Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газрын дарамт, шахалт гуравдугаар тунгийн ач холбогдлыг замхруулж байна

Манай улс коронавирусийн вакцин худалдан авахад өнгөрсөн хугацаанд хэчнээн төгрөг зарцуулсан бол. Засгийн газар болон гадаадын хандивлагч байгууллагуудын уг санхүүжилт улсын нууцад хамаарах тул нарийн мэдээлэх боломжгүй аж. Гэхдээ өнгөрсөн хоёрдугаар сарын 23- наас хойш импортолсон нийт вакцин 7.5 сая тунд хүрч, энэ нь зах зээлийн өнөөгийн дундаж ханшаар 100 сая ам.доллар давсныг ЭМЯ-ны эх сурвалж хэлэв. Одоогоор нөөцөд 2.2 сая тун вакцин байгаагаас 1.5 сая нь “Пфайзер”-ынх гэнэ. Тодруулбал, Засгийн газар, салбарын яам болон холбогдох албаныхан уг нөөцдөө түшиглэн энэ онд “Ковид-19”-ийн нэмэлт тунд хүн амын 30, зорилтот бүлгийн 50 хувийг хамруулахаар төлөвлөжээ. Даанч татвар төлөгчдийн энэ их мөнгө, хандивлагч улс орнуудын халуун сэтгэлийг төр, засгийнхан нөгөөх л урагшгүй шийдвэр, явцгүй хориг тээгээрээ замхруулж эхэллээ.

“Ковид-19”-өөс сэргийлэх вакцины гурав дахь тунг хийж эхэлсэн өнгөрсөн наймдугаар сарын 30-наас хойш хүн амын 17 хувийг буюу 565 636 иргэнийг дархлаажуулснаа албаныхан өчигдөр мэдээлсэн. Эл үзүүлэлт нь он дуустал вакцинжуулахаар төлөвлөсөн хүмүүсийн 56.6 хувь юм. Төр, засгийнхан 2021 онд амжиж хүн амын 30 хувийг нэмэлт тунд хамруулах тэргүүн зорилгоо биелүүлэхийн тулд цаашид 460 гаруй мянган иргэнийг 40 хүрэхгүй хоногт дархлаажуулж таарна. Вакцинжуулалтын “их дайралт”-ын ирэх өдрүүдэд хэр олон хүний эрх ашиг зөрчигдөж, эрүүл мэнд нь золигт гарахыг таашгүй. Тоо гүйцээж, төлөвлөгөө биелүүлж л байвал бусад нь хамаагүй л дээ, манай эрх мэдэлтнүүдэд. Энэ “марафон” ч хэдийн эхэлж.

Коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг эрчимжүүлэх асуудлаар хотын дарга Д.Сумъяабазар, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нарын утсаар ярьж буй бичлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээнд цацагдаж, ихэд шүүмжлэл дагуулсан. Тус бичлэгт хотын дарга иргэдийг, тэр дундаа төрийн албан хаагчдыг нэмэлт тунд хамруулах ажлыг яаравчлуулахыг Б.Бямбадоржид сануулаад, эсэргүүцсэнийг нь гэрт нь хөл хорионд оруулж, хатуу арга хэмжээ авахыг үүрэгдэв. Мөн тэрбээр “Аж ахуйн нэгж, байгууллагуудыг вакцины гурав дахь тунгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг шах. Нэмэлт тунгаас татгалзсан хүмүүст хатуу арга хэмжээ авах саналыг О.Дашпагам (ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга) даргатай хамтран нэн даруй боловсруулж, нийслэлийн Онцгой комисст оруулаад ир. Болохгүй бол хүч хэрэглэнэ, хэн, юу ч гэсэн хамаагүй” гэх нь тэр. Ил гарсан нь л энэ болохоос үүнээс ч их дарамт, сүрдүүлэгт төрийн албан хаагчид төдийгүй хувийн хэвшлийнхэн өртөж байна. “Вакцины гурав дахь тунд хамрагдахгүй бол ажилдаа битгий ир, цалингүй чөлөөгөө ав, чадахгүй бол тэр чигээрээ яв” гэх дарамт хавтгайрсан гэнэ.

