Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э.БЯМБАСҮРЭН: “Ягаан” дэвтрийн шинэчлэлийн гол зорилго нь эрт илрүүлгийн тогтолцоог өөрчлөх

Эх, хүүхдийн эрүүл мэндийн буюу олны нэрлэж заншсан “ягаан” дэвтрийг аав, ээж, асран хамгаалагчид тогтмол ашигласнаар хүүхдийнхээ хөгжлийг байнга хянах боломжтой. Цаашлаад хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, цаг алдалгүй эмчлүүлэх боломжтой талаар манай сонин өмнө нь мэдээлсэн. Тэгвэл ХНХЯ, Азийн хөгжлийн банкны хамтран хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-өөс уг дэвтрийг шинэчлэн сайжруулахаар ажиллаж байгаа аж. Энэ талаар төсөл хэрэгжүүлэх нэгжийн хөгжлийн бэрхшээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Бямбасүрэнтэй ярилцлаа.

-Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг шинэчлэх болсон шалтгаан юу вэ?

-Энэхүү дэвтэр нь олон нийтэд түшиглэсэн хүүхдийн хөгжлийн үнэлгээ, эрт илрүүлгийн гол хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхдэд хөгжлийн ямар нэг хоцрогдол байна уу гэдгийг олон нийт (эцэг, эх, гэр бүлийн гишүүд, цэцэрлэгийн багш, эрүүл мэндийн байгууллагын ажилтан)-ийн оролцоотойгоор мэдэх эрт илрүүлгийн нэг аргачлал бүхий хэрэгсэл. Эрт илрүүлгийн одоогийн тогтолцооны загвар нь эмнэлэг буюу эрүүл мэндийн байгууллагад суурилж буй. Харин бидний гол зорилго бол үүнийг нийгмийн загварт шилжүүлэх юм. Ийм шилжилт хийх байдлаар “ягаан” дэвтрийн одоогийн хувилбарыг илүү сайжруулж, боловсронгуй болгоно. Хоёрдугаарт, зорилтот бүлэг буюу олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, дэвтрийн хэрэглээг нэмэгдүүлэхийг зорьж байна. Олон нийтийн дунд хэвшсэн нэг буруу ойлголт байдаг нь эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт л зориулсан зүйл гэж хардаг. Хүүхдээ эмчид үзүүлэхдээ л авч очдог хэрэгсэл төдийхнөөр ойлгодог. Бид дэвтрийн хэрэглээг нэмэгдүүлэх замаар энэ хандлага, ойлголтыг өөрчлөх зорилт дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, эцэг, эхчүүдийн оролцоог илүү сайжруулна. Дэвтрээ тогтмол хөтөлдөг, хүүхдийнх нь хөгжил ямар нэг байдлаар хоцрогдлоо гэхэд хугацаа алдалгүй эрүүл мэндийн байгууллагад хандаж, зохих эмчилгээ, үйлчилгээг авдаг үлгэр жишээ ээж, аавуудыг “бий болгох” нь чухал. Товчхондоо бол дэвтрийг шинэчилнэ, хэрэглээг нь нэмэгдүүлнэ, эрт илрүүлгийн тогтолцоог нь өөрчилнө. Цаашид “ягаан” дэвтрийг цахим хэлбэрт шилжүүлэх асуудлыг хэлэлцэж байна. ЭМЯ ч энэ чиглэлд ихээхэн анхаарч буй.

-Эрүүл мэндийн байгууллагад суурилсан загварыг нийгэм төвтэйд шилжүүлнэ гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлахгүй юү?

-“Ягаан” дэвтрийг эмнэлгийн ажилтан, өрхийн эмч нар л хөтлөх, хариуцах ёстой гэсэн ойлголт, хандлагыг өөрчлөхийг хэлж буй юм. Өөрөөр хэлбэл, хүүхэдтэй харилцдаг бүх хүн буюу эцэг эх, асран хамгаалагч нар, цэцэрлэг, сургуулийн багш нарын тухайн хүүхдэд өгөх үнэлгээ, ажиглалтыг хүүхдийн хөгжлийн үнэлгээнд ашиглахыг хэлээд байгаа хэрэг. Үүнийг ойлгуулж, өөрчилснөөр эл дэвтэр жинхэнэ утгаараа олон нийтийн оролцоонд тулгуурласан, хүүхдийн хөгжлийн үнэлгээний арга хэрэгсэл болно шүү дээ. Тогтолцоог нь нэгэнт өөрчилж буй учраас их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт энэ чиглэлийн агуулгыг тусгах шаардлага үүснэ. Тиймээс хүүхдийн эмч, сургуулийн өмнөх боловсролын болон бага ангийн багш нарт хүүхдийн хөгжлийн үнэлгээ, аргачлалын талаар мэдлэг, ойлголт олгох хичээлийг урт хугацаанд оруулахаар төлөвлөж байна.

-Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг яваандаа цахимд шилжүүлнэ гэлээ. Аль алиныг нь ашиглана гэсэн үг үү?

