Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төрд толгойтой хүн алга

“Би юу хийчихэв ээ” гээд шүдэнз зурдаг сурталчилгаа санаанд буулаа, түлшний шуудайнд зарцуулах нэрээр зургаан тэрбум төгрөгийг хажуу “айлд” өгөх талаар сонсоод. Тэгээд “Төрд толгойтой хүн алга уу. Бид хаашаа яваад байна вэ” гэж хашхираад шүдэнзээ унтрааж, түгшүүрийн дохио хангинуулмаар санагдав. “Утаагүй Улаанбаатар” төслийн хүрээнд 2019 оноос сайжруулсан шахмал түлш хэрэглэж ирэхдээ уут, савлагаанд нь хэдий хэр мөнгө зарцуулж, хаанахын ямар үйлдвэрээр хийлгэдгийг иргэд тэр бүр анзааралгүй өдий хүрчээ. Цар тахлын “ачаар” Хятад улс хаалга үүдээ дангинатал цоожилсноор монголчууд бидэнд ихийг ойлгуулж, ухааруулах боломж олголоо. “Үндэсний” үйлдвэрлэгчдийнхээ тарыг ч танив. Өндөр албан тушаалтнуудынхаа мөн чанарыг нь мэдлээ. Бид хаашаа явж байгаагаа ч эргэцүүлэхэд хүргэв.

Хүний гар харсан амьдрал алхам тутамд амьсгал боогдуулж, угаартсан мэт болгодгийг бид өнөөдөр урьд урьдынхаас илүүтэй мэдэрч байна. Ийм байдалд ортлоо явсан нь бодлогын түвшний завхрал юм. Бүр таар, шуудайхныг хийчих цех ч үгүй байгаадаа ичих ч багадна. Уг нь хуванцар хаягдлыг дахин боловсруулаад барилгын материал, замын хашлага, янз бүрийн таг, олс хийсэн туршлага, санаачилга монгол залууст бий. Харамсалтай нь, санаагаа улам хөгжүүлэх, үйлдвэрлэлийн хэмжээнд хүргэхээр явах замдаа төр, засаг хэмээх хад мөргөөд замхарсан нь түгээмэл. Хэрэв тэднийг дэмжсэн бол өнөөдөр “Тавантолгой түлш”-ийн бүтээгдэхүүний савлагаанд зургаан тэрбум төгрөг “хийсгэхгүй” байлаа. “Атар” талх ч “нөмрөггүй” болж сандрахгүй байв.

“Гоё” түлш хэрэглэдэг болсноос хойших хугацаанд уут, савлагаанд нь зарцуулсан мөнгийг хэмнэж, энэ төрлийн том үйлдвэр нэг бус, нэжгээдийг байгуулах боломжтой байжээ. Үүнийг сайжруулсан түлш хийхээсээ өмнө судалж, бодоогүйд нь гомдмоор. Тэгэхээр төрийн сэтгэл аль зүгт байгаа нь өнөөдөр илүүтэй тодорч байна. Жилд дунджаар 10 сая шуудайнд зургаан тэрбум төгрөг “хийсгэхийн” оронд олон дахин ашиглах материалын шийдэл олсон бол, эсвэл савлагааныхаа хэмжээг нэмээд шуудайг арай томоор шийдсэн бол гэхчлэн хэмнэж болох олон ургалч санаа иргэд хэлж байна. Тухайн үед нь түлшний уутны талаар иргэдээс асууж, санаа бодлыг нь сонссон бол илүү оновчтой шийдэл гаргах байсан нь лавтай. Одоо харин Хятадад хийлгэх санаачилга гаргаж, “Төрийн мөнгө уйлахгүй” гэж зүтгүүлсэн хүмүүсийг зарлах хэрэгтэй.

“Түмэн шувуут” компанийн захирал Л.Эрхэмбаяр хэд хоногийн өмнө цахим хуудсаараа дамжуулан хэрэглэгчдийн дунд “хэлэлцүүлэг” өрнүүлсэн юм. Тэрбээр “Цаас, хэвлэх үйлдвэрийн түүхий эд тасарч байгаа учраас өндөгний шошгоны үнийг 30 хувь нэмнэ гэж хэвлэлийн компаниас мэдэгдлээ. Эцсийн дүндээ бид хэлбэрийн хойноос хөөцөлдөж байгаль орчноо сүйтгэж байна. Зөвхөн шошго худалдан авах, наахад “Түмэн шувуут” ХК жилд 170 сая төгрөг зарцуулдаг. Уг нь сав баглаа, шошгыг нь биш, доторх өндгийг нь иднэ. Хамтдаа бодох л асуудал. QR кодтой, жижиг хэмжээтэй наалт байвал хэрэглэгчид маань яаж хүлээж авах вэ. QR кодыг уншуулбал илүү олон мэдээлэл ч байна” гэж иргэдийн саналыг сонссон юм. Энэ мэтээр хувийн хэвшлийнхэн аливааг хялбар, илүү дэвшилттэй аргаар шийдэхээр эрэл хайгуул хийж, үйлчлүүлэгчдийн саналд тулгуурлахаар хичээж байхад бүхэл бүтэн улсыг удирдаж байгаа албатууд урагшгүй байдлаасаа салах дургүй янзтай. Өнгөрсөн мягмар гарагт болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр “Шахмал түлшний уут дахин тасрахгүй, хил нээгдэх гэж байна” гэсэн “чимэгтэй” мэдээлэл цацсан бол Монгол Улсын Ерөнхий сайд нь хил нээгдэхээр амьдрал сайхан болно тэвч, ойлго гэсэн шүү юм яриад сууж байх. Ингээд болоогүй, “Эрээнд халдвар илрэлгүй долоо хоножээ. Дахин халдваргүй долоо хоновол БНХАУ хилээ нээнэ гэсэн” хэмээн булт олноороо баярлан, бараг л залбирахаас наахнуур байгаа нь монголчууд бидний доройтлын бодит үнэн билээ. Ингэж үндэснийхээ хэмжээнд доройтож, бүтээсэн, босгосон тухай түүхгүй, харин авсан, идсэн талаарх хар хуудас хожим “Монгол Улсын түүх” номд бичигдэх вий дээ.

1
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Төрд толгойтой хүн алга

  • Зочин says:

    Монголд болж бүтэж байгаа юмаар маруухан л байна шүү.

  • Anonymous says:

    энд гайхах юм байхгүйшд, манай улс төрчид гэгддэг хүмүүс улс эх орноо, ард түмнээ бодно гэж огт байхгүй, төрийн албанд байх хугацаандаа өөрсдөө яаж байжихаа л боддог юм чинь арга байж уу дээ