Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах нь ЖЕНДЕРИЙН МЭДРЭМЖ

Жендерийн талаарх олон нийтийн ойлголт өөрчлөгдсөн үү. Эмэгтэйчүүдэд анхаарал, халамж илүү тавих, улмаар тэдний улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойг нь тод байлгах, хууль тогтоох дээд байгууллагад буюу УИХ-д аль болох олон гишүүн нэмэх төдийхнөөр ойлгож буй хэвээр байна уу. Ийм асуулт тээсээр Засгийн газар, Жендерийн үндэсний хорооноос Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран зохион байгуулсан “Жендер ба хөгжил-2021” үндэсний чуулганыг өчигдөр зорьж очсон юм. Хуралд оролцогсдын бараг гуравны нэг орчим нь эрэгтэйчүүд байв.

Чуулганы “Зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт” салбар хуралдааныг УИХ-ын гишүүн С.Чинзориг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар нээв. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Д.Сүнжид болон ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий нар салбар хуралдаанд оролцогсдын тавьсан асуултад хариулж буйгаас жендер гэдэг нь эмэгтэйчүүдийн төдийгүй эрчүүдийн ч асуудал гэдэг нь тод томруун харагдаж байлаа. Энэ ойлголт, үзлийг төрийн бодлогод тусгадаг болсныг лав нэг жишээнээс харж болохоор. “Цалинтай ээж” гэдгээр мэдэх болсон, гэртээ хүүхдээ харж буй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгодог хөтөлбөрийн нэрийг “Цалинтай эцэг, эх” хэмээдэг болсон аж. Зөвхөн ээж бус, аав нь ч бага насны хүүхдүүдээ гэртээ хараад, ажилгүй суух нь элбэг болсон тул амьдралаас урган гарсан шаардлагаар ийнхүү өөрчилжээ.

“Жендерийн бодлого төлөвлөлт, хэрэгжилтийн үр нөлөө хөдөөгийн хөгжилд” сэдвээр илтгэсэн Жендерийн үндэсний хорооны дэргэдэх шинжээчдийн бүлгийн ахлагч Б.Онон малчин эрэгтэйчүүдийн ирээдүй, улмаар Монголын хөдөөд ойрын ирээдүйд буюу магадгүй 10-20 жилийн хугацаанд гарах өөрчлөлт, мал аж ахуйгаас хамааралтай монголчуудын амьдрал цаашид хэрхэн өөрчлөгдөх магадлалтай талаар хөндлөө. Өдгөө хөдөө мал маллаж буй дөрвөн залуу хүн тутмын гурав нь эрэгтэй байгаа нь хөдөлмөрийн талбарт хүйсийн тэнцвэр алдагдах байдал бодитоор нүүрлэснийг илтгэж буй аж. Мөн сургуульд зургаан наснаас оруулдаг болсон, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг төв, суурин газарт өсгөж хүмүүжүүлэх шаардлагаас үүдэн гэр бүлийн хоёрын нэг нь хөдөө малын захад, нөгөөх нь сумын, эсвэл аймгийн төвд аж төрдөг болсон. Энэ нь гэр бүл хэврэгших, улмаар салах шалтгаануудын нэг болжээ. Жендерийн асуудлыг авч үзэх зайлшгүй шаардлагатай хүчин зүйлүүдийн нэг нь эрчүүдийн дундаж наслалт аж. Дундажлан үзэхэд эрэгтэйчүүд одоогийн байдлаар эмэгтэйчүүдээс есөн жилээр бага насалж буй нь анхаарал татаж байна. Энэ мэтчилэн тоочоод байвал жендер гэдгийг зөвхөн эмэгтэйчүүдэд хамааруулан ойлгодог байсан үе хэдийн ард хоцорсон нь илт.

