Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гадаадынханд элэгтэй, дотоодынхонд эмгэнэлтэй хууль

Урлагийн төрлийн хувьд киног харьцангуй сүүлд буюу 1895 оноос үүссэн хэмээн түүхэнд тэмдэглэдэг. Харин манай улсад түүнээс 40 гаруй жилийн дараа, 1935 оны аравдугаар сарын 11-ний өдөр Ардын сайд нарын зөвлөлийн 32 дугаар тогтоолоор Улсын кино зургийн хороог байгуулж, улмаар уг хорооны харьяа кино үйлдвэрийн газрыг байгуулжээ. Тус үйлдвэр нь 1936 оноос эхлэн анх удаа “Майн хөдөлмөрийн 47 жилийн ой”, “Эдүгээгийн Монгол” зэрэг нэг бүлэгт баримтат кино бүтээсэн. Улмаар “Монгол хүү”, “Норжмаагийн зам” уран сайхны киног үзэгчдэд хүргэснээр манай улсын дэлгэцийн уран бүтээлийн түүхэн замнал эхэлсэн юм. Харин тэр цагаас хойш 85 жилийн дараа манай улс Кино урлагийг дэмжих тухай хуультай болов. Өнгөрсөн долдугаар сард УИХ-ын гишүүдийн 70 гаруй хувийн саналаар эцэслэн баталсан эл хуулийг ирэх оны эхний өдрөөс мөрдөж эхэлнэ.

Өнгөрсөн хугацаанд уран бүтээлчид, кино үзвэрийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зохицуулах, удирдан зохион байгуулахад баримтлах хууль эрх зүйн зохицуулалт байхгүй, тодорхой бодлого, чиглэлгүй урсгалаараа явсаар ирсэн. Харин Кино урлагийг дэмжих тухай хуулийг анх 2011 онд санаачилж, 2012 онд хуулийн төслийн ажлын хэсэг байгуулж, 2015 онд анхны хувилбарыг нь гаргаж байлаа. Тэр үеэс 2021 он хүртэлх хугацаанд ажлын хэсэг нь дөрвөн удаа солигдож, арван жил дуншсан хууль “мэндлэв”.

Эл хуулийн талаар Соёлын сайд Ч.Номин “Олон улс кино үйлдвэрлэлийн салбараа амжилттай хөгжүүлсэн. Энэ хуулийг батлуулахдаа бид нэгдүгээрт, амьтай буюу заалт бүр нь хэрэгждэг байхад их анхаарсан. Түүнээс хуулийн тодорхой хэсэг нь, эсвэл нэг л заалт нь ашиглагддаг бол учир дутагдалтай. Тиймээс бид хуулийн төслийг бэлтгэхийн тулд салбарынхантай олон удаа хэлэлцүүлэг хийсэн. Хуулийг ерөнхийд нь хоёр бүлэгтэй гэж ойлгож болно. Нэгдүгээрт, Монгол Улс дотор үйл ажиллагаа явуулж байгаа кино урлагийнхныгаа хэрхэн дэмжихэд чиглэсэн. Нөгөө талаас гадаадын зах зээлээр дамжуулж, тэднийг Монголд уран бүтээл хийлгэхийн тулд бид юу хийх ёстой вэ гэдгийг зохицуулахаар тусгасан. Үүний хүрээнд бид олон улсын зах зээлд ажилладаг “Нетфликс” болон Холливудын продюсеруудтай холбогдож, “Ямар тохиолдолд энэ хууль та бүхэнд хэрэгцээтэй байх вэ” гэдгийг асууж тодруулж, ярилцсан. Мөн тэднийг байнгын хорооны гишүүдтэй холбож, ойлголтоо нэгтгэсэн. Тиймээс энэ хууль “амьдралтай” байж, уран бүтээлчдэд тус болно гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн.

Кино үйлдвэрлэх үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж, Монгол Улсад кино бүтээх таатай орчин бий болгох, кино урлагийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах нь эл хуулийн зорилго. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт кино үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд, олон улсын кино наадамд оролцож байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд хамаарах долоон бүлэгт эл хуулийн зарим зүйл заалтыг онцолъё.

Юуны түрүүнд эл хууль хэрэгжиж эхэлснээр Кино урлагийг дэмжих сан, Кино урлагийн зөвлөл, Кино урлагийн мэдээллийн сан байгуулах аж. Кино урлагийг дэмжих сангийн хөрөнгийг эргэн төлөгдөх зээл болон эргэн төлөгдөхгүй санхүүжилт хэлбэрээр уран бүтээлчдэд олгохоор заажээ. Ингэхдээ Монголын түүх, соёл, ахуй амьдралыг харуулах, эсвэл хүүхдийн хүмүүжил төлөвшил, эрүүл амьдрах дадал бий болгоход эергээр нөлөөлөх хүүхэд, залуучуудад зориулсан уран сайхны болон баримтат, эсвэл арт кино бүтээхэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ хэмээн заасан. Түүнчлэн монгол киног хадгалах, сэргээн хөрвүүлэх, олон улсын наадам, үзэсгэлэнд монгол киногоор оролцох, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулах, кино урлагийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад эргэн төлөгдөхгүй санхүүжилт олгоно гэжээ. Түүхэн, хүүхэд, залуучуудад зориулсан болон арт киног тусгайлан дэмжихээр зааснаас бусад кино бүтээх, кино үйлдвэрлэлд шаардлагатай дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн шинэ техник, технологи, программ хангамж, инновац нэвтрүүлэхэд хөнгөлөлттэй зээл олгоно гэсэн. Ингээд Кино урлагийг дэмжих санд 10 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж байсан. Гэтэл сураг сонсох нь ээ, Сангийн сайд Б.Жавхлан ирэх онд тус санд хөрөнгө төвлөрүүлэх боломжгүй, цаашид ч эргэн төлөгдөхгүй санхүүжилтийг олгохыг эсэргүүцэж буй аж. Уг нь киночдын сураг хамгийн их тавьж байсан дэмжлэг нь энэ.

