Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ангайх ам байвч залгих хоолойгүй гэгч болов

2019 оны арваннэгдүгээр сарын 25-ны 04.00 цагийн орчимд хулгайч нар Дрезденд байх хааны шилтгээний цахилгааныг тасалжээ. Дохиолол ажиллахаа больж, гадаах чийдэнгүүд унтарч, гудамж харанхуйд умбалаа. Хоёр хулгайч нэгдүгээр давхрын цонхны торон хаалтыг нээн дотогш нэвтрэн нэрд гарсан эрдэнэсийн сан болох Ногоон танхим руу явлаа. Бүр I Петрийн үеэс Европ даяар мэдэх болсон Саксоны язгууртан хүчирхэг Августын үнэт зүйлсийн цуглуулга энд байдаг юм. Тэд гурван ч тавиурыг эвдэн үзмэрүүдийг нь хамж гарав. Туяат чулуунууд шалан дээр унасан ч нэгэнт бүгдийг аваад явчихаж чадахгүйгээ мэдэх тэр хоёр түүнд анхаарал хандуулсангүй.

Энэ өдөр музейд хоёр хамгаалагч жижүүрлэж байлаа. Хулгайч нэвтэрснийг цахим төхөөрөмжөөсөө мэдмэгцээ хамгаалагчид заавар ёсоор үүд хаалгаа түгжээд цагдаагийн газар луу утасджээ. Гэмт хэрэгтнүүд зэвсэглэсэн нь мэдээж тул гар хоосон жижүүрүүд тэдэнтэй тэмцэлдэхээс болгоомжлов. Эрдэнэсийн санг хоослоход гэмт этгээдүүд ердөө найман минут зарцуулсан байна. Тэгээд цонхоор гадагш гарч “Audi” машиндаа суугаад арилав. Хэдэн километр зайд бэлэн зогсоож байсан такси гэж андуурам машинд суугаад хөдлөхдөө дээрэмчид нөгөө машинаа шатаажээ.

Дуудлага хүлээн аваад таван минутын дараа цагдаа нарыг хэргийн газарт ирэхэд дээрэмчид хэдийн зугтсан байлаа. Гэмт хэрэгтнүүдийн хөлөглөсөн машины талаарх мэдээлэл удалгүй ирж, газар доорх гараашид гал гарсан тухай ч тэр дороо дуулдав. Дээрэмчдийг хотоос гараад явчихаас нь өмнө амжиж саатуулахад цагдаа нарт тун бага хугацаа үлджээ.

Эрдэнэсийн сангаас 21 үзмэр алдагдсан байлаа. Тэдгээр нь 4300 алмааз болон бусад үнэт чулуугаар чимэглэсэн эдлэл юм. Саксоны хатан хаан Амалия Августын 660 үнэт чулуун чимэглэлтэй зүүлт, I Фридрих Август хааны 15 том алмаазтай гархи, Саксоны цагаан алмааз хэмээх ер бусын цэвэр, 49 карат (1 карат нь 0.2 грамм) жинтэй эрдэнэс бас алга болсон байна.

Алдагдсан эрдэнэсийг мөнгөөр үнэлэхэд төвөгтэй. Дрездений Улсын урлагийн музейн цуглуулгын захирал Марион Акерман “Хулгайлагдсан зүйлсийн үнийг яг таг хэлж бид чадах гүй, учир нь тэдгээрийг худалдах боломжтой гэж ерөөс үзэж байсангүй” гэж мэдэгдсэн байдаг.

Харамсалтай нь, асар ховор эдгээр эрдэнийг даатгуулаагүй байж. Саксоны Сангийн сайдын үгээр бол ер нь ийм байдлаар явж ирсэн аж. Даатгалын зардал нь ийм тохиолдолд хохирлын хэмжээг нэмэгдүүлдэг юм байна.

Тэгэхдээ л үнэлгээ гаргаад иржээ. Германы “Bild” сонинд алга болсон эрдэнэсийг тэрбум еврогоор үнэлэгдэж ч болох юм гэсэн байв. Түүхэнд ямар ч музейд ийм хохирол учирч байсангүй. Шүүхийн баримтад үүнээс нэлээд хямд үнэ дурдсан байлаа. Даатгалын өртөг нь 113.8 сая евро гэж үзсэн байжээ. Энэ таамаглал үнэн байлаа гэхэд дээрэмчдэд хэн ч ийм хэмжээний мөнгө төлөхгүй нь мэдээж. Музейд байсан үнэт зүйлс олон түмэнд хэтэрхий танил болохоор тэдгээрийг ил цагаан зарж үрэх боломжгүй. Хар зах дээр худалдан авагчид ханасан үнэ өгөхгүй.

