Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цагаан будаа үйлдвэрлэх боломж Монголд байна

Бидний хүнсэндээ хэрэглэдэг цагаан будааны чанарын ангилал ба үзүүлэлт нь тодорхой бус юм байна. Монголд үүнийг тогтоосон талаарх албан ёсны ямар нэг мэдээлэл олсонгүй. Харин Ази, Европын болон АНУ, ОХУ зэрэг оронд цагаан будааг чанарын хувьд зургаа ангилдаг аж. Үүнд gold буюу дээдийн дээд, premium буюу extra дээд зэрэг, extra гэсэн ангиллыг ОХУ болон Европын зарим оронд хэрэглэдэг. Мөн high quality буюу дээд чанартай, I class буюу нэгдүгээр зэргийн, II class буюу хоёрдугаар зэргийн, чанарын ангилалд хамаардаггүй доод зэргийн гэсэн ангилал байна. Санхүүгийн чадавх сайтай, эрүүл мэнддээ анхаарал тавьдаг хэсгийнхэн үнэтэй боловч чанартай будаа хүнсэндээ хэрэглэж байхад нийтийн хоолны газрууд, орлого багатай иргэд голчлон хямд, чанар муутайг иддэг нь үнэн. Гадаадаас худалдан авсан цагаан будааны хэдэн хувь нь дундаас дээш чанартай, эсвэл чанар муутай талаарх судалгаа, статистик мэдээлэл одоогоор алга.

2017 онд бидний хийсэн, санамсаргүй түүвэр судалгаанд оролцсон 200 хүний хариултаас үзэхэд долоо хоногт 2-3 удаа (дунджаар 2.7) цагаан будаатай хоол иддэг ажээ. “Цагаан будааг хоол, хүнсний цэсээс хасах боломжтой юу” гэсэн асуултад бүх хүн “Үгүй” гэж хариулжээ. Энэ нь бидний хоол хүнсний хэрэглээнд цагаан будаа гүнзгий нэвтэрч, баттай байр суурь эзэлснийг харуулж байна. Гэтэл манай улс цагаан будааг 100 хувь импортоор авч байгаа нь хэр зохистой вэ гэдгийг эргэцүүлэх цаг болсон санагдана.

ҮЙЛДВЭРЛЭЛ БА ХУДАЛДАА

Олон улсын эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагын мэдээгээр 2013 онд дэлхий дахинд 494 сая тонн цагаан будаа үйлдвэрлэжээ. Энэ нь сүүлийн 10 жилд будааны үйлдвэрлэл 21.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин 2023 он гэхэд цагаан будааны үйлдвэрлэлийн өсөлт саарч, 11-12 хувьд хүрэх төлөв гарчээ. Үүний шалтгаан нь тариалах талбайн хэмжээ багасаж буйтай холбоотой. Иймээс өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд нэг га талбайгаас хураах ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд илүүтэй анхаарч эхэлж байна. Цагаан будааны үйлдвэрлэлийн 75-аас илүү хувь нь Хятад, Энэтхэг, Индонез, Бангладеш, Вьетнам, Тайланд гэсэн зургаан улсад төвлөрдөг. Эдгээрийн ард Филиппин, Бразил, Япон, Пакистан, АНУ, Египет, БНСУ гэсэн долоон улс орж байна. Гэхдээ цагаан будааны экспортын мэдээ үйлдвэрлэлийнхээ цар хүрээнээс арай өөр байгаа нь тухайн улсын дотоодын хэрэгцээтэй холбоотой. Сүүлийн 10 жилд цагаан будааны худалдаа бараг 50 хувиар өсөж, 2013 онд 38 сая тоннд хүрсэн байна.

Цагаан будаа экспортлогч орнуудын жагсаалтыг Энэтхэг тэргүүлдэг. Тус улс зөвхөн 2012 онд 10.6 сая тонныг экспортолжээ. Энэ нь дэлхийн цагаан будааны нийт худалдааны 27.7 орчим хувь юм. Дараагийн голлох экспортлогч нь 6.7 сая тонн цагаан будаа худалдсан Тайланд, 5.4 сая тонныг зарсан Вьетнам, АНУ, Пакистан улс байна. Манай хойд хөрш ОХУ 2012 онд 366.5 мянга, 2013 онд 163.8 мянган тонн цагаан будаа экспортолж, тэргүүлэх 20 орны жагсаалтад багтжээ. Харин будаа импортлогч орны жагсаалтад 76 улс бүртгэгдсэн байна. Тэдгээрийг Хятад улс тэргүүлсэн бөгөөд 2012 онд 2.3 сая тонн цагаан будаа гадаадаас худалдан авчээ. Импортлогч эхний 20 улсын тоонд Индонез, Малайз, Филиппин зэрэг зүүн өмнөд Азийн орон багтжээ. ОХУ нь хэдийгээр цагаан будаа экспортлогч боловч Сибирь, Алс Дорнодын бүс нутгийнхны хэрэгцээнд зориулан 2012 онд 211.2 мянга, 2013 онд 149.8 мянган тонныг гадаадаас худалдан авсан байна.

