Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсаа цөлмөсөн галзуу ЕРӨНХИЙЛӨГЧ

Яйя Жаммег Африкийн ёозгүй удирдагчдын нэг гэдэг. Улс орных нь ард иргэд өдөрт хэдхэн ам.доллароор амь зогоон өлөн зэлмүүн амьдарч байхад тэрбээр төсвөөсөө сая саяар нь зарлагдан тансаг машин, нисэх онгоц худалдан авч өөрийгөө бөөцийлж байсан нөхөр. Ижил хүйстнүүдийг “ална, хядна” хэмээн заналхийлэн, илбэчин, жатгачин гэгдсэн болгоныг хүйс тэмтэрч, удирдлагад нь ажилладаг бүсгүйчүүдийг хүчирхийлж байсан этгээд. Хаан болохыг мөрөөдөж, ДОХ-оос хамгаалах эм бий болгосон гэж нотлохыг оролдож байсан түүний талаар цухас өгүүлье.

Гамби улсын шинэ Ерөнхийлөгчийн зөвлөх Ахмад Фатти хуучин удирдагч Яйя Жаммегээ үдэж мордуулсны дараа хэвлэлийн бага хурлаар мэдэгдэл хийхдээ “Улсын сан хоосорсныг Төвбанк нотоллоо” хэмээжээ. Гамбийг 20 гаруй жил удирдсан энэ улстөрч 2016 оны эцсээр болсон анхны ардчилсан сонгуульд ялагдчихаад эх орноосоо зугтахаар шийдсэн аж. Улсынхаа сангаас 11.5 сая ам.доллар аваад явчихаж. Хүн амынх нь жилийн дундаж орлого 460, улсынх нь өр тэрбум орчим ам.доллар болж Гамби орон санхүүгийн сүйрлийн ирмэгт очоод байв. Гэтэл ачааны онгоц Банжул хотоос өндөр үнэтэй хэд хэдэн машин, бусад тансаг эд зүйл зөөж байлаа. Жамме “Rolls royce” загварын машины бүхэл бүтэн автопарктай, нүүрэн талд эзнийх нь нэрийг бичдэг байж. Мөнхийн гэгдэж байсан энэ удирдагчийг цэргийн хөгжим эгшиглүүлэн үджээ. Хөгжимчдийн нэг нь яг ёслолын үед ухаан алдаж унасан байдаг. Онгоцны шатаар өгсөж явахдаа Жамме коран судар үнсэж, өөрийн дэмжигчид рүү даллаж байв. Үдэгчид нь түүний зурагтай, “Хайр, энэрлийн хүн” гэсэн бичигтэй цамц өмссөн байж. Шөнө нь Гамбийн хотуудын гудамжаар хөл хөдөлгөөн ихсэж, Ерөнхийлөгч байсан хүнээ явж байгааг тэмдэглэжээ. Тэрбээр эх орондоо эргэж ирсэнгүй.

Яйя Жамме 1994 онд 29 настайдаа цэргийн эргэлтийн үр дүнд эрх мэдэлд хүрсэн. Ядуу гэр бүлд өссөн залуухан дэслэгч Африкийн хамгийн хэрцгий, этгээд дарангуйлагч болж хувирах нь тэр. Тэрбээр болон түүний төрөл төрөгсөд юу ч хийхээс буцахаа байлаа. Дэлхийн янз бүрийн орнуудад үл хөдлөх хөрөнгө худалдан авч, элбэг хангалуун орчинд умбаж, гадаадын улсуудын шилдэг зоогийн газраас идээ шүүс, өмсөх зүүхээ зөөлгөн тарвалзах болжээ. Удирдагчийн амиа хичээсэн үйлдэл улам бүр нэмэгдэв. Түүний албан ёсны гуншин нь эрхэм дээдэс Ерөнхийлөгч, шейх, доктор, профессор Яйя Жамме болсон байна. Тэрбээр өөрөө хаан болж, Гамби улсаа хаант улс болгож, түүнийг “түмэн жил” удирдахыг мөрөөдөх болов. Тэрбээр хаан болж мэдээж чадаагүй ч улсынхаа бүх байгууллагыг өөрийн гарт атгаж амжжээ.

