Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үнэр, амтаар өсвөр үеийнхнийг урхидагч

“Судалгааны дүнгээс үзвэл манай улсад 13-15 насны сурагчдын 3.5, насанд хүрэгчдийн 1.9 хувь нь цахилгаан тамхи хэрэглэж байна”. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн цахим хуудсанд ингэж бичжээ. Уншсандаа итгэсэнгүй. Тоо бүрийг нягтлан харлаа. Тус байгууллагын Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэгээс энэ талаар тодрууллаа. Тэрбээр “Манай байгууллагаас 2019 онд хийсэн судалгааны үр дүн ингэж гарсан. Дээрх насны сурагчдын дунд цахилгаан тамхины хэрэглээ 3.5 хувь байсан. Одоо бүр өссөн” хэмээн ярив. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзэхэд манай улсад тухайн онд 13-15 насны 140 орчим мянган сурагч байж. Үүний 3.5 хувь гэхээр 4200 гаруй хүүхэд цахилгаан тамхи хэрэглэдэг байсан гэсэн үг. Харин одоо энэ тоо хэрхэн өөрчлөгдсөн нь тодорхойгүй. Гэхдээ судлаач, мэргэжилтнүүд эрс өссөн гэдэгт эргэлзэхгүй байна. Учир нь үүнтэй холбоотой зөрчил гэр бүл, сургуулийн орчинд ихсэж, “янжуур” зуусан сурагч энд тэндгүй үзэгдэх болжээ.

Ерөнхий боловсролын сургуулийн зургадугаар ангийн сурагч ангийнхаа охины санал болгосон “даалгавар”-ыг гэртээ туршаад, ухаан алдаж унажээ. Тамхи татаж үзээгүй сониуч хүү хуруун чинээ “эд”-ийг угсруулан хэдэнтээ хүчтэй сорсны дараа амьсгал нь давчдан, муужран унасан гэнэ. Царай нь хөхөрч цонхийн, бие нь хөрж, хөшсөн хүүг өрөөндөө ухаангүй хэвтэхэд нь гэрийнхэн нь олж, анхан шатны тусламж үзүүлжээ. Зайсан дахь нэгэн хүнсний дэлгүүрээс 10 орчим насны хүү цахилгаан тамхи хулгайлан гарсан нь камерт бичигдэн үлджээ. Наймдугаар ангийн охин үеийн найзууддаа уруу татагдан, жил гаруйн хугацаанд цахилгаан тамхи хэрэглэснийг гадаадаас ирсэн ах нь “илрүүлжээ”. Эцэг, эх нь ажил ихтэй, гэртээ өнгөрүүлэх цаг хомс, тэр хэрээр охинд тавих анхаарал халамж сул байж. Харин гярхай ах нь ирсэн даруйдаа мэдсэн аж. Үндэсний соёл, амралтын хүрээлэнд сурагч охид цахилгаан тамхины утаа суунаглуулан хээвнэг алхжээ. Тэдэнтэй зөрсөн хүүхдүүд сониучирхан, шохоорхжээ. Насанд хүрэгчид жигшсэн, гайхсан харцаар хэдэн талаас нь шинживч юу ч хэлэлгүй өнгөрчээ.

Эд бүгд бодит явдал. Мэргэжлийн холбогдох байгууллага, судлаачдад эцэг, эхчүүд, олон нийтээс ирүүлсэн мэдээлэл бүхий жишээ. Үүнээс далд хэчнээн хүүхэд өдөр тутам цахилгаан тамхи хэрэглэж, үеийн найзуудынхаа ятгалга, “сурталчилгаа”-нд автаж, эрүүл мэндээ хохироосоор байгааг төсөөлөхөд бэрх. Одоогоор манай улс өсвөр үе буюу 13-15 насныхныг л судалгаанд хамруулжээ. Бусад насны хүүхдүүдийн дунд энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ ямар буйг тооцоолох арга алга. Гэхдээ сурагчид цахилгаан тамхийг “шүтэж”, нэгнийгээ уруу татах, сонирхолдоо хөтлөгдөн хэрэглэж, улмаар донтох тохиолдол олон байгааг НЭМҮТ-ийн судлаач онцолсон юм.

