Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Замын-Үүдийн гаалийн байцаагчийн гэм бурууг удахгүй дэнсэлнэ

Прокурорын байгууллага энэ сарын 15-19-нд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 218 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 13 мэдэгдэл хүргүүлэхийн сацуу мөрдөн байцаалтын 2829 хэрэгт хяналт тавьж, 274-т нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Шүүхэд шилжүүлсэн хэргүүд дотор авлига, албан тушаалын 10 хэрэг багтсан бөгөөд олны анхаарал татсан нь ч нэг бус байна. Тухайлбал, Замын-Үүдийн Гаалийн газрын ажилтнуудад холбогдох хэрэг үүнд багтав.

Тус газрын гаалийн улсын ахлах байцаагч Я.Очирбат албан тушаалаа урвуулж, “Гаальтай” машинуудад ачсан олон нэр төрлийн барааг шалгалгүй нэвтрүүлэхийн тулд Эрээнээс орж ирсэн автомашинуудын жолооч нараас 400 мянгаас нэг сая төгрөгийн хахууль авч, татвар бага төлүүлж нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон байна. Жишээ нь 2019 оны тавдугаар сарын 22-нд иргэн О.Билэгдэмбэрэл 97-26 ДГА улсын дугаартай “Жимбий” загварын автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ татвар бага төлүүлж хяналтын талбайгаас яаралтай гаргуулахын тулд дээрх албан тушаалтанд нэг сая төгрөг өгчээ.

Мөн Я.Очирбатыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт ч буруутгаж буй юм билээ. Тэрбээр хүүгийнхээ нэр дээр Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт 80 сая төгрөгөөр орон сууц, төрсөн дүүгийнхээ нэр дээр “Лексус-570” загварын автомашиныг 132 сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэн байхад Авлигын эсрэг хуульд заасны дагуу мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлээгүй нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ. Замын-Үүдийн Гаалийн газрын улсын ахлах байцаагч Я.Очирбаттай хамт түүнд хахууль өгсөн хэрэгт холбогдсон Б.Батпүрэв, Х.Баттулга, О.Билэгдэмбэрэл, Б.Мэндсайхан, Л.Мягмартөгс нарт яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.

Бэлтгэсэн Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Замын-Үүдийн гаалийн байцаагчийн гэм бурууг удахгүй дэнсэлнэ

  • Anonymous says:

    Нотлогдоогүй хүний хэргийг нийтэд зарлаж хүний орон байр нэр усыг зарлах нь хуулиар хориотой бишүү.үүнийхээ хариуцлагыг хүлээх өдөр ирэх байхдаа энэ шантаажчин сайтууд