Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ливан, Персийн булангийн орнуудын хоорондын хямрал хурцдав

Ливан болон Персийн булангийн орнуудын хооронд үүссэн дипломат хямрал хурцдав. Ливаны Элчин сайд нарыг хэд хэдэн улс нутаг буцаахаар болсон бол тус бүс нутгийн нөлөө бүхий Саудын Араб импортоо зогсоолоо.

Кувейт Улс Бейрутээс Элчин сайдаа эргүүлэн татаж, Ливаны Элчин сайдад нутаг буцах 48 цагийн хугацааг өнгөрсөн бямба гарагт өгсөн байна. Үүний өмнө Саудын Араб, Бахрейн ийм шийдвэр гаргажээ.

Дипломат хямрал нь исламын суннит урсгалыг баримтлагч Саудын Араб болон шиитүүдийн “Хезболла” хөдөлгөөн хоорондын ээлжит сөргөлдөөнтэй холбоотой юм. Хэт давруу үзэлтнүүдийн тус хөдөлгөөн нь Ирантай нягт холбоотой бөгөөд Ливаны жинхэнэ захирагч гэгддэг.

Ливаны Мэдээллийн сайд Георг Кордахи Саудын Араб тэргүүтэй Арабын орнуудын эвслийн Йеменд явуулж буй ажиллагааг шүүмжилсэн нь Персийн булангийн гурван улс Элчин сайд нарыг нутаг буцаах хүртэл арга хэмжээ авах шалтгаан болжээ. Георг Кордахи “Al-Ja¬zeera” телевизэд ярилцлага өгөхдөө тус эвслээс явуулж буй ажиллагааг гаднын түрэмгийлэл гээд, хусит босогчид аргагүй хамгаалалт хийсэн гэж мэдэгджээ. Эвслийн хүчнийхэн энгийн номхон иргэдийн гэр орон, оршуулга, хуримын ёслолыг бөмбөгдсөнийг онцлон тэмдэглэсэн байна. Долоон жил үргэлжилж буй Йемений дайныг тэрбээр ямар ч утга учиргүй хэмээн тодорхойлоод, үүнийг зогсоох цаг нь болсон гэжээ.

Одоо үүсээд буй дипломат хямрал нь шиитүүдийн “Хезболла” хөдөлгөөний нөлөө Ливанд улам бүр газар авч байгаатай холбоотойг шинжээчид тэмдэглэж байна. Тус улсын зарим бүс нутаг Иранаас дэмждэг “Хезболла”-гийнхны хяналтад байдаг.

Элчин сайдыг нь нутаг буцаах болсноо мэдэгдсэнийхээ дараахан Саудын Араб Ливанаас бараа, бүтээгдэхүүн импортлохыг хориглосон нь тус улсын эдийн засагт том цохилт болов. Ливанаас Саудын Араб руу хийсэн экспортын хэмжээ 2019 онд 282, 2020 онд 200 сая ам.доллар байжээ.

Ливаны эдийн засгийн хямрал хоёр жил үргэлжилж байгаа бөгөөд хүн амынх нь дөрөвний гурав нь нэн ядуу, үндэсний мөнгөн тэмдэгт нь үнэгүйдэж, иргэд нь хоногийн хэдхэн цагт цахилгаан эрчим хүч хэрэглэдэг болсон байна. Тэрчлэн хоол хүнс, эм, тариа, шатахуун, ундны усны хомсдолд оржээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хамт мансууруулах бодис хууль бусаар тээвэрлэсэн хэмээн Ливанаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн оруулахаа Саудын Араб түр зогсоосон билээ.

Ливан болон Персийн булангийн орнуудын харилцаа муудсанд Арабын улсуудын холбоо түгшиж байгаагаа мэдэгджээ. Ливаны эрх баригчид байдлыг сайжруулах арга хэмжээг авна хэмээн найдаж буйгаа тус байгууллага илэрхийлсэн байна. Ливаны эдийн засагт цохилт өгөх шийдвэр гаргалгүй, хүнд нөхцөлийг нь улам дордуулахгүй байхыг тус холбоо Персийн булангийн орнуудад уриалжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.