Иргэдийг энэ мэт ажил, хөдөлмөр эрхлэх, үйлчилгээ авах зэрэг нийгмийн наад захын харилцаанд оролцохыг нь вакцинаар ацаглан хязгаарлаж, хавчин гадуурхах болсонд л олон нийт бухимдаад буй юм. Эдгээр дарамт, шахалт нь иргэдийг харин ч бүр вакцинаас татгалзах, итгэл үнэмшилгүй болгох хорон үр дагавартайг эрх баригчид төдийлөн ойлгож, ухахгүй байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, төр, засгийнхан Дархлаажуулалтын тухай хуулиа мөрдөхгүй, хүнлэг бус шийдвэрүүд удаа дараа гаргаж буй нь нэмэлт тунд хамрагдах иргэдийн хүсэл, сонирхлыг үгүй хийж байна гэсэн үг. Хүмүүсийн зарим нь нэмэлт тунд хамрагдах, эсэхдээ ч эргэлзэж байхад албаныхан хэдийн дөрөв дэх тунгийн тухай сурталчилж, цөөнгүй хүнийг вакцинжуулснаа зарласан нь олон нийтийг бүр ч их төөрөгдүүлэв. Энэ талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Манайд коронавирусийн вакцины дөрөв дэх тунг хийх албан ёсны шийдвэр гараагүй ч гадаадад зорчих гэж буй иргэдийн хүсэлтээр дархлаажуулж байна. Тухайлбал, АНУ-д зорчих иргэдээс тус улс “Пфайзер”-ын вакцины хоёр тунг хийлгэсэн байх шаардлага тавьж буй юм билээ. Иргэдийн энэ мэт өргөдөл, хүсэлтийг харгалзан, дархлаа сэргээх дөрөв дэх тунг сайн дурын үндсэн дээр хийж байгаа” гэв.

Манай улс энэ хэцүү цагт иргэдээ коронавирусийн вакцинд бүрэн тунгаар хамруулах, нэмэлтээр дархлаажуулах нөөцийг дээр хэлсэнчлэн хангалттай бүрдүүлсэн нь сайн хэрэг. Гэвч уг кампанит ажлыг хэрэгжүүлэх арга, хэлбэр нь анхнаасаа “хүчирхийллийн” шинж чанартай байгаа нь энэ бүхнийг үр дүнгүй болгох эрсдэлтэй. Дэлхий даяар өдгөө вакцин хомсдож, тэр дундаа ядуу буурай орнуудад хаанаа ч хүрэлцэхгүй байна. Ourworldindata.org цахим хуудсанд мэдээлснээр дэлхийн хүн амын 53.2 хувь нь коронавирусийн вакцины дор хаяж нэг тунд хамрагдаад байгаа аж. Бага орлоготой улс орнуудын хүн амын дөнгөж таван хувь нь өдгөө вакцины нэг тунд хамрагдсан нь өвчлөл, нас баралтыг хязгаарлахад хүндрэлтэй байгааг мөн онцолжээ. Тэгвэл эдүгээ 20 орчим улс хүн амаа нэмэлт тунд хамруулж буйг тус сайтад мэдээлсэн байна. Энэ сарын 17-ны байдлаар Израил хүн амынхаа 43.4 хувийг гурав дахь тунд хамруулсан үзүүлэлтээр тэргүүлж буй бол Чили (39.6), Уругвай (37), Британи (20), АНУ (10), Бразил (5.6) зэрэг улс удаалж байх жишээтэй. Израил хүн амынхаа 43.4 хувийг нэмэлт тунд хамруулснаар халдварын тархалтыг 80 хувь бууруулсан гэж зарлав. Мөн Британи гурав дахь тунгийн ачаар тохиолдлынхоо тоог 15 хувиар цөөлсөн гэж мэдээллээ. Харин эсрэгээрээ вакцины хамралт муу зүүн болон баруун Европын орнууд, ОХУ зэрэг улсад коронавирусийн дельта хэлбэрээс үүдэлтэй давлагаа эрчимжиж, өвчлөл, нас баралт ихэссэнийг олон улсын хэвлэлүүд бичсээр байна. Тиймээс манай улс ч гэсэн хүн амынхаа тодорхой хувийг гурав дахь тунд хамруулах зорилтдоо хүрэхийн тулд цаашид ажлынхаа арга барилыг өөрчлөх, илүү хүнлэг шийдвэрүүд гаргах хэрэгцээ үүсээд буй юм. Учир нь Засгийн газар, ЭМЯ, УОК-ынхон вакцинжуулалт хийхдээ “хэлбэр хөөгөөд”, агуулгадаа төдийлөн анхаарахгүй байгаа.

