Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Хууль бусаар халагдсан хүмүүсийн нөхөн төлбөрт 11.7 тэрбум төгрөг олгосон байна”

Өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хоёр ч хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Г.Тэмүүлэн нарын санаачилсан төсөлд улс төрийн албан тушаалтанд нийтлэг болон тусгай шаардлага тавихаар тусгасан бол гишүүн Ё.Баатарбилэгийн өргөн мэдүүлсэн төсөлд төрийн захиргааны ахлах түшмэлээс эхлэн тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох иргэнд ажилласан жилийн хугацаа тавьсныг өөрчлөх агуулгатай заалт бий. Өөрөөр хэлбэл, улс төрийн, тусгай, үйлчилгээний албан тушаалд үүрэг гүйцэтгэсэн болон тухайн салбарт мэргэжлээрээ ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалд ажилласан хугацаанд тодорхой хувиар дүйцүүлэн тооцохоор тусгасан юм. Мөн хувийн ашиг сонирхол үүсэх, эсэхээс бусад асуудлаар АТГ дүгнэлт, мэдэгдэл гаргахыг хориглох санал гаргаж буй билээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн тавьсан асуулт, байр суурийг тоймлон хүргэж байна.

Н.Ганибал: -Төрийн улс төрийн албан тушаалтанд тавих шаардлага, ёс зүйн хэм хэмжээг хуульчлах зайлшгүй хэрэгтэй байгаа тул энэ төслийг дэмжиж байна. Гэхдээ сайжруулах хэрэгтэй. Төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас нь халсан, чөлөөлсөн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг Захиргааны ерөнхий хуульд тусгасан. Төрийн 200 мянган албан хаагчийн эрх ашиг руу хамгийн их довтолдог, зөрчдөг хүмүүс бол улс төрийн албан тушаалтан. Сонгуулийн дараа төрийн албан хаагчдыг хоморголон халдаг. Үүнийг хуулиар хамгаалсан ч хэрэгжүүлэхгүй байна. Улс төрийн албан тушаалтнууд төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудыг шахаж ийм шийдвэр гаргуулдаг. ШШГЕГ-ын судалгаанаас харахад, 2016 оноос энэ оны эхний хагас жил хүртэл хууль бусаар ажлаас халсан, чөлөөлсөн нь шүүхээр тогтоогдсон 1935 албан тушаалтныг ажилд нь эргүүлэн томилж, тэдгээрийн ажилгүй байсан хугацааных нь нөхөн төлбөрт 11.7 тэрбум төгрөг олгох шийдвэр гарсан байна. Үүнээс 1068 хүнийг ажилд нь эргүүлэн авч, улсын төсвөөс 6.6 тэрбум төгрөг гаргаж, нөхөн төлбөрт олгожээ. Буруу шийдвэр гаргасан албан тушаалтан төсвөөс гаргасан энэ мөнгийг буцааж төлөх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар эргэн төлөлт нь дөнгөж 500 гаруй сая төгрөг байна. Монголын төр төсвөөс гаргасан зургаан тэрбум төгрөгөө буруу шийдвэр гаргасан албан тушаалтнуудаас нэхэж авах ёстой. Харамсалтай нь, нөгөө улс төрийн албан тушаалтнууд энэ асуудлыг нь хамгаалаад өнөөдрийг хүрлээ. Хуулийнхаа хэрэгжилтэд илүү анхаармаар байна.

Д.Тогтохсүрэн: -Улс төрийн албан тушаалтанд тодорхой хэмжээний шаардлага тавих нь зөв. Гэхдээ үүнийг Засгийн газрын тухай болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулах нь зүйтэй болов уу. Төрийн албанд болон салбартаа ажилласан жилийн шаардлагыг хасах ёстой гэж бодож байна. Хуульд янз бүрийн шаардлага тусгахаа болих хэрэгтэй. Жишээ нь, орон нутгийн Засаг даргыг заавал сумдаа ажилласан байх ёстой гэж зааж болохгүй. Гаднаас мэргэжлийн чадвартай хүн ирж ажиллаж болно. Засгийн газраас яагаад санал аваагүй вэ?

