Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөрөнгө оруулалтын орчны талаарх баримт бичгийг танилцууллаа

Монгол Улсын гадаад хөрөнгө оруулалтын орчны талаар боловсруулсан баримт бичгийг танилцуулж, энэ талаарх байр сууриа илэрхийлэх уулзалтыг Европ-Монголын хамтарсан худалдаа, аж үйлдвэрийн танхим өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Манайд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй энэ үед юуны түрүүнд эдийн засаг, бизнесийн орчинд төрөөс урт хугацааны тогтвортой бодлого баримтлах нь зүйтэйг дээрх уулзалтын үеэр оролцогчид онцлов. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт, үр ашгаа урьдчилан тооцох боломжтой, ил тод, шударга, ойлгомжтой орчин бий болгох шаардлагатай гэж байлаа. Мөн “Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын орчин ба саад бэрхшээл, урагшлах зам” бодлогын санал бүхий баримт бичиг боловсруулж, холбогдох төрийн байгууллагуудад илгээснээ Евро танхимын удирдлага мэдээлэв. Уг баримт бичигт гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой хуульд олон улсын зарим гэрээг тусган, боловсронгуй болгох, шүүхийн тогтолцоог бизнесийн орчинд зүй бусаар, урвуулан ашиглахыг зогсоох зэргийг тусгажээ. Хөрөнгө оруулалт татах нь тухайн улсын өрсөлдөх чадварыг харуулах учраас олон улсад чиглэсэн маркетинг хийх нь үр дүнтэйг дурдсан байна. Түүнчлэн олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчидтэй харилцах талаарх иргэдийн таагүй ойлголтыг залруулах шаардлагатай гэлээ. Олон нийтэд эерэг ойлголт өгөх нь хөгжиж буй улс орны эдийн засаг, нийгмийг хөдөлгөгч нэгээхэн хүчин зүйл болохыг Евро танхимын гүйцэтгэх захирал Томаш Бравенец онцлов. Мөн тэрбээр “Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо иж бүрнээр, цогцоор нь өөрчлөхгүй бол санхүүжилт авах байтугай, гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн сонирхол татах ч боломж одоогоор алга” гэв. Сонирхуулахад, дээрх байгууллагыг Монгол Улс болон Европын Холбооны орнуудын бизнес, худалдааг дэмжин, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2019 онд байгуулжээ. Өдгөө 160 гаруй гишүүнийх нь 60 орчим хувь нь Монголын компани, аж ахуйн нэгж гэнэ.

Бэлтгэсэн С.Цэрэн

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.