Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх ам тангаргаасаа буцав уу, гишүүд ээ

УИХ-ын гишүүн Т.Доржхандыг даатгалын талаар дуугарахыг хориглоё. Зөвхөн Т.Доржханд гэлтгүй УИХ-аар хэлэлцэж буй аливаа асуудалтай ашиг сонирхлын зөрчил үүсгэхээр бол тухайн гишүүн тус асуудлаар үг хэлж, байр сууриа илэрхийлэхийг нь хуулиар хязгаарлах хэрэгтэй.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тодорхойлсноор ашиг сонирхлын зөрчил гэдэг нь нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг хэлж буй. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14.10-т “УИХ-ын гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны үр дүнд өөрөө болон гэр бүлийн гишүүд нь орлого олж байгаа, эсхүл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй бол энэ тухай хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэж, санал хураалтад оролцохгүй” хэмээн заасан. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой ёс зүйн хэм хэмжээг тусдаа зүйл болгон тусгасан ч дээр дурдсанчлан санал хураалтад сайн дураараа оролцохоос татгалзах тухай заалт л бий. Өнгөрсөн хавар өргөн барьсан УИХ-ын гишүүний ёс дүйн дүрмийн төсөлд ч энэ талаарх зохицуулалт алга. Иймд гишүүн ашиг сонирхлын зөрчилтэй асуудлаар зөвхөн шийдвэр гаргахад оролцохыг нь хязгаарлах бус, хэлэлцүүлгийн туршид, тухайн төслийг УИХ-д өргөн барьсан мөчөөс ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд алт шиг санал хэлэх байсан ч амаа хамхих зохицуулалттай болгоё гэж хэлээд байгаа юм.

Энэ нь хэн хэндээ, хаана хаанаа хардаж, сэрдүүлэхгүй, амар. Ойрын үед анхаарал татаж буй Жолоочийн даатгалын тухай хуулийн үеэр санаачлагчтай нь хамгийн их сөргөлдөж буй Т.Доржханд гишүүнийг жишээ татаж болно. Уг төслийг Т.Аюурсайхан нарын 20 гишүүн өнгөрсөн сарын сүүлчээр өргөн барив уу, үгүй юү даатгалын компаниудын төлөөлөл хэвлэлийн бага хурал хийж, төр хувийн бизнест хутгалдах гэж байна хэмээн буруутгаж буй. Үүнийг Т.Доржханд нарын гишүүд дэмжин, байр сууриа илэрхийлж байгаа бол санаачлагч гишүүн Т.Аюурсайхан “Даатгалын цөөн компани ялах уу, нэг сая жолоочийн эрх ашиг ялах уу” хэмээн байр сууринаасаа гуйвахгүйгээ хэлж байгаа. Ингэхдээ тэрбээр Т.Доржханд гишүүний гэр бүлийн хүн даатгалын компанитай тул ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн тодотгосон. Үүний хариуд тэрбээр мэргэжилтний хувьд үгээ хэлж буйгаа хэдэнтээ тайлбарлаж, даатгалын чиглэлээр холбогдох хууль, тогтоомж боловсруулахад оролцож явснаа учирласан ч Т.Доржханд гишүүн энэ асуудалд ашиг сонирхлын зөрчилтэй нь үнэн. Тодруулбал, түүний гэргий “Монре даатгал” компанийн гол хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч юм. Тиймээс ч Т.Доржханд гишүүн өнгөрсөн оны хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тус компанид хөрөнгө оруулсан тухайгаа дурдсан байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар тухайн нийтийн албан тушаалтан буюу Т.Доржханд гишүүний эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр (нөхөр)-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээд нь бүгд түүнтэй хамаарал бүхий болж байгаа юм. Энэ тохиолдолд Т.Доржханд гишүүн хэчнээн мэргэжлийн байр суурь илэрхийллээ ч ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна гэх итгэл төрүүлэхгүй. Харин ч тэр уг төслийг сөрж, саналаа хэлэх бүрт хардлага лавширна. Магадгүй эрхэм гишүүн эхнэр, гэр бүл, бизнесээ дэмжиж байгаа бол тэр үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх бүртээ хууль тогтоогчдод, бас олон нийтэд нөлөөлж, лоббидож байна гэсэн үг. Гэхдээ үүгээр уг төслийн агуулгыг шүүж, Т.Аюурсайханы зөв, Т.Доржхандын буруу, эсэхийг тогтоох гэсэнгүй. Жолоочийн даатгалын тухай хуулиар ямар харилцааг зохицуулах гэж буй хийгээд одоогийн нөхцөл байдлыг дээрдүүлж, эсвэл дордуулах уу гэдэг нь ч тусдаа асуудал, энд хөндсөнгүй.