Г.Тэмүүлэн: -Засгийн газраас санал авахаар хүсэлтээ хүргүүлсэн ч хуулийн хугацаанд багтаж ирүүлээгүй. Төрийн албанд тавигддаг нийтлэг бүх шаардлагыг улс төрийн албан тушаалтнуудад тавья. Дээр нь ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой заалтуудыг нэмж тусгая. Монгол төрийг хүчтэй байлгах үүднээс сууринаас нь эхэлж байна гэж та бүхэн ойлгож болно.

М.Оюунчимэг: -Сайд болох хүн энэ хуулиар ямар шалгуур хангах ёстой вэ. Улс төрийн албан тушаалтнуудад тавьсан шаардлагыг хэрхэн тусгасан бэ?

Г.Тэмүүлэн: -Одоогоор 205 мянган хүн төрийн алба хашиж байна. Үүнээс 3600 нь улс төрийн албан тушаалтан. Өнгөрсөн хугацаанд улс төрийн албан тушаалтнуудад шалгуур тавьж байгаагүй. Улс орны хөгжил, бодлогыг тодорхойлдог, шийдвэр гаргадаг, нөгөө талаараа нийгмийг авч яваа, манлайлж байгаа тэдэнд бид зөв шалгуур тогтоож л төр нь чадварлаг, хүчтэй байж, цаашлаад улс нь хөгжинө. Улсын эрх ашгаас илүү улс төрийн намын эрх ашиг байх ёсгүй. Ингэж байж төрийн босгыг өндөрсгөх нөхцөл бүрдэнэ. Гэтэл одоо салбартаа хүлээн зөвшөөрөгдөөгүй, танигдаагүй, мэргэжлийн бус, ур чадварын хувьд шаардлага хангахгүй хүмүүсийг томилж байна.

Н.Учрал: -Хуулийн төсөл техникийн талаасаа шаардлага хангахгүй байна. Хууль тунхгийн шинжтэй байж болохгүй. Төрийн албаны тухай хуулиар хамаагүй оролдож хэрэггүй. Энд яригдаж буй хоёр төслийн концепц шал өөр. Г.Тэмүүлэн нарын санаачилсан төсөлд улс төрийн албан тушаалтнуудад тавьсан шаардлага нь хэмжих боломжгүй юм байна. Жишээ нь, гаж зуршилгүй, зан төлөвийн доголдолгүй байх гэж юуг ойлгох вэ. Хамрын тамхи татах нь хүртэл гаж зуршилд орох гээд байна шүү дээ. Дарга нар нь ажилчдаа зан төлөвийн доголдолтой гэх шалтгаанаар ажиллах бололцоогоор нь хангахгүй болох нь. Хариуцлага тооцох гэж байгаа бол шууд чөлөөлдөг байх хэрэгтэй. Ойлгомжгүй хууль баталбал сүүлдээ завхрал болж, төрийн албан хаагчдыг хэлмэгдүүлнэ. Нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлох вий.

Г.Тэмүүлэн: -Төрийн албан хаагчидтай хамааралтай, тэднийг ялгаварлан гадуурхахгүй. Төрийн албанд нүүрлэж буй, магадгүй намчирхал, талцлаар хуваагдаж, улстөрждөг, төрийн жинхэнэ албан хаагчдыг хэлмэгдүүлдэг, мэргэжлийн бус хүмүүст шаардлага тавья. Монголын төрийг ёс зүйтэй болгохын тулд эдгээрийг хуульчлах шаардлагатай. Гаж зуршил, зан төлөвийн доголдол гэдэгт тухайн албан тушаалд тэнцэж байгаа, эсэх, гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаагүйг ойлгож болно. Гаж зуршил гэдэг нь архидан согтуурах, донтолт, мансууруулах бодисын хэрэглээтэй хамааралтай. Эдгээрийг тухайн хүний үүх түүх болон эмнэлгийн магадлагаагаар тогтооно. Хуулийн төсөл чухал асуудлыг хөндсөн, зарчмын хувьд дэмжиж байна.