Үүнийг УИХ-ын даргын зөвлөх Ц.Цогзолмаагийн хэлсэн үг бүр ч нотлов. Тэрбээр чуулганыг зохион байгуулагчид, илтгэгчид, оролцогчдод талархаж буйгаа илэрхийлээд “Соён гэгээрүүлэгч Л.Түдэв жендерийн асуудлыг “Энэ бол нийгмийн хүйсийн асуудал” юм гэж тодорхойлсон нь их зөв санагддаг. Үнэхээр энэ нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш. Тийм учраас монголчуудынхаа амьдралын чанарыг сайжруулъя гэвэл эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийнхээ тэгш оролцоо, тэгш боломж, тэгш, зөв хандлагатай байх асуудалд анхаарлаа хандуулах ёстой гэдгийг эрдмийн их хүн хэлж өгсөн. Өнөөдөр Жендерийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр “Монгол Улс дахь жендерийн хөгжлийн асуудал” сэдвээр тавьсан үндсэн илтгэлдээ хэлсэнчлэн Скандинавын орнуудын туршлагаар хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийг байгуулахад асуудал шийдэгдсэн байх болно. Түүнээс биш жендер гэдэг нь шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхийг чухалчлах гэсэн хэрэг төдий биш юм гэдгийг тэмдэглэж байна. Скандинавын орнуудад шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо 40 хувь буюу нэлээд өндөр болсон нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд хамт сууж байгаад авлига зэрэг нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдсэнтэй холбоотой. Хүн амын төлөөлөл ижил түвшинд ажиллахын ач холбогдол энэ. Мөн тэдгээр улс жендерийн мэдрэмжтэй нийгмийг байгуулж чадсан. Амьдралын олон жишээ бий. 100-гаас дээш тооны ажилтантай байгууллагын дарга нь эрэгтэй бол, орлогч нь эмэгтэй, хэрэв дарга нь эмэгтэй бол орлогч нь эрэгтэй байдаг. Ажиллагсад эрэгтэй болон эмэгтэй хүмүүсээс бүрддэг бөгөөд тус бүрт нь асуудал тулгамдахад шийдэхэд тустай гэж ийнхүү зохион байгуулсан байдаг. Жишээ нь, нөхөртөө дарлуулдаг эмэгтэй ажлаас хоцрох, таслах зэрэг зовлонгийнхоо талаар эрэгтэй даргадаа ярихгүй. Тиймээс шаардлага гарах үед ярилцах, улмаар ойлголцсоны үр дүнд чөлөө олгох, ядаж л цалинг нь хасуулахгүй байх тухайд эмэгтэй удирдлага санаачилга гаргана. Энэ зарчим амьдралд нь хэрэглээ, практик болсон, хүмүүс ажлын байрандаа болон гэр бүлийн хүрээнд санаа зовохгүй байдаг нийгмийг Скандинавын орнууд байгуулж чадсан байна. Бид туршлагыг нь судлах хэрэгтэй. Манай улсад гэр бүл салахад нөхрүүд нь хүүхдэдээ тэтгэмж өгөх хуультай ч тэр бүр хэрэгжүүлдэггүй. Гэтэл тэдгээр оронд гэр бүл салсан л бол аав, ээж хоёр нь хоёул хүүхдэдээ мөнгө өгдөг. Эцэг, эхийн хэн, хэнийх нь буруу гэж үзээд, хүүхдийг хохироодоггүй. Гэх мэтчилэн жендерийн асуудал тойрсон асуудал, жишээ, туршлага олон. Тэгэхээр энэ бүхнээс аваад үзэхэд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах нь амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн нийгмийн хүйсийн чухал асуудал байх нь ээ” хэмээн ярьсан нь тун ойлгомжтой байлаа.

Гурван жил завсарласны дараа зохион байгуулсан уг чуулганы зорилго нь 2018 оны “Жендер ба хөгжил” олон улсын бага хурлаар баталсан жендерийн эрх тэгш байдлыг хангах 21 зорилт бүхий “Улаанбаатарын тунхаглал”-ын хэрэгжилт, үндэсний түвшинд гарч буй ахиц дэвшлийг дүгнэх, ирэх жилүүдийн хамтын ажиллагаа болон зорилтыг тодорхойлох, зөвлөмж боловсруулах явдал аж.

Чуулганд оролцогсдыг хэд хэдэн бүлэгт хуваан, “Зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт”, “Жендерийн бодлого төлөвлөлт, хэрэгжилтийн үр нөлөө хөдөөгийн хөгжилд”, “Хөдөөгийн хөгжил ба жендер”, “Хөгжлийн бодлого төлөвлөлтөд жендерийн асуудлыг тусгах нь” зэрэг сэдвээр илтгэл сонсож, хэлэлцэхээр зохион байгуулсан байлаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.