Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөрөнгийн мэдээллийг хүний эмзэг мэдээллээс хасах санал гаргав

УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр болж, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ 1995 онд Хувь хүний нууцын тухай хуулийг батлан мөрдөж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл уг хуульд хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөлд хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглаж болох тохиолдлуудыг тогтоохоор тусгажээ.

Мөн Дуу, дүрс болон дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах тохиолдол, эдгээрийн системд тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтууд бий аж. Тодруулбал, ариун цэврийн болон хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караоке, зочид буудал зэрэгт хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дээрх төхөөрөмжүүдийг байршуулахыг хориглохоор заасан байна.

Ажлын хэсгийнхэн олонхын саналаар дэмжигдсэн саналуудыг эл хуралдаанд танилцуулсан юм. Тодруулбал, хөрөнгийн мэдээллийг хүний эмзэг мэдээллээс хасаж хүний хувийн мэдээлэлд хамааруулах, Иргэний хуулийн 16.3, 16.4-т заасан бүрэн бус чадамжтай иргэнд хувийн мэдээллээ ашиглах шаардлагатай тодорхой төрлийн эрхүүдийг нээж өгөх санал оруулж байгаа аж. Мөн сэтгүүл зүйн зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээлэл цуглуулан, боловсруулж, ашиглахдаа мэдээллийн эзний зөвшөөрлийг авахгүй байх санал дэвшүүлэв.

Түүнчлэн хуулийн төсөлд хүний эмзэг мэдээлэл гэдэгт хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, хөрөнгө, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, цахим гарын үсэг, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн, эсэх, бэлгийн чиг хандлага, харилцааны талаарх мэдээллийг багтаасан бөгөөд хувь хүний нууцад хамаарна хэмээн тусгасан байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдлээ. Хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд АН-ын бүлгийн гишүүдээс нэг ч хүн багтаагүй болохыг тэрбээр дурдаад хуулийн төслүүдтэй танилцан, судлах хугацаа хэрэгтэй учир завсарлага авч байгаагаа тайлбарласан юм.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн тавьсан асуулт болон байр суурийг тоймлон хүргэе.

Ц.Мөнх-Оргил: -Хуулийн төслийг дэмжиж байна. Өргөн цар хүрээтэй чухал хууль. Хувь хүний мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой заалт байгаа юм байна. Хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг хангахаас гадна хадгалах явцад мэдээлэл алдагдвал яах вэ. Үүнээс гадна “Өөрт хамаарах гэр бүлийн гишүүд, хамтран амьдрагчтай хамааралтай мэдээллийг тухайн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчихгүйгээр цуглуулна” гэсэн заалт байгаа. Үүнийг ойлгохгүй байна. Жишээ нь, би өөрийн хүүхдүүд, эхнэрийн тухай мэдээлэл цуглуулах нь хүний эрхэд хамааралгүй хэрэг үү. Түүнчлэн гүйцэтгэх ажиллагааны явцад мэдээлэл цуглуулахтай холбогдсон харилцааг Гүйцэтгэх ажиллагааны тухай хуулиар зохицуулахаар заажээ. Гэтэл үүнийг Гүйцэтгэх ажиллагааны тухай хуулиар сүрхий зохицуулчихсан зүйл байхгүй шүү дээ. Гүйцэтгэх ажиллагааны зураг, дүрс, видео нь олон нийтэд цацагдаад л байгаа биз дээ. Хувь хүний болон гүйцэтгэх ажиллагааны нууц байхгүй, эцэст нь тухайн хүн нэр төрөө гутаалгаж, доромжлуулаад үлдэж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд камер суурилуулан, бичлэг хийдэг. Тэр бичлэг буюу хүний хувийн мэдээлэл алдагдаад байвал яах юм бэ.

П.Сайнзориг (Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга): -Хувь хүний мэдээллийг боловсруулах гэдэгт хэд хэдэн үйл ажиллагааг хамааруулж ойлгоно. Тодруулбал, ангилах, хадгалах, өөрчлөх, устгах, дүн шинжилгээ хийх, сэргээх зэргийг хэлж байгаа юм. Иймд тухайн мэдээллийг хадгалах үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд багтсан гэсэн үг. Хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй тохиолдолд өөрт болон гэр бүлийн гишүүд, хамтран амьдрагчид хамааралтай мэдээллийг тухайн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчихгүйгээр цуглуулж болно. Амьдрал баялаг учраас намтар бичих, гэр бүлийн ургийн мод боловсруулах явцад мэдээлэл цуглуулахад зөвшөөрөл авахгүй гэсэн үг. Ерөнхий зохицуулалтаас бусад хүний эрхтэй холбоотой харилцаанд энэ хууль үйлчилнэ. Гүйцэтгэх ажиллагааны явцад цуглуулсан мэдээлэлд энэ хуулийн үйлчлэл хамаарахгүй. Тусдаа горим үйлчилнэ. Засгийн газрын түвшинд Гүйцэтгэх ажиллагааны болон Тагнуулын байгууллагын тухай хуулийн төслийг тодотгохоор ажлын хэсэг ажиллаж байгаа. Хууль зүй, дотоод хэргийн яам бусад хуультай уялдуулах ажлыг цаашдаа хийнэ.

