Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлсэн хүмүүс ял сонссон нь Ч.Сайханбилэгт хамаатай л баймаар

Оюутолгойн гэрээг өөрчлөх “Рио тинто”- гийнхны саналд манай Засгийн газар нэлээд нухацтай хандаж, заримыг нь хүлээж авахаас татгалзаж буйтай зэрэгцээд саяхны нэг өдөр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гэнэт “гарч ирэв”. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар түүнийг эх орондоо ирж шалгуулах ёстой гэж мэдэгдсэний дараа хилийн чанадад нуугдаж буй тэрбээр цахим сүлжээ ашиглан хэрүүлийн чанартай мэдэгдэл хийснийг уншигчид санаж байгаа нь лавтай. Түүний дараа цахим сүлжээнд иргэд янз бүрээр үзэл бодлоо илэрхийлсэн. Олонх нь “Ч.Сайханбилэг үнэхээр буруугүй юм бол эх орондоо ирээд шалгуулах хэрэгтэй” хэмээсэн билээ.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг үнэхээр гэм буруугүй юм бол өдий болтол яагаад хилийн чанадад бүгээд байна вэ. Эх орондоо ирээд мэдүүлэг, тайлбараа хууль сахиулагчдад өгч гэм буруутай, эсэхээ шүүхээр дэнслүүлчих хэрэгтэй санагдана. Түүний өмнөөс, өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлсэн албан тушаалтнууд ял сонссон нь эрхэм Ерөнхий сайд асанд хамгийн их хамаатай баймаар. Гэтэл яагаад биеэ оторлоод далайн чанадад нуугдан, тэндээс орогнол хүсээд сууж байна вэ. Түүний холбогдсон хэргүүд мэдээж эзэн холбогдогч нь байхгүй, оргон зайлсан учраас түдгэлзүүлсэн байгаа нь гарцаагүй. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан тус тусдаа хэрэг нээн шалгаж буй билээ. Тэдгээрийг уншигчдадаа хүргэе.

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН 49 ХУВИЙН ХУВЬЦААГ “МОНГОЛЫН ЗЭС КОРПОРАЦ” ХХК-ИЙНХАНД ХЭРХЭН ӨГӨВ

Хууль сахиулах байгууллагын ажлыг хүндэтгэж, хууль зөрчсөн үйлдэл байхгүй, айж, ичих зүйл ч алга, эмчлүүлж байгаа дүүгээ орхиж ирээд хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг хүндэлж дурдсан хугацаанд очиж мэдүүлгээ өгөхөө мэдэгдээд байсан Ч.Сайханбилэг өнөөг хүртэл харийн орноос ирсэнгүй. Тэрбээр хилээр гарч зугтахдаа БНСУ-д эхнэрээ эмчлүүлэх нэрээр хүсэлт гаргаж хилийн хоригоо цуцлуулсан байдаг. Тодруулбал, 2019 оны наймдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан эхнэрээ эмчлүүлнэ гэсэн хүсэлт бичиж, хилийн хоригоо цуцлуулах хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг нь хүлээн авч хилийн хоригийг нь цуцалсан бөгөөд эх орондоо буцаж ирэхэд нь мөрдөн шалгах болон прокурорын байгууллагаас хоригийг нь сэргээх хүсэлт шүүхэд хүргүүлсэн атал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзсанаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг төд удалгүй хил давж алга болсон юм.

Ч.Сайханбилэгчийг буруутган шалгаж буй нэг хэрэг нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авах давуу эрхээс Монгол Улсын Засгийн газар татгалзах хууль бус шийдвэр гаргаж, Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүст давуу байдал бий болгосон үйлдэл.

“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” (Монголиан коппер корпорэйшн) ХХК 2016 онд худалдаж авахад хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээнд зааснаар бол ОХУ-ын Засгийн газар гэрээний нэг “Тал”-ын хувиар манай Засгийн газарт албан ёсоор хандах ёстой байж. Гэтэл “Ростех” корпорацын захирал С.В.Чемезовын албан бичгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ 2016 оны зургадугаар сарын 13-нд татгалзсан билээ. Ийнхүү татгалзсанаар “Монголын зэс корпорац” ХХК-д 49 хувийг худалдахыг зөвшөөрсөн юм. УИХ болон Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг шийдвэрлэхдээ ОХУ-ын Засгийн газрыг төлөөлж чадахгүй, Монгол Улсын Засгийн газартай харилцах эрхгүй этгээдийн саналыг үндэслэн ийн шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн.

Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 13-ны хуралдаанд Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, тус банкны зөвлөх Ц.Пүрэвтүвшин нар оролцож, уг асуудлаар тайлбар хэлж, асуултад хариулж байсныг протоколд тэмдэглэжээ. Түүгээр ч зогсохгүй ОХУ-ын болон манай Засгийн газрын түвшинд уг асуудлаар ямар нэг шийдвэр гараагүй байхад “Монголын зэс корпорац” ХХК-ийнхан дүрмийн сангаа 2016 оны дөрөвдүгээр сарын 21-нд 12 тэрбум төгрөгөөр нэмж, тухайн үеийн Улаанбаатар хотын банк дахь данснаас 5.02 сая ам.долларыг ОХУ-ын “Альфа” банк руу шилжүүлж, худалдан авах ажиллагааг эхлүүлжээ. Тэгэхээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг аль эрт Д.Эрдэнэбилэг эзэнтэй “Монголын зэс корпорац”-д худалдах тохироогоо хийчихсэн байсан гэсэн үг.

