Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөрсний хүнд элементийн бохирдол хүний генд нөлөөлж байна

Хөрсний бохирдол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулж байгаа талаар байнга л ярьж, бичих болсон. Эрдэмтэн судлаач хүний хувьд энэ талаар өөрийн санаа бодлыг хүмүүст хүргэхийг зорьж үүнийг тэрлэж байна. Нийтлэлийн эхэнд гадаадын эрдэмтэн судлаачдын судалж тогтоосон хэд хэдэн онол, нээлтийг дурдах нь зүйтэй болов уу.

“Шим мандлын амьд биетийн үйл ажиллагаа, геохимийн орчны химийн найрлагын хооронд химийн үзэгдлүүд явагдаж байдгийг үндэслэн “Байгаль дээр дэлхийн чулуулаг бүрхүүлээс салангид бие даасан амьд цогцос үгүй” гэсэн дүгнэлт хийж микро элементүүд гэх нэр томьёог Оросын эрдэмтэн В.И. Вернадисий (1862-1945) анх гаргажээ. Тэгвэл АНУ-ын эрдэмтэн Ф.Кларк “Химийн элементүүд уулын чулуулагт эрдсийн хэлбэрээр биш, бие софнимал бодолд оршино” гэсэн дүгнэлт хийснээр ертөнцийг цогцлуулагч атомын зүй зохист нэгдлийн ойлголт бий болгон амьд биетийн оролцоотой шим мандалд явагдах химийн нарийн урвалж зүй тогтлыг нээсэн юм. Оросын эрдэмтэн А.П.Виноградов “Эсгэгийн үйл ажиллагаанд шаардлагатай химийн элементийн хуримтлуулагч эх булаг нь хөрс юм” гэдгийг тогтоосон.

Эдгээр онолоос үзэхэд хөрсөнд хэвийн хэмжээнд байх боловч ургамал, амьд организмд дутагдах түвшинд буй металуудыг микро элемент хэмээж байна. Эдгээрийн дутагдлаас амьд организмын дархлаа суларч, халдварт бус элдэв өвчлөл үүсэх шалтгаан болдог байх нь. Тухайлбал, иодын дутагдлаас бамбай булчирхайн үрэвсэл, кобальтынхаас цус багадах, селенийхээс булчин цайх, фтор дутагдсанаас шүдний эмгэг гэх мэтээр суурь өвчин үүсдэг. Өөрөөр хэлбэл, 15-18 төрлийн микро элементийн дутагдлаас халдварт бус элдэв өвчний эх үүсвэр тавигдах, микро элементийн хоорондох харьцааны тэнцлээс шалтгаалан 20 орчим гээд нийтдээ 40-өөд химийн элементийн хөрс, ургамал, усны тархалтын зүй тогтлын алдагдлаас шалтгаалан олон арван өвчний үндэс, хавдар үүсэх суурь тавигддагийг шинжлэх ухаан нэгэнт тогтоогоод байна.

Хөрсөнд илүүдэл хэмжээтэй агуулагдаж амьд организмд нөлөөлөх, хөрсөнд үйлчлэл үзүүлдэг металлуудыг хүнд элемент гэдэг. Байгальд орших химийн 92 элементийн 81 нь хүний бие организмд нөлөөлдгийн 15-ыг амин чухал микро элемент байдаг. Гэхдээ микро элементүүдийн агууламж их хэмжээгээр нэмэгдэх үед хоруу чанар нь өсдөг.
Хөрсөнд хүнд элементүүд түүхий нүүрсээр галладаг бүх төрлийн зуух, нүүрс, нефть олборлох уурхай, эрдэс бордооны болон барилгын материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад бий болдог. Эдгээр нь агаарт цацагдаж, улмаар хөрсөнд бууж шингэж байна. Хөрсөнд шингэх 240 гаруй хорт нэгдэл, хүнд элементийн сөрөг үйлчлэлийн талаар бүгдийг нь дурдах боломжгүй. Тиймээс зөвхөн хар тугалгын бохирдол, үйлчлэлийг энд онцолъё.

