Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Голомт” банкнаас мөнгө нэхэмжилж буй нь үндэслэлгүй гэж прокурорууд дүгнэжээ

“Голомт” банканд орон сууцаа луйвардуулсан хэмээх иргэн С.Урансувдмаа Төрийн ордны гадна суулт хийж хуулийн байгууллагын шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Түүний гаргасан гомдлын дагуу хууль сахиулах байгууллагынхан нэг бус удаа мөрдөн шалгах ажиллагаа явуулсан аж. Улмаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас уг хэргийг хэрэгсэхгүй болгосон бол НПГ-аас хааж байсан аж. Өнгөрсөн зун Төрийн ордны баруун хаалганы дэргэд 60 гаруй хоног суулт хийсний эцэст нь орон сууц авахаар болсон С.Цэвээний охин С.Урансувдмаагийн гаргасан гомдлын дагуу анх Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн шалгаж эхэлсэн юм билээ. Тэрбээр 2013 оны зургадугаар сард “Атилла экспресс” ХХК-ийн захирал О.Уламбаярт өөрийнхөө өмчлөлийн орон сууцыг хүнсний дэлгүүрийн зориулалтаар жилийн 12.6 сая төгрөгийн төлбөртэйгөөр түрээслүүлсэн. Улмаар О.Уламбаяр нь 2013 оны арванхоёрдугаар сард 400 сая төгрөгөөр худалдаж авах гэрээ хийж, өмчлөх эрхийн гэрчилгээг нь эхнэр Л.Энхзулынхаа нэр дээр шилжүүлэн авсан. Гэтэл уг төлбөрөө хийлгүй “Голомт” банканд зээлийн барьцаанд тавьж, 78 сая төгрөгийг хувьдаа авч залилсан гэж гомдол гаргажээ. Уг гомдлыг үндэслэн 2014 оны есдүгээр сард 2002 оны Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар хэрэг үүсгэсэн гэнэ. Мөрдөгч хэргийг шалгаад 2015 онд хоёр, 2016 онд гурван удаа “залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэж хэрэгсэхгүй болгох санал гаргаж. Мөн 2016, 2017 онд шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлснийг прокурор найман удаа нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан гэнэ. Хамгийн сүүлд хэргийг 2018 оны хоёрдугаар сард гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм байна. С.Урансувдмаа “Голомт” банкийг иргэний хариуцагчаар татуулах гомдол гаргасныг Улсын ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар хянаад “Цугларсан нотлох баримтуудаар “Голомт” банкны албан тушаалтнууд хууль зөрчин О.Уламбаярт зээл олгосон гэх үндэслэл тогтоогдохгүй байна” хэмээн гомдлыг хүлээн авахаас татгалзжээ. С.Урансувдмаа нь байраа түрээслүүлэхдээ “Итали хэлтэй учраас гадаадаас жуулчид авчирч чадна” хэмээн О.Уламбаяртай тохиролцон хамтран ажиллахаар болж, “Атилла экспресс” ХХК-ийн аялал жуулчлал, гадаад харилцаа эрхэлсэн захирлаар томилогдсон аж. Ингээд “Атилла экспресс”-ийн тэнцүү хувь эзэмшигч болохын тулд байраа барьцаанд тавьж хөрөнгө оруулалт хийхээр болж. Улмаар С.Урансувдмаа байраа барьцаанд тавьж банкнаас зээл авахаар тохиролцсон нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон гэнэ. С.Урансувдмаа, О.Уламбаяр нар банканд давхар зээлтэй байсан тул Л.Энхзулыг гуйж байр худалдаж авч байгаа мэтээр баримт бүрдүүлэн ипотекийн найман хувийн зээлд хамруулахаар ярилцаж, С.Урансувдмаа, Л.Энхзул нарын хооронд орон сууцыг 140 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ (төлбөрийг 2013 оны наймдугаар сард дотор төлж дуусгах, урьдчилгаа 45 сая төгрөгийг “Голомт” банканд байршуулан, үлдэгдлийг тус банкны зээлээр санхүүжүүлэх) байгуулсан аж. Дараа нь татвар бага төлөх зорилгоор орон сууцыг 40 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ дахин хийсэн байна. Улмаар С.Урансувдмаа нь өөрөө Чингэлтэй дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн газарт “байрыг Л.Энхзулд зээлээр худалдаж байгаа тул өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн өргөдөл гарган, ордерыг нэр дээр нь шилжүүлсэн гэдгийг ч шалгалтаар тогтоожээ. Эрүүгийн хэрэг шалгаж байх явцад О.Уламбаяр, Л.Энхзул нар “Голомт” банкнаас авсан зээлээ төлж, орон сууцыг нь банкны зээлээс чөлөөлөн, С.Урансувдмаад өмчлөх эрхийг нь сэргээх санал тавьсан боловч хүлээн аваагүй гэдэг.

Бэлтгэсэн Г.Орчлон

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.