Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЖДҮХС-гийн захирал асан Б.Баттүвшин нарын гэм бурууг анхан шатны шүүх хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн, төрийн өмчит “Мон-Атом” компанийн захирал зэрэг албан тушаал хашиж асан Р.Бадамдамдингийн хүү, АН-ыг засгийн эрх барьж байх жилүүдэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн захирлаар ажиллаж байсан Б.Баттүвшин нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан талаар бид аравдугаар сарын 6-ны дугаартаа мэдээлсэн. Харин уг шийдвэрийг нь хэрэгт хяналт тавьж буй НПГ-ын хяналтын прокурорууд эсэргүүцэн давж заалджээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийнхэн прокурорын эсэргүүцлийн дагуу өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

Б.Баттүвшин нь дээрх сангийн захирал, Төсөл сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулж, Ш.Эрдэнэболдын үүсгэн байгуулсан “Онгиболд” компаниар дамжуулан ЖДҮХС-гаас 1.5 тэрбум гаруй төгрөгийн зээл авсан. Ингэхдээ шаардлага хангахгүй байхад 2014 оны аравдугаар сард “Төсөл сонгон шалгаруулах комисс”-ын хуралдаанаар хэлэлцүүлж, “Монгол фермер” төслийг хэрэгжүүлэхээр дээрх мөнгийг “Голомт” банкны дансанд нь шилжүүлэн өгчээ. Улмаар уг зээлийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж байсан хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, Б.Баттүвшин аавынхаа эзэмшлийн “Эрдэнэбулган” гэх ХХК-ийн ажилтан Х.Түмэнгийн нэр дээр “Онгиболд” компаниас мөнгийг нь шилжүүлэн авсан аж. Уг мөнгөөрөө Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт барьж буй барилгын 11 дүгээр давхарт 1.1 тэрбум гаруй төгрөгөөр 386.3 ам метр талбай авсан нь тогтоогдсон байдаг.

Харин үлдсэн мөнгөнөөс Ш.Эрдэнэболдод 123, иргэн Б.Гантулгад 34, Ж.Галт-Одод 150, Х.Түмэнд 40, В.Эрдэнэбаярт 10, О.Маргадад 100 сая гэх зэргээр шилжүүлсэн нь мөнгө угаасан үйлдэл болсон юм.

Бэлтгэсэн Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.