Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мэргэжлийн хяналтынхан ажлаа хариуцлагатай хийнэ үү

Өвөл дөхөхөөр үнэн голоосоо айдаг болоод хэдэн жилийн нүүр үзэж байна. Орон сууцын хананаасаа жиндээд, орцонд байгаа мэт мэдрэмжтэй өвөлждөг болохоор тэр. Сийгэх нүх, сиймхийгүй болтол дулаалсан хэрнээ л цаанаа жиндүү байдаг нь барилгын гаднах дулаалгыг анхнаасаа муу хийсэн, зарим газраа огт байхгүйтэй холбоотой. Барилгын гүйцэтгэгч компанийн хуудуутай ажил гэсэн үг. Гаднаас нь харахад гоё чулуун хана. Дундах хөөсөн, хөвөн дулаалга нь байхгүй. Чулуун хавтангуудыг төмөр өлгүүр шиг зүйлд бэхлээд орхино. Өөрөөр хэлбэл, барилгын дотор, гадна хана хооронд хөндий буюу “нүцгэн” гэж болохоор. Ийм байхад дотор талаасаа мянга дулаалаад нэмэргүй. Шөнө унтаж байхад чих, хамрын үзүүр даараад сэрчихнэ. Залуу хүмүүс яах вэ, учиртай гэж бодоход хүүхэд, настайчууд өдөржин гэртээ өвлийн гутал, үстэй өмд, цамцтайгаа бээвийж суудаг юм. Үүнээс болж ханиад хүрэх, хоолой нь сэрвэлзэх асуудал байнга шахам тулгардаг. Ийм чанаргүй барилга хүлээн авч, ашиглалтад оруулах зөвшөөрөл олгодог Улсын комиссынхонд оршин суугчид гомдолтой байна.

Нийслэлийн Хан-Уул, Баянзүрх дүүргийн олон иргэнтэй уулзахад ийм гомдолтой байгаагаа хэлсэн юм. Тэдэнтэй адил зовлонтой өвөлждөг хүн Улаанбаатарын орон сууцуудад өчнөөн бий. Ялангуяа сүүлийн үеийн “ганган”, үнэтэй байрнуудад түгээмэл байдаг алдаа, дутагдал нь энэ мэт дулаалгатай холбоотой. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдэгчлэн гадна, дотор хананы дунд юу ч байхгүй болохоор өвөл орон байр нь “зоорь” болдог нь аргагүй. Барилга барьж, ажил гүйцэтгэж буй хүмүүсийн сэтгэл дутдагаас гадна мэргэжилтэй барилгачдын хүрэлцээ ч үүнд нөлөөлдгийг учир мэдэх хүмүүс ярьж байлаа. Хамгийн гомдолтой нь тийм хөндий хонгил шахам зүйлийг “орон сууц мөн, хүн амьдрах боломжтой, асуудалгүй” гэж хүлээж авдаг, барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комисс гэсэн “гуншинтай” хэсэг хүн иргэдийн өмнө ямар ч хариуцлага хүлээдэггүй явдал юм. Уг нь барилга барьж байх явцад ганц, хоёр удаа бус, тодорхой ажлын гүйцэтгэлүүдийн үед ажлын талбарт нь ирж хяналт тавьдаг бол ийм асуудал үүсэхгүй нь лавтай. Ялангуяа цахилгаан, дулааны холболт, гадна дулаалгын гүйцэтгэлийн үеэр. Ингэхдээ хяналтын багийнхан, тодруулбал, олуул ирж булан тохой бүрт хүрч шалгаж, хянадаг, дутуу бол засаж залруулах үүрэг өгөөд түүнийхээ дагуу байнга хянадаг бол хүний нүд хуурах явдал аажимдаа үгүй болж, цэгцрэх нь мэдээж. Үүнд мэргэжлийн хяналтын байгууллагынхан онцгой үүрэгтэй байх ёстой. Гэтэл өнөөдөр манай барилгын салбарт ийм хяналт шалгалт ор нэр төдий, ихэвчлэн цаасан дээр явагддаг нь эцсийн дүндээ иргэдийн уурыг барах болов.

