Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Хүн төрөлхтөн уур амьсгалын асуудлыг үл тоомсорлох нь булшаа ухахтай адил”

Сүүлийн зургаан жилд хамгийн их халж, ажиглалт явуулсан түүхэнд тэмдэглэгдсэн бөгөөд хүлэмжийн хийтэй тэмцэхээр өгсөн бүх амлалтаа биелүүллээ ч ирэх 10 жилд манай гаргийн температур хоёр градусаас давж нэмэгдэхээр байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Шотландын Глазго хотод болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай ерөнхий конвенцод нэгдсэн орнуудын 26 дугаар бага хурлын үеэр мэдэгджээ.

“Парисын хэлэлцээр байгуулснаас хойших зургаан жил хамгийн их халсан. Олборлодог түлшнээс хараат байдал хүн төрөлхтнийг ангал руу түлхэж байна. Энэ байдлыг өөрчлөх үү, эсвэл үүнд даруулах уу гэсэн хатуу сонголт бидний өмнө тулгарлаа. Нүүрстөрөгчөөр өөрсдийгөө хөнөөж, байгальд бохирын нүх шиг хандахаа, улам гүн гүнзгий ухахаа больё. Ингэх нь бид булшаа ухаж байгаатай адил” гэж тэрбээр хэлсэн байна. Агаарын бохирдлыг тэглэхээр төрийн бус байгууллагуудын хүлээсэн үүрэг хариуцлагад дүн шинжилгээ хийх Шинжээчдийн бүлэг байгуулснаа А.Гутерриш мэдэгдээд, өнгөрсөн 10 жилд байгалийн гамшигт дөрвөн тэрбум хүн нэрвэгдсэнийг тэмдэглэжээ. Хөгжингүй болон хөгжиж буй орнууд нүүрснээс шат дараатай татгалзаж, нүүрстөрөгчгүй болох эвсэл байгуулах ёстой гэж тэрбээр хэлсэн байна.

УУГУУЛ ИРГЭДЭД 1.7 ТЭРБУМ ДОЛЛАР ЗОРИУЛНА

АНУ, Британи, Норвег, Герман, Нидерланд болон хувийн 17 байгууллага уугуул иргэдийг төлөөлсөн бүлгүүдэд 1.7 тэрбум доллар зориулахаар тохиролцжээ. Энэ мөнгийг уугуул иргэдийг газар нутагтай байх эрхээр хангах, ой модыг нь сэргээхэд зориулахаар хамтарсан мэдэгдэлд дурдсан байна. 2025 он хүртэл зарцуулах санхүүжилтэд “Amazon”-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос, “Bloomberg”- ийн Майкл Блүмберг, “Форд”, HP компанийн Уильям Хьюлетт, Дэвид Паккардын сан хандив өргөжээ.

АНУ ХҮЛЭМЖИЙН ХИЙГ БУУРУУЛАХ ТАЛААР МАНЛАЙЛАХ НЬ

АНУ өнгөрсөн хавар зарласан төлөвлөгөөгөө хэрэгжүүлж, хүлэмжийн хийг 2030 он гэхэд 2005 оны түвшинтэй харьцуулахад 50-52 хувиар бууруулах боломжтой гэж тус улсын Ерөнхийлөгч Жозеф Байден Уур амьсгалын өөрчлөлтийн тухай ерөнхий конвенцод нэгдсэн орнуудын 26 дугаар бага хурлын үеэр мэдэгдэв. “АНУ зөвхөн хэлэлцээнд эргэн нэгдээд зогсохгүй, үлгэр жишээчээр бусдыг манлайлахаа дэлхий нийтэд харуулна” гэж тэрбээр амлажээ.

ИНДОНЕЗИЙГ БРИТАНИ ДЭМЖИХЭЭ МЭДЭГДЭВ

Индонезийн эрчим хүчний шилжилтийг дэмжиж, ногоон эдийн засагт нь хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа Британи илэрхийлжээ. Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой Шотландын Глазго хотод уулзахдаа ийм тохиролцоонд хүрснээ Индонезийн удирдагч Жоко Видодо мэдэгдсэн байна. Жакартагийн эрчим хүчний шилжилтийг дэмжиж, хорт хий ялгаруулдаггүй болох зорилтдоо хурдан хүрэхэд нь туслахыг тэрбээр хөгжингүй орнуудад уриалсан аж.

