Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үнийн өсөлт, өргөн хэрэглээний барааны хомсдолд “холгуулсаар” байх уу

Нарийн ногоо, жимс
Намар, өвлийн хувцас, оймс,
Шил, гялгар уутан болон тетрапак савлагаатай хүнс, нөөшилсөн загас
Шар айраг, архи, дарс, цай, кофе,
Баглаа, боодолгүйн улмаас боорцог, талх, зөөхий
Бүр цаашибал эм, эмнэлгийн хэрэгсэл, зүү, тариур хомсоджээ…
хэмээн мөр холбон шүлэглэхээр сүрхий хүнд үе иржээ. Эрээн хотод хатуу хөл хорио тогтоон, хилээ хаасан аравдугаар сарын 14-нөөс хойш нэг сар өнгөрөх нь. Импортын арван бараа тутмын 3-4-ийг нь бид урд хөршөөс авдаг.

Түүнчлэн БНХАУ болон бусад улсаас нийлүүлж буй ачааны 50 хувийг Эрээн-Замын-Үүдийн боомтоор оруулж ирдгийг Гаалийн ерөнхий газрынхан хэллээ. Энэ чухал боомтоор автомашин нэвтрүүлэхийг бүрэн хязгаарласан нь улс даяараа зарим түү хий эд, бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлтөд өртөх шалтгаан болж буй. Энэ талаар дэлгэрүүлж сурвалжилсан юм. Чингэлтэй дүүргийн XII хорооны нутагт байрлах “Нарантуул-2” бол бэлэн хувцас, хүнсний бүтээгдэхүүн, махны бөөний болон жижиглэн худалдааны томоохон зах. Тус зах руу уржигдар 11.30 цагийн үед очиход иргэдийн хөл хөдөлгөөн багавтар, лангуунуудад нь бараа таваар төдийлөн элбэг биш харагдсан. “Нарантуул-2”-т бэлэн хувцас борлуулагч О.Ариунтуяагаас барааны нийлүүлэлт хэр байгааг тодрууллаа. Тэрбээр “Лангуу бараг хоосорч байгааг харж буй биз дээ. Цар тахал дэгдэхээс өмнө Эрээн рүү сард 1-2 удаа явж бараа татдаг байсан. Хилийн хорионы улмаас каргогоор сард багадаа нэг удаа бараагаа авч эхлээд байв. Гэтэл өдгөө каргогоор ч ачаа авч чадахаа больж, байсныгаа зарж дуусах нь. Хүйтний улирал эхэлж буй учраас хямдавтар үнэтэй зузаан өмд, цамц, хүрэм, оймсны эрэлт ихэссэн ч сонголт тун багаслаа. Би үндэсний үйлдвэрлэгч “Тод оймс”-ны борлуулагч бөгөөд оймс ч ирэх нь цөөрөв. Мэдээж оймсны материа лыг урд хөршөөс авч буй биз. Мөн “Тод оймс”-ны ширхгийн үнэ сүүлийн 10 хоногт 500 гаруй төгрөгөөр нэмэгдсэн” гэлээ. Тэгвэл ахуйн болон ариун цэвэр, гоо сайхны бараа борлуулдаг нэгэн бүсгүй “Манайх 100 нэрийн бүтээгдэхүүн борлуулдаг гэвэл 70-ыг нь урд хөршөөс, Эрээний боомтоор авдаг гэж болно. Эмэгтэйчүүдэд зориулсан, БНСУ-д үйлдвэрлэсэн гэсэн шошготой тос, энгэсэг, хумсны будаг, хөвөн зэргийг урд хөршөөс нийлүүлж байж. Бид бөөний төвүүдээс авч, жижиглэнгээр борлуулдаг бөгөөд хил хаасны улмаас нийлүүлэлт илт багассан” гэсэн юм.