Дэлхийн зах зээлд 2013 онд цагаан будааны бөөний дундаж үнэ нэг тонн нь 380.9 ам.доллар байсан. Тэгвэл 2018 оны мэдээгээр Энэтхэгт 446, Тайландад 444, Вьетнамд 425 ам.доллар болж өсжээ. Цагаан будааны үнийн өсөлт нь уур амьсгалын өөрчлөлтөөс болж ургац алдсан, хэрэглээ өсөн нэмэгдсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ. Ирээдүйд ч үнэ буурах төлөв ажиглагдахгүй байгаа аж.

2016 оны мэдээгээр дэлхийн хүн ам жилд 518 сая тонн цагаан будаа хүнсэндээ хэрэглэжээ. Энэ нь 2007 оныхоос даруй 14 хувиар өссөн үзүүлэлт юм. Хүн ам өсөхийн хэрээр хэрэглээ нэмэгдэж, 2023 оны үед дахин 10-11 орчим хувиар нэмэгдэх магадлалтай гэсэн тооцоо бий. Ялангуяа Ази тивийн орнуудын хэрэглээ илүү нэмэгдэх магадлалтай. Хятадад цагаан будааны нийт хэрэглээний 29.9, Энэтхэгт 19, Индонезэд 11 хувь нь ногдож байна. Эдгээрийн дараа Бангладеш, Вьетнам, Мьянмар, Тайланд, Филиппин, Бразил, Япон зэрэг улс жагсах жишээтэй. ОХУ 2018 онд 17 орноос 213.4 мянга, 2019 онд 236.7 мянга, 2020 оны эхний улиралд 18.7 мянган тонн цагаан будаа импортолжээ.

Дэлхийн зах зээлд 2016 онд 35.6 сая тонн цагаан будаа худалдсан нь нийт үйлдвэрлэлийн дөнгөж 6.9 орчим хувь аж. Үүнээс үзэхэд улс орон бүр цагаан будааны дотоодын хэрэгцээгээ хангахад түлхүү анхаарч, экспортоо багасгах магадлалтай байна. 2007-2016 онд дэлхийн цагаан будааны экспортын хэмжээ жилд дунджаар дөнгөж 1.9 хувиар өсжээ. Гол үйлдвэрлэгчдийн нэг Энэтхэгийн цагаан будааны экспорт 5.2, Вьетнамынх 2.9 хувьд хүрч нэмэгдсэн байхад Тайландын экспорт 3.9 хувиар буурав. БНХАУ-ын цагаан будааны экспорт багасаж, эсрэгээрээ 2007-2016 онд импортын хэмжээ нь жилд дунджаар 1.1 хувь орчим нэмэгджээ. Ингэснээр нийт цагаан будааны 13 хувийг худалдан авдаг дэлхийн хамгийн том импортлогч орны тоонд багтах боллоо.

Манай улсын хувьд 2016 онд бидний хийсэн судалгаагаар дэлхийн 15 орноос 23 төрөл, сортын цагаан будаа импортолжээ. Цагаан будааг манай улс голчлон Хятад, БНСУ, Вьетнам, Тайланд, Японоос авдаг. Тэдгээр орны экспортын хэмжээ багасах хандлагатай тул цаашид бид дотоодын хэрэгцээнийхээ зарим хувийг өөрсдөө үйлдвэрлэх талаар бодож, төлөвлөх зайлшгүй шаардлага үүсэж байна. Статистик мэдээнээс харвал, 2006 онд 19.1 мянган тонн цагаан будаа импортлоход 5.22 сая ам.доллар зарцуулжээ. Тэгвэл 2020 онд 55.8 мянган тонн цагаан будаа худалдан авахад зориулж 30.16 сая ам.долларыг гадагш урсгасан аж. Тодруулбал, Монгол Улсын цагаан будааны хэрэглээ 2006-2017 он хүртэлх хугацаанд 1.8, 2020 оныхтой харьцуулахад 2.9 дахин өссөн байна. Хэрэглээний өсөлтийн хурд нь сүүлийн гурван жилийн дунджаар 2.5 дахин нэмэгджээ.

