Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжих эхлэл нь чанартай боловсрол

Хар нүдний шилтэй, цэвэрхэн хувцасласан нэгэн хүү ширээ тойрон суусан арваад хүүхдэд англи хэлний орчуулга хийж байлаа. Түүнийг Дэлэгдуламын Сундуйжав гэдэг. Төрөлхийн харааны бэрхшээлтэй, 14 настай Д.Сундуйжав англи хэлийг долоон настайгаасаа бие даан сурч эхэлжээ. Англиар чөлөөтэй ярьж, ойлгодог тул өөр шигээ харааны бэрхшээлтэй дүү нар, найзууддаа тусалж буй нь энэ.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧ БОЛЛОО

Түүний амьдрал түнэр харанхуй дунд эхэлсэн. Төрүүлсэн ээжээ, алтан нарыг ганц ч удаа болов харж чадаагүй ч амьдралдаа гэрэл тусгахын тулд хичээн, зүтгэж яваа өсвөр насны хүү. Д.Сундуйжав харааны бэрхшээлтэй бусад хүүхдийн адил нэгдүгээр ангид орохдоо 116 дугаар тусгай сургуулийн босгыг алхав. Анх сургуульд ороод сул хараатай хүүхдүүд шиг кирилл үсэг яагаад сурч болдоггүй, бусдын царайг харж чадахгүй байгаа юм гэж ихэд бухимдаж, ээж, аавдаа уурлан, гомдож явжээ. Харин гуравдугаар ангид ороод өөрийн бэрхшээлийн талаар ойлгож эхэлсэн гэнэ. “Кирилл үсгийг хараатай хүмүүс хэрэглэдэг юм байна. Би одоохондоо сурч чадахгүй. Брайл үсгээ сурах хэрэгтэй” гэж өөртөө хэлж, тайвширчээ. Тэр үеэс компьютер сурч эхэлсэн нь түүнд олон боломж олгов. Харах нүд болсон компьютерын тусламжтайгаар тэр хаана ч сурах боломжтой боллоо. Түүний аав Н.Дэлэгдулам, ээж Х.Мөнгөнцэцэг нар хүүгээ балчир байхад нь хараатай болгохын төлөө олон эмнэлгийн үүд элээсэн бол эдүгээ Д.Сундуйжавт чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд цөөнгүй сургуулийн босго давжээ. Аливааг хялбархан сурдаг, ой тогтоолт сайтай хүүгийнхээ давуу талыг олж харсан тэд тавдугаар ангиас нь ерөнхий боловсролын “Кингс кидс” хувийн сургуульд элсүүлсэн байна.

Д.Сундуйжав анх удаа энгийн хүүхдүүдтэй хамт сурлаа. Сургалтын төвд явж англи хэлний түвшнээ ахиулсны хүчээр “Кингс кидс” сургуулийн сурагч болов. Ангийн багш Х.Заяа “Би урьд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаагүй. Хүүхэд хичээвэл бэрхшээл үгүйг ойлгосон. Сундуйжав ангидаа чөлөөтэй явдаг, ганцаараа ариун цэврийн өрөө орж, бие засаж чаддаг, ширээгээ олоод суучихдаг. Эхэндээ бид Сундуйжавыг өрөвдөж харилцдаг, багш нар хичээлээ яаж ойлгуулахаа мэддэггүй байв. Харин бусдаас дутахгүй сурч буйг нь хараад өрөвдөж хандахаа больсон. Хараатай сурагчтайгаа харьцаж байгаа мэт “Номоо нээгээд төддүгээр хуудсыг гарга” гэх мэтээр ханддаг болсон. Тэгэхээр манай Сундуйжав компьютерын дэлгэцээсээ номын хуудсаа төвөггүй олчихдог юм” хэмээн ярив.