Төрийн тэргүүн өөрийгөө ер бусын авьяас чадвартай лалын шашны үнэнч зүтгэлтэн гэж харагдуулахыг хичээх болсон байна. Уламжлалт анагаах ухаанд суурилж мэнгэр хийгээд ДОХ-ын эсрэг эм бий болгосон, бас үргүйдлийг эмчлэх эрдэмд суралцсан гэж өөрийгөө сурталчлах болжээ. Эм бэлдмэлийнхээ нууцыг тэрбээр нотлоогүй ч гурав хоногт курс эмчилгээ хийгээд л бүрэн эдгэнэ гэж итгэлтэй хэлдэг байв. Хамгийн удахдаа л 10 өдөр шаардлагатай гэнэ. Ерөнхийлөгчийнхөө энэ үгийг Эрүүлийг хамгаалахын сайд нь нь нотолдог байсан аж. Энэ байдал олон хүнд шинжлэх ухааны бус санагдах тул тэд Ерөнхийлөгч маань ямар ч байсан эмч биш, домч л юм болов уу гэлцдэг байж. Ийм үгийг Жамме үл тэвчиж “Би домыг эсэргүүцдэг” хэмээн хэлдэг, үзмэрч, увдистай гэгддэг хүмүүсийн эсрэг ширүүн тэмцэхээ зарлаж байжээ. Түүний тушаалаар Гвинейгээс улаан хувцастай, үхрийн сүүл, эвэр болон толь барьсан хүмүүс ирж, зэвсэглэсэн цэрэг, цагдаа, Ерөнхийлөгчийн бие хамгаалагчдыг дагуулан явж илбэ, жатгын үйлд сэжиглэгдэгсдийг баривчлан нууц газарт аваачиж сэтгэцэд нөлөөлдөг ургамалын ханд хүчээр уулгах болов. Энэ цэвэрлэгээнд иргэд нь олон зуугаараа өртөж, 1000 гаруй хүн баривчлагдаж, нэлээд нь амиа алдсан байна.

Бэлгийн харилцааны уламжлалт бус хандлагатай хүмүүст Жамме онцгой хатуу ханддаг, энэ цөөнхөөс эх орноо салгана гэж мэдэгдэж байлаа. “Ижил хүйстэн бол христ шашинтны эсрэг, хүний эсрэг, соёл иргэншлийн эсрэг амьтан. Хэрэв ийм хүмүүс бидний гарт өртвөл хорвоод төрсөндөө харамсах болно” гэж хэлдэг, тэдэнд цаазын ял онооно хэмээн сүрдүүлдэг байв. Вашингтонд байр худалдаж авсан, охин нь Манхэттенд жилийн 40 мянган ам.долларын төлбөртэй сургуульд сурдгийг дуулсан Өрнөдийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд Америкийн нийслэлд ижил хүйстнүүд гэрлэхийг зөвшөөрсөн нь Гамбийн Ерөнхийлөгчийн санааг зовоодоггүй юм байх хэмээн наргиан болгодог байжээ.

Жамме өөрөөр сэтгэхийг хүлцдэггүй, сөрөг хүчнээ мөрдөн мөшгөдөг, хэвлэлийг дарангуйлдаг, улс төрийн өрсөлдөгчдөө цаазлахаас буцдаггүй нэгэн аж. Гамбид түүнийг тахин шүтэх болсон байна. Тэрбээр байн байн хачирхалтай мэдэгдэл хийнэ. Жишээ нь, анхны холын зайн нислэгүүд бараг бүгд энэ улсад газардсанаар дуусаж байснаас нисэх хүчний хөгжилд Гамби улс их үүрэг гүйцэтгэсэн гэж 2010 онд бахархан тэмдэглэсэн байна. Түүний хэлснээр бол Гамби Африкийн хамгийн том улс гэнэ.

