Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эх сурвалж ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг анхлан Засгийн газраас дэмжиж, УИХ-аар хэлэцүүлэхээр өргөн барьжээ. Уг хуульд нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээх нөхцөлийг бүрдүүлэх, шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх харилцааг зохицуулна гэжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид нийтийн эрх ашгийн төлөө нийтлэг үүргийнхээ хүрээнд шүгэл үлээгчийн үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Хойшид ч гүйцэтгэсээр байх болно. Сэтгүүлчид шүгэл үлээгчийг “Эх сурвалж” гэж нэрлэдэг. Эх сурвалж гэдэг маань тухайн зүйлийн талаар баталгаатай, баримттай мэдээлэл хэлж өгч чадах хүнийг л хэлээд байгаа юм. Шүгэл үлээгч ч тийм байх биз. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр тусмаа өдөр тутмын сонин мэдээллээ найдвартай эх сурвалжаас авдаг. Эх сурвалжаа хамгаалах, нууцлах, дэмжиж урамшуулах талаар бүх боломжит аргыг хэрэглэсээр ирсэн. Харамсалтай нь, хууль, эрх зүйн зохицуулалт байгаагүй. Сонинд гарсан мэдээ гэмт хэргийн нотлох баримт болж байсан үе бий. Тиймээс сайд, ялаа хоёрыг сониноор “алдаг” гэсэн ёгт үг гарсан биз.

Эх сурвалжаа нууцлах талаар хууль, эрх зүйн зохицуулалт, хамгаалалт байгаагүй ч өнөөдрийг хүртэл илчилж байсан нь үгүй. Тодорхой хэмжээгээр өөрсдийн боломжоор дэмжиж, урамшуулсаар ирсэн. Тэгээд ч тодорхой дэмжлэг, урамшуулалгүйгээр эх оронч үзэл, итгэл үнэмшлээрээ эх сурвалж болж, шүгэл үлээдэг хүн гэж хаана ч байдаггүй. Харин аргагүй эрхэд шүгэл үлээх нь бий. Эрх мэдэл бүхий тодорхой албан тушаалтан ихэнхдээ найдвартай эх сурвалж болдог. Гэхдээ эдгээр албан тушаалтан зохих хуулийн дагуу “нууц хадгалах” гэрээ байгуулсан байдгийг санах хэрэгтэй.

Шүгэл үлээгчийн нууцыг хамгаалах нь маш чухал. Нийтийн эрх ашиг, сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар эрх бүхий байгууллагад өргөдөл гомдол гаргах, тайлбар өгсөн хүн хуулийн этгээдийг шүгэл үлээгч гэж ойлгох юм байна. Шүгэл үлээгчийн мэдээллийг нууцалж, тодорхойлох боломжгүй болно хэмээн хуулийн төсөлд заасан ч “нууц” хоёр хүн, хуулийн этгээдийн хооронд байдгийг бодох ёстой байх. Өөрөөр хэлбэл, гурав дахь этгээдийн мэдсэн нууц, нууц байх чанараа алддаг. Бичиж өгсөн өргөдөл, гомдол, мэдээлэл гэмт хэргийн нотлох баримт боллоо гэж үзвэл хуулийн байгууллагуудын аль нэг шатанд нууц биш болох эрсдэл байсаар байх болно. Тайлбар өгнө гэдэг гэрч болно гэсэн үг. Хэдийгээр Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль бий ч гэрч болон архивын баримт үлдээн нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээх нь хэд бол? Мөн нууцлах тусам “матаач”, “хутган үймүүлэгч”, “популистууд” ажилтай болдог. Хүн хоорондын харилцаа бий болсон цагаас хувийн өчүүхэн эрх ашгийн төлөө “өшөө авагчид” байсан, хойшид ч байна гэдгийг бодолцох асуудал.

Нийтийн эрх ашгийг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл дамжуулж, нийгэмд хүргэсээр л байгаа. Шүгэл үлээгч эрх бүхий байгууллагын холбогч нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр тусмаа өдөр тутмын сонин байх боломжтой. Өөрөөр хэлбэл, уламжлалт эх сурвалждаа суурилан Шүгэл үлээгч-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэсэн нийгэмд хүртээмжтэй, найдвартай, нийтийн эрх ашгийн төлөө суваг бий болгох боломжтойг эрхэм хууль тогтоогчид болгооно гэж найдаж байна.

Бэлтгэсэн Б.Баярмагнай

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.