Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголчуудын эв нэгдлийн шүтээн Бурхан халдун хайрхан

Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөр маргааш тохионо. Уг өдөрт зориулан Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ухааны доктор Х.Мэндсайхан болон Урлаг судлалын ухааны доктор, профессор, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуян нарын хамтарсан бүтээлийг хүргэж байна.

Монголчууд эртнээс хотол олноороо амар амгалан байх, ажил үйлсээ бүтээхэд тухайн газар нутгийн ноён оргил, онгон хайрхнаа тахилгын орон болгож, хаан эзнээс харц ард бүгд нэгэн адил хүндэтгэн тахидаг байсан зан үйл нь нэг талаас эвсэн нэгдэх үзэл санааг бүрэлдүүлсэн юм.

Эрдэмтэн Ч.Жүгдэр “Эртний монголчууд нэг талаар байгальтай тэмцэл хийж түүнийг ялах, давах арга ухаан сүвэгчлэхийн хамт нөгөөтээгүүр, түүний эрхшээлд автаж арга мухардахдаа байгалийг шүтэж, эзэд онгод гэгчийг бишрэх” болсныг онцлон дүгнэжээ.

Чингис хаан монгол олон аймгийг нэгтгэн Их Монгол Улсыг байгуулан, монголчуудын байгалийг шүтэх, хайрлах язгуур чанарт тулгуурлан Хан Хэнтий-Бурхан халдун хайрхныг дээд тэнгэр, газар эх, хүмүүн эрдэнэ гурвын амин холбоост шүтээн болгон тахисан нь эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон ажээ. Тодруулж хэлбэл, монголчуудын онгон хайрхнаа тахих зан үйлд тэнгэр, газрыг шүтэлцүүлэн нэгтгэх үзэл санаа тусгагджээ. “Монголын нууц товчоо”-нд “Тэмүүжин Бурхан халдунаа зугтааж баригдсангүй билээ. Мэргэдийн явсан хойно Тэмүжин уулнаас бууж өвчүүгээ дэлдэж тэнгэр өөд харж өгүүлрүүн “Бурхан халдуны ачаар амьтай гарав. Үүнээс хойш үеийн үед тайж (тахих) байсугай” хэмээн бүсээ хүзүүндээ өлгөж, малгайгаа гартаа эгэлдэрч, есөн удаа сөгдөж исэг цацаж залбирсан бөлгөө. Их Хан Хэнтийн тайлга эндээс эхлэв” хэмээн өгүүлсэн байдаг.

Академич Г.Лувсанцэрэн абугай “Эзэнт гүрний үед хаан хийгээд түүний төрийг тэнгэр заяат, тэнгэрлэг чанартай хэмээн үзэж байв. Мөнх тэнгэрийг шүтэх үзэл угтаа тэнгэр, агаар, газар дэлхийгээсээ эх үндэстэй, түүнд шингэмэл байх түгээмэл чанарыг эрхэмлэн шүтэж, үүнийгээ эзэн хаан, эрхэт төртэйгөө холбон дээдэлсэн үзэл санаа юм” гэсэн байна.

Угсаатан зүй судлаач, эрдэмтэн Х.Нямбуу “Хуучин Монголын тайх тахиглах нэгэн гол ёс нь уулсын тайлгын овоо бумба босгон түүнээ тэнгэрийн овоо, газрын тэнгэр тайх ёслол байв” гэж тэмдэглэжээ.

“Шастир түүхэд тэмдэглэсэнчлэн Байгал далайн хөвөөгөө орхин, Бурхан халдун хэмээх онгон уулын хажуугаар урсах Онон мөрний эх хавьцаа суурьшин нутаглажээ. Энэ бол өнөөгийн Хэнтийн их уулсын салбар, ариун дархан газар юм.

Уулын хормойд орших өтгөн шигүү нарсан ойн гүнээс сүндэрлэн байх Хэнтий уулын хавтгайдуу оргил, нүцгэн бөмбөгөр тэргүүн нь бараг гурван мянган метр өндөр боржин чулуу, хадан цохионоос бүрдэх бөгөөд монголчуудын хамгийн дээд шүтээн болох мөнх хөх тэнгэр энэ оргил тэргүүн дээр заларсан харагддаг. Амьдралд нь гарсан огцом эргэлтүүдийн их үед Чингис хаан энэ газарт байж, онгон дагшин ууланд гарч, өндөр дээд тэнгэрийн ивээл соёрхлыг хүртдэг байсан аж.

Хэнтий уулыг монголчуудын улс орны хувь тавилангийн тодорхойлогч хүчин зүйл гэж үзэх бас нэг учир шалтгаан бидэнд байгаа нь энэ их уулс тайгын шууд үргэлжлэл болсон ой хөвч бүхий умард, говь цөлд хүрэх зам зуур болсон тал хээр бүхий өмнөд гэсэн бүрмөсөн бие даасан хоёр хэсэг болж хуваагддаг явдал юм.

