Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Афганистаны хүн амын тал хувь нь хүнсний хурц хомсдолд оржээ

Яаралтай арга хэмжээ авахгүй бол энэ өвөл Афганистанд олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдэхийг НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс анхааруулж байна. Тодруулбал, тус улсын хүн амын тал хувь буюу 22.8 сая орчим нь хүнсний хурц хомсдолд орж, тав хүртэлх насны 3.2 сая хүүхэд өлөн зэлмүүн буй аж.

Гадаадын цэргүүд яаран гарсан наймдугаар сараас хойш Афганистаны төрийн эрхийг исламын хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөн булаан авсан. Гадаадын тусламжаас урьд нь ч хараат байсан тус улсын эмзэг эдийн засаг төрийн эргэлтээс хойш бүр доройтжээ. Өрнөдийн орнууд туслахаа больж, Дэлхийн банк, Олон улсын валютын сан санхүүжилтээ түр зогсоосон байна. Талибуудын Засгийн газрыг дэлхийд албан ёсоор хэн ч хүлээн зөвшөөрөөгүй учраас тусламж, дэмжлэг хэзээ сэргэх нь тодорхойгүй. Афганистаны ДНБ-ий 40 орчим хувийг олон улсын тусламж бүрдүүлдгийг Дэлхийн банкнаас мэдээлжээ.

Афганчуудын олонх нь хоол авахын тулд эд хөрөнгөө худалдаж байна. Талибуудын засаг захиргаа хилийн чанадад буй тус улсын хөрөнгийг авах боломжгүй учир төрийн албан хаагчид цалингүй байгаа аж. “Хамгийн сүүлд таван сар гаруйн өмнө цалин авсан. Амьдрахад хүнд байна. Гэртээ байгаа бүхнээ, амьтнаа, тарьсан модоо түлээ болгон зардаг болсон” гэж Герат хотын нэг багш ВВС-д ярьжээ. “Хүүхдээ хооллохын тулд зочид буудлын хогийн сав ухаж буй эмэгтэйг харсан. Хүмүүс ядуурсаар байна” гэж Кандагар мужийн оршин суугч өгүүлэв.

Афганистаны гэр бүлүүдийн таван хувь нь л хоногт идэх хангалттай хоол, хүнстэй байгааг өнгөрсөн сард Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс анхааруулжээ. Ургамлын тос, улаан буудай зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний үнэ эрс өссөн байна. Нэн даруй эмчилгээ хийж эхлэхгүй бол өлсгөлөнгийн улмаас нэг сая хүүхэд эндэх эрсдэлтэйг тус байгууллагаас анхааруулсан байна.

Швейцарын Женев хотод өнгөрсөн сард болсон хурлын үеэр олон улсын хамтын нийгэмлэг афганчуудыг дэмжихэд нэг тэрбум доллар зориулах үүрэг хүлээсэн. Үүний гуравны нэг орчим хувийг Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс хэрэгжүүлэх ажилд зориулах болсон билээ. Гэвч даваа гаргийн байдлаар НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөр дээр дурдсан мөнгөний гуравны нэг орчим хувийг л авчээ. Афганистанд хүнсний тусламж үзүүлэхэд сард 220 сая ам.доллар шаардлагатай бөгөөд одоогоор амласан санхүүжилт нь далайд дусал төдий гэнэ. Ус хүрэлцэхгүй, сүүлийн дөрвөн жилийн хоёрт нь ган гачиг нүүрлэсэн нь тус улсын хүнсний хямралд улам нэрмээс болж байна.
“Хашт-е-Собх” сонинд бичсэнээр Кабулын нэг дүүрэгт 3-11 насны өнчин найман хүүхэд өлсөж үхжээ. Тэдэнд нийслэлийн оршин суугчид үе үе хүнс өгдөг байсан ч хоол тэжээлийн хомсдолоор амьсгал хураалаа гэж нутгийн шашны удирдагч сэтгүүлчдэд ярьсан аж. Шиит, хазарчуудыг төлөөлсөн улстөрч Мохаммад Мохакикийн мэдэгдсэнээс үзвэл хүүхдүүд тус нийгэмлэгт харьяалагддаг. Хүүхдүүд өлсөж үхсэн тухай мэдээллийг талибууд судалж буйг “Ариан” телевиз мэдээлжээ.
Одоо АНУ дахь цэргийн баазуудад Афганистаны 53 мянга гаруй дүрвэгч бий тухай Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Кирби тодруулав. Тэдний 6689 нь Америкийн хотуудад тархан суурьших хөтөлбөрт оролцоход шаардлагатай шалгуурыг давжээ. Үүний сацуу Афганистаны 3000 гаруй иргэн Төв командлалын хариуцдаг Ойрхи дорнод, Зүүн Африк, Төв Азийн бүсэд, 463 нь Европ дахь баазуудад бий гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.