Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Тавантолгой” ХК-ийнхан “Чингис хаан” банкнаас мөнгөө авахын тулд шүүхэд хандлаа

“Нью стандарт финанс” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Чингис хаан” банканд харилцах болон хадгаламжийн дансаа нээсэн байгууллагууд мөнгөө нэхэмжилж шүүхэд хандан шийдвэрлүүлж буй. Хамгийн сүүлд гэхэд “Тавантолгой” ХК-ийнхан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханджээ. Үүнээс өмнө ИНЕГ, Хадгаламжийн даатгалын корпорац гэх зэрэг төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд шүүхэд хандан харилцах болон хадгаламжийн дансан дахь мөнгөө нэхэмжилж, шийдвэрлүүлж байв. Тухайлбал, Хадгаламжийн даатгалын корпорацынхан “Чингис хаан” банканд 16.22 тэрбум төгрөг жилийн 10 хувийн хүүтэй хадгалуулснаа нэхэмжилсэн юм. Хөгжлийн банк “Чингис хаан”-д 26.18 тэрбумыг жилийн 13.6, “Эрдэнэс Тавантолгой”-н 49.78 тэрбумыг гурав, “Монголын цахилгаан холбоо” ХК долоон сая, “Тавантолгой төмөр зам” компани 1.9 тэрбумыг 3.8 хувийн хүүтэй гэх зэргээр хадгалуулсан байдаг. Харин шүүхэд хандан мөнгөө өөр банк руу шилжүүлэх нэхэмжлэл гаргасан “Тавантолгой” ХК-ийнхан 10 сая төгрөг жилийн 1.8 хувийн хүүтэй хадгалуулсан аж. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа уг хэргийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэхээр товлосон ч нэхэмжлэгч, хариуцагч талынхны хүсэлтээр хойшлуулсан байна.

Ташрамд дурдахад “Чингис хаан” банканд Засгийн газар, төсвийн байгууллагууд, төрийн өмчит компаниуд, сангууд, бусад байгууллагын гээд нийт 243.89 тэрбум төгрөг байх ёстой ч төлбөр түргэн гүйцэтгэх чадвар нь муудаж, харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг гаргаж өгөхгүй байгаа учраас шүүх, цагдаагийн байгууллагад шалгуулах болсон билээ. Өөрөөр хэлбэл, Банкны тухай хуулийн 16.1.1 дэх хэсэгт “Заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх шаардлагыг хангасан байна” гэх заалтыг зөрчиж буй ч Төвбанкны удирдлага хаацайлсаар, ямар нэг шийдвэр гаргахгүй удаж байгаа юм.

Бэлтгэсэн Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.