Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Сүлдэт хуураа цэнгүүллээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 382 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоо, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, Нийслэлийн Сүлдэт хуурыг цэнгүүллээ.

Мэлхийт хөшөөнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын орлогч нар,  УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Т.Билэгт тэргүүтэй үе үеийн Хотын дарга нар, НИТХ-ын төлөөлөгч нар хүндэтгэл үзүүлсэн юм.

Улаанбаатар хотын анх шав тавьсан Хүн чулууны хонхорт 1994 онд дурсгалын Мэлхийт хөшөөг босгож байсан түүхтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай, Уртын дуугаа өвлүүлэх тухай, Монголын нууц товчоог мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай зарлиг гаргасан. Уг зарлигийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагууд монгол төрийн бодлогыг хэрэгжүүлж, Нийслэлийн Сүлдэт хуур, Монголын нууц товчоог хүндэтгэлтэйгээр залж, жил бүр нийслэл хотынхоо төрсөн өдрөөр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот анхлан шав тавьсан энэ сайхан билэгт өдрийн мэндийг хүндэт зочид, төлөөлөгч, нийслэлийн иргэдэд дэвшүүлж байна. Тэртээ 382 жилийн өмнө Ширээт цагаан нууранд Монгол Улсын нийслэлийн шавыг тавьсан гэж үздэг. Тэр цагаас хойш Улаанбаатар хот 20 гаруй удаа бууриа сэлгэж, хатан Туулын хөндийд суурьшсан. Өнгөрсөн үеийн түүх уламжлалаа хадгалан үлдэх, үр хойчдоо өвлүүлэх, залуу үеийнхэнд таниулан сурталчлах зорилгоор жил бүр Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ түүхт хөшөөг сүндэрлүүлэх үед ажиллаж байсан, удирдаж байсан нийслэлийн үе үеийн удирдлага, албан хаагчдад чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. Өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхэнд нийслэл Улаанбаатар хотын түүхт 382 жилийн ойн мэндийг хүргэхийн ялдамд Улаанбаатар хотын нийт 1.5 сая иргэнд эрүүл энх, аз жаргал, хөдөлмөр бүтээлийн арвин их амжилтыг хүсэн ерөөе. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот өдөр бүр цэцэглэн хөгжих болтугай” хэмээв.

Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлэн, Нийслэлийн Сүлдэт хуурыг цэнгүүлсний дараа  Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, нийслэл Улаанбаатар хотын тугийг мандууллаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.