Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БНМАУ 1961 онд Нэгдсэн үндэстний байгууллагад элссэн нь

БНМАУ НҮБ-д хууль ёсны эрх, байр сууриа эзлэхийн төлөө 1946-1961 оны хооронд 15 жилийн хугацаанд хэрхэн чармайсныг тодруулах асуудал өнөөдөр ч чухал хэвээр байна. Энэ нь түүхэн талаасаа төдийгүй НҮБ-ын орчин цагийн үйл ажиллагааг үнэлж цэгнэх үүднээс ч ач холбогдолтой. Эл түүхэн үйл явдлыг бодит баримтуудад тулгуурлан бичсэн “Монгол Улс НҮБ-д элссэн түүхэн үйл явц: Эхлэл, өрнөл, төгсгөл” бүтээлээ академич, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Цэдэндамбын Батбаяр өргөн барив. Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойд зориулсан энэхүү судалгааны номд ОХУ, АНУ, Британийн архивын материалууд болон Жавахарлал Неру, Н.С.Хрущев, Жон Кеннеди, А.А.Громыко нарын түүхэн хүний дурсамж, хэлсэн үг, захидал сэлтийг ашиглажээ. Монголын гишүүнчлэлийн асуудалд Солонгосын хойгийн дайн, ЗХУ-ын энх тайвнаар зэрэгцэн орших бодлого, Бандунгийн бага хурал, дэлхийд колонийн систем нурж, Ази, Африкийн орнууд гуравдагч хүч болж НҮБ-ын тавцанд гарч ирсэн зэрэг хүчин зүйл хэрхэн нөлөөлснийг шинээр авч үзжээ. 1950-иад онд БНМАУ социалист орнууд, түүнчлэн Энэтхэг, Бирм, Индонез зэрэг Ази, Африкийн орнуудтай дипломат харилцаа тогтоож, дэлхий дахин, бүс нутгийн энх тайвны төлөө тэмцэлд нэгдэж, гадаад ертөнцөд үүд хаалгаа нээсэн нь НҮБ-д элсэхэд даацтай түлхэц болсныг баримттай нээн харуулсан байна. Монгол Улс НҮБ-д элссэн түүхэн өдрийн хүрээнд академич Ц. Батбаярын бүтээлийн нэгээхэн хэсгийг толилуулъя.

1950-иад оны эцэс, 1960-аад оны эхээр империализмын колонийн тогтолцоо задран унасны үр дүнд төрсөн шинээр тусгаар тогтносон улсууд дийлэнхдээ НҮБ-ын дүрмийн ёсоор тус байгууллагын универсал чанарыг сахих, бүх улс түмний эрх тэгш байдал, бүрэн эрх, шударга ёсыг хүндэтгэх үндсэн дээр хамтран ажиллах хэрэглүүр болгохыг хүчтэй шаардаж байв. Ийм нөхцөлд Ази тивийн Монгол, Африкийн Мавритани гэсэн хоёр улсыг НҮБ-д нэгэн зэрэг элсүүлэх тухай асуудлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр 1961 оны аравдугаар сарын 25-ны өдөр хэлэлцжээ.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1961 оны есдүгээр сарын тогтоолоор НҮБ-д манай улсыг элсүүлэх асуудлыг хэлэлцэхэд оролцох төлөөлөгчдийг ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайд Д.Цэвэгмид (тэргүүн), Б.Жаргалсайхан, Б.Дашцэрэн, О.Дамдиндорж нарын бүрэлдэхүүнтэй баталжээ. Тэдний замын тэмдэглэлд өгүүлснээр, 1961 оны аравдугаар сарын 22-ны өдөр Нью-Йорк хотод буухад НҮБ-ын дэргэдэх ЗХУ-ын Байнгын төлөөлөгч В.А.Зорин ажилтнуудын хамт угтан авчээ. Тэд 23-ны өглөө Зоринтой уулзахад “Чан Кайшист (Чан Кайшийн төлөөлөгчийг ийнхүү нэрлэж байв)-ыг санал хураахад оролцохгүй болгосон байгаа. БНМАУ-ын төлөө есөн улс саналаа өгч, Америк түдгэлзэх, Чан Кайшист үл оролцох төлөвтэй байгаа. Бид нэгдүгээрт Монголын асуудлыг хэлэлцээд дараа нь Мавританийн асуудалд орохоор бодож байгаа” гэжээ. Аюулгүйн зөвлөлөөр Монгол, Мавританийн алийг нь түрүүлж хэлэлцүүлэх асуудал эцсийн мөч хүртэл ЗХУ, АНУ-ын төлөөлөгчдийн дунд маргаантай хэвээр байв. ЗХУ-ын төлөөлөгч БНМАУ-ын асуудлыг нэгдүгээрт хэлэлцүүлэхийг АНУ-ын НҮБ дэх Байнгын төлөөлөгч А.Стивенсонд хүчтэй шахалт үзүүлж, Ерөнхийлөгч Кеннедитэй хүртэл Стивенсоныг яриулж байжээ.