Жаммег гарч явсны дараа түүний хэлсэн үгнүүд эргэлзээ төрүүлэх болсон байна. Түүний амьдралын таагүй үйл явдлууд ч цухалзах болжээ. Тухайлбал, тэрбээр авлигын төдийгүй энгэр зөрүүлэхтэй холбоотой гэмт хэрэг ч үйлдэж байсан. Сайхан бүсгүйн тэмцээнд тэргүүлж байсан Фату Туфе Яллоу гэдэг эмэгтэй 2019 онд телевизийн шууд нэвтрүүлэгт оролцохдоо Ерөнхийлөгч асан өөрт нь хэрхэн хандсан талаар ярьжээ. Энэ явдал 2014 онд Яйя Жамме өөрөө ивээн тэтгэж явуулсан үндэстний хэмжээний сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд 18 настай Яллоу түрүүлсний дараахан болсон байна. Халуун, хүйтэн усгүй сууцанд байсан бүсгүй мөрөөдөж болох байсан бүхэнтэй болжээ. 1200 ам.доллар бэлнээр авч, шинэ загварын хувцас, үнэтэй тавилгатай болж, олон нийтийн арга хэмжээнд орох боломж олдов. Тэмцээний гол шагнал болох хилийн чанадад суралцах төлбөрийг Ерөнхийлөгч өөрийн биеэр гардуулах ёстой байлаа. Тэр үед 50 настай байсан Жамме үүнээс долоо хоногийн өмнө Яллоуг гэргийгээ болохыг хүсэхэд нь 32 насны зөрүүтэйг хэлж татгалзсан байна. Яллоуг өргөөнд нь ормогц Ерөнхийлөгч унтлагын өрөө рүүгээ түлхэж оруулаад үүдээ түгжиж орхисон гэнэ. “Түүний нүд нь час улаан байсан, би айсан. Мэндэлсэн чинь дуугараагүй. Харин чи өөрийгөө хэн гэж бодож биеэ тоогоод байгаа юм бэ гэж асуугаад Ерөнхийлөгч учраас хүссэн хүүхнээ эдэлнэ гэж хэлсэн. Тэгэхдээ тэр надтай энгэр зөрүүлэхийг хүсээгүй. Зөвхөн намайг доромжилж, цээрлүүлэхийг л хүссэн” гэж Яллоу ярьсан байна. Түүний өгүүлснээс үзвэл Жамме хүчээр ямар нэг тариа хийж, харааж загнасан аж. Тэгээд өргөөнөөсөө хөөж гаргажээ. Яллоу удалгүй Гамби улсаасаа зугтаж Сенегалд орогнол хүссэн байна. Охиныг энэ бүхнийг ярьсны дараа Гамбид түүнийг дэмжсэн арга хэмжээ зохион байгуулж, нийгмийн сүлжээнд “Би ч бас Туфе” гэсэн нэртэй кампанит ажил өрнөв. Ерөнхийлөгчид ойр ажиллаж байсан хэд хэдэн эмэгтэй түүнд хүчиндүүлснээ хүмүүсийн сонорт хүргэжээ. Харин Ерөнхийлөгч тайлбар хийж, ам нээсэнгүй.

Түүний авлигын хэргийг мөрдөн шалгаж эхэлжээ. 11.5 сая ам.доллар хууль бусаар авахаасаа өмнө мань удирдагч нийгмийн хамгаалал, үндэсний теле холбооны системээс 50 сая орчим “ногоон” гаргуулсан байв. Хувьдаа нисэх онгоц авахаар тэтгэврийн сангаас 4.5 сая ам.доллар бас зарцуулжээ.

Гамбид үлдээсэн Жаммегийн хөрөнгийг царцаасан гэнэ. АНУ-д мөн ийм арга хэмжээ авчээ. Эрүүлийг хамгаалах, боловсролын салбарын төсөлд зарцуулах мөнгө хуримтлуулах зорилгоор шинэ эрх баригчид Ерөнхийлөгч асны авч амжаагүй тансаг машинууд, нисэх онгоцыг нь дуудлагаар худалдахаар шийдэв. Жаммегийн сүүлд худалдаж авсан онгоц нь энэ оны наймдугаар сард үйлдвэрээс гарсан аж.

Жамме одоо Экваторын Гвиней улсад тансаг харшид амьдарч байна. Сүүлд авхуулсан зургаар нь бол тэрбээр хууз сахал тавьжээ. Шинэ эрх баригчид “аюулгүй байдлыг нь хангах баталгаа өгөхгүй” гэсэн тул Гамбид буцаж ирэхгүй, авлигын болон садар самуун үйлдлийг нь мөрдөн шалгаж байгаа Жамме Экваторын Гвинейн Ерөнхийлөгч Теодор Обианг Нгематай хамт байх нь олны нүдэнд цөөнгүй харагдах болсон байна.

Бэлтгэсэн Р.Жаргалант

1
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.