Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.Пүрэвхүү: Шопены нэрэмжит уралдаанд тэргүүлбэл 5000 ам.долларын урамшуулалтай

Ф.Шопены нэрэмжит Төгөлдөр хуурчдын олон улсын III уралдааны хоёрдугаар шатны сонсгол өнөөдөр, маргааш үргэлжлэх бөгөөд шагналтнуудын нэгдсэн тоглолт, шагнал гардуулах ёслолыг энэ сарын 22-нд ДБЭТ-т зохион байгуулах юм. Уралдааны явцын талаар Консерваторын захиргаанаас мэдээлэл хийх үеэр тус сургуулийн захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Пүрэвхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Уралдааныг олон улсын гэж буй. Хэдэн орны төгөлдөр хуурч өрсөлдөж байна вэ?

-Монгол, ОХУ, БНХАУ, Польш, БНСУ, Грек гэсэн зургаан улсын хөгжимчид ур чадвараа сорьж байна. 17 хүртэлх насны буюу өсвөрийн, түүнээс дээших буюу насанд хүрэгчдийн гэсэн хоёр ангиллаар явуулж байна. Нийт 52 оролцогчтой. Нэгдүгээр шатны шалгаруулалтыг цахимаар явуулсан. Дараагийнхыг ч энэ журмаар үргэлжлүүлнэ. Энэ сарын 21 гэхэд насны хоёр ангилалд тэргүүн болон хоёр, гурав, тусгай байрын эзэд тодорно

.-Гран при шагнал олгох уу?

-Тэргүүн байр эзлэх хөгжимчдөөс тодруулах байх. Ер нь бол шүүгчид шийднэ. Польш улсын Ф.Шопены нэрэмжит Хөгжмийн академийн төлөөлөл шүүгчдийн ахлагчаар ажилладгаараа онцлог. Энэ удаа ХБНГУ болон Испани улсын Консерваторын профессорууд СУИС-ийн төгөлдөр хуурч, дэд профессор, мөн манай сургуулийн төгөлдөр хуурын тэнхимийн залуу багш шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байна. Залуу багшийг мэргэжлийн төгөлдөр хуурч багш нар өөрсдөө сонгосноороо онцлог. Тэрбээр Ф.Шопены нэрэмжит анхдугаар уралдааны гран при шагналтан юм.

-Шагналын сангийн 30 сая төгрөгийг манай улс дахь Польшийн ЭСЯ-наас гаргаж буй юм билээ. Тэргүүн байр эзлэх төгөлдөр хуурчийг ямар шагнал хүлээж байгаа бол?

-Насны А буюу “ахлах” ангилалд тэргүүлбэл 5000 ам.долларын эзэн болно. Энэхүү уралдаан Монгол болон Польш улсын хоорондох соёлын төдийгүй улс төрийн харилцааны ч гүүр болж байна. Шагнал гардуулах ёслолд тус улсын парламентын дэд дарга оролцохоо мэдэгдсэн.

Бэлтгэсэн Р.Оюунаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.