Хан Хэнтий, “Бурхан халдуныг зүгээр нэг тахилгат уулстай эс зэрэгцүүлж, энэ хайрхан бол монголчуудын улс орны хувь тавилангийн тодорхойлогч хүчин зүйлийн учиртай” гэж гадаадын болоод монгол эрдэмтэд өгүүлсэн нь нэн сонирхол татна.

Ийм эрхэм дээдийн шүтээнээ монголчууд хэзээ Бурхан халдун нэрийг нь орхин мартагнуулж Хан Хэнтий гэх болов гэдэг асуулт байсхийгээд гарч ирсээр буй.

“Монголын нууц товчоо” хөлгөн их туульс шастирт “Бурхан халдун” гэсэн нэр 20 гаруй удаа дурдагдсан байгаа ч “Бурхан халдун гэдэг нь бурхан” гэж шууд бичсэн нь нэг биш бий. “Тэмүжиний хойноос, өвсний налархайгаар мөшгөж Бурхан зүг гарав”, “Мэргэдийн хөнхүүлж (холдуулж) Тэмүжин Бурхан дээрээс бууж” гэх мэтээр Бурхан халдуны “Халдун” гэдэг үг нь орхигдож шууд “Бурхан” гэж бичсэн нь хайрхан уулсын нэрийг цээрлэх эртний ёсон зуун зууны үед байсны нэгэн нотолгоо байж магадгүй. Ер нь монголчууд тахилга сүлдэт онгон дагшин уулсаа дэргэд нь буюу олны дунд чангаар дуудан өгүүлэх нь үгүй. Уул хайрхны нэрийг хэлэх нь одоо ч цээртэй билээ. Ялангуяа өөрсдийн эрхэм дээдийн оргил уулсаа хайрхан гэж нэрлэсээр ирсэн.

Тэрхүү “Бурхан халдун” гэх эрхэм нэршлийг хэзээ мартав, орхив гэж өнөөгийн “улс төрийн” маягийн сэтгэлгээний өнцгөөс харж итгэх нь учир дутагдалтай болов уу. Магадгүй Манжийн эрхшээлийн үед Бурхан халдун гэх нэрийг л манжууд зориуд хорьсон байх. Гэхдээ тэрхүү нэрийг хатуу хорьсон талаарх сурвалж бичиг өнөө хэр олдоогүй ч олдох магадлалтай билээ. Тэгвэл Хэнтий хан хэмээх нэрийг өөрчлөөгүй. Хэнтий хан гэх нь ганц, хоёр уулын нэр бус, их уулсын нэр байх учиртай тул эс орхигдоно.

Эфү Юндэндорж, Артсэд нар Хан Хэнтий уулыг сүр дуулиантай тахих үед тэр өдрийн тухай бичсэн тэмдэглэлд “Дээд эзний нүүртэй хишигт Тэнгэр маш цэлмэг, салхи, бороо үгүй. Үдэш багахан бороо уулын савдаг сүслэн буулгасан бөгөөд боолуудаас эхлэн харц бүгд тэнгэрийн хишигт мөргөв… Бөх барилдуулан намнан харвав” гэжээ.
Архивын сурвалж бичигт “Хан Хэнтий уул чухам манай дээд Чингис богд үүд нээсэн орон, маш өндөр их буян хишиг бүрдсэн гайхамшигтай хайрхан мөн болоод эртнээс манай Өндөр гэгээн, дээд ноёноос нааш цөм залбиран тахиж, тайсаар ирэв” гэсэн байна. Энэ нь Хан Хэнтий хайрхныг тахих эх үүсвэрийг Чингис хаан анх нээсэн, ард түмний ахуй амьдралд хишиг хувиа хүртээсэн гэсэн санааг илэрхийлсэн ажгуу.

Н.Магсаржав Манжийн хаан 1772 оноос эхлэн Хэнтий хан уул, Хан уул (Богд уул), Отгонтэнгэр энэ уулыг тогтмол тахиж наадам хийх хуультай болгосон тухай, эрдэмтэн Х.Нямбуу Богд хан уулыг 1778, Отгонтэнгэр уулыг 1779, Хан Хэнтий уулыг 1819 онд тахисан талаар тус тус бичсэн байдаг.

Монголын Үндэсний төв архивын Манжийн үеийн хөмрөгт 1784 оны “Хан Хэнтий уулыг тайхад цай зарсан”, 1816, 1818, 1819 оны “Манж хаанаас Хан Хэнтий уулыг тахих болсон тухай” нугалбар бичгүүд хадгалагдаж буйгаас эшилбэл, 1819 оны “Хан Хэнтий уулыг анх тайсан тухай” бичигт “…Зарлигийг дагаж, хүж, торгыг өргөн анх удаа Хэнтий хан уулыг тайх тул илүү дөрвөн сарын шинийн гуравны хөх морин өдөр боол Юндэндорж, Бохионы хамт Чуулганы дарга, Цэцэн хан Артасэд нарыг авч хичээнгүйлэн… тахив” гэжээ.