1961 оны аравдугаар сарын 25-ны НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 971 дүгээр хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлээс үзвэл, БНМАУ-ын өргөдлийг дараах байдлаар авч хэлэлцсэн байна. Туркийн төлөөлөгч хуралдааныг даргалсан бөгөөд эхлээд БНМАУ-ын өргөдлийг авч хэлэлцээд санал хураах, дараа нь Исламын Бүгд Найрамдах Мавритани Улсынхыг хэлэлцэх дэгийн санал оруулжээ. Үүний дагуу НҮБ-ын дэргэд суух ЗХУ-ын Байнгын төлөөлөгч В.А.Зорин НҮБ-д БНМАУ-ыг авах талаар ЗХУ-аас оруулсан тогтоолын төслийг танилцуулж, Аюулгүйн зөвлөлийн гишүүдийг дэмжихийг уриалсан байна. Зорин мөн БНМАУ-ын өргөдөл сайнаар шийдэгдэх аваас Мавританийг НҮБ-д элсүүлэхэд саад хийхгүй гэж мэдэгджээ.

В.А.Зорин хэлсэн үгэндээ БНМАУ нэн эртний түүхтэй улсын нэг болохыг дурдаад, тус улс нь одоо хүн төрөлхтний талаас илүү хувь хүн ам оршин суудаг дөрвөн тивийн 21 улстай дипломат харилцаатай болсныг тэмдэглээд “БНМАУ НҮБ-д элсэх тухай өргөдлөө хамгийн анх өгсөн улсын нэг мөн бөгөөд тус улсыг элсүүлэх тухай Ерөнхий ассамблейгаас нэг бус удаа санамж гаргасан боловч тодорхой шалтгаанаар одоо хүртэл НҮБ-ын ханын гадна байна” гэжээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий ассам блейгаас дөрөвдүгээр сарын 20-нд гаргасан 1602 дугаар шийдвэрийг сануулахад болох юм. Тэрбээр “БНМАУ-ыг Нэгдсэн үндэстний байгууллагын гишүүнд элсүүлэх асуудлыг зөвөөр шийдвэрлэж, 1946 оноос эхлэн НҮБ-д орохыг хүлээж байгаа энэ оронд шударга бусаар хандаж байсан явдлыг эцэс болгохыг Зөвлөлтийн төлөөлөгчид Аюулгүйн зөвлөлийн гишүүдэд уриалж байна” гэжээ.

