Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Импортын хэмжээг бууруулж, эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн нийлүүлэх зорилготой”

Гутал, арьсан эдлэлийн зохион бүтээгч мэргэжилтэй Д.Мөнхжаргал нь “Таван од” брэндийг үүсгэн байгуулж, “Эко улавч” үйлдвэрлээд хоёр жил орчим болжээ. Түүний тооцсоноор манай улс нэг жилд 10 орчим тэрбум төгрөгийн улавчийг ихэвчлэн урд хөршөөс импортолдог аж. Импортын бүтээгдэхүүн нь дотоодод үйлдвэрлэснээс хямд үнэтэй ч чанарын баталгаагүй, химийн гаралтай синтетик материалаар хийсэн, хөлд эвгүй, чийг татах нь элбэг гэнэ. Улмаар хөл ядраан, хөлрүүлж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг ойлгожээ. Тиймээс дотоодод боловсруулсан арьс, ноос, шир, эсгийнээс гадна Австралийн хонины нэхий буюу экологийн цэвэр түүхий эдээр улавч хийж эхэлсэн байна. Хамгийн гол нь “Эко улавч” хийж буй арьс, ширийг химийн аргаар боловсруулаагүй, ургамлаар идээлсэн аж. Мөн чийг татахгүй, дулаан, зөөлөн, хөлийн нумыг ивсэн, өсгий доргихоос сэргийлсэн шинж чанартай аж. Түүнчлэн аль болох будагч бодисгүй түүхий эд ашиглан, цавуудахгүйгээр оёж, ширэх аргаар улавчаа бэлтгэдэг юм байна. “Эко улавч”-ийг хийхэд өдгөө гурван хүн ажиллан, өдөрт 50-60 хосыг үйлдвэрлэн, Улаанбаатарт болон орон нутагт 10 га руй худалдааны төв, супермаркет, цахим дэлгүүрээр борлуулдаг гэнэ. Түүнчлэн насанд хүрэгчдэд зориулсан ес, хүүхдийн гутал дотор тавих боломжтой, 2-3 хэмжээ бүхий улавчийг үйлдвэрлэж буй юм. Цаашид “Эко улавч” бүтээгдэхүүний нэр, төрлийг олшруулж, бүх насны хүүхдэд зориулсныг хийхээр төлөвлөж буйгаа Д.Мөнхжаргал ярилаа. Тэрбээр “Хөлд эвгүй, чийг татдаг гутлын чанарыг “Эко улавч” дэвссэнээр сайжруулж болно. Манай улавч монгол хүний хөлийн онцлогт тохирсон хэлбэр, хэмжээтэйгээс гадна зарим нь нумтай учраас хөлд тун эвтэй. Гарал үүсэл нь тодорхой, экологийн цэвэр түүхий эдээр хийдэг онцлогтой. Бидний ирэх 3-4 жилийн төлөвлөгөө бол хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн гаргах. Тодруулбал, хүүхдүүд чанар муутай, хөлд эвгүй, “буруу” ултай гутал өмссөнөөс зөв алхаж гишгэж чадахгүй бөгтийх, өвдгөөрөө хэт нугарч яваа нь анзаарагддаг. Мэдээж хүүхэд бүр өндөр үнэтэй, хөлд эвтэй, чийг татдаггүй гутал өмсөж чадахгүй учраас чанартай улавч дэвсэж өгвөл дээрх байдал засагдах юм. Ер нь гутал байнга чийгтэй байх нь олон өвчний суурь болдог юм билээ. Тиймээс л бид импортыг орлох, эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийт иргэдэд дотоодод үйлдвэрлэсэн улавч хэрэглүүлж хэвшүүлэхийг зорьж буй” гэсэн юм. “Эко улавч”-ийг үйлдвэрлэгчид ажлын байраа томруулж, тоног төхөөрөмжөө сайжруулах зорилт тавин, хөрөнгө оруулагчдад хандсан юм байна. Хэрэв хөрөнгө оруулалт авч чадвал өдөрт хийх бүтээгдэхүүнийхээ хэмжээг олшруулж, ажилчин ч нэмж авахаар төлөвлөжээ.

Бэлтгэсэн С.Дулам

2
Зөв, гоёЗөв, гоё
1
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.