Ц.Мөнх-Оргил: -Сүүлийн жилүүдэд гүйцэтгэх ажиллагааны явцад цуглуулсан мэдээлэл задрах болсон. Хуулийн байгууллагынхан ажлаа яаж хийж буйг сурталчлаад байгаа юм уу, эсвэл үйл ажиллагаагаа зөвтгөж тайлбарлах гэдэг юм уу, ойлгохоо больсон. Үүнд Засгийн газар тодорхой арга хэмжээ авна гэж ойлголоо шүү. “Хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй харилцаанд өөрт болон гэр бүлийн гишүүд, хамтран амьдрагчид хамааралтай мэдээллийг тухайн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчихгүйгээр цуглуулж болно” гэсэн заалтаас хамтран амьдрагч гэдгийг хасмаар байна. Энэ бол их өргөн утгатай ойлголт. Гэр бүлийн гишүүдийг хуулиар тодорхойлж болно. Үүнээс гадна өнөөдөр тамга эрх зүйн ямар ач холбогдолтой, юуг баталдаг вэ гэдгийг эргэж харах цаг болжээ. Гарын үсэг бол эрх зүйн үр дагавартай. Бүртгэлийн баримт бичиг дээр гарын үсгээ зураад, тухайн хүн хариуцлагаа хүлээдэг. Тэгвэл тамга дараад яадаг юм. Тамгыг дуурайлгаад хийчихдэг болсон шүү дээ. Хэдийгээр бид тусдаа төрийн өмчит аж ахуй нэгж байгуулаад ажиллуулж байгаа ч амьдралаас хоцорчихоод байна. Хүмүүс тамгыг хувь хүнийхээ онцлогийг гаргаж, илэрхийлэхийн тулд хэрэглэдэг, эрх зүйн ач холбогдол багатай зүйл болчихсон юм шиг ээ. Ирэх оны төсвийг баталсны дараа тамганы хэрэглээ, цаашид хэрхэх, үр дагавар нь юу байх, хаана, юун дээр хэрэглэх, гарын үсгээс юугаараа ялгарах вэ гэдгийг нарийвчилж, тодорхой болгох шаардлагатай.

Б.Баасандорж (Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга): -Таны хэлсэнтэй санал нэг байна. Тулгамдсан асуудлын нэг болчихоод байгаа юм. Цаашдаа тамганы хэрэглээг хуулиар зохицуулах нь зөв. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тамганы тусгай зөвшөөрлийг олгож, улсын бүртгэлийн байгууллага тухайн тамганы дугаарыг олгодог. Харин хаана, хэн хяналт тавьж байгаа нь тодорхойгүй. Үүнээс болоод тамгаа аваад зугтах зэрэг асуудал гардаг. Үйлчилгээний байгууллагууд тамгагүй, тамгатай гээд янз бүр байгаа. Тиймээс яамны зүгээс энэ асуудлаар Хууль зүйн байнгын хороонд тусгайлан мэдээлэл хийе.

Н.Учрал (Ажлын хэсгийн ахлагч): -1995 оны хуулиар хувь хүн өөрөө мэдээллээ хамгаалах үүрэг хүлээж буй. Харин энэ хуулиар мэдээллийг цуглуулж байгаа буюу хариуцагч тал үүрэг хүлээж байна. Ц.Мөнх-Оргил гишүүний хэлсэн, хамтран амьдрагчид хамааралтай мэдээлэл нь маш өргөн хүрээний ойлголт гэдгийг ажлын хэсгийн хуралдааны үеэр ярилцсан. Үүнийг эргэж харах боломжтой. Гишүүдийн саналыг сонсоод олонхоороо шийдвэрлэж болно.

Х.Нямбаатар (Хууль зүй, дотоод хэргийн сайд): -Гүйцэтгэх ажлын тухай хуульд зааснаар гүйцэтгэх ажлын явцад мэдээлэл цуглуулж, боловсруулахад олон нийтийн сүлжээгээр мэдээлэл цацагдаж байгааг зохицуулах нарийвчилсан заалт байхгүй. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн хамгийн сүүлийн заалт болох “Гүйцэтгэх ажлын тухай хууль, тогтоомж зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн зохицуулалт бий. Харин Эрүүгийн хуульд Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих гэсэн заалт л байна. Тиймээс хувь хүний мэдээллийг хэрхэн хамгаалах зохицуулалтыг төсөлд нэмж оруулахыг хууль санаачлагчийн хувьд дэмжиж байна.

Ц.Сэргэлэн: -Энэ төсөл Кибер аюулгүй байдлын тухай хуультай хэрхэн уялдаж байна вэ. Уг нь хамт хэлэлцсэн бол ач холбогдолтой байлаа. Багцлаад оруулж ирэх төслүүдийг салгаж хэлэлцээд байх юм.

Н.Учрал: -Эдгээр төслийг Засгийн газраас УИХ-д хамт өргөн мэдүүлсэн. Хууль зүйн, Инновац, цахим бодлогын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Нийтийн мэдээллийн, Хувь хүний мэдээлэл хамгаалах, Кибер аюулгүй байдлын болон Цахим гарын үсгийн хууль бүгд хоорондоо уялдаатай. Дараагийн долоо хоногт Кибер аюулгүй байдлын болон Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Ингээд эцсийн хэлэлцүүлгийн шатанд нэгтгэж батлах ёстой.

Бэлтгэсэн Б.Уран

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.