ОХУ-аас худалдан авдаг гэх чихэр, кофе, байхуу цайны нэр төрөл мөн цөөрч, ховордож эхэлжээ. Төрөл бүрийн цай, кофе борлуулагчдад бөөний нийлүүлэгчид нь долоо хоног бүр бараа хүргүүлж байсан бол сүүлийн нэг сар гаруйн хугацаанд 10-14 хоногт нэг ирүүлж, өгөх хэмжээгээ ч багасгажээ. Чихэр, нөөшилсөн загаснууд, майонез, шоколадны нийлүүлэлт ч танагдсан аж. Баянгол дүүргийн “Таван-Эрдэнэ” болон “Нарантуул-2” захад хоёр лангуу ажиллуулан чихэр, жигнэмэг, шоколад борлуулдаг бүсгүй “Манайх чихэр, шоколад, жигнэмэг зэрэг 20 орчим нэрийн хүнс борлуулан, долоон жил болсон. Үүнээс сүүлийн нэг жилд лав 5-6 төрөл нь ирэхээ байлаа. Цар тахлын улмаас энд, тэндгүй үйлдвэрлэл доголдож буй юм байлгүй. Мөн бүтээгдэхүүний үнэ нэлээд өссөн” хэмээлээ. Үүнээс гадна гялгар уут, сав, баглаа боодол, лааз хийх түүхий эд, шилийг урд хөршөөс авдаг учраас савлагаатай бүтээгдэхүүний нийлүүлэлт ч багассан аж. Ийм бүтээгдэхүүнд төрөл бүрийн шар айраг, архи, талх, гурилан боов, даршилсан ногоо, зөөхий, сүү багтаж буй бөгөөд 200 граммаар савласан нэг төрлийн зөөхий тасраад хагас жил орчим болсныг борлуулагчид нь хэлэв. Түүнчлэн ховордсон, нийлүүлэлт нь багассан бүтээгдэхүүний тоонд нарийн ногоо орно. Уржигдар өдрийн байдлаар “Бөмбөгөр”, “Нарантуул-2”, “Таван-Эрдэнэ” зах болон хүнсний зарим дэлгүүр цэцэгт байцай, салатны навч, өргөст хэмх, улаан лоолийн хэмжээ бага, мөөг, шар буурцгийн шахмал буюу дүпү, бууцай зэрэг ногоо байсангүй. Мөн эм, эмнэлгийн хэрэгсэл, зүү, дуслын систем, амны хаалт эмийн сангуудад тасарч эхэлсэн. Энэ нь дуслын шингэн савлах гялгар уутны нөөц багассан болон Эрээнд ачаа саатсантай холбоотойг Эрүүл мэндийн яамныхан хэлж буй.

Дээр дурдсанчлан цөөнгүй төрлийн бараа, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт хомсдон, борлуулах нэр төрөл нь цөөрсөөр. Үүнээс гадна зах зээлд худалдаж буй дийлэнх барааны үнэ өссөнд бухимдах иргэн олон байна. Хайлаастад амьдардаг, эрхэлсэн ажилгүй Э.Булгансүхтэй “Хүчит шонхор” захаас хүнсээ цуглуулж явахтай нь тааралдан товч ярилцав.

-Танай гэр бүлийн нэг сарын орлого бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж буй энэ үед хүрэлцэж байна уу?

-Би 56 настай, ажилгүй, эхнэр, оюутан хүүгийнхээ хамт амьдардаг. Энд тэнд харуул, манаач хийдэг байсан ч одоо нас явсан гээд ажилд авахгүй юм. Эхнэр минь айлын хүүхэд асарч өдөрт 30 000-40 000 төгрөгийн хөлс авдаг. Хүүхдээ айлууд тогтмол харуулдаггүйгээс байнгын орлого байхгүй гэсэн үг. Юмны үнэ дэндүү өс жээ. Манайх цөөн ам бүлтэй болохоор сард 1-2 удаа хүнс цуглуулдаг. Өнөөдөр 10 литрээр савласан ургамлын тос авах гэтэл долоо хоногийн өмнөхөөс үнэ нь 5000-аар нэмэгдэн 40 000 төгрөгөөс давжээ. Төмс, лууван, байцайны үнэ ч өсөн кг нь 1500-3500 төгрөгт хүрсэн бол нэг бөөрөнхий саримс 1700 гэнэ. Уг нь намар өдийд хүнсний ногоо хямд байдаг сан. Мөн гурилан боов төрлөөсөө шалтгаалж сүүлийн хоёр сард уут, кг тутамдаа лав 500-1000 төгрөгөөр өссөн.

-Эрээн-Замын-Үүдийн боомтоор автомашин нэвтрүүлэхгүй болсноос импортын барааны нийлүүлэлт багасан, үнэ нь нэмэгдээд байгаа шүү дээ.

