Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Түүвэрчилж хянах зуурт төсвийн хөрөнгө урссаар байдаг уу

Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө савныхаа ёроол хавьцаа байгаа тухай УИХ-ын түвшинд ч ярьсан. Тус сангийн хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гэрээтэй байгууллагуудад ажлын гүйцэтгэлийг нь үндэслэж хуваарилан олгодог. Мөнгө авдаг байгууллага олон бөгөөд тэдгээрт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс есдүгээр сар хүртэлх хугацаанд 830.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байсан. Үүний 180 орчим тэрбумыг нь “Ковид-19”-ийн эмчилгээ, оношилгоонд зарцуулсан гэж байгаа. Харин 650 орчим тэрбумыг бусад эмчилгээ, үйлчилгээнд зориулжээ. Анхаарлаа сайтар хандуулаарай. Манай улсын төрөөс эрүүл мэндийн салбарын зардалд жилд дунджаар 600-800 тэрбум төгрөг зарцуулдаг. Гэтэл оны эхний есөн сарын байдлаар жилийн хэрэглээний дунджийн орчим хөрөнгө гаргачихаад байгааг цар тахалтай холбож цайруулах гэх байх.

Гэтэл амьдрал дээр юу болж байна вэ. Өрхийн эмнэлгүүд “Ковид-19”-өөр өвдсөн хүн бүрт өнөөх 160 мянган төгрөгийн багцын үйлчилгээг бүрэн үзүүлдэггүй хэвээр. Тийм атал “Регистрийн тийм дугаартай, тэр овогтой түүнд багцыг дүнгээр нь олголоо” гэж тайлагнан, ЭМДЕГ-аас мөнгө нэхэмжлэх жагсаалтдаа хүн нэг бүрийг багтаадаг болов уу гэсэн хардлага байгаа юм. Сүүлийн үед редакцад иргэдээс ирж буй гомдол үүнд чиглэж байна. Байдал ойр хавийн өрхийн эмнэлгүүдэд ямар байгаа талаар судлахад “Өөрсдөө түргэвчилсэн оношлуур авчирсан бол үнийг нь хасдаг. Гэрт нь очиж үзлэг хийж амжаагүй бол мэдээллийг үнэнээр нь бичдэг” гэх зэргээр хариулсан ч бүртгэл, мэдээллээ үзүүлээгүй. Дотоод ажил гэж байна лээ.

Энэ асуудлаар Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн буюу Өрхийн эмнэлгүүдийн холбоонд хандсан юм. Иргэдээс “Ковид-19”-ийн эмчилгээний 160 мянган төгрөгийн багцын эмчилгээ, үйлчилгээ, эмийн багцыг бүрэн авч чадахгүй байна. Гэсэн ч өрхийн эмнэлгүүд энэ дүнгээр ЭМДЕГ-аас нэхэмжилж мөнгө авсаар байдаг. Өрхийн эмнэлгүүд үйлчилгээ гүйцэд авч чадаагүй иргэний тоогоор илүү авсан мөнгөө юунд зарцуулдаг болохыг хэлж өгнө үү. Ил, тод мэдээлж болох уу. Танай зүгээс ямар хариу өгөх вэ” гэж асуулаа. Тэгэхэд харилцуурын цаанаас “Асуултаа фэйсбүүк хуудасны “Асуулт” хэсэгт бичнэ үү. Удахгүй хариу өгнө” гэсэн ч мартав бололтой, таг. Юу гэж хариулахаа мэдэхгүй тулгамдав уу, аль эсвэл зөвлөлдөх шаардлага гарав уу, юутай ч хариулсангүй. Гомдол гаргасан хүмүүсийн дунд “Өрхийн эмнэлгийнхэн “Бидний нэрийг барьж даатгалын сангаас хөрөнгө татдаг, түүнийгээ зохисгүй хэрэглэдэг бол өөрсдийн нэр, регистрийн дугаарыг бусармаг хэрэгт ашиглуулмааргүй байна” гэсэн нь ч бий.