Хулгайлагдсан урлагийн бүтээлийг эрж хайх талаар нэрд гарсан, Нидерландын урлаг судлаач Артур Бранд “Тэднийг үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээж ч болохгүй, олон түмэнд дэлгэн үзүүлж ч болохгүй” гэж үзэж байлаа. Эцэст нь хямдхан зарж л салахаас өөр аргагүй.

Өөр нэг хувилбар гэвэл үнэт чулуунуудыг нэг нэгээр нь салган зарж, алт, мөнгийг нь хайлуулж болох юм. Тэглээ ч эдгээр эрдэнэд орсон XVII зууны үеийн үнэт чулуу нь өнөө цагийнхаас эрс ялгаатай тул бас л аюултай. Дээрмээс хойш нэг сар орчмын дараа Саксоны цагаан алмааз Польшийн цагаан бүргэд тэмдгийг хайлаад Израилын харуул хамгаалалтын “CGIgrоup”-т зарахаар 10 сая ам.доллар шаардаж байсан гэх баримт байдаг. Тус группийг удирдаж байгаа, урьд нь тусгай албыг тэргүүлж асан Яков Пери “Бид худалдаж авах гэж байгаа юм шиг тэдэнтэй хамтран ажиллах зуураа наймаа хийх газраа тогтож, энэ тухайгаа Германы прокурорын байгууллагад мэдэгдсэн” гэж ярьжээ. Түүний үгээр бол дээрэмчид холбоогоо тасалж, хариу өгөөгүй аж. Үнэт зүйлсийг борлуулсан гэх ямар нэг нотолгоо олоогүйгээ Дрездений мөрдөн шалгах байгууллага мэдэгдэв. Тус байгууллагад хэд хэдэн сэжүүр байлаа. Хулгайч нар үнэт эрдэнэс хадгалж байсан музейд ч, “Audi”-тай хамт 61 машин шатсан газар доорх гараашид ч мөрөө үлдээсэн байжээ. Үүнээс гадна музейд өмнөх өдрүүдэд нь хийсэн бичлэгт дүрс нь үлдсэн байв.

Дээрх хулгайн хэрэг гарахаас нэг өдрийн өмнө музейд тун сэжигтэй дөрвөн хүн орж иржээ. Жийнс, бэлтгэлийн өмд, гутал өмссөн тэд музей дотуур хөлхөж байснаа дээрэмчид нэвтрэн орсон нөгөөх төмөр тортой цонхны дэргэд очоод нэг тавиурыг нь гойд анхааралтай үзсэн байна. Тэдний нэг нь “Реммо” гэдэг гэмт хэргийн бүлгийн гишүүн мөн болохыг цагдаа нар анзаарчээ. Энэ хулгайн хэрэгт тус бүлгийн гишүүд оролцсон байж болохыг мөрдөн байцаагчид үгүйсгэхгүй байжээ.
“Реммо” бол Берлинд үйл ажиллагаа явуулдаг Ливаны дээрэмчдийн нэг бүлэг юм. Түүнийг курд үндэстэн 54 настай Исса Реммо гэгч Бейрут дэх Палестины дүрвэгчдийн лагерт өссөн нэгэн үндэслэн байгуулсан аж. 1980-аад оны эцсээр Ливанд иргэний дайн болж байхад тэрбээр БНАГУ-аар дамжин Баруун Берлинд очжээ. Германд хөл тавьсан Ливаны цагаачдад ажил хийхийг зөвшөөрдөггүй байсан болохоор гэмт хэрэг хийж л амь зуух ганц гарц байв.
Эхний үед ийм хүмүүс биеэ үнэлэгчдийг ашиглаж, мансууруулах бодис борлуулж, авлига хээл хахуулиар мөнгө олдог байв. Одоо тэд өөрийн гэсэн зоогийн газар, дэлгүүр, фитнес клубүүдтэй болсон, түүгээрээ мөнгө угаадаг байна. Иссагийн садангийн хоёр хүн Берлинд зоогийн газар нээсэн югослав эрийг буудсан 1992 онд “Реммо”-гийн бүлэг гэж байдгийг Германы эрх баригчид мэджээ. Исса өөрөө болохоор хуультай зөрчилдөхөөс аль болохоор зайлсхийж шударга бизнес эрхэлдэг хүний дүрд тоглоно. Тэрбээр 2018 онд “Bertiner zeitung” сонины сурвалжлагчтай ярилцахдаа “Мансууруулах бодис наймаалагчдыг үзэн яддаг, хулгай, луйвар хийгчдийг эсэргүүцдэг” гэж байв.