ДЭМБ нэмэлт дархлаажуулалт хийж буй улс орнуудын туршлагад үндэслэн гурав дахь тунг дархлаа сэргээх бус, коронавирусийн вакцины нэг хэсэг гэж үзэж байна. Тиймээс бид ч мөн нэр, томьёоноосоо эхлээд засаж, сайжруулах хэрэгтэй болов уу. Тэгээд ч вакцинаар хүний дархлааг сэргээдэггүй бөгөөд тухайн халдварт өвчний эсрэг өвөрмөц бие үүсгэх үйл явц гэдгийг наад захын ном, товхимолд дурдсаныг анхаарууштай. Цаашид коронавирусийн вакциныг томуугийнхтай адил зорилтот бүлгийнхэнд жил бүр, энгийн иргэдэд хоёр жилд нэг удаа тарьдаг болох тухай ч яригдаж байна. Тэр болгонд манайхан дархлаа сэргээх тун гээд сурталчлаад байж болохгүй биз дээ. Одоо ч иргэд вакцины тун хоорондын зайг сайн мэдэхгүй, зөрүүтэй ойлголттой хэвээр байгаа. Түүнчлэн “Ковид-19”-өөр өвчлөөд эдгэрсэн хүмүүс гурван сарын дараа вакцин хийлгэх нь зөв үү. Бүрэн тун хийлгэсэн ч халдвар аваад эдгэрсний дараа нэмэлт дархлаажуулалтад хамрагдах ёстой юу. Гуравдугаар тун коронавирусийн мутацуудаас хэдэн хувь сэргийлэх вэ, сөрөг нөлөө нь хэр их гэдгийг ч үнэндээ мэдэхгүй байна. Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяраас эдгээр асуултыг тодруулахад “Манайд Европын Холбооны улс орнуудын адилаар дельта хэлбэрийн халдварын давлагаа үүсэх эрсдэл өнгөрсөн есдүгээр сарын сүүлч, аравдугаар сарын эхээр нүүрлэсэн тул хүн амыг вакцины гурав дахь тунд яаралтай хамруулж эхэлсэн. Ингэхдээ тун хоорондын зайг 3-6 сар гэж тогтсон. Учир нь “Синофарм”-ын “Вероселл” вакцины хоёр дахь тун хийлгэснээс хойш гурван сарын дараа тухайн хүний эсрэг биеийн хэмжээ буурч байгаа нь манай эрдэмтдийн судалгаагаар тогтоогдсон. Тэр дундаа халдварлах чадвар өндөртэй дельта мутацын эсрэг дархлааны бусад үзүүлэлт ч буурсан байсан. Харин “Пфайзер”, “Синофарм”-ын вакциныг олон улсын жишгээр гурав дахь тун хэлбэрээр тарихад эдгээр үзүүлэлт нэмэгдсэн тул манай улс нэмэлт дархлаажуулалтыг эхлүүлсэн. Мөн коронавирусийн дельта хэлбэрийн давлагаанд вакцины хоёр тунтай иргэд өртөх нь нэмэгдсэн тул дээрх шийдвэрийг гаргахад нөлөөлсөн гэж хэлж болно. Вакцины бүрэн тун хийлгэсэн хэрнээ өвдөөд эдгэрсэн бол тодорхой хэмжээнд дархлаа тогтоогүй гэж үзэн 21 хоногийн дараа гурав дахь тунд хамруулж байгаа. Энэ бүхний дүнд халдварын тархалт эрчимтэй буурч, эмнэлгүүдийн орны ачаалал 40 хувиар багассан. БНХАУ болон Сингапур ч манай улсын адил “Пфайзер”, “Синофарм”-ын вакциныг өдөөгч тунгаар ашиглаж байна” гэсэн юм.

