Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Улаан байшин” 90 нас хүрлээ

УДЭТ-ынхан 90 жилийнхээ ойн хүрээнд “Хаадын хаан: Андгай” шинэ уран бүтээл үзэгчдэд хүргэхийн сацуу цуврал арга хэмжээ зохион байгуулж буй. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Монголын театрын музейтэй хамтран “Соён гэгээрүүлсэн 90 жил” үзэсгэлэн дэлгэж, “Эрдмийн театрын элэгдэшгүй түүх”, “Алтан тайзны эзэд-2” номын нээлт, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан. Харин өнгөрсөн баасан гарагт “Соён гэгээрүүлсэн 90 жил” хүндэтгэлийн тоглолтыг үзэгчдэд хүргэлээ.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх товчооны 1931 оны арваннэгдүгээр сарын 12-ны 50 дугаар тогтоолоор Улсын төв театр байгуулж, С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгээр үүдээ нээсэн тус театрынхны баяр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар мэндчилгээ дэвшүүлснээр эхэлсэн. Мэндчилгээнд “Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн театрын урлаг үүсэн хөгжиж, УДЭТ байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан алтан үеийнхний өвлүүлж өгсөн алтан тайзнаа уран бүтээлээ туурвиж, үзэгч түмний сэтгэлийг баясгаж, ухааныг тэлж, урам зориг хайрлаж ирсэн театрын урлагийн зүтгэлтнүүд, уран бүтээлчдэдээ мэндчилгээ өргөн дэвшүүлье. Монголын үндэсний театрын эх ундарга, өв уламжлал нь цэцэн билигт, мэргэн ухаант, далай сэтгэлт, даамай авьяаст түмэн билээ. 90 жилийн түүхтэй орчин цагийн мэргэжлийн театрын урлаг нь үлгэр домгийн мэт үйлс бүтээлтэй алтан үеийн аугаа жүжигчдийн авьяас билгийн үр шим болохыг өнөөдөр онцлохыг хүсэж байна. Ардын хувьсгалын дараахан төр, засгаас урлаг, уран сайхны бодлогыг олон түмнийг соён гэгээрүүлэх зорилгод чиглүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, ардын авьяастнуудыг нэгтгэн, зохион байгуултад оруулан, жүжиг, үзэгдэл бичиж найруулан, бэсрэг тоглолтууд хийдэг болсон түүхийг та бид мартах ёсгүй. Ийнхүү Улаан гэр, Д.Сүхбаатарын нэрэмжит клуб, Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу Бөмбөгөр ногоон театр зэрэг урлаг, соёлын төв ажиллаж эхэлснээр Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн театр тулгаа тулж, тооноо өргөх түүхэн тохироо бүрдсэн юм. Театр нь тайз, үзэгчдийн амьд харилцаанд тулгуурладаг учраас төр, ард түмнийг холбох гүүр болдгийн зэрэгцээ хүн төрөлхтөнд ухаарах, гэгээрэх, уяран хайрлахын учир утгыг таниулдаг ид шидтэй бөгөөд буянтай урлагийн талбар мөн. Үндэсний түүх, эх хэл, урлаг соёл, өв уламжлалаа эрхэмлэн дээдлэх зорилгыг эн тэргүүнд тавьж Монголын нийгмийн оюуны манлайн хөтөч байх үүргээ нэр төртэйгөөр биелүүлж ирсэн хамт олонд баярын мэнд хүргэж, урлан туурвихуйн онгод хийморийг ерөөе” гэв.

“Соён гэгээрүүлсэн 90 жил” хүндэтгэлийн тоглолтын үзэгчдийн суудалд ахмад болон тус театраас ажлын гараагаа эхэлсэн, ажиллаж асан уран бүтээлчид, театрын урлагт дуртай үзэгчид тухалсан байв. Ардын жүжигчин Д.Мэндбаяр “Улсын багшийн сургуулийн дэргэдэх кино драмын ангийн анхны төгсөгч болж, 1963 оны долдугаар сарын 1-нд Соёлын яамны тушаалаар Улсын драмын театрт хуваарилагдан ирж байв. Ингэж л алтан үеийнхнийхээ нөмөрт би жүжигчин болж байлаа. Тайзан дээр өнгөрүүлсэн олон жил нүдний өмнүүр жирэлзээд өнгөрөх мэт эргэн санагдаж байна. Одоо бид өөрсдөө ахмад үе хэмээгдэж, залуу жүжигчдэдээ багш нь болж явна. Гурван цагийн хэлхээсийг холбодог гайхамшигтай театраараа бахархаж байна” хэмээв. “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяр “Миний өвөө Гавьяат жүжигчин Ё.Шаравдоо орчин цагийн театрын урлагийг Монголд үүсгэн байгуулагчдын нэг. Би УДЭТ-т 2003 оноос есөн жил ажилласан. Өвөөгийнхөө уламжлуулж үлдээсэн энэ театраас ажил, амьдралын гараагаа эхэлсэндээ бахархаж, талархаж явдаг” гэсэн.

Тайзнаа тус театрт одоо ажиллаж буй болон эцэг театраасаа өрх тусгаарлаж, өдгөө бие даан уран бүтээлээ туурвиж буй уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүлж, уран бүтээлийнхээ дээжээс хүргэв. Тодруулбал, Улсын хүүхэлдэйн театр, Үндэсний урлагийн их театр, ДБЭТ зэрэг мэргэжлийн урлагийн байгууллага тоглолтоо хүргэсэн. Монголын ардын урлаг нь орчин цагийн театрын эх болсон тухай, Улсын төв театрын үүсэл, хөгжил, анхны уран бүтээл, тухайн үеийн үзэгчдийн хандлага, улмаар Улсын төв театраас улбаалан орон нутагт байгуулсан хөгжимт драмын театруудын түүх, тэдний онцлог, сонгодог урлагийн Монгол дахь хөгжлийн түүхэн үе шат, түүхэн он цагийн хэлхээсийг жүжигчилсэн тоглолтоор тайзнаа “амилуулсан”. Түүнчлэн “улаан байшин”-тай өнөөг хүртэл хамтарч ирсэн “Харанга” тэргүүтэй хамтлаг, дуучид ая дуугаараа мэндчилсэн. Түүх сөхөхөд, “Харанга” хамтлаг УДЭТ-ын дэргэд нэгдэж, анхны тоглолтоо 1989 оны аравдугаар сард тус театрын тайзнаа “Амьдрал” нэртэйгээр тоглож байсан юм. Тус хамтлагийнхан УДЭТ-ын урын санд багтдаг “Зүүдээр аялсан гурван шөнө” жүжгийн “Зүүд”, “Бооцоо” жүжгийн “Зүүдэндээ би хайртай” дууг олны сэтгэлд хоногштол хүргэж байв.

90 жилийн түүхтэй УДЭТ үндэсний болон дэлхийн сонгодог, орчин үеийн, хүүхдийн зэрэг бүтээлийг найруулан тавьснаар Монголын үзэгчдэд дэлхийн дахины дэвшилтэт соёлын өвөөс театраараа дамжуулан танилцах, улмаар мэдлэг оюунаа тэлэх, гоо сайхны таашаал хүртэх зэрэг өргөн боломжийг олгож буй. Д.Нацагдоржийн нэрэмжит тус театрыг энэ өдөр нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнасан.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.