Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЭМЯ-ны албан тушаалтнуудын хэрэг шүүхэд дарагдсаар мартагдах уу

Эрүүл мэндийн салбар авлига, хээл хахуульд өртөмтгий төрийн байгууллагын жагсаалтын нэлээд дээгүүр “давхиж”, эгэл жирийн, хүн ардынхаа эрүүл энхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг эмч, эмнэлгийн байгууллагынхны нэр хүндийг шавартай хутгаж байна. Эмнэлгийн эмч, ажилтнуудаасаа авхуулаад салбарын яамных нь томоохон албан тушаалтнууд авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдчихоод байгаа нь үүнийг илтгэнэ. Уг нь эрүүл мэндийн салбарт 1990-ээд оноос өмнө манайд огт байгаагүй ч түүнээс хойших 30 жилийн дотор нийгмийн энгийн үзэгдэл мэт болтлоо цэцэглэж, энэ салбарыг бүхэлд хамарсан гэдгийг судлаачид ч, салбарын зарим эмч, ажилтнууд ч эмзэглэн ярьж байна. Нэг хэсэг нь байдаг л үзэгдэл мэт хүлээж авч байгаа. Эрүүл мэндийн салбарынхан яагаад авлигын гэмт хэрэгт холбогдож байна гэхээр цалин, урамшуулал нь дэлхийн жишгээс бага, амьдралд нь хангалттай хүрэлцэхгүй байгаатай холбоотойгоос гадна эмч, эрүүл мэндийн салбарынхны ёс зүй ч доройтсоноос шалтгаалж байна гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй биз.

Энэ удаа эмч нар гэхээсээ илүүтэй Эрүүл мэндийн яамны удирдах албан тушаалтнууд нь хээл хахууль авсан хэргийг шүүхээр шийдэж чадахгүй удааширч байгаад анхаарал хандуулахгүй орхиж боломгүй.

Ер нь бол эрүүл мэндийн салбарынхан сайд, Төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтсийн дарга, эмч, ажилтан гээд шат шатандаа авлигын хэрэгт холбогддог. Хамгийн сүүлд л гэхэд ХӨСҮТ-ийн хэд хэдэн албан тушаалтан албан тушаалаа урвуулж, хээл хахууль авсан хэрэгт шалгуулж эхэлсэн билээ.

ШҮҮХ ХУРЛЫГ БҮТЭН ЖИЛИЙН ДОТОР 10 УДАА ХОЙШЛУУЛАВ

ЭМЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд болох тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Цогтбаатар, эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам тэргүүтэй 26 хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг нь хэлэлцэж чадалгүй бүтэн жил хоёр сарын хугацаа өнгөрч байна. Хамгийн сүүлд тус шүүх 2021 оны аравдугаар сарын 26-ны 08.30 цагт хэлэлцэхээр товлосон ч шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нараас шалтгаалан 10 дахь удаагаа хойшлуулав. Дийлэнхдээ өмгөөлөгч нараас шалтгаалснаас гадна “Ковид-19”-ийн халдварын тархалт ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж буй юм. Хурал хийх өдөр болмогц өмгөөлөгч нар нь, эсвэл аль нэг оролцогч нь халдвартай хүний хавьтагч болсон гэх зэрэг шалтгаан хэлж хойшлуулах хүсэлт шүүхэд хүргүүлсээр бүтэн жил тойроход хэрэгт холбогдсон 26 хүний гэм буруутай, эсэхийг дэнсэлж чадаагүй, “хоёр яс” салж, бизнесээ хэвийн үргэлжлүүлэх гэсэн аж ахуйн нэгжийнхний үйл ажиллагаанд тээг болсоор байгаа юм.