МОНГОЛ УЛСАД ЦАГААН БУДААНЫ ТАРИАЛАН ЭРХЛЭХ БОЛОМЖ БИЙ

Манай ХААДС-д суралцаж байсан хоёр вьетнам оюутныг цагаан будаа тариалах туршилт, судалгаа хийлгэхээр 1973-1974 онд Ховд аймгийн Булган сумд томилон ажиллуулсан боловч цаг уурын өөрчлөлт, хоол, хүнс тохироогүйгээс нэг нь нас барж, энэ ажил зогсжээ. Хожим 1990-ээд оны эхээр Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын санхүүжилтээр Дорнодын талын бүсэд цагаан будаа ургуулах төслийг гурван жилийн хугацаатай хэрэгжүүлсэн. Үүнд Дорнодын Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн зарим ажилтан хамтран ажиллаж, Японд дадлага хийж, багагүй амжилтад хүрсэн. Гэсэн ч төсөл хэрэгжүүлж дууссанаас цааш ажил үргэлжлэлгүй, орхигджээ.

2013 онд Япон Улсын иргэний санаачилга, санхүүжилтээр Өвөрхангай аймгийн Арвайхээр, Нарийнтээл, Төгрөг, Хархорин, Төв аймгийн Зуунмод, Жаргалант сумд хүлэмжийн нөхцөлд цагаан будаа ургуулах туршилт, судалгаа эхлүүлж, таван жил үргэлжлүүлсэн байна. Энэ хугацаанд цөөнгүй хүнийг Японд цагаан будаа тариалах сургалтад хамруулж, үйлдвэрлэлийн талбайд олон сар ажиллуулж, дадлагажуулсан. Дээрх туршилт, судалгааны үр дүнд манай орны дулааны нөөц хангалттай нутагт, хүлэмжид ургуулсан үрслэгийг задгай талбайд шилжүүлэн суулгах боломжтойг тогтоожээ.

Эх орондоо цагаан будааны тариалан эрхлэх ажлыг хамгийн тууштай хөөцөлдөж, олон жил хичээн зүтгэсний эцэст тодорхой амжилтад хүрсэн хамт олон бол Улаанбаатар хотын “ЖимЭкс” ХХК. Тус компанийнхан анх Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт “Лигийн гол” услалтын системийн талбайд цагаан будаа ургуулах туршилт, судалгаа эхлүүлж, есөн жилийн дараа буюу энэ онд анх удаа задгай талбайд хоёр га-д тариалалт хийж, 10 тонн ургац хураан авч чаджээ. Энэ бол Монгол Алтай ба Говь-Алтайн нурууны өвөр талын дулааны нөөц ихтэй бүс нутагт цагаан будааны үйлдвэрлэл эрхлэх бүрэн боломжтойг нотлон харуулсан ажил юм.

Өнөөгийн дэлхийн дундаж түвшнээр тооцож үзэхэд манай улс цагаан будааны дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахын тулд 17-18 мянган га талбайд тариалалт хийх шаардлагатай. Ийм хэмжээний услалтын систем бий болгох, сэргээн засварлахад ойролцоогоор 86 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана. Өөрөөр хэлбэл, бид гурван жилийн хэрэгцээт цагаан будааг импортоор авахад зарцуулж байгаа мөнгөөрөө дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах хэмжээний үйлдвэрлэлийг шинээр байгуулах боломж байгаа нь харагдаж байна.

Цагаан будааны тариалан эрхлэх нь импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх төдийхнөөр өнгөц авч үзэх асуудал биш. Нэгэнт монголчуудын хоол, хүнсний жагсаалтаас хасах боломжгүй болтлоо цагаан будааг дотооддоо тарьж ургуулах нь хүн амын хоол, хүнс болон говь нутгийн малын тэжээлийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх арга замыг бидэнд нээж өгч буйгаараа ач холбогдолтой.

ХААИС-ийн зөвлөх профессор, доктор Ш.БАРАНЧУЛУУН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Цагаан будаа үйлдвэрлэх боломж Монголд байна

  • сандаг says:

    Дорнодод 10 тн хүртэл цагаан будаа Халхголд хурааж үрэнд үлдээж байсан биш үү