Нөгөөтээгүүр, иргэд, олон нийт “Пфайзер”-ын вакцины хадгалалтын хугацааг аль эрт дууссан, зарим нь нэг сарын дараа хүчингүй болно гэх зэргээр ярьж, бичиж буй. Харин ЭМЯ-ныхан “ДЭМБ болон үйлдвэрлэгч компаниас “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд “Пфайзер”-ын вакцин худалдан авсан 190 гаруй оронд мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Тодорхой хэлбэл, 60-90 градусын гүн хөлдөөгчид хадгалж буй вакцины хугацааг анх нийлүүлснээс хойш гурван сараар сунгахад чанар, үр нөлөө нь өөрчлөгдөхгүй гэсэн. Үйлдвэрлэгч компанийнхан вакциныг дээрх горимоор есөн сарын хугацаатай хадгалж, ашиглаж болно гэсэн зааврыг одооноос шошгон дээрээ байршуулж буй юм билээ. Манай эрдэмтэн, судлаач нар зөвхөн гурав дахь тун гэлтгүй вакцины дараах хариу урвалуудыг нийтэд нь судалдаг. Коронавирусийн вакцинаас болж нас барсан гэх бүх тохиолдолд мэргэжлийн байгууллагынхан гэр бүлийнхнийх нь зөвшөөрлөөр задлан шинжилгээ хийсэн. Одоогоор вакцинаас болж нас барсан нь нотлогдсон тохиолдол гараагүй. Харин “Ковид-19”-ийн улмаас нас барсан хүмүүсийн олонход нь тархи, зүрхний эд, эсүүд ихээр гэмтсэн, уушигний гялтан идээлж, үрэвссэн, шингэн ихээр хуримтлагдсан, бөөр, элэгний цочмог үрэвсэлд өртсөн нь цогцост хийсэн задлан шин жилгээгээр тогтоогдсон. Үүнээс үзвэл вакцин хийлгээгүй хүмүүс амиа алдах, насан туршдаа архаг, хууч өвчтэй болох эрсдэлтэй байна. Коронавирусээр халдварласны дараа цус нь өтгөрч, зүрх, судасны өвчтэй болсон, ой тогтоолт, оюуны чадвараа их, бага хэмжээгээр алдсан олон хүн бий. Тэгвэл вакцины гурав дахь тун хийлгэсэн хүмүүсийн 0.1 хувь нь халдвар авч, хөнгөн өвдсөн” гэлээ.

ЭМЯ, ХӨСҮТ-ийнхөн энэ мэт мэдээллээ иргэдэд нээлттэй өгдөггүй, дархлаажуулалтын дараах урвал, хүндрэлийг хэрхэн эмчилж, арилгах талаар зөвлөдөггүй, үнэ цэн, ач холбогдлыг нь тайлбарладаггүй нь вакцины эсрэг үзлийг “өрдөх” шалтгаан болж буйг судлаачид хэлсэн. Нийтийг хамарсан аюулт өвчнөөс сэргийлэх кампанит ажлыг сэтгэлийн хөөрлөөр бус, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зохион байгуулах нь олон нийтийн идэвх, оролцоог аяндаа нэмэх сайн талтай. Өөрөөр хэлбэл, Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу иргэдэд вакцины нэмэлт тунд сайн дураар хамрагдах эрхийг олгох нь өнөөгийн нөхцөлд зөв зүйтэй алхам болов уу.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.