Энэ хэргийг шийдэж чадахгүй удааширч байгаа өөр нэг шалтгаан нь шүүгдэгч Н.Чимэдлхамын аавын нөлөө орсных гэж үзэх хүмүүс хуульчдын дунд ч бий, хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр ч түүний аав С.Нямжав шүүгчийг хардаж бичдэг. Ингэж хардах нэг бус шалтгаан байдаг юм билээ. Тухайлбал, энэ 26 хүний 16 нь аж ахуйн нэгжийн удирдлага болон албан тушаалтнууд. Тэдний дунд аж ахуйн нэгжийнхээ тусгай зөвшөөрлийг шуурхай гаргуулахын тулд албан тушаалтнуудад хахууль өгснөө хүлээсэн хүмүүс бий. Тэд ч эрүүгийн хэргээ шуурхай шийдвэрлүүлж, ажлаа хэвийн явуулах хүсэлтэй байсан. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон шинэлэг заалт болох хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүх, прокурорын байгууллагад хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нарт хахууль өгснөө хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорууд хянаж үзээд “боломжтой” гэж дүгнэн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлсэн аж. Гэтэл хэргийг хянаж буй шүүгч нар хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, зайлсхийжээ. Хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх сонирхолтой 16 аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтнуудын хүсэлтийг хянасан шүүгч нар “яллагдагч Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нарын эсрэг нотлох баримт болж, тэдний гэм буруутайг батлах нэг үндэслэл бүрдэн, эрх зүйн байдлыг нь дордуулна” гэж дүгнэн хялбаршуулж шийдвэрлэхээс татгалзсан гэдгийг олон эх сурвалж баталж байгаа. Түүнчлэн Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нарыг 2019 оны тавдугаар сард яллагдагчаар тооцон цагдан хорих захирамж гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандахад шүүгч нь товлосон цагтаа ирэхгүй, хурлаа хойшлуулж, улмаар албадан саатуулах 48 цагийн хугацаа нь дуусмагц сулласныг ч Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн асан аавтай нь холбон хардах хүн хуульчдын дунд цөөнгүй.

Үүнээс шалтгаалан НПГ-аас уг хэрэгт холбогдсон бүх хүний үйлдлийг нэгтгэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дэнслүүлэхээр болсон нь ийнхүү бүтэн жил хоёр сарын өнгөрчихөөд байхад нэг тийшээ шийдэгдсэнгүй.

БАЙГУУЛСАН КОМПАНИДАА ӨӨРСДИЙН ОЛГОДОГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ӨГСӨН БАЙЖЭЭ

Энэ хүмүүс чухам ямар хэрэгт холбогдсоныг уншигчид төдийлөн сайн мэдэхгүй байгаа учраас дэлгэрүүлэн хүргэе.

АТГ-ынхан 2019 оны тавдугаар сарын 15-нд ЭМЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд болох тухайн үеийн сайд Д.Сарангэрэлийн туслахаар ажиллаж байгаад эм хангамжийн байгууллагынтусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн болсон Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Н.Чимэдлхам тэргүүтэй хүмүүсийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдан хорьж шалгаж эхэлсэн юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр бүхий 16 компанийн эрх бүхий албан тушаалтан Б.Булгансүрэн, С.Бямбасүрэн, Д.Гантөмөр зэрэг олон хүн дээрх албан тушаалтнуудад хээл хахууль өгснийг тогтоосон юм.

Н.Чимэдлхамын хувьд Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн байсан Гавьяат хуульч С.Нямжав шүүгчийн охин гэдгийг тэднийг анх саатуулах үеэс л цахим мэдээллийн хэрэгслээр бичих болсон. Б.Болорчимэгийн тухайд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн туслахаар олон жил ажилласан нэгэн.