Хөрсөнд хар тугалгын нийт агууламж 100-500 мг/кг хүрэхэд ургамлын амьсгалах үйл явц саатаж фотосинтезийн урвал буурснаар хар ногоон өнгийн навч хатан захаасаа хумигддаг. Тухайн бодисоор хордсон ургамал ногоог идсэн мал хээл хаях, эмгэгтэй, ургийн гажигтай төл гаргахаас гадна хооллох эрхтэн нь гэмтэж өвчлөл үүсдэг. Таримал ургамалд 10 мг/кг дээш агууламж бүхий хар тугалгын нөлөөлөл болон хүнд элементүүд зэс, кадми ихэсдэг. Хар тугалга ялгаруулагч нэг эх үүсвэр болох автомашины утаанаас болж хөрс 270-аад төрлийн бодисоор хорддог аж. Зөвхөн Улаанбаатар хотод тээврийн хэрэгслүүд 18.4 тонн хар тугалга ялгаруулан хаяж, автомашины төвлөрөл, хөдөлгөөн, түгжрэлээс шалтгаалан хар тугалгын агууламж эрс өсөж, хүний амьсгалын эрхтэн тогтолцоонд хорт бодис хүрч өвчин үүсэх нэг шалтгаан болж буй. Монгол Улсад замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн дийлэнх нь “АИ-92” төрлийн шатахуун хэрэглэдэг билээ. Уг шатахуунаас үүсэж буй утаагаар 0.0051±0.0007 шоо метр/мг хар тугалга агаарт цацдаг. Автомашинаас ялгарч буй хорт утааны найрлага, хэмжээ нь хөдөлгүүрийн төрөл, хийцийн түвшин, техникийн бүрэн бүтэн байдал, ажлын горим, тохиргооны үзүүлэлтүүд, түлшний төрөл, чанар зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Тиймээс 10-аас дээш жил ашигласан, хуучирсан хөдөлгүүрээс бохирдуулагч бодис илүү ихээр ялгарна гэсэн үг.

Бүх төрлийн бензин хөдөлгүүрээс дунджаар 6.5 г/кг буюу 0.47 г/л хар тугалга ялгарч 60 хүртэлх мг/шоометр хаягдал үүсдгийн 80-90 хувь нь хөрсөнд шингэн хуримтлагддаг. Гадаад орчинд хаясан хар тугалгын дийлэнх нь детонацийн эсрэг нэгдэл хольц буюу бромын, хлорын дутуу ислээс үүссэн бодис агаарт мананцар хэлбэрээр тархаж хөрсөнд бохирдол үүсгэдэг. Мананцарт хар тугалга хүний амьсгалын замаар дамжин биед орж бөөгнөрөл үүсгэн хуримтлагддаг юм. Улмаар бөөр, элэг, ходоод, тархи, цус, чөмөг, зөөлөн эд, ясанд шингэж, сэтгэл зүйн дарамтаас эхлээд жирэмсэн, хөхүүл үе, архаг өвчин хөдлөхөд нөөц эрхтнээс цусанд шилжих замаар хорт хавдар үүсгэх нэгэн хүчин зүйл болдог. Цусанд орсон хар тугалгын 99 хувь нь улаан эстэй холбогдож, нэг нь цусны сийвэнд үлддэг юм.

Манай судлаачид нефтийн бохирдолттой 14 цэгт хийсэн лабораторийн шинжилгээнээс хар тугалгын хэмжээ 17-241.25 мг/кг байгаа нь эрхгүй анхаарал татав. Тухайлбал, автобусны эцсийн зогсоол, тэдгээрийн баазын орчин, томоохон зах, хогийн цэгүүдэд зай хураагуур, аккумлятор, түлш, шатахуун, шатах, тослох материалын хадгалах газар зэрэгт хөрсөнд хар тугалгын антропогений бохирдол зонхилж байна. Нийслэлийн есөн дүүрэгт байрлах 160 гаруй авто засвар, дугуй засвар, оношилгооны газар, гагнуурын 120 орчим, угаалгын 20 гаруй, тос зардаг 100-гаад цэг, шатахуун түгээх 140 станц, нефтийн 40 гаруй агуулах гээд олон газарт нефтийн бүтээгдэхүүн алдагдах, шүүрч, нэвчих, ууршсанаас хөрс бохирдуулж буй аж. Дээр дурдсан газруудын 50 орчим цэгээс авсан дээжид шинжилгээ хийхэд хар тугалгын хэмжээ 10.1-356.4 мг/кг хооронд хэлбэлзэж, дунджаар 64.13 мг/кг байгаа нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 4.2 дахин өндөр байгаа юм. Ялангуяа Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Налайх дүүргийн нутаг дэвсгэрийн хүрээлэн байгаа орчин дахь хар тугалгын бохирдол бусдаасаа илүү байгаа нь түгшүүр төрүүлэх боллоо.