-Хоёуланг нь ашиглах боломж бүрдүүлнэ. Дэвтрээ гээж үрэгдүүлэх тохиолдол эцэг, эхчүүдийн дунд түгээмэл байдаг. Харин цахим хэлбэрт шилжүүлснээр мэдээллийн нэгдсэн сан үүснэ. Тухайн хүүхдийн мэдээллийг урт удаан хугацаанд хадгалах боломж бүрдэнэ. Насанд хүрсэн хойноо ч өөрийнхөө хөгжлийн түүхийг харах боломжтой болно гэсэн үг. Энэ нь эцэг, эхчүүдийн хувьд үр хүүхдийнхээ мэдээллийг хадгалах найдвартай архив, эрдэмтэн, судлаачдад судалгааны хэрэглэгдэхүүн, эх сурвалж болох ач холбогдолтой. Японд гэхэд хүүхдийн хөгжлийг үнэлэх аппликэйшн ашигладаг. Эцэг, эхчүүд нь хүүхдийнхээ хөгжлийг хянангаа давхар мэдээллийн сан үүсгээд явдаг. Бид үүнийг нутагшуулна. Дэвтрийг шинэчилсний дараагийн шатны ажил нь цахимд шилжүүлэх.

-Энэхүү дэвтэр нь хүүхдийн бие бялдар, сэтгэхүйн хөгжлийг үнэлэх олон төрлийн асуумжтай байдаг. Тэдгээрийг өөрчлөх үү?

-Өөрчлөх гэхээсээ илүү ойлгомжтой, оновчтой болгох зорилгоор сайжруулалт хийж байна. ASQ (Age of stage question) буюу “Хүүхдийн хөгжлийн нас, үе шатны асуумж” гэж бий. Олон улсад хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх, оношлох чиглэлийн олон янзын хэрэгсэл байдаг. Улс орон бүр өөр өөр аргачлал хэрэглэдэг. Тэдгээрийг улс улсын судалгааны багууд нь сайтар судлаад, хүчин төгөлдөр, найдвартай эсэхийг нь баталсны дараа ашиглалтын лицензтэй болдог. Хүүхдийн хөгжлийн ай гэж нэрлэдэг хэмжих үзүүлэлтүүд бие бялдрын хөгжлийн, хэл ярианы, сэтгэц-зан төлөвийн, оюуны, нийгэмшихүйн гээд хэд хэдэн төрөл буй. Бид төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш ASQ лицензийг Монголд ашиглах оролдлого, боломжийг хэд хэдэн удаа эрэлхийлсэн боловч нааштай шийдэгдээгүй. Хөгжингүй орнуудад хэрэглэж болохгүй гэдэг үндэслэлээр бүтээгүй. Тиймээс зөвлөхүүдийнхээ дотоод нөөц боломждоо тулгуурлаж шийдье гэдэг шийдэлд хүрээд, “ягаан” дэвтрийн асуумжийг шинэчлэхээр болсон. Энэ ажил одоо ид үргэлжилж байна.

-Бүтцийн хувьд ямар өөрчлөлт оруулах вэ. Энэ нь дотроо эцэг, эх, гэр бүлийн гишүүд, эмч, цэцэрлэгийн багшид зориулсан тусгай зурвас бүхий хөтлөх хэсгүүдтэй шүү дээ.

-Энэ талаар нарийвчилсан мэдээлэл өгөх боломж одоогоор хараахан алга. Гэхдээ эцэг, эхчүүд, анхан шатны нэгж буюу өрхийн эмнэлгийн эмч нар хүүхдийн хөгжлийг хэрхэн үнэлэх тухай зааварчилгааг манай зөвлөхүүд боловсруулна. Түүнийг нь тодорхой стандартад оруулсны дараа дэвтрийн шинэчилсэн хувилбарыг нэвтрүүлнэ. Энэ хүрээнд хэд хэдэн удаагийн сургалт зохион байгуулах төлөвлөгөөтэй. Эцэг, эхчүүдэд зориулсан, анхан шатны нэгжийн эмч, сувилагч нарыг хамруулсан, эсвэл тушаал, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад гэхчлэн тодорхой хүрээний хүмүүст чиглэсэн сургалт, зөвлөлдөх арга хэмжээнүүдийг зохиох юм.

-Хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжлийг үнэлэх, дэмжих зорилготой ийм хэрэглэгдэхүүнийг шинэчлэх стандарт, давтамжит хугацаа гэж бий юү?

-Олон улсад хүүхдийн хөгжлийн үнэлгээний маш олон төрлийн хэрэгсэл бий. Тэдгээрээс чанарын шаардлага хангасан, найдвартай, туршилт судалгаа, нотолгоогоор баталгаажсаныг нь албажуулж, лицензжүүлсний дараа ашигладаг журамтай. Бид энэ дагуу, “ягаан” дэвтрийг шинэчлэх ажлын хүрээнд тодорхой туршилт, судалгаа хийхийг зорьж байгаа. Ингэснээр Монгол Улс бусад орны нэгэн адил стандарт хэрэглэгдэхүүнтэй болно. -Хүүхэд эхийн хэвлийд байх үеэс таван нас хүртэлх үеийн хөгжлийн бүхий л үзүүлэлт, үе шатуудыг “ягаан” дэвтэрт тусгасан байдаг.