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, мөн газрын эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нар хамтран Эрүүл мэндийн яамнаас эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, протез, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл авахын хүссэн аж ахуйн нэгжүүдийн бүрдүүлж өгсөн материалыг шалтгаангүйгээр удаа дараа буцааж, Тусгай зөвшөөрөл олгох комиссын хурлаар оруулж шийдвэрлүүлэлгүй нэг сараас нэг жил хүртэлх хугацаагаар чирэгдүүлж, хясан боогдуулж хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Дээрх хоёр албан тушаалтан тусгай зөвшөөрөл хүссэн компаниудын бүрдүүлсэн бичиг баримтуудыг үл ялих шалтгаанаар буцаадаг байж. Ийнхүү удаа дараа хүсэлт өгөөд зөвшөөрөл авч чадаагүй аж ахуйн нэгжүүдийн удирдах албан тушаалтнууд бизнесээ хийхийн тулд танил тал хайж, тэднээрээ дамжуулан ЭМЯ-ны мэргэжилтнүүдэд 100 000-15 сая хүртэлх төгрөгийн хахууль өгч байсан нь баримтаар нотлогдсон гэдэг. Зөвхөн нэг компанийн удирдлагыг дээрх мэргэжилтнүүд “Манай байгууллагын нэрийг буруу бичсэн байна, үгийн ийм алдаа гаргасан, гаалийн бичиг дутуу” гэх мэтээр огт шаардлагагүй зүйл нэхэн шантаажилж байж. Тиймээс тухайн аж ахуйн нэгжийн удирдлага нь танилаараа дамжуулж Б.Болорчимэг, Н.Чимэдлхам нарт хахууль өгсөн гэж хэргийн холбогдогч нар ярьдаг юм. Дээрх хоёр хүн авсан хахуулийн мөнгөөрөө үнэт эдлэл, нүдний шил гээд эд зүйл авсан нь ч батлагдсан. Түүгээр ч зогсохгүй, Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нар хамтран өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр компани байгуулж, Эрүүл мэндийн яамнаас олгодог бүх төрлийн тусгай зөвшөөрлийг авч өөрсдөдөө давуу байдал бий болгосон, уг компаниа худалдахаар зарын цахим хуудсанд байршуулсан байсныг ч АТГ-ынхан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолсон юм билээ. Тодруулбал, Б.Болорчимэг, Н.Чимэдлхам нар хамтран өөрсдийн хамаарал бүхий Ш.Цэцэг гэх хүний нэр дээр “Повер Хэрб Монголия” гэдэг компани байгуулж албан тушаалаа урвуулан ашиглаж эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл тус компанид олгосон байгаа юм. Ингэхдээ гэрээт шинжээч Ү.Отгонбаатарыг ашиглан эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийн дүгнэлт хууль бусаар гаргуулжээ. Улмаар яамны шат, шатны хурлаар хэлэлцүүлэн 2019 оны дөрөвдүгээр сарын 22-нд ХХ-19/23/3843 дугаар тусгай зөвшөөрөлЭМЯ-ны албан тушаалтнуудын хэрэг шүүхэд дарагдсаар мартагдах уу өөрсдийнхөө компанид гарган давуу байдал бий болгосон байна.

ЭМЯ-НЫ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ГАЗРЫН ДАРГА НЬ ТЗУГ-ЫН ДАРГАДАА НӨЛӨӨЛСӨН ҮҮ

Энэ хэргийн нэг гол холбогдогч нь ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар (ТЗУГ)-ын дарга Б.Цогтбаатар. Түүнийг эл салбарын сайдад нэр дэвшүүлээд байхад нь тухайн үеийн АТГ-аас Засгийн газрын тэргүүн, өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан хүргүүлсэн “Ашиг сонирхлын зөрчилтэй, эрүүгийн хэргийн яллагдагч” гэсэн утга бүхий бичиг хүргүүлсэн талаар бид мэдээлж байсан. Уг бичгийг үндэслэн Ерөнхий саналаа эргэн харж, хэдхэн цагийн дотор шийдвэрээ өөрчлөн Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилуулж байсныг уншигчид санаж буй нь лавтай. Тухайн үед Б.Цогтбаатарыг Эрүүгийн хуулийн 22.1-д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татах тогтоол НПГ-аас баталж, АТГ-ын мөрдөгчид түүнийг танилцуулан мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж байсан юм. Тэрбээр тус яамны ТЗУГ-ын дарга бөгөөд Тусгай зөвшөөрлийн комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжид давуу байдал бий болгосон хэрэгт холбогдоод буй. Хэрхэн давуу байдал олгов гэдгийг тодотгоё. 2019 оны дөрөвдүгээр сард Ц.Наранбаяр эзэнтэй “Эн Ар Би” ХХК “эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх”, “И Ти Эн” ХХК нь Сэргээн засах төвийн “эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх” тусгай зөвшөөрөл авахаар ЭМЯ-нд ханджээ. Харин тус компанийг төлөөлөн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин ТЗУГ-ын даргаасаа гуйсан аж. Энэ хүсэлтийг нь Б.Цогтбаатар ёсоор болгохын тулд ЭМЯ-ны гэрээт шинжээч эмч Ү.Отгонбаатар руу утасдан дээрх хоёр аж ахуйн нэгжид олгох тусгай зөвшөөрлийн төслийн материалыг урьдчилсан байдлаар уншуулж, засуулан бэлтгүүлсэн байна. Улмаар Тусгай зөвшөөрөл олгох комиссын 2019 оны тавдугаар сарын хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулан Ц.Наранбаярт давуу байдал бий болгосон нь тогтоогдсон байдаг. Шинжээч эмч Ү.Отгонбаатар ийнхүү Ц.Наранбаяр эзэнтэй “Эн Ар Би” ХХК-д дүгнэлт гаргаж өгснийхөө төлөө уг аж ахуйн нэгжийн удирдлагаас удаа дараагийн гүйлгээгээр 1.5 сая төгрөг хахуульд авсныг АТГ-ын мөрдөгчид баталсан аж. Зөвхөн дээрх компаниар тогтохгүй “Их шүүдэргэнэ Ариунаа” ХХК-ийнхан ажлын байрныхаа угсралт, зохион байгуулалтыг дутуу хийснийг нууж, шаардлага хангасан мэтээр дүгнэлт гаргуулахын тулд 2019 оны тавдугаар сард иргэн Т.Ариунаа 1.5 сая төгрөг шилжүүлснийг хамт ажилладаг шинжээч эмч Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг нартай хуваан авсан нь ч шалгалтаар илэрчээ.

