Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

О.Цогтгэрэлийг даргаар сонгосон онц их хуралд О.Тулгат, С.Эрдэнэ нар оролцсонгүй

АН-ынхан өнгөрсөн баасан гарагт онц их хурлаа хийж, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг даргаараа сонгон, батламжлав. Улмаар Үндэсний бодлогын хороо нь хуралдаж, УИХ-ын гишүүн, сайд асан Л.Гантөмөрийг ерөнхий нарийн бичгийн даргаараа сонгон, батламжилсан юм. О.Цогтгэрэл ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Гантөмөрийн нэрийг дэвшүүлсэн бөгөөд Л.Гантөмөр багтаа УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Х.Тэмүүжин, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин зэрэг хүнийг урьж ажиллуулахаа илэрхийлсэн. АН-ын дарга О.Цогтгэрэл “Тэмцэл, талцалд ялагч тал гэж үгүй. Гагцхүү ганц ялалт бий нь эвлэрэл. АН-ын хувьд дан ганц эвлэрэл байгаад ч төр болтол бүтэцжсэн эрх баригчдыг ялж, засгийн эрхийг авах боломжгүй. Эвлэрэл дээр нэмэх нь шинэчлэл хэрэгтэй. Ийм учраас асуудал үүсгэж буй талуудын алинтай ч амин хувийн эрх ашиг, аль эсвэл үл ойлголцол байхгүй учраас эвлэрэл, нэгдлийн гүүр болъё гэж, эргэн сэргэх шинэчлэлийн элч болъё хэмээн зориглож, амаргүй энэ асуудлын голоор орж, АН-ын даргын сунгаанд нэрээ дэвшүүлсэн” хэмээсэн.

Хурлын төлөөлөгчид маргаан дагуулаад буй талцлаа зогсоох, намын дүрэмд зарим өөрчлөлт оруулах талаар түлхүү санал хэлж байв. Тухайлбал, гишүүнийг намаас хөөдгийг болиулах, анхан, дунд шатнаас сонгогдсон хүнийг аливаа сонгуульд нэр дэвшүүлэх зэрэг заалтыг дүрэмд оруулах ёстой гэж санал гаргасныг олонх нь дэмжсэн байна. Онц их хуралд бүх аймаг, сум, дүүргийн намын байгууллагын дарга тэргүүтэй 1258 төлөөлөгч оролцож, ирц 95 хувьд хүрчээ. Харин эв нэгдлийг хангасан, эсэх, энэ өдрөөс маргаан, талцалгүй байх, эсэх тухайд эргэлзээ хэвээр буй. Учир нь өмнөх өдөр нь М.Тулгат тэргүүтэй АН-ынхан уг хуралд оролцохгүйгээ мэдэгдсэн. Тодруулбал, М.Тулгат “Тус намын гэрчилгээ, тамгатай холбоотой маргаантай асуудал өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдсэнгүй. Гэхдээ хоёр талд гарсан хүмүүсийн аль аль нь эрх бүхий этгээдүүд тул ойлголтын зөрүүтэй олон мянган гишүүн, дэмжигчээ хүндэтгэн, намын цаашдын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэхээр онц их хуралд оролцохоор болсон. Гэсэн ч тус хурлын төлөөлөгч хэт нэг талыг баримталж, гишүүдийн дунд үл ойлголцол үүсгэж байгаа тул үүнийг эвлэрсэн талуудын хурал гэж харах боломжгүй. Онц их хурлыг хойшлуулах саналыг олон удаа гаргасан ч тэд эвлэрсэн гэж зүтгэж байна. Намын дотоод асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хугацаа хэрэгтэй. Талууд харилцан зөвшилцөж байж хуралдах ёстой” гээд онц их хурлыг хүчин төгөлдөр бус хэмээсэн юм. Мөн онц их хурал болсон өдөр С.Эрдэнэ, О.Тулгат тэргүүтэй хүмүүс Улс төрийн намын тухай хуулийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан зарим хүнийг шагнаж байлаа.

Онц их хуралд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Улсын баатар Э.Бат-Үүл, өдгөө УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй хүмүүс ирсэн нь анхаарал татсан. Хуралд Э.Бат-Үүл илтгэл тавьсан бөгөөд тэрбээр “Өнгөрсөн сонгуулиар би намынхаа залуучуудтай хамтарч ажиллахдаа үнэхээр бахархсан. Тэд бие биеэ нөхөж, баг болж ажиллаж чадсан. Хувьсгалын үеийн залуус ийм байдаг. Бид ардчилсан хувьсгал эхлүүлж байхдаа яг тэдэн шиг ажиллаж, амжилтад хүрсэн. Одоо та нарт жаахан зориг, уур, бухимдал хэрэгтэй. Өнөөдрийн аюултай тогтолцооноос гарахын тулд манай нам нэгдэхээс өөр ямар ч аргагүй байгаа. М.Тулгат тэргүүтэй залуус энд ирээгүй ч битгий тэдэнд уурлаарай. Тэд нэгдэхгүй гээгүй. Нэгдэх гинжин урвал явж байгаа, цаашид ч үргэлжилнэ. АН анх удаа хагараагүй, хагарч нэгдэж сурсан арвин туршлагатай нам. Хагарч үзсэн нэгдэж чаддаг нам шүү дээ. Бид өнгөрсөн хугацаанд МАН-д нэг ч ялагдаагүй, зөвхөн хагарсан үедээ л ялагдсан байсан. Одоо нэгдэж чадвал дахин 30 жил ялна. Миний насан дээр залуучууддаа өгөх гээд сууж байна. Асуудлыг сэтгэл хөдлөлөөр битгий шийдээрэй. Нөгөө талд байх хүмүүстээ хаалгаа нээлттэй хэлэлцээрт бэлэн байгаарай. АН сая яагаад хагарсан гэхээр дарга удирдах гээд байсан. АН-ыг дарга биш, манлайлагч удирдаж авч явдаг шүү” гэсэн бол УИХ-ын гишүүн С.Одонтуяа намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагаа төлөөлөн үг хэлэхдээ “Энэ танхимаас бүгдээрээ гар гараа бариад гарна гэдэгт итгэж байна” хэмээн эвлэлдэн нэгдэхийг уриалсан. Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “АН хагараагүй, цулаараа байгаа. МАН-ынхан Дархан-Уулын замыг “будаа болгож” байхад тэндээс Ардын намын гурван нэр дэвшигч сонгогдоод байгааг би гайхаж байна. МАН-ыг ялах нь бидний зорилго биш, Монголыг хөгжүүлэх нь манай намын хийх ажил” гэсэн бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “АН хаана байх, дарга нь хэн байхыг улсын бүртгэл, шүүх, тэр ч бүү хэл МАН ч шийдэхгүй. Монгол төрөөс АН-ынхан явж, ялагдаж болно. Харин Монгол улсаас ардчилал, эрх чөлөө явахгүй” хэмээлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “О.Цогтгэрэлийг даргаар сонгосон онц их хуралд О.Тулгат, С.Эрдэнэ нар оролцсонгүй

  • иргэд says:

    Хувийн компаны захирал нь оролцоогүй болохоор компаны хурал хүчин төгөлдөр үү?