Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.Болдбаатар: Хуульд мөрдөн шалгах, шуурхай ажиллах нөхцөлийг хязгаарласан зохицуулалт нэлээд бий

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, цаг үеийн асуудлаар Шинжлэх ухааны доктор, профессор Ж.Болдбаатартай цөөн хором ярилцлаа.

-Саяхан болсон “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний зөвлөгөөн”-ий үеэр Цагдаагийн ерөнхий газрын даргын тавьсан илтгэл цахим орчинд шүүмжлэл дагууллаа. Улмаар зарим улс төрч, иргэдийн хооронд зөрүүтэй асуудал үүссэн. Үүнтэй холбогдуулан эрдэмтэн, судлаачийн тайлбар, мэдээллийг сонсъё гэж бодлоо.

-“Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн” гэж Цагдаагийн албаны тухай хуульд заасан байдаг. 2017 онд хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд, цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийнхээ хүрээнд үйлдэгдсэн гэмт хэргийг цаг алдалгүй богино хугацаанд илрүүлэх, иргэний аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийн улмаас хөндөгдсөн хохирогчийн эрхийг сэргээн эдлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах шаардлагыг тогтоосон. Гэтэл дээрх хуульд мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэх байгууллагын энэхүү шуурхай ажиллах нөхцөлийг хязгаарласан зохицуулалт нэлээд бий.

-Тухайлбал, ямар заалт байдаг вэ?

-Судлаачийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэрнээс нь эхлээд шүүмжлэлтэй ханддаг. Тухайлбал, Аливаа хуулийн амин сүнс нь нэрэндээ байдаг. Уг хуульд тухайн үйл ажиллагааг илэрхийлээгүй нэр өгсөн. Хуулийн нэрээс үзвэл, мөрдөн шалгах ажиллагааг орхигдуулж, хэрэг хянан шийдвэрлэх агуулгыг илэрхийлж байгаа нь прокурор, шүүхийн байгууллагын үйл ажиллагааг илүү тодотгосон. Нэр нь ийм болохоор доторх зохицуулалтад мөрдөн шалгах ажиллагааг хязгаарласан нь тодорхой харагдаж байна. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар мөрдөгч нь өөрөө хэрэг үүсгэх эрхгүй, прокурорын хяналт дор аливаа мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа зөвшөөрөл хүсэх, хяналтын прокурор нь зөвшөөрөл олгох зэргээр техник ажиллагааг нэмэгдүүлсэн нь ажлын ачаалал ихсэх, нотлох баримт илрүүлэх, бэхжүүлэхэд хугацаа алдах, хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэх боломжоо алдах зэрэг сөрөг үр дагавар гарсаар байгаа нь олон тооны судалгааны дүнгээс харагддаг. Харин 1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийг хараат бусаар бие даан мөрдөн шалгах ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлж байсан бөгөөд энэ нь үйлдэгдсэн гэмт хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэх, хохирогчийн хөндөгдсөн эрхийг богино хугацаанд сэргээн эдлүүлэхэд ач холбогдолтой байсан.

-Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд мөрдөгчдийн ажлын ачаалал ихсэж байна гэж ойлгож болох уу?

-Тийм гэж хэлж болно. Учир нь бидний судалгаагаар, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд 2021 оны 05 сарын байдлаар 470 гаруй алба хаагч 19 415 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Дээрх үзүүлэлтийг газар нутгийн байдлаар авч үзвэл, нийслэлд нэг мөрдөгч 64 хэрэг, орон нутагт нэг мөрдөгч 31 хэрэгт  тус тус мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нь мөрдөгч нарын ажлын ачаалал хэт өндөр байгааг харуулж байна. Улсын хэмжээнд эрүүгийн мөрдөгч (чиглэлийн ахлах, эрүүгийн ахлах мөрдөгчийн тоо ороогүй) 800 орчим алба хаагч ажиллаж байна. 2015 оны Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө нийслэлд нэг эрүүгийн мөрдөгч сард дунджаар 5 хэрэг, орон нутгийн эрүүгийн мөрдөгч сард 2 хэрэг шийдвэрлэж гүйцэтгэх ажлын шугамаар мэдээ, мэдээлэл цуглуулах, бусад арга хэмжээг зохион байгуулж байсан бол 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хойш нийслэлд ажиллаж байгаа нэг эрүүгийн мөрдөгч сард дунджаар 7-8 хэрэг, орон нутагт ажиллаж байгаа эрүүгийн мөрдөгч сард 3 хэрэг шийдвэрлэж мөн давхар хэрэг бүртгэлтийн 60-180 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

-1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн үзэл баримтлал манай улсын хөрсөнд тохирсон гэж генерал Ж.Болд хэлсэн. Харин иргэд шүүмжилж буй. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Ж.Болдын “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудал, шийдвэрлэх арга зам” илтгэлийн агуулга, дүгнэлт, саналыг судлаач хүний хувьд холбогдох судалгаанд тулгуурлан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар мөрдөгчийн бие даасан, хараат бус байдлыг тогтоож өгөөгүйгээс шалтгаалж мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах боломжийг хязгаарлаж, ажлын ачааллыг механикаар ихэсгэсэн ба энэ нь мөрдөн шалгах ажиллагааны чанарт сөргөөр нөлөөлж байгаа тул энэхүү хүндрэл бэрхшээлийг арилгах, шийдвэрлэх талаарх дүгнэлт, саналаа илэрхийлсэн байна лээ, түүнээс биш 1963 оны хуулийн зохицуулалтыг тэр чигээр нь одоо хэрэгжүүлье гэсэн санааг илэрхийлээгүй нь ойлгомжтой. Иймд миний бие зарчмын хувьд дээрх илтгэлд дурдсан агуулга, дүгнэлт, саналыг эрдэмтэн, судлаачийн зүгээс дэмжиж байгаа. Урьд хэрэглэж байсан хуулийн уламжлалыг хадгалж, ач холбогдолтой сайн үзэл баримтлалыг шинэчлэн, хуульд тусгаж байх нь эрх зүйн хөгжлийн зүй тогтол юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Ж.Болдбаатар: Хуульд мөрдөн шалгах, шуурхай ажиллах нөхцөлийг хязгаарласан зохицуулалт нэлээд бий

  • Зочин says:

    Мөрдөгч өөрөө тогтоолоороо хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх нь нээлттэй байгаа, харин зарим мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулна гэж заасан, гэхдээ хойшлуулшгүй тохиолдолд дээрх ажиллагааг явуулаад 24 цагийн дотор хүчинтэйд тооцуулж болохоор зохицуулсан байгаа. Орчин үед хүний эрхийг хамгаалах дэлхий нийтийн чиг хандлага нэмэгдэж, хүний эрхэнд халдаж байгаа мөрдөгчийн зарим үйл ажиллагааг прокурорын хяналттай явуулах шаардлага үүссэн, гэхдээ энэ нь мөрдөн шалгах ажиллагаа явуулахад саад учруулахгүй, харин мөрдөгчийн ажлын ачааллыг бага зэрэг нэмэгдүүлж байгаа нь үнэн, гэхдээ мөрдөгч өөрийн дур зоргоор хүний эрхэнд халддаг байдлыг хязгаарласан. Хэргийн илрүүлэлт буурсан нь цэвэр мөрдөгчийн ур чадвар муудсан, цагдаагийн байгууллагын ажлын зохион байгуулалт, хүний нөөцийн дутагдал зэргээс шууд хамаарч байгаа!