АТГ-ынхны шалгаж тогтоосон, ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга асан Б.Цогтбаатар, мэргэжилтэн Н.Чимэдлхам, Б.Болорчимэг тэргүүтэй 26 хүнд холбогдох эрүүгийн 1841000830157 дугаартай хэргийг энэ сарын 16-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр болоод буй. Хэргийн холбогдогч 26 хүн, тэдний өмгөөлөгч нар элдэв шалтаг хэлж хойшлуулалгүй, гэм буруутай, эсэхээ хурдан тогтоолгож, салах сонирхол байдаггүй л юм байх даа. Цагаан захтан, төрийн өндөр албан тушаалтан бусад хүний хэрэг шиг хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээнэ гэвэл мөддөө шийдэж чадахгүй. Хясан боогдуулж хахууль авсан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа багадаа л 10 жил байдаг. 2019 онд хэргийг илрүүлэн шалгаж эхэлснээр тооцож үзвэл 2029 онд л хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах нь. Тэгэхээр хэргийн оролцогчид шүүн таслах ажиллагаанд саад учруулалгүй, жил тойрон товлож буй хэргийг хурдан дэнслүүлбэл шүүгч, прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч гээд хэн хэндээ л хэрэгтэй сэн.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 thoughts on “ЭМЯ-ны албан тушаалтнуудын хэрэг шүүхэд дарагдсаар мартагдах уу

  • Baatar says:

    Shuuxiin shiidber xaraaxan garaagui baigaa ni unen.Obchin emgegtei xolbootoi xural xoishlogdood baigaa.Gebch neg salbart bgaa noxtsol baidliig bichij bgaa dur esgej udaa daraa busdiin ner xunded xaldaad bgaa onoodor soninii noxor chi ene dabtamjtai zaxialgat busdiin ner xunded xaldsan ajillagaagaa zosoobol taarna shuu.Xeniig ch gem buruutai esexiig togtoogopgui baixad chi muu xolsnii nobsh chi sooshlaar busdiig ard tumend buruutai meteer yalladag xen be ta.Anxaaruulsan shuu shuuxiin shiidber garsanii daraa chamtai tootsoo xiine.Chamaar xen iim zuil xiilgeed bgaag 100 xubi medej bgaa shuu

  • ЭМЯ says:

    Тэр компаниудад ямарч эрх олгоогүй байдаг юм. Худал цуурхал улс төрийн захиалгат жүжгээ. Шүүх хурал нь өөрөө болохгүй байгааг яах юм бэ!!!

  • Anonymous says:

    Мөнхсайхан чи боль