Өөрөөр хэлбэл, барилгын чанарыг хянаж шалгах учиртай мэргэжлийн хяналтын байгууллагынхан ажилдаа хариуцлагагүй хандаж байна. Хяналтын хэмээх тодотгол, “шошготой” байцаагч нар барилгын ажлын явцыг талбар дээр нь хянадаг ч ихэвчлэн хоёроос хэтрэхгүй удаа очдог нь үнэн. Ингээд барилгыг хүлээн “авахаар” нэг удаа очоод, энд тэндээс нь хараад явдаг нь худлаа биш. Тэр үед нь дотор, гадна ханын хооронд юу байгаа нь, ямар зүйл дутуу, хуудуутай зэрэг нь харагдахгүй, битүү “гял цал” байшин угтана. Уг нь бол барилгын чанарыг шалгах нэртэй ч ханын цаас, плитаг хэрхэн наасныг, таазыг яаж будсаныг л хардаг юм уу гэлтэй. Нэгэнт гүйцэтгэлийг нь дуусгасан бол тэр байшин, орон сууцын барилга чанартай, эсэх нь хяналтын байцаагч, комиссын гишүүдэд огт падгүй мэт. Иргэдийн нэг насны баяр жаргал, сэтгэл ханамжтай амьдрах баталгаатай орчин мөн үү гэдэгт уг нь сэтгэлээ чилээх ёстой хүмүүс бол гүйцэтгэгчээс гадна Улсын комиссынхон шүү дээ. Барилгын компаниудын дулимаг хийснийг хүлээж авахгүй байхад л Монголын барилгын салбарт хөгжил ирнэ. Үүний тулд Улсын комиссын бүрэлдэхүүнийг ажлаа хариуцлагатай хийж байгаа, эсэхэд хяналт тавьдаг тогтолцоо бий болгох ёстойг учир мэдэх хүмүүс хэлж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр манай улсад барилгын зөвшөөрөл өгөх, гүйцэтгэлийн явцыг хянах, бэлэн болсныг нь хүлээн авах ажлыг хэдхэн хүн албан өрөөндөө сууж байгаад шахам л хийж байгаа хариуцлагагүй тогтолцоог шинэчлэх хэрэгтэй.

Барилгын чанарыг хянах, хүлээн авах комисст чадварлаг инженерийн баг ажиллуулдаг туршлага Европын орнуудад бий. Ингэхдээ улсын гэсэн тодотголтой ганц комисс бус, барилгын хяналтын компаниуд ч байдаг аж. Барилга барих эхний үе шатнаас л тэд ажлаа эхэлдэг бөгөөд материал, стандартад анхаарч, гүйцэтгэлийн явцад тодорхой шат дараалалтай хяналт тавьдаг. Түүнчлэн барилгын гүйцэтгэгч компанийн мэргэжилтэй боловсон хүчний тэнцвэрт хяналт тавьдаг гэсэн. Учир нь барилга, орон сууцыг хүний амьд, эрүүл явахад чухал нөлөөтэй хүчин зүйлд тооцдог байна. Ийм учраас л барилга, байгууламжийн чанарт хяналт тавих багийнхныг барилгын эмч гэх нь бий. Манайд бол барилгын чанарын хяналт холбогдох яам, мэргэжлийн хяналтын байгууллагад л төвлөрч байгаа нь том дутагдал. Хөндлөнгийн хяналтгүй, давуу эрхтэй байгаа тэд чанаргүй барилга хүлээж авсан ч хариуцлага хүлээх хууль, эрх зүйн зохицуулалт алга. Хяналт тавьж, зөвшөөрөл олгосон хэрнээ хариуцлагад ямар ч хамаагүй. Харин “Барилга байгууламжийн ашиглалтын явцад эвдрэл, гэмтэл учрах, нурах тохиолдолд зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, өмчлөгч, эзэмшигч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн аль буруутай тал нь хариуцлага хүлээнэ” гэсэн дүрэмтэй.

Угтаа бол барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комисст хамгийн чухал үүрэгтэй хүмүүс нь мэргэжлийн хяналтын байцаагч нар юм. Гэтэл уг комисст мэргэжлийн хяналтын байцаагч хоёроос хэтрэхгүй байхаар заажээ. Бэлгэдэл төдий гэмээр. Гэхдээ цөөхөн байх нь ажлаа хариуцлагатай хийх боломжгүй гэсэн үг биш. Хамгийн чухал нь сэтгэл бөгөөд бусдад аз жаргал бэлэглэдэг ажил хийж байгаагаа ухамсарлах нь л чухал.

