Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Говь-Алтай аймгийн Засаг дарга асан В.Рэнцэндорж нарыг цагаатгав

Говь-Алтай аймгийн Засаг дарга асан В.Рэнцэндорж, тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн байсан Б.Лхагважаргал, жолооч Э.Мэндсайхан нарт холбогдох хэргийг шүүх цагаатгасан нь олон хүний дургүйцлийг төрүүлэв.

2020 оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Засаг дарга В.Рэнцэндорж албан өрөөндөө Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа, ахлах мэргэжилтэн Б.Лхагважаргал нартай согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас дээрх газрын дарга амиа алдсан билээ. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн холбогдох заалт, Төрийн албаны сахилга, хариуцлага дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 22-ны тогтоолыг зөрчин төрийн байгууллагын албан өрөөнд Засаг дарга нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхаа хоёр албан тушаалтныг дуудан архи ууснаас С.Болормаа биеэ авч явах чадваргүй болсон байдаг. Улмаар гэр бүлийн гишүүд, бусад хамаарал бүхий хүнд нь мэдэгдэлгүй, харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй орхисны улмаас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга бүсгүй 83-93 ГАҮ улсын дугаартай автомашин дотор амиа алдсан хэрэгт дээрх гурван хүнийг буруутгасан юм. Уг хэрэгтэй холбогдуулан Засаг дарга В.Рэнцэндоржийг албан тушаалаас нь чөлөөлсөн.

Шинжээчид талийгаачийг механикаар амьсгал нь бүтэж нас барсан гэж дүгнэсэн бөгөөд дээрх гурван хүнд Эрүүгийн хуулийн 15.2-2.2 дахь хэсгийн “Тусламж үзүүлэлгүй, аюултай байдалд орхисны улмаас хохирогч амиа алдсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн хавар шилжүүлж, элдэв шалтгаанаар долоон удаа хойшлуулсны эцэст өнгөрсөн баасан гарагт хэлэлцсэн юм. Тус аймгийн шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа, Д.Сарантуяа, Н.Дэлгэрмаа, улсын яллагч Ц.Сайнхүү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ундрам, хохирогчийн болон шүүгдэгч нарын өмгөөлөгчдийг оролцуулан нээлттэй хийсэн хурлаас В.Рэнцэндорж, Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нарыг цагаатгаж, хохирогч талынхны гаргуулахаар хандсан 325 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо.

Анхан шатны шүүхийн эл шийдвэрийг хохирогчийн ар гэрийнхэн, өмгөөлөгчид нь эсэргүүцэж, цагаатгах тогтоол нь албажсаны дараа давж заалдахаа илэрхийлсэн. Зөвхөн ар гэрийнхэн нь төдийгүй олон нийт эрс эсэргүүцэж буй бөгөөд бие биенээ таньдаг, Засаг дарга асан, өмнө нь хууль сахиулах байгууллагад ажиллаж байсан хүний холбогдсон хэргийг шүүх бүрэлдэхүүн шударгаар шийдвэрлэж чадсангүй хэмээн буруушааж байгаа юм.

Бэлтгэсэн Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Говь-Алтай аймгийн Засаг дарга асан В.Рэнцэндорж нарыг цагаатгав

  • иргэд олон түмэн says:

    Нэг их гайхаад байх юм алга-шүүхийн нүүр царайл байна