АВСТРАЛИАС ҮЗҮҮЛДЭГ ТУСЛАМЖАА ӨРГӨЖҮҮЛНЭ

Дэлхийн дулаарлын сөрөг үр дагавар нүүрлэсэн Энэтхэгийн болон Номхон далайн бүс нутгийн орнуудад үзүүлдэг санхүүгийн тусламжийн хэмжээгээ Австрали улс өргөжүүлэхийг Ерөнхий сайд Скотт Моррисон нь мэдэгдэв. Тодруулбал, ирэх таван жилд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүчин чармайлтыг санхүүжүүлэх үүргээ 1.5 тэрбум ам.долларт хүргэх гэнэ. Эл хөрөнгө оруулалт нь Номхон далайн бүс нутаг, Зүүн өмнөд Азийн орнууд дэд бүтцээ бэхжүүлэх замаар дэлхийн дулаарлын үед тогтвортой байдлаа дээшлүүлэхэд тус болох аж. Өнгөрсөн ням гарагт эхэлсэн бага хурал энэ сарын 12 хүртэл үргэлжлэх бөгөөд үүнд 200 орчим улсын төлөөлөгч, тэр дундаа 120 улсын төр, засгийн тэргүүн оролцож байна.

“ДЭЛХИЙН УДИРДАГЧИД БОЛ ДҮР ЭСГЭГЧИД”

Шведийн залуу идэвхтэн, байгаль орчныг хамгаалагч Грета Тунберг уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурлыг бүтэлгүйтнэ гэж үзэж байгаа бөгөөд түүнд оролцож буй дэлхийн удирдагчдыг юуг ч өөрчлөх чадваргүй дүр эсгэгчид хэмээжээ. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын асуудлаарх тэмцлийн бэлгэ тэмдэг болсон тэрбээр бага хурал болж буй Глазго хотод дэмжигчдэдээ хандан үг хэлэхдээ ингэж мэдэгдсэн байна. “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг улс төрчид шийдэх чадваргүй, харин өөрчлөлт оруулах шийдэмгий арга хэмжээг олон нийт хэрэгжүүлэх ёстой бөгөөд олон нийт л өөрчлөлтийн хөдөлгүүр болно” гэж тэрбээр хэллээ.

Өнгөрсөн ням гарагт эхэлсэн бага хурал энэ сарын 12 хүртэл үргэлжлэх бөгөөд 200 орчим улсын төлөөлөгч, тэр дундаа 120 улсын төр, засгийн тэргүүн оролцож байна.

МОНГОЛ УЛС ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ 2030 ОН ГЭХЭД 22.7 ХУВЬ ХҮРТЭЛ БУУРУУЛНА ГЭВ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг уулзалтын ерөнхий санал шүүмжлэлд оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэн, үг хэллээ. Тэрбээр “Уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж буй орнуудын нэг болох Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн чармайлтыг бүрэн дэмжиж, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхийн төлөө бүх боломж, нөхцөлийг дайчлан ажиллахаа дахин нотолж байна. Монгол Улс “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” бичиг баримтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж буй хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулахаар ахиулан тодорхойллоо. Дэвшилт технологи, инновац нэвтрүүлж, шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар дээрх зорилтоо 27.2 хувь хүртэл ахиулах боломж байгааг энэхүү дээд түвшний уулзалтын индэр дээрээс дуулгахад таатай байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улс жил бүр ДНБ-ийхээ нэгээс доошгүй хувийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн хор уршгийг бууруулахад зориулж байхаар шийдвэрлэж байна. Энэ санаачилгыг хэрэгжүүлснээр Ази төдийгүй Америк тивд хүрч, байгаль экологи, эрүүл мэнд, эдийн засгийн хор хохирол учруулж байгаа шар шороон шуургыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна” хэмээн мэдэгдсэн юм.

1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.