Мөн ЭМДЕГ-т хандаж “Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөөс эрүүл мэндийн чиглэлээр иргэдэд үйлчилдэг гэрээт байгууллагуудад ажлын гүйцэтгэлээр нь мөнгө шилжүүлэхийн өмнө хэрхэн хянадаг вэ, мөн дараа нь шалгадаг уу” гэж асуусан юм. Бүхий л эрүүл мэндийн төв Эрүүл мэндийн хөгжлийн төвийн тусгай программд өвчтөнд хийсэн үзлэгийн тухай, өвчтөний өөрөө хянах хуудас, эмчилгээ, зөвлөгөө, магадалгаа зэрэг мэдээллийг ирүүлдэг бөгөөд ЭМДЕГ-аас үүнийг эмнэлгээс ирүүлсэн мэдээлэлтэй харьцуулж хянаад, санхүүжилт олгодог аж. Нийслэлд гэхэд 127 өрхийн эмнэлэгт хөрөнгө хуваарилдаг аж. Хүний давхардал байна уу, өмнөх саруудын дүн мэдээ бий юү, оношилгоо, эмчилгээг хэр хийсэн бэ, үнэлгээний хуудас нь бүрэн үү гэх зэргийг ч давхар шалгадаг аж. Хэрвээ ямар нэг мэдээлэл дутуу байх юм бол санхүүжилтийг хасдаг.

…Цагдаагийн ерөнхий газраас лав энэ оны тавдугаар сар хүртэл “Ковид-19”-өөр өвдсөн хүн болгонтой шахам холбогдож “Хаанаас халдвар авсан гэж бодож байна, хаагуур явсан, ямар вакцин хийлгэсэн бэ” гэх зэргээр асууж байсан. Одоо хэвээр үү. Өрхийн эмнэлгийнхэн, улмаар ЭМДЕГ-ынхан нэхэмжлэхээр халхавчлан хуйвалдаад байгаа юм биш биз, асууж, шалгахгүй юм уу…

Гэртээ түргэвчилсэн оношлуураар үзэхэд эерэг гэсэн хариу харсан хүн өрхийн эмнэлэгт очиж энэ тухай хэлэхэд, эмнэлгийн зүгээс бүртгээд, үзлэг хийж, эмийн багц байвал өгөөд, байхгүй бол үнэнээ хэлээд гаргалаа гэж бодъё. Өөрөөр хэлбэл, шинжилгээнийх нь хариу эерэг гарсан хүнд нэг удаа үзлэг хийсэн гэсэн үг. Үүнээс хойш дахин чагнаж ч үзээ гүйгээр үл барам, өнөөдрийнх шиг утасдаж биеийн байдлыг нь асуугаагүй гэж саная. Ийм тохиолдолд мөнгө, хөрөнгийн тухайд ямар асуудал үүсэх вэ. Багцад заасныг үндэслэхэд өвчтөн 10 мянгын алдагдалтай. Түүнд энэ тухай бодох сөхөө ч байхгүй. Эмнэлгийнхэн энэ талаарх, өөрөөр хэлбэл, өвчтөнийг дахин үзлэгт хамруулаагүй тухай мэдээллийг үнэн зөвөөр өгөх үү. Нэгэнт тухайн хүний овог, нэр, регистрийн дугаарыг бүртгэж авсан тул хоёр удаа үзлэг хийснээр бичээд, үндэслэлгүйгээр 10 мянган төгрөг илүү авчихдаг уу. Нэг өвчтөнөөс 10 мянга гэхээр нэжгээдээс хэдийг хожих вэ. Халдвар авсан нь батлагдсан, гэртээ эмчлүүлж эдгэрсэн бүрийн тоог 10 мянгаар үржүүлэхэд ямар дүн гарах вэ. Үүнд хариу хайж байна.