-Манайх нарийн ногоо, жимс, нөөшилсөн хүнс зэрэг амттай, тансаг зүйлс хэрэглэддэггүй. Мах, гурил, төмс, хүнсний ногоо л иддэг. Гэсэн ч эдгээр бүтээгдэхүүний үнэ тасралтгүй нэмэгдсээр байна. ОХУ-д үйлдвэрлэсэн “Обухов” ариун цэврийн цаас 5-6 хоногийн өмнө 750 төгрөг байсан бол өнөөдөр 900 хүрчээ. Шүдний оо, аяга, таваг угаадаг шингэн, саван гээд наад захын хэрэглээний бүх бүтээгдэхүүний үнэ өдөр, хоногоор нэмэгддэг. Би ажилгүй боловч архи уудаггүй, халамж авдаггүй, шил, лааз ч болох нь цуглуулж орлого олдог, арвич хямгач хүн. Боломжоо ашиглаад, хичээгээд байхад л амьдрахад улам хэцүү боллоо гэв.

Үнэ нь өссөн бараа, бүтээгдэхүүний нэрийг тоочсоноос өсөөгүйг нь олох нь амар болжээ. Гэтэл сүүлийн нэг болон хагас жилд ханш нь нэмэгдээгүй хүнс, бараа байхгүй гэхэд болох нь. Харин ямар нь хэдэн төгрөгөөр ахисан нь л сонин байгаа юм. Тодруулбал, хил хаагдсан сүүлийн нэг сар орчмын хугацаанд хамгийн өндөр дүнгээр өссөн нь нарийн ногоо аж. Өмнө нь салатны навч кг нь 10 000 орчим төгрөг байсан бол өдгөө 25 000, өргөст хэмх болон улаан лооль, амтат чинжүүний үнэ кг тутамдаа 60 гаруй хувиар ахин 14 000-16 000 төгрөг болсон. Сар гаруйн өмнө “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэнгийн үеэр монгол төмс кг нь 500-600, лууван болон байцай 1500, саримс 5-6 ширхэг нь 5000-6000 төгрөг байсан бол өдгөө төмс, хүнсний ногоо кг тутамдаа 1000-1500-аар өсөн, саримс ширхэг нь 1500-2000 төгрөгт хүрчээ. Түүнчлэн “Газар шим” компанийн даршилсан өргөст хэмх, байцайны салатны үнэ энэ сарын эхээр төрөл тус бүр нь 1000 орчим төгрөгөөр нэмэгдэн 4000 давсан бол зарим компанийн гурилан боовны ханш нэг өдөрт шууд 2000 төгрөгөөр “чангарсан” жишээ ч бий.

йнхүү өргөн хэрэглээний барааны үнэ ханш өсөн нийлүүлэлт багасан, зах зээлд борлуулж буй нэр төрөл нь цөөрсөөр байгааг болиулах зорилгоор Засгийн газар санал тавин, Эрээнээс нарийн ногоо, жимсийг галт тэргээр татан авах ажлыг өнгөрсөн даваа гарагт эхлүүлсэн. Үүний үр дүнд мягмарт нь 14 аж ахуйн нэгжийн захиалсан, долоон чингэлэг буюу 30 нэрийн 150 тонн нарийн ногоо, 17 төрлийн 100 тонн жимс оруулж иржээ. Улмаар 60 чингэлэг ачаа энэ сард татан авах хүсэлт гаргасныг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Ингэснээр бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолыг бууруулж улмаар инфляцыг тогтоон барих боломж бүрдэнэ гэсэн. Манай улс нэг жилд 35 000 тонноос илүү нарийн ногоо, жимс хэрэглэдгийн 90 орчим хувийг урд хөршөөс импортолдог гэсэн албан бус тооцоо бий. Цаашид сарын дотор 60 чингэлэг нарийн ногоо, жимс худалдан авна гэвэл жилийн хэрэглээнийхээ найм орчим хувийг хангах тооцоо гарч байна.

Зах, дэлгүүрээр орж, иргэдтэй уулзахад манай улсад үйлдвэр бараг хөгжөөгүй нь харагдана. Хүнс, оймс, цамц, дуслын шингэн дотооддоо үйлдвэрлэж, нарийн ногоо тарьж буй гэдэг ч дамжлага бүрт нь урд хөршийн түүхий эд, тоног төхөөрөмжийн хэрэгцээ байна. Түүнчлэн барааны нийлүүлэлт хомсдох сургаар үнийг нь өсгөдөг, үүнийгээ нийлүүлэгчдийн шаардлага мэтээр тайлбарладаг наймаачид олон болжээ. Цагаан идээний үнэ нэмэгдсэн шалтгааныг тодруулахад “Малчдын амьжиргааны зардал, шатахууны үнэ өссөн, худалдан авбал ав, үгүй бол холд” гэж уурсах хүн ч тааралдав. Хэзээ бид үйлдвэрлэлээ хөгжүүлж, импортын хамаарлаас ангижрах юм бол доо.

1
ГайхмаарГайхмаар
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.