Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хотын эмгэнэлт төрх буюу хор цацдаг амьд “төхөөрөмж”

Ээ халаг, энэ улсад эрүүл, саруул, амар жимэр амьдрах нөхцөл байна уу. Өдөр бүр л элдэв хэрүүл, оновчгүй шийдвэрүүдээрээ “бэлэг” барьдаг УИХ-ын гишүүд, улс төрийн томилгооныхон өнөөдөр бүр ард иргэдийн амь, эрүүл мэндэд дураараа “халддаг” болжээ. Ерөөс улсын удирдлага, чиглүүлэгч гэж харах аргагүй, ажил, алба, хүлээсэн үүрэг, хариуцлагынхаа талаар ч ойлголтгүй хэдэн хүн өнөөдөр монголчуудыг хөлдөө чирч, туйлдуулж гүйцлээ. Энэ өвлийн дохиог түүчээлэн Улаанбаатарт орсон цаснаар нийслэл хот, дүүргүүдийн дарга, даамлууд ээлжит “сюрприз”-ээ задлав.

Хог ачдаг машины “бүүнкэр”-т ТҮК-ийн ажилчин залуусыг замын цас, мөс хайлуулдаг химийн бодис дотор суулгаад, өдрийн турш цацуулж, халтиргаанаас “сэргийлэх” их ажлаа эхлүүлэх нь тэр. Цас хайлуулдаг давс хэмээдэг талст бодис хүн, амьтан, экологид урт хугацаанд асар хөнөөлтэй болохыг тогтоосон учраас олон улсад энэ аргаас татгалзаад эхэлсэн. Гэтэл хэдэн зуун кг хорт бодис дунд хүн суулгачихаад улаан гараар нь цацуулах санаа, сэтгэл хэнээс гарав. Ямар мэдлэг, мэдээлэл, боловсролтой хүн ийм шийдвэр гаргадаг юм бэ, хотын дарга аа. Халаглах, харамсах энүүхэнд болов. Энэ бол хүний амь, эрүүл мэндийг санаатай хорлосон үйлдэл мөн. Хууль уншаад үзээрэй, ийм үйлдэлд ямар ял, шийтгэл ногдуулдгийг.

Зам, гудамж, талбайд цас, мөс хайлуулах зорилгоор цацсан бодисоос болж нохойных нь тавхай хагарч, шархалсанд бухимдсан иргэн хотын удирдлагаа шүүхэд мэдүүлж, ялсан явдал олон жилийн өмнө Германд болсон. Гутлын ул нь тэрхүү бодисоос болж амархан элэгдэж, эдийн засгийн хохирол учруулсан хэмээн шүүхдэж, өнөөх давсны найрлага дахь хорт бодисууд экологид, ногоон байгууламжид хөнөөлтэйг тогтоолгосон иргэдийн жишээ ч олон улсад бий. Ийм уршиг тарьдаг бодисыг хамгаалалтын ямар ч хэрэгсэл, хувцасгүй, хүйтнээс хамгаалах төдий бээлийтэй гараараа самардаад явж байгаа ТҮК-ийн ажилчдын эрхийг хэн хамгаалах ёстой вэ. Тэдний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар нөлөөлсөн, эсэхийг хэн, хаана тогтоох вэ. Хүмүүнлэг, энэрэнгүй нийгэмд бол ажил олгогч, үүрэг өгөгч, хотын дарга бүгдээрээ огцрох том шалтгаан энэ мөн.

Манай улс халтиргаа, гулгааг арилгах зорилгоор давс цацдаг аргадаа мэргэшээд 20 гаруй жил болжээ. Цаашид ч үүнийг халах бодолгүй байх шиг. Идэмхий бодисын нөлөөгөөр хайлж, автомашинуудын утаа, орчны хог зэргээр “хачирлагдсан” цас газарт нэвчиж, хөрс бохирдуулж, улмаар гүний ус руу орж, дараа нь гол, мөрөнд ордог болохыг Европын судалгааны багийнхан тогтоожээ. Тиймээс цас, мөсийг зам дээр “нялах” аргаас татгалзаж, хамдаг, дараа нь тусгай төхөөрөмжид хайлуулдаг технологийг олон улсад түлхүү ашиглаж байна. Ялангуяа Канад энэ тал дээр арвин туршлагатай бөгөөд цасыг төхөөрөмжид хайлуулах аргаар “боловсруулаад”, цэвэрлэх байгууламжаар дамжуулан, гол руу хийдэг аж. Үүнийг сүүлийн жилүүдэд Казахстан амжилттай хэрэгжүүлж байна.

Бид техник, технологийн хэмээн тодотгодог ХХI зуунд, метрополис хэмжээний хот, суурин газарт амьдарч байна. Гэсэн атал гудамж, талбайн хогийн цэгүүдээс ТҮК-ийн ажилчид хуурай, нойтон, нус, цэртэй холилдсон элдэв хаягдлыг гараараа хамж зогсохыг харах нь үнэхээр гутамшигтай. Энэ дүр зургийг давс цацагч, амьд “төхөөрөмжүүдээр” тэллээ, юутай уйтай. Ажил хийж байгаа хүмүүсийг онилсон үг биш гэдгийг тунгаана буй за. Ийм хэмжээнд “ажил явуулж” байгаа эрх ямбатнуудыг харин цас, мөс хайлуулагчаар цэвэрлэх цаг болсон бус уу. Энд нэг зүйлийг сануулъя. “Бусдын эрх, амь, эрүүл мэнд, нэр төр, алдар хүндэд санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497.1-т заажээ, хотын дарга аа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.