ТУСЛАХ БАГШИЙН ЭРЭЛТ БАЙГАА Ч НИЙЛҮҮЛЭЛТ АЛГА

БСШУС-ын сайдын тушаалаар 2019 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах журам баталсан. Уг журмыг 2019-2020 оны хичээлийн жилээс мөрдсөн билээ. Манай улсад өнгөрсөн хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй 5986 хүүхэд суралцжээ. Тэдний 1771 нь тусгай сургууль, 385 нь Насан туршийн боловсролын төвд сурсан аж. Үлдсэн 3857 нь ерөнхий боловсролын сургуульд сурч буйг БШУЯ-ны Тусгай хэрэгцээт боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Гэрэлтуяа хэлсэн. Улсын хэмжээнд тусгай боловсролын зургаан сургууль байдаг нь бүгд Улаанбаатар хотод байрладаг. Тиймээс орон нутагт амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энгийн сургуульд сурч буйг тэрбээр онцолсон юм. Гэхдээ ерөнхий боловсролын сургуульд сурч буй хөгжлийн ялгаатай хүүхдүүдэд туслах багш одоогоор байхгүйг хэлэв. Тэднийг хэн, хэрхэн цалинжуулах нь тодорхойгүй. Уг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьсах зардлыг гурав дахин нэмэгдүүлж тооцох болон ийм сурагчтай ажиллаж буй багшид урамшуулал олгох асуудлыг сургуулийн дотоод дүрэм, хөдөлмөрийн гэрээнд тусгаж шийдвэрлэх журам бий. Энэ мэт цаасан дээрх олон хууль, дүрэм, журам хөрсөн дээр буугаагүй хэвээр.

БЭРХШЭЭЛИЙГ БИШ, ДАВУУ ТАЛЫГ НЬ ОЛЖ ХАР

Х.Мөнгөнцэцэг хүүгээ үе тэнгийнхэнтэйгээ нөхөрлөх, математикийн хичээлийн хоцрогдлыг нь арилгах зорилгоор улсын сургуульд сургахаар шийдлээ. Хэд хэдэн сургуулийн удирдлагаас “Бидэнд заах арга байхгүй. Тусгай сургуульдаа л сур” гэсэн хариу авсан ч шантарсангүй. Хичээсний эцэст Д.Сундуйжав ерөнхий боловсролын 11 дүгээр сургуульд өнгөрсөн есдүгээр сараас суралцаж эхлэв. “Би өөрөө брайл үсэг мэдэхгүй учраас хүүгээ хичээлээ ойлгож буй, эсэхийг хянаж чадахгүй байлаа. Тиймээс компьютерт арван хуруугаар бичүүлж сургав. Дэлгэцийг нь хараад хичээлээ зөв хийсэн, үгүйг шалгахад амар болсон. Миний энэ арга барилаар багш нар хүүгийн минь хичээлийг шалгах боломжтой гэж ойлгоод энгийн сургуульд оруулсан юм. Д.Сундуйжав тусгай аппликэйшн ашиглаж, номоо скайнердаж аваад уншдаг. Харааны бэрхшээлтэй хүүхдүүд математикийн хичээлээс их хоцордог. Тооны томьёо, тэмдэг, зураг зэргийг аудио болгож сонсох боломжгүй. Тиймээс тооны хичээлд суурилсан элсэлтийн ерөнхий шалгалт өгч чаддаггүй юм. Тооны хичээлдээ нэмэлтээр туслах багштай болсон” гэж Х.Мөнгөнцэцэг ярив. Тэрбээр мөн эхлээд бэрхшээлийг биш, давуу талыг нь олж харвал, онцлог чадварыг нь хөгжүүлчихвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд амжилтад хүрэх боломжтой. Хүүхэд бүр эрх тэгш байдлаар боловсрол эзэмших эрхтэй гэв. Түүнийг ийн ярих зуур Д.Сундуйжав сандлаасаа босоод өрөөний голд хоёр гараа дэлгэн онгоц мэт дороо эргэлдэв. Х.Мөнгөнцэцэг “Харааны бэрхшээлтэй хүүхэд эхэндээ өдөр, шөнөө ялгахгүй учир нойрондоо их муу байдаг юм билээ. Гурван жил би бүтэн нойртой хоноогүй. Заримдаа “Чи унтсан, би унтаагүй” гэж муудалцана” гэхэд Д.Сундуйжав хөгжилтэй нь аргагүй хөхрөн инээв. Цар тахлын улмаас сургууль танхим, цахим гэсэн ээлжээр хичээллэж буй. Харааны бэрхшээлтэй хүний сонсгол, бусад мэдрэхүй сайн хөгжсөн байдаг. Д.Сундуйжав төгөлдөр хуур тоглож, ая зохиох авьяастай.