Хар тугалга хүний биед элдэв зүйлээр дамжин орж байна. Үүний нэг нь будганд өнгө нэмэх, хурдан хатаах, элэгдлийг удаашруулах, чийгнээс хамгаалах зорилгоор хар тугалга нэмснээс үүдэлтэй. Хар тугалганд суурилсан будгаар будсан байшингийн хана, хүүхдийн тоглоом, замын гадаргуу, хуванцар дахь энэ элементийн дундаж агууламж 58.3±12.8 ррт байгаа юм. Будгийн хар тугалга тоосонцор хэлбэрээр хүний биед орж 12 цагийн дараагаас эхлэн удаан хугацаагаар үйлчлэл үзүүлж мэдрэлийн болон хоол боловсруулах системийг гэмтээхээс гадна жирэмсэн эмэгтэйчүүдийн урагт нөлөөлснөөр амьгүй, дутуу төрөх онцгой аюултай. Хар тугалгатай будгийн хор нөлөөг саармагжуулахдаа давхарлан өөр будгаар дахин будаад үр дүнгүй учир хөдөлмөр хамгаалах хэрэгсэл ашиглан тусгай зориулалтын шингэнээр давхарлан өнгөлснөөр суурь будгийн хар тугалга гадагш нэвчихийг зогсоож чадна.

Нийслэлийн төвийн таван дүүргийн 12 өрхийн эмнэлгийн бүртгэлээс санамсаргүй түүврийн аргаар 120 хүүхдийг сонгож, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрснөөр таван мл цус авч шинжлэхэд хар тугалгын агууламж 16.54±1.05 мг/кг, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт оршин суудаг багачуудын цусанд бусад дүүргийн хүүхдүүдийнхээс өндөр байв. Судалгаа, шинжилгээнд хамрагдсан хүүхдүүдийн эрүүл мэнд, ялангуяа мэдрэлийн тогтолцоонд ямар эмгэг илэрч байгаад үзэхэд 79.1 хувь нь гарын алга хөлрөх, таван хувьд нь гар хуруу чичрэх, буйланд хөх өнгийн зураас үүсэх шинж тэмдэг илэрчээ. Тэдний 52.5 хувь нь амархан уурлах, цочимтгой болох, 54.1 нь анхаарал сулрах, 39.1 нь ой тогтоолт муудах, 13.3 хувь нь хичээлдээ дургүй болох, сонсгол сулрах, бөөрний суваг гэмтсэн зэрэг онош тогтоогджээ.

Хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж 10 мг/кг-ээс ихэссэн тохиодолд онцлог чадамж нь буурдаг болохыг эрдэмтэн, судлаачид тогтоогоод буй. Үүнээс үзэхэд судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын агууламж агаар, хөрсөн дэх энэ бодисынхтой ямар нэг байдлаар хамааралтай гэдэг нь нотлогдлоо. Энэ бүхний эцэст тэмдэглэхэд, хөрс, ус, агаар дахь хүнд элементийн бохирдлоос өөрийгөө, үр хүүхэд, хайртай хүмүүсээ хамгаалах цаг нь нэгэнт болжээ. Хүний төв мэдрэлийн системд нөлөөлдөг, удамшлын өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд хүн бүр сэтгэлгээний өөрчлөлт хийх цаг ирсэн байна.

Орчны бохирдлын нэг хүчин зүйл болсон хар тугалгын аюулаас урьдчилан сэргийлэх, бууруулахын тулд бид нүүрсний хэрэглээг багасгаж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх, уул уурхайн үйл ажиллагаанд дэвшилтэт технологи нэвтрүүлж, мод тарих ажлыг нэн тэргүүнд тавих шаардлагатай юм.

Мөн нийтийн тээврийг цахилгаан болон түлш бага зарцуулах хэрэгслээр сольж, 10-аас дээш жил ашигласан автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх, цахилгаан, устөрөгчийн хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг татвараас чөлөөлөх, авто засвар, худалдаа үйлчилгээний газруудыг цөөлж төвлөрүүлэн технологийн дэвшил ашиглах, Улаанбаатар хотын хог хаягдлын цэгүүдийг инженерийн байгууламжтай болгон шинэчилж, аюултай, онц аюултай хогийг хүлээн авах байгууламжийг тусад нь бий болгон халдваргүйжүүлэлт, цэвэршүүлэлтийг бүрэн гүйцэд хийдэг болгох зэргээр шаардлагатай арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлэх нь чухал байгаа юм.

Доктор, профессор Ц.Бат-Өлзий

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.