Чан Кайшийн Тайванийн төлөөлөгч ноён Зян Тинфү хэлсэн үгэндээ Монгол, Хятад хоёр нь олон зуун жилийн турш, ялангуяа XIII зуунаас эхлэн улс төрийн нэг гэр бүлд багтаж байсан хэмээн нотлохыг оролдоод “Гадаад Монголыг” түрэмгийлэх гэсэн хаант Орос, Зөвлөлтийн бодлогыг олон баримтаар батлан үзүүлэхийг хичээв. Тэрбээр “Гадаад Монгол бол тусгаар тогтносон нэрээр халхавчлагдсан боловч үнэн хэрэгтээ Зөвлөлтийн колони юм. Гадаад Монголын сүүлийн 40 жилийн түүх бол ЗХУ-аас гардан явуулж байгаа шинэ колончлол ба империализмын хэлбэр юм” гэж хүртэл мэдэгджээ. Тэрбээр эцэст нь Мавритани болон түүний Африкийн хань нөхдүүдийн хүсэлтийг хүндэтгэн “Гадаад Монголыг” элсүүлэх санал хураалтад оролцохгүй, түүнд хориг тавих эрхээ эдлэхгүй гэж мэдэгджээ. Тухайн үед Чан Кайшийн Хятадын НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний статус нь хууль эрх зүйн хувьд ноцтой хөндөгдөөд байсан үед Мавритани, түүний цаана зогсож байсан Африкийн олон орны шахалт шаардлагад автан БНМАУ-ын төлөө санал хураалтад оролцохгүй “нэр цэвэр үлдэх” аргыг сонгохоос өөр аргагүй байдалд орсон байна.

АНУ-ын төлөөлөгч Ч.Йост хэлсэн үгэндээ БНМАУ-ын өргөдлийн тухайд “…үүнээс нэлээд өмнө АНУ өөрөө ямар саналтай байгаагаас үл хамааран НҮБ-д Гадаад Монголыг элсүүлэх явдалд ямар ч саад хийхгүй гэж ноён Стивенсон тус Аюулгүйн зөвлөлд мэдэгдсэн билээ. Үүний шалтгаан нь нийтэд тодорхой байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхий ассамблей Гадаад Монгол нь НҮБ-ын гишүүн байж чадах улс гэж дүгнэснийг АНУ анхааралдаа авсан юм. Иймээс бид Ерөнхий ассамблейн энэ шийдвэрийг хүндэтгэж энэ асуудал энд болоод Ерөнхий ассамблейд хэлэлцүүлэх үед ямар ч саад хийхгүй болой. Иймээс Гадаад Монголыг элсүүлэх тухай тогтоолд санал өргөхөд АНУ түдгэлзэх болно” гэж ил тод мэдэгджээ.

Францын төлөөлөгч ноён Берард “Зарим хүний сануулж байгаагаар БНМАУ НҮБ-ын гишүүнд элсэх өргөдлөө 14 жилийн өмнө 1946 оны зургадугаар сарын 24-нд өгчээ. Тэр үеэс хойш энэ кандидатур тус байгууллагын янз бүрийн салаа мөчрөөр дахин дахин давтан шалгагдсан байна. Ийм удаан хугацааны хүсэлт олон тооны сорилтын эцэст зарим төлөөлөгчид БНМАУ манай онцгой анхаарлыг татаж байна гэдэг дүгнэлт хийж байна… Францын төлөөлөгч БНМАУ-ын кандидатурын эсрэг хэзээ ч зогсож байгаагүй. Зарим санал хураалтад түдгэлзэж, заримд нь элсүүлэхийн төлөө саналаа өгч байсан. Аюулгүйн зөвлөл буюу Ерөнхий ассамблейд зарим төлөөлөгчөөс илэрхийлсэн эргэлзээний улмаас бид өнөөдөр энэ асуудлыг дахин хэлэлцэх болоод байна. Гадаад Монгол Дүрмийн дөрөвдүгээр зүйлд заасан шинэ гишүүн элсүүлэх тухай болзлуудыг үнэн хэрэг дээрээ биелүүлж чадаж байна уу хэмээн надаас өмнө байсан хүмүүс өөрсдөө болоод тэдний хамт ажиллагч нөхөд нь гайхаж байснаа тэмдэглэсэн юм. Тийм байсан ч Францын төлөөлөгч БНМАУ-ыг элсүүлэхийн төлөө саналаа өгнө. Энэ бол БНМАУ-ын тусгаар тогтнох зориг хүслийг итгэмжилж байгаа бөгөөд тус орны байгууллагууд ардчилсан чиглэлээр хөгжинө гэж найдаж буйн шинж тэмдэг” гэж мэдэгдсэн байна.