Сүүлийн жилүүдэд чанаргүй барилгын гомдол тасрахгүй байгаад өөрсдийгөө буруугүй гэж мэргэжлийн хяналтынхан өмгөөлдөг бөгөөд үүнийг яам, Тамгын газрынхны холион бантан, томилгоо, харьяалалтай холбон тайлбарладаг юм билээ. Тодруулбал, барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссыг ажиллуулах, зөвшөөрөл олгох эрх нь 2003-2008 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт байсан бол 2009 он хүртэл Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн төвд шилжүүлжээ. Үүний дараа эргээд мэргэжлийн хяналтын байгууллагад эрхийг нь олгосон ч гурван жилийн дараа бас л “самарч” тухайн үеийн нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт өгснөөр өнөөх Улсын комиссын бүрэлдэхүүнээс мэргэжлийн хяналтын байцаагч нарыг хассан аж. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын үйл ажиллагаа явуулах эрх нь өдгөө Барилга, хот байгуулалтын яам, нийслэлийн Хот байгуулалтын хөгжлийн газарт хамаатай. Тус газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн даргаар ахлуулдаг уг комиссын бүрэлдэхүүнд мэргэжлийн хяналтын байцаагч, захиалагч, ханган нийлүүлэгч байгууллага болон ерөнхий, туслан гүйцэтгэгч компаниуд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл багтдаг юм байна. 2014-2019 онд мэргэжлийн хяналтын байцаагчгүй ажилласан хугацаанд ашиглалтад оруулсан барилгуудад чанарын доголдлын гомдол түлхүү гардаг гэж ярьдаг юм. Гэтэл хамгийн эхэнд өгүүлсэн жишээнд дурдсан орон сууцын барилгуудын дунд өнгөрсөн жил ашиглалтад оруулсан нь ч бий. Мэргэжлийн хяналтын байцаагчтай үеийнх гэсэн үг. Иргэд тэдний ажилд “муу” дүн тавьж байгаа нь бодит үнэн.

SONY DSC

Мэргэжлийн хяналтын байгууллагынхан ажлаа хийдэггүй, ямар ч уялдаа холбоогүй байдгийг өгүүлэх өөр нэг жишээ байна. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Могул” хотхоны нэгэн байрны оршин суугч өнгөрсөн наймдугаар сард хоёрдугаар давхрын тагтны хашлагаа сэтлэн нийтийн өмчлөлийн газар луу халдаж, ногоон байгууламжийг нь сүйтгэн, зам тавьжээ. Тухайн хотхоны СӨХ-ноос үүнийг эсэргүүцэж, орцоороо орж, гарахыг шаардсан ч байрны эзэд үл тоож, элдвээр доромжилсон учраас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт энэ талаар мэдээлж, хүсэлт гаргасан аж. Хэд хоногийн дараа нэг байцаагч ирж, зөрчлөө арилгахыг тухайн айлд нь хэлээд шаардах хуудас бичээд явжээ. Мөн л үл ойшоосон учраас иргэдийн төлөөлөл тус газар луу утасдаж гомдлоо хэлж, бас 11-11 дугаарын утсанд хандсан аж. Сар орчмын дараа 11-11 утаснаас илгээсэн хариугаар бол иргэдийн гомдлын дагуу арга хэмжээ авч, зөрчлийг арилгууллаа гэсэн мэдээлэл нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн гэнэ. Зөрчил арилаагүйгээр барахгүй өнөөх айл ногоон байгууламж руу дахин түрэмгийлж, кафе, үсчин ажиллуулахаар тагтаа орц, гарц болгож шийдээд өдгөө үйл ажиллагаа явуулаад эхэлжээ. Иргэд тухайн айлын эрхэлж буй үйл ажиллагааг эсэргүүцээгүй, орц, гарцаа нийтийн эзэмшлийн буюу дундын өмчлөлийн талбайд бус, барилгынхаар нь шийдэхийг шаардсан. Энэ асуудлыг өдгөө ч шийдээгүй байгаа учрыг ердөө хэд хоногийн өмнө асуухад Байгаль орчин, Барилгын хяналтын хэлтсийн байцаагчдын дунд нь “ороод алга болсон” сурагтай. Тэгсэн байтлаа хариугаа аль эрт өгөөд ажил “хийснээ” мэдээлсэн байх жишээтэй

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Мэргэжлийн хяналтынхан ажлаа хариуцлагатай хийнэ үү

  • Зочин says:

    Энэ ёстой үнэн. Мэргэжлийн хяналтынхан өөрсдөө хямд байр аваад бүх ажлыг дуусгадаг гэж сонсож байсын байна.