Г.Амартүвшин: -Хувь хүний зан төлөвийг хуульчилж болох юм уу. Ерөнхий томьёололтой шалгуур оруулчихаар дараа нь томилох болохоороо нээнтэглэж, энэ хоёр төслийг нэгтгэж хэлэлцэх шаардлагатай.

Ж.Мөнхбат: -Хэлэлцүүлгийн шатанд төслийн “бөөсийг түүх” ажил бий. Хуулийн төслийг дэмжиж байна. Төрийн албыг ёс зүй, сахилга баттай болгох нь чухал. Төр төлөөлж суучихаад дадлага хийгээд байж болохгүй. УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй санал нэг байна. Харин хувь хүний зан төлөвтэй холбоотой заалтын талаар хэлэхэд, жишээ нь, жендерийн мэдрэмжтэй байх гэдгийг ямар шүүлтүүрээр харах вэ?

Ц.Сандаг-Очир: -Хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ улс төрийн албан тушаалтнуудад тавигдах шаардлага бий учраас анхаарах зүйл байна. Гишүүн Н.Учрал, Ж.Оюунчимэг нартай санал нэг байна. Нийтлэг тавигдаж буй шаардлага нь тунхаглалын шинжтэй. Үүнийг сонсоод 200 мянган төрийн албан хаагч шоолно. Гаж зуршил гэж юу юм бэ, хэн тодорхойлох вэ. Гаж зуршилгүй гэдгийг хэн тодорхойлох юм бэ, зан төлөвийн доголдолгүй байна гэсэн нь юу гэсэн үг вэ. Гишүүн Г.Тэмүүлэнд хэлэхэд, аймаг сум, нийслэлийн Засаг дарга нарт тодорхой шаардлага байдаг юм. Төрийн албанд 3-4 жил ажилласан байх, наад зах нь бакалаврын зэрэгтэй байх гэх мэт шалгуур бий. Харин хуулийг хэрэгжүүлснээр сайд нар зөвхөн хуульч, эрхзүйч мэргэжилтэй хүмүүс байх ёстой гэж ойлгож байна. Энэ нь зөв юм уу. Боловсролын асуудал хариуцсан яаманд зөвхөн багш мэргэжилтэй л хүн байх юм байна.