Цаашид он цагийг урагшлуулан Хан Хэнтий хайрхныг тахих зарлиг буулгасан, тахилгын наадам хийсэн тухай лавшруулан судлах шаардлагатай байна. Ташрамд өгүүлэхэд, Хан Хэнтий хайрхныг тахих, наадам хийх тухай он, сар, өдрийг бичээгүй баримт ч нэлээд байдаг. Бидний судалгааны явцад Манжийн үеийн хөмрөгөөс олдсон 1815 оны “Захих бичиг” нэртэй нугалбарт бичигт “…Хан Хэнтий хайрхны хишиг ивээлийг үрийн үрд хүртээж өрнөн дэлгэрч ялангуяа одоо цаг цөв болсонд нэн үлэмж зохистой болгох болов уу. Энэ учрыг айлтгавал, Эзэн хаан магад зөвшөөрч айлдмуй за. Үүнд, эндэх Богд тэнгэр хайрхны адил сүрэг байгуулахыг байгаад, тус тусын газраас дөрвөн хошуу малаас нижгээд зүс зохисыг үзэж мал сэтэрлэж, … айлтгасанд, Зарлиг ёсоор болгоож явуулан, дөчин дөрөвдүгээр оноос эхэлж нэгэн жилд хоёр удаа тахиулав…”, мөн “Өндөр гэгээн, дээд ноёноос залбиран тахисан…” гэснээс үзвэл эл бичигт өгүүлэн буй 44 дүгээр он буюу 1779 онд Хан Хэнтий хайрхныг тахисныг, эрдэмтэн Х.Нямбуу абугайн судалгаатай харьцуулан үзвэл, Богд хан, Отгонтэнгэр хайрхнуудтай нэгэн цаг үед тахигдсан байна.

Үндэсний архивын хөмрөг дэх Манжийн үеийн баримтын огноо 1674 оноос эхэлдэг учир цаашид Өндөр гэгээний (1635-1723) үед холбогдох Хан Хэнтий хайрхны тахилга тайлгын тухай баримтыг лавшруулах судлах бүрэн боломжтой юм. Олноо өргөгдсөн Монгол Улсын үед Хан Хэнтий, Богд хан уулыг жилд зун, намар хоёр удаа тахихыг Хууль зүйлийн бичигт хуульчилсныг Ардын засгийн үед уламжлуулан тахиж байгаад 1929 онд Засгийн газраас “… аливаа газар уул, овоо тайхад ард олноос элдэв хэрэглэлийг алба болгон гаргуулж гүйцэтгэх нь… зохилдохгүй тул ардын дур сүсгээр болгон явуулах…” -аар тогтоосон байна.

Цаашид Монголын Шинэ эргэлтийн бодлого, социализмын бүтээн байгуулалтын жилүүдийн үеийн уул, овооны тайлга тахилгын талаар лавшруулан судлах нь эргэлзээтэй, судлагдаагүй олон асуудлын гогцоог тайлах учиртай.
Улмаар 1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгч “Богд хаан хайрхан уул, Хан Хэнтий уул, Отгонтэнгэр уулыг тайх уламжлалыг сэргээх санаачилгыг дэмжих тухай” зарлиг гаргасан нь монголчуудын байгалиа дээдлэх үзэл, зан үйлийн өв соёлоо сэргээхэд чухал болсон юм.

Эдгээр түүхийн сурвалж, архивын баримтын мэдээ болон судлаачдын дэвшүүлсэн оюун дүгнэлтэд үндэслэн үзвэл, Тэмүжин Мэргэдээс зугтаан Бурхан халдун уулнаа нуугдан амьд үлдсэнээр эл хайрхныг хүндэтгэн тахих болсон нь цаашид монголчуудын Эзэн хаан, эрхэт төртэйгөө холбон дээдэлсэн шүтээн хайрхан болсон байна. Монголчуудын онгон хайрхнаа тахилгын орон болгож, хүндэтгэн тахидаг байсан зан үйл нь нэг талаас эвсэн нэгдэх үзэл санааг бүрэлдүүлжээ. Чингис хаан монголчуудын байгалийг шүтэх, хайрлах язгуур чанарт тулгуурлан Хан Хэнтий-Бурхан халдун хайрхныг дээд тэнгэр, газар эх, хүмүүн эрдэнэ гурвын амин холбоост шүтээн болгон тахисан нь монголчуудын эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон гэх үндэслэлтэй юм.

Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ухааны доктор Х.Мэндсайхан

Урлаг судлалын ухааны доктор, профессор, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуян

1
Зөв, гоёЗөв, гоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.