Их Британийн төлөөлөгч ноён Патрик Деан “Манай төлөөлөгч нарийвчлан судалж үзсэний эцэст Гадаад Монголыг НҮБ-д элсүүлэхийг дэмжиж саналаа өгөхөөр шийдсэн. Бид 1955 онд Гадаад Монголыг дэмжиж саналаа өгсөн. Тэгэхэд 18 улсыг тус байгууллагад элсүүлэх асуудал мухардмал байдалд орсон гэж зарим гишүүн дурдах байх. Үнэндээ бидэнд Гадаад Монголыг тусгаар тогтносон гэж үнэмших баримт ч, үгүй гэх баримт ч нэгэн адил тун бага байна. Тэгээд ч улс төрийн дүгнэлт нь бидэнд хүндэтгэгддэг Энэтхэг зэрэг бусад орон Гадаад Монголыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон явдлыг харгалзсан ба би ч өнөөдөр үүнийг харгалзан үзэж байна. Одоогийн нөхцөл байдалд Гадаад Монголыг гэрчлэх баримтаар дутагдалтай байгааг нь цагаатгаад, элсүүлэхийн төлөө саналаа өгөх нь зүйтэй гэж манай төлөөлөгч өнөөдөр мөн үзэж байна” гэжээ. Британийн төлөөлөгчдийн дараа Арабын Нэгдсэн Бүгд Найрамдах Улс, Цейлон, Эквадор, Чили, Туркийн төлөөлөгч тус тус үг хэлжээ. Цейлоны төлөөлөгч Малаласекера “Монгол бол маш эртний соёлтой бөгөөд манай оронтой нягт харилцаатай. Тус хоёр орон буддын шашин шүтдэг учир соёлын нягт харилцаатай байсан. Хоёр жилийн өмнө Гадаад Монголд зочлох сайхан завшаан надад тохиосон. Тус улс олон талаар, ялангуяа ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх, хөршүүдтэйгээ сайн харилцаа тогтоох, тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө туйлын их хүч чармайж байгааг энэ улсад байхдаа би үзсэн. Энэ бол сайшаалтай хэрэг гэж би бодож байна. Хэрэв Гадаад Монгол Аюулгүйн зөвлөлийн дараа нь Ерөнхий ассамблейн нэгдмэл саналаар НҮБ-д элсвэл бид их баяртай байна” гэсэн элэгсэг үг хэлжээ.

Ийнхүү 1961 оны аравдугаар сарын 25-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр Монгол, Мавритани хоёр улсыг НҮБ-д нэгэн зэрэг элсүүлэх асуудлаар санал хураалт явуулжээ. БНМАУ-ыг элсүүлэхийг зөвлөмж болгосон тогтоолын төслийг ЗХУ, Англи, Франц, Цейлон, Чили, Нэгдсэн Араб, Эквадор, Либери, Турк улс тус бүр дэмжиж АНУ түдгэлзсэн бөгөөд Чан Кайшийн төлөөлөгч танхимаас гарч санал хураалтад оролцсонгүй. Хэрэв Чан Кайшийн талынхан НҮБ-д шинэ гишүүн элсүүлэхэд хориг тавих аваас түүнийг НҮБ-аас хөөхөөр шахалт үзүүлсэн Ази, Африкийн шинэ улсууд, түүний дотор Францын колони байсан Зааны ясан эрэг, Дээд Вольт, Габон, Дагумей зэрэг 11 улс (Браззавилийн 11 ч гэж нэрлэдэг)-ын үйл ажиллагаа зохих нөлөө үзүүлснийг тэмдэглэх нь зүйтэй.