Түүнчлэн хууль хэрэгжиж эхэлснээр 11 гишүүнтэй Кино урлагийн зөвлөл ажиллаж, кино үйлдвэрлэлийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн төслийг боловсруулахад оролцоно. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт кино үйлдвэрлэх зорилгоор гадаадын иргэн, хуулийн этгээд зураг авахад зөвшөөрөл олгох, кино бүтээх зардлыг буцаан олгоход санал, дүгнэлт гаргах нь. Үүнээс гадна кино урлагийг дэмжих сангийн санхүүжилт, дэмжлэг үзүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, кино түгээлтэд баримтлах насны ангилал тогтоох, гадаад, дотоодын арга хэмжээнд монгол киног оролцуулах, нэр дэвшүүлэхэд санал өгөх, мэдээллийн сан хөтлөх зэрэг үйл ажиллагаа явуулах аж. Мэдээллийн сан нь кино үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд холбогдох мэдээллийг бүрдүүлэх, дамжуулах, ашиглах, хадгалах, цахим үйлчилгээ үзүүлнэ гэжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ зөвлөлийн гишүүдийг сонгоогүй, холбогдох журмууд тодорхойгүй, мэдээллийн сан ч ор сураггүй.

Хуулийн тав, зургадугаар бүлэг тэр чигтээ гадаадын уран бүтээлчдэд л хамаатай гэхэд хилсдэхгүй. Үүнд Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хуулийн этгээд дангаараа болон Монгол Улсын хуулийн этгээдтэй хамтран олон улсад түгээх зорилгоор кино бүтээх тохиолдолд зардлын тодорхой хувийг буцаан олгохоор заажээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хуулийн этгээд киноны зураг авахад 500.000 ам.доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгийг зарцуулсан нь нотлогдвол буцаан олгоно. Энэ нь нийт зардлын 40 хувиас хэтрэхгүй байна гэжээ. Ингэхдээ эвлүүлэг, дуу, дүрсний найруулгыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хийхэд багийн бүрэлдэхүүний 50-иас доошгүй хувь нь Монгол Улсын уран бүтээлч, ажилтан оролцсон бол тухайн зардлын 30 хувь, Засгийн газраас баталсан соёлын шалгуур хангасан бол зардлын 10 хувийг нэмж олгоно. Кино зураг авахад оролцсон гадаад улсын уран бүтээлийн болон зураг авах багийн Монгол Улсад ажилласан хоногийн цалин хөлсний таван хувийг буцаан олгоно гэсэн байна. Тухайн оронд ирж кино хийхдээ зарцуулсан нийт мөнгөнийх нь тодорхой хувийг буцаан олгож, урамшуулдаг энэ системийг өдгөө дэлхийн 100 орчим улс хэрэгжүүлж байгаа. Гэхдээ 30 хувиас хэтэрдэггүй юм билээ.

Дээр дурдсанчлан Ч.Номин сайд аман дээрээ “Хуулийг ерөнхийд нь хоёр бүлэгтэй гэж ойлгож болно. Нэгдүгээрт, дотоодын уран бүтээлчдийгээ дэмжихэд, хоёрдугаарт, гадаадынхныг Монголд уран бүтээл хийлгэхэд чиглэсэн” гэсэн. Уг хууль монгол киноны нэр хүндийг дээшлүүлэхэд төрөөс үзүүлэх дэмжлэг нь илт давуу туссан мэт харагдах боловч ачир дээрээ арай өөр, мөнгөний л “үнэртэй” болчихсон мэт. Үнэндээ зөвхөн гадаадын кино үйлдвэрлэгч студи, телевизийн кино үйлдвэрлэл эрхлэгчдийг Монгол Улсыг зорих шалтгаан болохуйц хууль гэхэд болохоор. Гадаадынханд элэгтэй, харин дотоодынхонд эмгэнэлтэй Кино урлагийг дэмжих тухай энэ хууль хэрэгжих эхлэхэд хоёрхон сар хүрэхгүй хугацаа үлдээд байгааг дахин сануулъя. Уран бүтээлчдийг дэмжих, тэргүүлэх үүрэгтэй Кино урлагийн зөвлөлийн гишүүд хэн байх, хуультай холбогдох журмууд хэрхэн гарах, дагалдах ямар ажлууд гүйцэтгэхийг уран бүтээлчид болон үзэгчид чих тавьсаар сууна.

Бэлтгэсэн А.Тайшир

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.