Уг нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт 2016 оны зургадугаар сарын 10-нд ЗГХЭГ-аас УИХ-аар соёрхон баталсан хэлэлцээрийг зөвхөн хуулиар л өөрчлөх, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувьтай тэнцэх хөрөнгийг хувьчлах, эсвэл хувьчлах хөрөнгийн жагсаалтад оруулахыг УИХ-аар шийдвэрлэх, ОХУ-ын “Ростех” корпорац саналаа дипломат шугамаар ирүүлэх ёстой гэсэн зөвлөмж хүргүүлсээр байтал зөвлөмжийг хүлээн аваагүй нь ийнхүү давуу байдал олгох гэснийх хэмээн үзэж ч болох юм.

Энэ мэт баримтад үндэслээд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй билээ.

“ДУБАЙН ГЭРЭЭ”-Г БАЙГУУЛАХЫН ТУЛД МОНГОЛ УЛСАД ТӨЛӨӨГҮЙ ТАТВАРААС НЬ ЧӨЛӨӨЛӨВ

УИХ-ын гишүүн, Сангийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан С.Баярцогт, Татварын болон Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн захирал байсан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал асан Д.Ганболд, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга байсан Б.Бадрал нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сард хэлэлцэн шийдвэрлэх үед Ч.Сайханбилэгийн даалгавраар татвараас чөлөөлсөн тухайгаа зарим шүүгдэгч мэдүүлж байв. Улмаар “Оюутолгой”-гоос авах татварыг хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй гэдгийг шүүх тогтоосон юм. Тодруулбал, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, тус газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга байсан Б.Бадрал нар энэ талаар мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх гээд байгаа учраас маргаан битгий үүсгээд бай. Татварын асуудлаа шийд. Хоёр дахь шатны том хөрөнгө оруулалт татах гээд байна. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхлэхээс өмнө аливаа маргаан байх ёсгүй” хэмээн Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсанд үүрэг өгч байжээ. Түүнчлэн “Оюутолгой” компаниас авах татварын асуудалтай холбоотой уулзалтын үеэр “Эрдэнэс Монгол” компанийн захирал байсан Б.Бямбасайхан “Оюутолгойн татвартай холбоотой саналыг хүлээж авах шаардлагатай” гэж хэлж байсан бөгөөд тус компаниас дагаж мөрдөх татварын зааварчилгаа гэсэн бичиг баримт санал болгосон аж. Тэр зааварчилгаанд нь алдагдал шилжүүлэх томьёо болон өөр бусад тооцооллыг томьёолсон хүснэгт ч байсан гэдэг. Ийнхүү Ч.Сайханбилэг, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Д.Ганболд, Б.Бадрал нарын оролцоотойгоор, “Дубайн гэрээ”-г байгуулахаас өмнө манайхан “Оюутолгой” ХХК-иас авах татвараа хөнгөрүүлж, чөлөөлжээ. Ингэхдээ хэд хэдэн хууль, Венийн конвенцын холбогдох заалтыг зөрчсөний улмаас Монгол Улсад олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан аж. Тухайлбал, Иргэний, Ашигт малтмалын тухай, Татварын ерөнхий хуульд заасан “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө”, Венийн конвенцын 39 дүгээр зүйл дэх “Гэрээнд өөрчлөлт оруулах талаар нэмэлт журамд оролцогчдын хооронд хэлэлцээрээр гэрээг өөрчилж болно” гэснийг зөрчин, 406.5 тэрбум гаруй төгрөгийн татвар аваагүй гэж дээрх хүмүүсийг буруутгасан. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт хийж гүйцэтгээгүй ажил, үйлчилгээнд татвар ногдуулахгүй байхаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, хөрөнгө оруулалтын гэрээнд заасан менежментийн төлбөрийг далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг хэлэлцэх явцад тохирсон зарчимд тулгуурлан Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна гүйцэтгэсэн хөрөнгө оруулалтын стратегийн үйлчилгээний төлбөр гэж үзэхээр болж. Ингээд хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татварын хуулийн орчны дагуу ийнхүү тооцохыг Татварын ерөнхий газарт даалгасан байна.

“Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-г 2015 онд Дубайд гарын үсэг зурж баталгаажуулахаас өмнө татвартай холбоотой олон зөрчил байсныг албан тушаалтнууд ийн ярилцаж тохиролцоод хөнгөрүүлчихэж. Тухайлбал, ил уурхайн үйл ажиллагаатай холбоотой зардлууд нь 2010 оны ТЭЗҮ-д зааснаас зөрсөн гэнэ. “Дубайн гэрээ”-г байгуулахаас өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үүрэг болгосноор талууд тохиролцон хөнгөрүүлж, чөлөөлөн тайлангуудаа Сангийн яаманд хүргүүлсэн байгаа юм. Ингэхдээ “Ил уурхайн бүтээн байгуулалтын зардалтай холбоотой сөрөг үр дагавар бүхий дүгнэлт, үл ойлголцол талуудын хооронд байхгүй” гэжээ. Энэ бол Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.1- т заасан “ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах” Засгийн газрын чиг үүргийг зөрчсөн гэж үзэх үндэслэл юм. Ийнхүү Ерөнхий сайдынхаа даалгавраар Засгийн газар хууль хэрэгжүүлэх чиг үүргээ зөрчсөнөөс 1.9 их наяд гаруй төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан байна.

Энэ мэт хэрэгт Ч.Сайханбилэгийг шалгаж байтал хил давж зугтан АНУ-аас орогнол хүсэж шүүхэд нь хандаад буй. Ингэхдээ маш өндөр үнээр “Amsterdam & Partners” хуулийн фирм хөлсөлсөн гэдэг. Ерөнхий сайд хүртэлх өндөр албан тушаал хашиж, Монгол төрийн хар хайрцагны бодлогыг гадарлахтайгаа болсон хүн хамаг мэдээллийнхээ хамтаар харийн орноос орогнол хүсэж байгаа нь харамсалтай.

Бэлтгэсэн Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.