БОЛОВСРОЛД ТЭГШ ХАМРУУЛАХЫН ТУЛД ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ

Д.Сундуйжавын ангийн багш Т.Уянга “Харааны бэрхшээлтэй хүүхэд манай сургуульд сурч байгаа нь бидэнд цоо шинэ зүйл болсон. Д.Сундуйжав маань хичээлээ сонсоод брайлаар биш, компьютерт шууд бичдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн сургуульд сургах нь тэгш боловсрол олгох үүдийг нээж буй ч учир дутагдалтай зүйл цөөнгүй. Тухайлбал, манай сургууль физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай. Харааны бэрхшээлтэй хүүхдийн гол сурах арга барил нь хичээлийг аудио хэлбэрээр сонсож, ойлгох. Гэтэл математик, физик, дүрслэх урлаг зэрэг зураг, дүрстэй зүйлийг аудио болгох боломжгүй байна. Есдүгээр ангид 17 хичээл ордог. Ихэнх номоо аудио хэлбэрт оруулж чадаагүй учраас сурахад асуудал гарч байгаа нь нууц биш. Нэгэнт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах гэж байгаа бол багаас нь энгийн цэцэрлэгт сургах хэрэгтэй. Ингэснээр бусад хүүхэд хөгжлийн бэрхшээлийн талаар зөв ойлгож, тэдэнд найрсгаар туслах болно” гэсэн юм. “Би өөрөө эхэлж ангийнхаа хүүхдүүдтэй ярьж, харилцдаг. Зарим нь намайг ямар ч мэдрэмжгүй мэт ханддаг” хэмээн Д.Сундуйжавын хэлсэн нэгийг бодогдуулна. Тэрбээр мөн “Ихэнх сурах бичиг цахим хэлбэрээр бус, брайл үсгээр байдаг. Энгийн сургуульд сурч байгаа хүүхдүүдийн хувьд багш нар брайл үсэг мэдэхгүй учраас хичээл зааж, сургах боломжгүй. Тиймээс надад онлайнаар сурах нь илүү хялбар байдаг” хэмээсэн. Хөгжлийн ялгаатай хүүхдүүд нийгэмд олон бийг сурагчид төдийлөн мэдэхгүй байна. Зарим нь эвэртэй туулай үзсэн мэт гайхаж, хэсэг нь өрөвдөж, өөрийнх нь хийж чаддаг зүйлд ч туслах гэж зүтгэдэг нь тэдэнд тус биш, ус болдог гэнэ лээ.