1961 оны аравдугаар сарын 27-ны 15.00 цагт Ерөнхий ассамблей хуралдаж, Монгол, Мавританийг элсүүлэх асуудлыг хэлэлцэв. ЗХУ тэргүүтэй 23 улсын төлөөлөгчдийн оруулсан тогтоолын төслөөр БНМАУ-ыг санал хураалгүй нэгэн дуугаар алга ташин батлахад НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын протоколын дарга Монголын төлөөлөгчдийг түр ажиглагчийн байрнаас урьж, “Монгол” гэсэн хаяг бүхий суудалд залжээ. Ингэж манай улсын төлөөлөгчид НҮБ-д хууль ёсны байраа эзлэн БНМАУ НҮБ-ын гишүүнээр элсэв. Эцсийн дүндээ Афганистан, Бирм, Гана, Гвиней, Энэтхэг, Индонез, Ирак, Камбож, Мали, Балба, Египет, Цейлон түүнчлэн тухайн үеийн социалист 11 улс нийт 23 орны төлөөлөгчдийн хамтран оруулсан тогтоолын төслийг Ерөнхий ассамблейн 26 дугаар чуулган хэлэлцээд, 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр баталсан байна.

1961 оны аравдугаар сарын 31-ний өдрийн 10.00 цагт Монгол Улсын далбааг НҮБ-ын байрны өмнө мандуулах ёслол болов. Дараа нь Ерөнхий ассамблейн чуулганы хуралд оролцож индрээс гь Польш, Индонез, Чехословак, Куба, Белорусь, Болгар, Албани, Камбож, Унгар, Украин, Румын, Балба, Коста-Рика, Зөвлөлтийн төлөөлөгчдийн тэргүүн нар манай улсыг НҮБ-д орсон, хууль ёсны байраа эзэлсэнд баяр хүргэн үг хэлжээ.

1961 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 372 дугаар тогтоолоор БНМАУ-аас НҮБ-д суух Байнгын төлөөлөгчийн газрын орон тоог 12 нэгжээр баталж, Б.Жаргалсайханыг Байнгын төлөөлөгчийн тэргүүнээр, Дамдиндоржийг нэгдүгээр болон Орсоог хоёрдугаар нарийн бичгийн даргаар, Цэрэн-Очирыг атташегаар тус тус баталсан байна.

Ийнхүү 1950-иад оны сүүлч, 1960-аад оны эхээр НҮБ дахь их гүрнүүд болон хуучин колони, хараат байсан Ази, Африк, Латин Америкийн улсууд хоорондын хүчний харьцаа өөрчлөгдсөн байна. БНМАУ Азийн нөлөө бүхий томоохон орнууд болох Энэтхэг, Бирм, Индонезитой 1955-1957 онд дипломат харилцаа тогтоосноор дэмжлэгийг нь НҮБ-д олж авсан явдал зөвхөн НҮБ-д төдийгүй тэдний колонийн эзэн байсан Их Британи зэрэг орны байр суурьт хүчтэй нөлөө үзүүлэв. Түүнчлэн Ази, Африкийн шинээр тусгаар тогтносон улсуудын эрчимтэй дэмжлэгийг олж, тэдэнтэй эв санааны нэгдлийг тогтоож чадсан явдал шийдвэрлэх нэг нөлөө үзүүлсэн юм. Түүнчлэн БНМАУ-д саад хийж байсан Чан Кайшийн олон жилийн бодлого улам явуургүй болж, БНХАУ-ын байр суурь бэхжив. Чан Кайшийг хөөж, БНХАУ-ын хууль ёсны байр суурийг НҮБ-д эзлүүлэх хүчин чармайлт улам нэмэгдэж байлаа. Ийм нөхцөлд АНУ, Британи, Франц БНМАУ-ын талаарх бодлогодоо тус бүр залруулга хийжээ. Британи, Франц БНМАУ-ыг НҮБ-д элсэхийг дэмжих, харин АНУ саад хийхгүй, түдгэлзэх санал өгөхөө ил тод зарласан байна. ЗХУ-ын оруулсан тогтоолын төслийг Аюулгүйн зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүн орнууд дэмжиж, АНУ түдгэлзэн, Тайвань танхимаас гарч санал хураалтад оролцоогүй тул БНМАУ 1961 оны аравдугаар сард НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж, тус байгууллагад хууль ёсны суудлаа эзэлсэн билээ.

Бэлтгэсэн Ц.Батбаяр

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.