Г.Тэмүүлэн: -Төрийн албан хаагчдынхаа эрх ашгийг хамгаалах үүднээс улс төрийн албан тушаалтнуудад шалгуур тавих шаардлагатай. Улс төрийн албан тушаалтнуудад нийтлэг шаардлага байхгүй. Тухайн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан хүнийг мэргэжлийн гэж харж байгаа юм. Жишээ нь, уул уурхай, эрчим хүчний салбарт дөрвөөс доошгүй жил ажилласан хүн мэргэжлийн байх ёстой. Мэргэжлийн Засгийн газар бүрдүүлэх үүднээс ийм шаардлага тавьж байна. Цаашид улс орны том эрх ашгийг харж, улс төрийн албанд шинэчлэл хийх шаардлагатай.
А.Адъяасүрэн: -Улс төрийн албан тушаалд аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын дарга, хот, тосгоны захирагчаас эхлээд Ерөнхийлөгч хүртэл бүх албан тушаалтан багтдаг. Эдгээр албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалтанд тавигдах нийтлэг шаардлагаас өөр зүйл байдаггүй. Иймд улс төрийн албан тушаалтанд тавигддаг тусгай шаардлагуудыг оруулж ирснийг зөв гэж үзэж байна. 2019 онд олонх хүч түрж, Цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль баталснаар Төрийн албаны тухай хуулиар төрийн албан тушаалд ажиллах хүмүүст тавигддаг тусгай шаардлагуудыг юу ч биш болгосон. Энэ нөхцөлд эл хууль хэрэгжих боломжтой гэж үзэж байна уу. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 23.2.1, 23.2.3-т заасан төрийн албан тушаалтанд тавих тусгай шаардлагыг хангаагүй албан хаагчдын тоог гаргаж үзсэн үү. Хуулийг мөрдөж эхлэхээр хуулийн тусгай шаардлагад заасан, дөрвөөс дээш жил ажилласан шалгуурыг хангахгүй олон хүн ажлаас гарах байх. Тэдний нийгмийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Г.Тэмүүлэн: -Цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2019 онд баталсан. Тус хуулийг цар тахлын нөхцөл байдлын үед зайлшгүй баталсан. Энэ хуулийг хэрэгжүүлээд хоёр жил боллоо. Хуулийн зохицуулалтыг эргэн харах цаг болсон. Учир нь төрийн албанд алба хаагчдыг ямар нэгэн шалгуур, зохицуулалтгүй томилдог явдал хавтгайрч байна. Цаашид “Цар тахлын” гэх тодотголтой хуулийн үйлчлэлийг зогсоох, Төрийн албаны тухай хуулийг дагаж томилгоо хийдгийг зогсоох хэрэгтэй. Төрийн албаны тухай хуулийн 23.2.1, 23.2.3-т зааснаар түшмэлийн албанд наймаас доошгүй жил ажилласан байх ёстой. Ийм албанд шаардлага хангаагүй хэчнээн албан хаагч байгаа тухай тоон мэдээлэл алга. Хуулийг батлагдсан өдрөөс нь мөрдөнө. Үүнээс цааш тусгай шаардлагуудыг хэрэгжүүлэх юм.

Ц.Туваан: -Энэ бол маш чухал хуулийн төсөл. Дэмжихээс ч аргагүй. Төрийн албан хаагчийн тоо 206 мянгад хүрсэн нь данхар бүтэцтэй байгааг харуулж буй хэрэг. 2016 онд 170 мянга гаруй хүнтэй байсан санагдаж байна. 2012-2016 онд намын харьяаллаар нь 30 мянган хүнийг хоморголон халсан. Төрийн албан хаагчийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Төрийн албанд чадваргүй, хэн нэгний дэмжлэгээр ажиллаж буй хүн олон. Мөн нутгархдаг байдал хавтгайрсан. Төрийн алба иргэдэд биш, эзэндээ үйлчилдэг болсон. Томоохон хохирогч нь АН. Үүнийг хэрхэн зохицуулах вэ. Тамга тэмдэгтэй холбоотой, өнөөгийн зөрчил бидний дотоод хагаралд байгаа юм биш. Зарим хүнтэй хуйвалдаж буй нөхдийн өргөдлөөр шийдвэр гаргаснаас л болсон. Ялангуяа улс төрийн албан тушаалтнуудын дунд сэтгэл гаргадаг хүн ховор болсон байна лээ. Өөрт ашигтай байдлаар хуулийн хэрэгжилтийг гацаадаг болсон юм билээ. Салбараа мэддэггүй хүн томилсноос иргэдийн дунд төрийн албаны нэр хүнд уначихаад байна.

Г.Тэмүүлэн: -Энэ оны эхний есөн сарын байдлаар нийт 206 мянган төрийн албан хаагч байна. Үүнээс улс төрийн 3600, төрийн захиргааны 20 650, төрийн тусгай албанд 45 453, үйлчилгээний албанд 136 мянган хүн ажилладаг. Төрийн алба бүх ард түмний төлөө, нийтийн эрх ашигт үйлчлэх ёстой. Монголын нийгэмд улс төрийн алба илүү давамгайлж, итгэлийг нь хөсөрдүүлдэг болох маягтай байна. Төрийн албаныхны чадвар сүүлийн 10 жилийн дотор доройтлоо. Улс төрийн албан тушаалтнууд нь зарчимгүй, ёс зүйгүй, мэдлэг боловсролоороо ч тэнцэхгүй байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.