Мөн гэртээ хэвтэж байгаа өвчтөн рүү өдөрт хоёр удаа, нийт 20 удаа утасдаж, эсвэл цахимаар харилцаж хяналт тавьсан бол хүн тус бүрийн тоогоор 20 мянган төгрөгийг ЭМДС-гаас тухайн өрхийн эмнэлэг авах юм билээ. Үнэн хэрэгтээ өнөөдөр аль өрхийн эмнэлгийнхэн гэрийн нөхцөлд өөрсдийгөө эмчилж буй хүмүүс рүү өдөрт хоёр удаа залгаж, биеийн байдлыг нь асуун, зөвлөж байна вэ. Эргэн тойронд буй хүмүүсээс сураглахад хаана ч алга. Өрхийн эмнэлгийнхэн ийм үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаагаа хариуцсан хороонд нь олон хүн өв дөж, ачаалал нь ихэссэнтэй холбон тайлбарлах байх. Тийм байж болох юм. Нэг хорооны хүрээнд л гэхэд зарим өдөр 700-1000 хүн гэрээр эмчилгээтэй байна. Гагцхүү гэр лүү нь утасдаж, зөвлөгөө өгөөгүй хүн бүрийг 160 мянгын багцын дүнд хамруулалгүй, үнэнчээр хасаж мэдээлж чаддаг уу гэсэн асуулт байна. Хэрвээ регистрийн дугаарыг нь үндэслэн, тус үйлчилгээг үзүүлсэн мэтээр хуудас бөглөж, өө рөөр хэлбэл, ЭМДЕГ-ыг хууран мэхэлж мөнгө авдаг бол энэ нь гэмт хэрэг.

Яагаад энэ бүхнийг “ухаж, төнхөөд” байна вэ гэхээр ЭМДС-гаас оны эхний есөн сард гарсан, жилийн дундаж орчмын хэмжээний мөнгө иргэнд очсон юмгүй, эзэн холбогдогчгүй мэтээр алга болсон байх вий гэснийх. Эрүүл мэндийн салбарын доройтол, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсний хангалтгүй байдал, салбарынхан дунд сайн дураар ажлаас татгалзсан мэргэжилтэн олон байгаа энэ үед өрхийн эмнэлгүүд болон ЭМДЕГ гэсэн хоёр тал нэхэмжлэх цахимаар нааш, цааш шидэлцсэн шигээ улсын хөрөнгийг шамшигдуулж байгаа юм биш биз хэмээн сэрэмжүүлж байна. Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг “хөөрхөн” нэмчих хэмжээний хөрөнгийг данс, А4-ийн цаасны аргаар агаарт цацаж суудаг юм биш биз. Тэргүй бол хэдийгээр өнгөн дээрээ иргэдэд хүртээсэн мэт авч хэрэг дээрээ эзнээ олоогүй өчнөөн хөрөнгө хаачсан болоод ийм ихээр данснаас гардаг байна. Үүнийг хянаж, шалгах хэрэгтэй бус уу. Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн буюу өрхийн эмнэлгүүдийн холбооныхонд сонссон, дуулсан нь байдаг уу. Иргэд гомдлоо зөвхөн сонины редакц, эсвэл стресс тайлах хэрэгсэл мэт ашигладаг болсон 1111 дугаарт яриад орхичихдог уу. Цагдаагийн газарт ханддаг уу. Цагдаагийн ерөнхий газраас лав энэ оны тавдугаар сар хүртэл “Ковид-19”-өөр өвдсөн хүн болгонтой шахам холбогдож “Хаанаас халдвар авсан гэж бодож байна, хаагуур явсан, ямар вакцин хийлгэсэн бэ” гэх зэргээр асууж байсан. Одоо хэвээр үү. Өрхийн эмнэлгийнхэн, улмаар ЭМДЕГ-ынхан нэхэмжлэхээр халхавчлан хуйвалдаад байгаа юм биш биз, асууж, шалгахгүй юм уу.

Нэг хороонд дунджаар 700-1000 хүн гэртээ эмчилгээтэй байгаа энэ үед ЭМДЕГ-аас иргэн тус бүр лүү утасдаж, мэдээллийг нь өрхийн эмнэлгийнхтэй тулган нягталж чадахгүй байгаа юм билээ. Тиймээс хяналтыг түүврийн аргаар хийж байгаа гэсэн. Яг л шүүр шанаганы тухай үлгэр мэт. Шалгалтын явцад зөрчил илэрсэн бол мэдээж санхүүжилтийг хасаад явсан байх. Хянаж, тулгаж амжаагүй хэдэн мянган “цаас”, цахим мэдээлэл бий гэх вэ.
ЭМДС-гийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах сан. Хянаж, хямгадах сан.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.