэргийн яамнаас мэдээлэв. Өнгөрсөн онд тэдний тоо 8469 байсан гэнэ.

Энэ сарын 11-нд дээд үзүүлэлт бүртгэгдэж, нэг хоногт 1185 хүн тэнгис гаталж иржээ. Гэхдээ хууль бус цагаачдын цуваа брексит, цар тахлын улмаас өсөөгүй ч, завиар тэнгис гатлуулах зэрэг аюултай замаар хил нэвтрүүлсэн тохиолдол ихэссэн байна. Бүрэн бус тооцоогоор сүүлийн хэдэн долоо хоногт Францаас Британийг зоригсдоос хамгийн багадаа 10 хүний амь эрсэджээ. Тэнгисийн хилээ хамгаалахад нь зориулж Францад Британиас 63 сая евро өгсөн ч байдал дээрдээгүй аж. Энэ онд хууль бус хил нэвтрэхийг оролдсон 20 мянга орчим тохиолдлыг хоёр тал илрүүлсэн гэж Британийн Засгийн газраас мэдээлэв. Францын эргээр дамжин өнгөрч буй хүмүүсийн тоог хүлээн зөвшөөрөх аргагүй тул Британийн Засгийн газар Орогнох эрх олгох тухай хуулиа өөрчилж, хууль бус цагаач, дүрвэгсдийг тийм эрхтэй болох найдварыг улам багасгахаар төлөвлөжээ. “Хүний зовлон зүдгүүрээс мөнгө олох гэсэн гэмт этгээдүүдийн улмаас цагаач, дүрвэгсэд хэрхэн Ла-Маншид амиа алдаж байгааг Британийн олон нийт хангалттай харлаа” гэж тус улсын ДХЯ-ны хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдэгджээ.

Британийн Засгийн газар болон парламент хүмүүсийг хууль бусаар цагаачлах ажлыг зохион байгуулагчдыг насаар нь хорих хүртэл хатуу шийтгэхээр төлөвлөж байна. Хууль бусаар нэвтэрсэн хүн тус улсад орогнох эрх хүсэх боломжгүй болох аж. Ла-Маншийн хоолойг завиар гаталж буй хүмүүсийн олонх нь Йемен, Эритрей, Судан, Ирак зэрэг хамгийн ядуу орны иргэд гэнэ. Европын Холбооны хуулиар хууль бус цагаачийг анх нэвтэрсэн орон руу нь буцаадаг байсан бол Британи тус холбооноос гарсан учраас тийм боломжгүй болжээ.

Үүний сацуу өнгөрсөн онтой харьцуулахад Европын Холбооны зүүн хилийг хууль бусаар давсан хүний тоо 2021 онд 15 дахин ихэссэнийг тус холбооны хилийн хяналтын “Frontex” агентлаг мэдээллээ. Энэ онд хууль бусаар хил давсан 8000 орчим хүний олонх нь Ирак, Афганистан, Сирийн иргэд байна. Беларусьтай залгаа хилээр нэвтэрсэн хууль бус цагаачдын тоо өнгөрсөн долдугаар сард түүхэн дээд үзүүлэлт буюу 3200-д хүрчээ. Үүнээс гадна Европын зүүн буюу Балканы хойгийн баруун хэсэг, Газар дундын тэнгисийн төв, Кипрээр нэвтэрсэн хүний тоо үлэмж өссөн гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.