…Дэвтрээ гээж үрэгдүүлэх тохиолдол эцэг, эхчүүдийн дунд түгээмэл байдаг. Харин цахим хэлбэрт шилжүүлснээр мэдээллийн нэгдсэн сан үүснэ. Тухайн хүүхдийн мэдээллийг урт удаан хугацаанд хадгалах боломж бүрдэнэ. Насанд хүрсэн хойноо ч өөрийнхөө хөгжлийн түүхийг харах боломжтой болно гэсэн үг. Энэ нь эцэг, эхчүүдийн хувьд үр хүүхдийнхээ мэдээллийг хадгалах найдвартай архив, эрдэмтэн, судлаачдад судалгааны хэрэглэгдэхүүн, эх сурвалж болох ач холбогдолтой…

Шинэчилсэн хувилбар яг ийм насны үечлэлтэй байх уу?

-Хүүхдийн хөгжлийг үнэлгээг илүү удаан хугацаагаар тусгах асуудал хөндөгдөж байгаа.

-Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг шинэчилснээр ямар ач холбогдолтой вэ?

-Олон давуу тал бий болно. Жишээлбэл, нийгэмшихүй-харилцааны хөгжлийн хоцрогдлын ойлголт, мэдлэггүй эцэг, эх байлаа гэж бодъё. Тэд хүүхдэд нь ийм эмгэгийн шинж тэмдэг илэрлээ ч мэдэхгүй, анзаарахгүй байх эрсдэлтэй. Харин тус дэвтэр дэх асуумж, мэдээллийг сайтар анхаарвал үүнийг төвөггүй мэдэх боломжтой. Хөгжлийн үе шатуудын онцлогийг нэгбүрчлэн тодорхой тусгаснаар эцэг, эхчүүд хүүхдээ бодитоор үнэлж, шинжих боломж бүрдэнэ. Зөвхөн харах, сонсох мэдрэхүй, хөдөлгөөний бэрхшээлийг илрүүлээд зогсохгүй нийгмийн харилцааны, хэл ярианы, танин мэдэхүйн хөгжлийг үнэлэх нь чухал. Манайд энэ төрлийн үнэлгээ орхигддог дутагдалтай. Тэр бүхнийг цаг тухайд нь илрүүлж, оношилж, анхаараагүйгээс хөгжлийн хоцрогдол даамжирдаг. Шаардлагатай арга хэмжээг авч чадалгүй хугацаа алддаг. Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлнэ гэдэг нөгөө талаараа урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм. Үүнийг илрүүлдэг олон хэрэгсэл бий. “Ягаан” дэвтрийн шинэчилсэн хувилбар тэдгээрийн нэг болно. Одоо ашиглаж байгаа дэвтэр тийм ч муу биш. Хүүхдийн хөгжлийн үнэлгээний олон улсын алтан стандарт аргачлалын нэг Денверийн үнэлгээ дээр үндэслэсэн. Гэхдээ илүү сайжруулах шаардлагатай. Арай товчхон, аргачлалын хувьд тодорхойгүй зүйлс бий. Хүүхдийн хөгжлийг үнэлэх аргачлалыг илүү тодорхой, ялгаа зааг (хөгжлийн ай тус бүрээр ч юм уу, эсвэл, эмчийн, эцэг, эхчүүдийнх зэрэг хэрэглэгчдэд чиглэсэн мэдээлэл, үнэлэх аргачлалыг төрөлжүүлэх ч юм уу)-тай болгох нь зүйтэй.

-Шинэчилсэн дэвтрийг хэрэглээнд нэвтрүүлэх цаад талын хугацаа хэзээ вэ?

-Эхний хувилбарыг ирэх сарын 30 гэхэд урьдчилсан байдлаар танилцуулах хуваарьтай. Дараа нь холбогдох байгууллагын мэргэжилтэн, техникийн ажлын хэсгийн гишүүдийг оролцуулсан зөвлөлдөх уулзалт хийж, саналыг нь тусгана, сайжруулна. Үүнд нэлээд хугацаа шаардах болов уу. Ташрамд дуулгахад, хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эхний шатанд илрүүлэх нь чухал бол дараа нь нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, оношийг нь баталгаажуулдаг. “Ягаан” дэвтэр бол эрт илрүүлгийн шатны хэрэгсэл. Бид үүний дараагийн шат буюу хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгийн хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нарын үнэлгээнд Европын Холбооны улсуудад өргөн ашигладаг Бауманы аргачлалыг нэвтрүүлэхийг зорьж буй. Онош батлах, баталгаажуулах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэг аргачлалыг нэмэлтээр ашиглах боломж бүрдүүлнэ гэсэн үг. Энэ хүрээнд багажийн шинжилгээний аргыг ашиглана. Энэ чиглэлээр эмч нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулахаар ажиллаж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Э.БЯМБАСҮРЭН: “Ягаан” дэвтрийн шинэчлэлийн гол зорилго нь эрт илрүүлгийн тогтолцоог өөрчлөх