Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Будилаантай тоглолт

Туркийн хөлбөмбөгийн лигийн XII тойрогт “Газиентап”, “Касымпаш” баг учраа таарч тогложээ. Талбайн шүүгч Х.Озкахья тоглолтын төгсгөлд есөн минутыг нэмсэнд хэн ч гайхсангүй, учир нь хоёр баг нийт найман сэлгээ хийсэн аж. Үндсэн цагт “Газиентап” хоёр гоолын давуутай тэргүүлж байсан агаад шүүгчийн мэдлийн цагт шүүгч ВАР системийн дүрс бичлэг хараад эсрэг багийнх нь тоглогчийг талбайгаас хөөсөн аж. Энэ логикоор бодож үзвэл Х.Озкахья нэмсэн есөн минут дээрээ дахин хэдэн минут нэмж тоглуулах ёстой байлаа. Гэвч тэрбээр 95 дахь минутад шүглээ үлээн тоглолтыг дуусгасан гэнэ. Тоглолтын үр дүн нэгэнт тодорхой болсон учир хоёр багийнхан ч хувцас солих өрөө рүү явжээ.

Гэтэл талбайн шүүгч гэнэт “ухаан орж”, хоёр багийг талбайд гарч ирж тоглолтыг дуусгахыг шаардсан байна. Энэ үес ВАР системийг унтраасан, нэг талын хаалгыг хураасан байсан төдийгүй зарим тоглогч шүршүүрээс шууд талбайд гарчээ. Улмаар хоёр баг дахин дөрвөн минут нэмж тоглоод дуусгасан байна.

Эл хачирхалтай явдлын шалтгаан нь Х.Озкахья болон дөрөвдүгээр шүүгчийн хоорондох үл ойлголцол байсан гэнэ. Талбайн шүүгч таван минут нэмснийг туслах нь андуурч есөн минут гэж харуулсан байна.

“Багуудыг дахин талбайд гарч тоглуул гэж хэн ч надад тушаагаагүй. Би таван минут нэмэх шийдвэр гаргасан. Гэтэл дөрөвдүгээр шүүгч андуурсан гэж хэлж болох л байлаа. Гэхдээ би тийм хүн биш. Үүнээс шалтгаалж тоглолтыг дахин явуулах шаардлага үүсэж магадгүй байсан учраас хоёр багийнхныг тоглолтоо дуусгахыг хүссэн юм. Тэднийг талбайд гарч ирж тоглосонд их талархаж байна” хэмээн Х.Озкахья ярьжээ.

Сонирхолтой нь, уг тоглолтын дараа тэрбээр шүүгчийн ажлаа орхиж буйгаа мэдэгдсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.