…Энэ тохиолдолд Т.Доржханд гишүүн хэчнээн мэргэжлийн байр суурь илэрхийллээ ч ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна гэх итгэл төрүүлэхгүй. Харин ч тэр уг төслийг сөрж, саналаа хэлэх бүрт хардлага лавширна…

Дахин нэг жишээ. Ирэх жилийн төсвийн төслийн хүрээнд гишүүн бүрт буюу тойрогт нь дөрвөн тэрбум төгрөг хуваарилахаар ярилцаж буй. Бараг баталчих биз. Энэ бол бас л ашиг сонирхлын зөрчлийн тод илрэл. УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ “…би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Төрийн сүлдэндээ тангараг өргөсөн шүү дээ. Харин “тойргийн” гэх тодотголтой энэ мөнгөнөөс татгалзах гишүүн гарсангүй.

Түүнчлэн УИХ Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцүүлэхээр бэлтгэлээ базааж буй. Харин боловсролын салбарт бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг, түүгээр танигдсан, хувьдаа сургуультай гишүүн УИХ-д цөөнгүй. “Их засаг” их сургуулиар овоглосон Н.Учрал, “Аварга” дээд сургуулийн үүсгэн байгуулагч Б.Бат-Эрдэнэ гээд нэрлэж болно. Өмнөх парламентад ч ийм гишүүд байж л байсан. Мэдээж боловсролын асуудлыг хөндөөгүй УИХ гэж үгүй. Гэвч тэр болгонд тухайн салбарт бизнестэй, ашиг сонирхлын илт зөрчилтэй хүмүүс хэлж, уриалж, санал хураалтад оролцсоор ирсэн юм. Тиймээс одоо Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд өөрсдийгөө зарлаж, аливаа байр суурь илэрхийлэхгүй гэдгээ мэдэгдчихвэл сайн сан. Цаашлаад барилга, банк, хүнсний худалдаа, үйлчилгээ гээд бизнесийн олон салбарын төлөөлөл үе үеийн парламентыг бүрдүүлж ирсэн.

Сонирхуулахад, 2014 онд Барилга, хот байгуулалтын сайд, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн “давхар дээл”-ийг тайлах тухай хуулийн санал хураалтад оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан юм. Уг хуулийн төслийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачлан, хэлэлцүүлсэн бөгөөд батлагдаагүй юм. Тухайн үеийн сөрөг хүчин, өдгөө үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй МАН-ынхан Засгийн газрын гишүүн, сайдаар ажилладаг 17 гишүүнийг тус санал хураалтад оролцохгүй байхыг сануулж, УИХ-ын удирдлагад албан бичиг илгээж байсан юм даг. Харин УИХ-д өргөн бариад буй УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн төсөлд Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй гишүүн нь УИХ-аас байгуулагдах хяналт, шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орох, түүнчлэн ийм ажлын хэсэг байгуулахаар санаачлах, санал оруулахыг хориглохоор тусгажээ. Мөн УИХ-ын даргын зөвшөөрөлгүйгээр Засгийн газар, түүний байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэний зардлаар гадаадад зорчиж болохгүйг төсөлд тодорхой заасан байна лээ.

Үүнээс гадна өнгөрсөн парламентын үед УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хоёр хуваагдчихаад байхдаа ЖДҮХС-гаас хамаарал бүхий хүмүүстээ зээл олгуулсан гэх хэрэгт нэр холбогдсон “давхар дээлтэн”-үүдийг Засгийн газрыг огцруулах, эсэхийг шийдэх санал хураалтад оруулахгүй байхыг эрх бүхий хүмүүсээс шаардаж байсан юм. Өөрөөр хэлбэл, нэг хэсэг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах санал гаргаж, Засгийн газартай ашиг сонирхлын зөрчилтэй гэх үндэслэлээр ЖДҮХС-гийн дуулианд холбогдогчдыг санал хураалтад оруулахаас цааргалж байсан хэрэг.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх ам тангаргаасаа буцав уу, гишүүд ээ

  • ИРГЭД says:

    Ашиг сонирхолын зөрчлөөс ангид гишүүн гэж байдаг юм уу?үе үеийн УИХ-ын гишүүд бүгд л ашиг сонирхолын зөрчилд холбоотой,бүр олонхи нь ЖДҮ-д холбоотой байсан биздээ,харамсалтай нь ямар ч арга хэмжээ авдгүй,сонгуул болгонд л улиран сонгогдож байдаг болохоор одоо сонгогчид цөхрөөд итгэхээ ч байсан шүүдээ?