ХӨГЖЛӨӨС ХЭН Ч ХОЦРОХ ЁСГҮЙ

Энэ бол Тогтвортой хөгжлийн зорилгын уриа юм. НҮБ-ын гишүүн орны хувьд манай улс “Тогтвортой хөгжлийн зорилго-2030”-д нэгдсэн билээ. Тус зорилгын 10 дугаарт тэгш бус байдлыг бууруулах, дөрөвт нь чанартай боловсролын дэмжих гэж заасан байдаг. Энэ хоёр зорилго хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн их хамаатай. Малчдын болон ядуу өрхийн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй багачууд боловсролын үйлчилгээнд тэгш хамрагдаж чадахгүй байгаа нь тулгамдсан асуудал болж буйг 2019 онд НҮБ-д танилцуулсан Монгол Улсын тогтвортой хөгжлийн хэрэгжилтийн үндэсний сайн дурын илтгэлд дурджээ. Манай улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 11 000 орчим хүүхэд бий гэдэг. Тэднийг энгийн сургуульд сургаснаар хөгжлөөс хоцрохгүй байх, чанартай боловсрол эзэмших гэсэн тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлэхэд бага ч болов ахиц гарч буй юм. Д.Сундуйжав “Тусгай сургуульд заадаггүй хичээлийг энгийн сургуульд зааж байсан” гэж хэлснийг энд онцлох нь зүйтэй. Тусгай сургуулийн сургалтын хөтөлбөр бусдаасаа хоцордог. Ийм нөхцөлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд чанартай боловсрол эзэмших, цаашлаад ажил, орлоготой байх нь эргэлзээтэй. Ядуурлаас ангид байх, хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй гэвэл хүн амын тодорхой хувийг эзэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэхэд анхаарах нь зүй ёсны хэрэг болжээ. Ялангуяа Монгол Улсын тогтвортой хөгжлийн тулгуур болсон боловсролд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулах эхлэл тавигдсан нь ололт юм. Энэ талаар МУБИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор Т.Чулуун “Монгол Улсын хувьд тогтвортой хөгжлийн аль зорилго бусад зорилгодоо хүрэхэд хамгийн их нөлөөтэй болохыг үнэлж дүгнэхэд боловсрол хөгжлийн түлхүүр гэж гарсан. Тогтвортой хөгжлийн дадал, мэдлэг, манлайлагчийн боловсрол олгох гэсэн өргөн хүрээтэй өнцгөөс харах нь зүйтэй. Цэцэрлэгт тогтвортой хөгжлийн дадал суулгах, дунд сургуульд тогтвортой хөгжлийн мэдлэг олгох, дээд сургуульд тогтвортой хөгжлийн манлайлагчдыг бэлтгэх цогц, харилцан уялдаатай бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хүн бүрт тэгш хүртээмжтэй чанартай боловсрол олгох гэсэн утгаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үлдээхгүй, хамруулах нь нэн чухал” гэлээ.

Д.Сундуйжавын багын найз М.Сод-Эрдэм түүн шиг ерөнхий боловсролын сургуульд сурч, чанартай боловсрол эзэмшихийн хүсдэг. Энгийн сургуульд сурахыг хүсэж буй ч нөүтбүүкгүй учир самбар шивүүр ашиглавал хичээлээ гүйцэх болов уу гэсэн айдастай. Дасаж сурснаараа тусгай сургуульдаа сурч болох ч бусдын адил боловсролын ижил гараанаас гарахыг хүснэ. Найзынхаа хичээнгүй, тууштай зангаар бахархдаг тэрбээр “Би ч бас ерөнхий боловсролын сургуульд сурмаар байна” хэмээн чин сэтгэлээсээ хэлсэн юм. Харин ирээдүйд мэдээллийн технологийн алдартай инженер болох зорилготой Д.Сундуйжав “Харахгүй юм чинь юу ч хийж чадахгүй гэж битгий бодоорой. Хийж бүтээх, сурах зүйл бидэнд маш их бий” гэж найзыгаа зоригжуулсныг энд уламжилъя.

4
Зөв, гоёЗөв, гоё
3
Хөөрхөн юмХөөрхөн юм
1
ХарамсалтайХарамсалтай
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 thoughts on “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжих эхлэл нь чанартай боловсрол

  • Munguntsetseg says:

    Huu mini bugdiig chadna gedegt eej bi bat itgedg .olon huuhdiin tuuchee bolnoo minii huu chn .

  • Anonymous says:

    Ёстой мундаг хүү байна шүү

  • байгальмаа says:

    Миний дүү ёстой мундаг шүү. Бахархаж байна

  • Х.Заяа says:

    Бэрхшээлийг давуу тал болгож чадсан, бодлыг минь 100% өөрчилж чадсан, олон, олон хүүхэд залуусын хөгжлийн түүчээ болж чадах мундаг ХҮҮ шүү. Амжилт хүсье!