Ах Тофик нь 2014 онд банкнаас мөнгө дээрэмдэж, алт, үнэт эрдэнэс зэрэг есөн сая еврогийн үнэ бүхий зүйл аваад нуугдаж орхижээ. Ул мөрөө баллахын тулд Дрездений музейгээс хулгай хийгчдийн адил түймэр тавьжээ. “Реммо” бүлгийнхний оролцсон өөр нэг дуулиант хэрэг 2017 онд дэгдэв. Гэмт хэрэгтнүүд Берлиний Боде хэмээх музейд нэвтэрч 4.3 сая ам.долларын үнэтэй 100 килограмм зоос аваад арилсан байна. Хулгайлсан эздийг илрүүлсэн ч алтыг олсонгүй.

Янз бүрийн баримтаар бол гэмт хэргийн энэ бүлэгт 500-1000 хүн байдаг гэх бөгөөд бүгд Иссагийн садан төрлийнх аж. Гэр бүл нь тэдний хувьд хамгаас чухал, түүнийхээ нэр төрийг ямар ч үнээр болов хамгаалдаг болохыг нь Умард Рейн-Вестфалийн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Томас Юнгблут ярьсан байна. Гэмт хэргийг гардан хийгчид нь цэл залуу хүмүүс байх тул шүүх харамсахдаа богино хугацааны ял өгнө. Хэн нэг нь шоронд суухад тэд ер харамсахгүй. Германы шоронгуудыг амралтын газар мэт үздэг юм гэж Аюулгүй байдлын албаны мэргэжилтэн Михаэль Кюр хэлсэн байдаг.рездений музейн төмөр тор болон шатсан “Audi” машинаас 23 настай Виссам Реммогийн ДНХ-ийн ул мөр олджээ. Энэ залуу Германы цагдаа нарт танил нэгэн юм. Тэрбээр 15 настайдаа SIM карт хулгайлснаар гэмт хэргийн ертөнцөд хөл тавьж, Боде музейгээс 100 килограмм зоос хулгайлахад ч оролцсон байна.

Виссам зугтаж, нуугдсангүй, гэлээ ч түүнийг шоронд суулгаж чадсангүй. 2020 оны хоёрдугаар сард тэрбээр хэргийг нь нягталж байсан шүүхэд өөрөө яваад очжээ. Түүнд 4.5 жилийн хорих ял өгсөн ч тэр өдрөө давж заалдав. Түүнийг баривчлахын тулд ДНХ-ээс арай илүү жинтэй нотлох баримт хэрэгтэй байлаа.

Мөрдөн байцаагчид нөгөө “Audi” машины эзэн байсан хүнийг 2020 оны хоёрдугаар сард олов. Машиныг хэрэг гарахаас дөрвөн сарын өмнө зарсан байлаа. Худалдан авсан хүн нь 25 орчим настай, хууз сахалтай байсныг тэр хэлэв. Ингээд 2020 оны арваннэгдүгээр сард Берлин хотын Нойкельн дүүрэгт цагдаагийн 1500 ажилтны хүчээр хоморголон баривчлах ажиллагаа явуулж, нэгэн зэрэг 10 байр, хоёр гарааш, хэд хэдэн машинд нэгжлэг хийв. Гурван хүн баривчилсны нэг нь Виссам Реммо байлаа. Нөгөө хоёр нь 23, 26 настай. Сарын дараа энэ дүүргээс бас нэг сэжигтэн, 21 настай Мохамед Реммог баривчлав. Түүний ихрийн өрөөсөн Абдул Мажед Реммо 2021 оны тавдугаар сар хүртэл цагдаа нараас нуугдсаар байлаа. Дрезденд гарсан хулгайн хэргийн сүүлчийн оролцогч болох, Берлинд аж төрдөг 23 настай сэжигтнийг 2021 оны наймдугаар сард баривчиллаа. Хулгай хийсэн, түймэр тавьсан гэх хэргээр есдүгээр сард зургууланд нь ял оноожээ. Ихээхэн хүчин чармайлт гаргаж буй ч хулгайлагдсан үнэт зүйлсийг олоогүй л байна. Нидерландын урлаг судлаач Артур Бранд “Тэднийг худалдах боломжгүй. Ийм эд зүйлс гэмт хэрэгтнүүдийн гарт орсон бол тэндээ үүрд үлдэх нь цөөнгүй” гэж хэлжээ.

Бэлтгэсэн Р.Жаргалант

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.