Энэ үзэгдэл Монгол төдийгүй дэлхий дахинд гаарсан талаарх судалгаа, баримт байна. Тухайлбал, Олон улсын халдварт бус өвчлөлийг тандан судлах нийгэмлэгийнхэн 2019 онд Ази, Европын 12 оронд “Цахилгаан тамхины хэрэглээ ба дам хордолт” судалгаа хийжээ. Санамсаргүй түүврийн аргаар 50 гаруй сургуулийн дөрвөн сая орчим сурагчийг хамруулахад 18 хувь нь цахилгаан тамхи татдаг байжээ. 12 хувь нь ямар нэг тохиолдлоор өмнө нь татаж үзсэн, найман хувь нь сонирхож байсан гэж хариулжээ. Эл судалгааны багийг хариуцсан доктор Шэйрли Уоркэр “Цахилгаан тамхи татдаг, татаж үзсэн хүүхдүүдийн дийлэнх буюу 70 орчим хувь нь 12-16 насныхан байна. Өсвөр насны хүүхдүүд сэтгэл зүйн хувьд тогтворгүй, бусдын ятгалга, нөлөөнд амархан автдаг нь үүнд нөлөөлдөг. Ангид тамхи татдаг нэг хүүхэд байх магадлал тун ховор. Нэг сурагчийн цаана багадаа 3-4 хүүхэд байдаг. Энэ нь бидний судалгаагаар батлагдсан” хэмээн онцолжээ.

Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сүүлийн жилүүдэд цахилгаан тамхины хэрэглээтэй холбоотой асуудлыг нэлээд ул суурьтай хөндсөөр иржээ. Ийм төрлийн бүтээгдэхүүний зах зээл дэх эрэлт, нийлүүлэлт өсөхийн хэрээр хэрэглэгчид нь залуужиж байгаа талаар асуудал дэвшүүлжээ. Тус байгууллагын цахим хуудсанд өнгөрсөн оны хоёрдугаар сард нийтэлсэн “Цахилгаан тамхины бодит хор уршиг” өгүүлэлд “Вэйп буюу цахилгаан тамхины найрлагад янз бүрийн амт, үнэр оруулагч нэмдэг учраас хүүхэд, залуус сонирхож, турших явдал түгээмэл байна. Насанд хүрэгчид голдуу тамхи (янжуур)-наас гарах зорилгоор ийм сонголт хийдэг бол залуус сонирхох, даган дуурайх байдлаар автдаг. Ялангуяа АНУ-д ийм бүтээгдэхүүний хэрэглээ эрс нэмэгдсэн. Ахлах ангийн сурагчдын 50-60 хувь цахилгаан тамхи хэрэглэдгийг тус улсын Хүнс, эмийн агентлагийн тайлан судалгаанд дурдсан. Энэ бол анхаарахгүй байхын аргагүй шинэ төрлийн аюул” гэж дурджээ.

Цахилгаан “янжуур”-ыг хүмүүс сонгож хэрэглэдэг гол шалтгаан нь тамхинаас гарах хүсэл юм. Энэ нь энгийн тамхинаас хор багатай, аюулгүй гэж үздэгтэй холбоотой. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагчид ч ингэж сурталчилдаг. Гэтэл хэрэг дээрээ энэ нь тийм ч гэм хоргүй, сайхан “эд” биш гэдгийг НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Б.Майцэцэг хэлэв. “Цахилгаан тамхины талаар янз бүрийн зөрүүтэй мэдээлэл бий. Энгийн тамхинаас хор бага, аюулгүй байж чадах уу” хэмээн түүнээс асуухад “Найрлагын хувьд янжуур тамхиныхаас цөөн тооны химийн элемент агуулдаг. Гэхдээ хүнийг донтуулах, хорт хавдар, зүрх, судасны эмгэг үүсгэх хэмжээний никотин, хүнд металл, цацраг идэвхт бодис агуулдаг. Зөвхөн цахилгаан тамхинаас үүдэлтэй шинэ төрлийн өвчин анагаах ухаанд хэдийн бүртгэгдсэн шүү дээ. Тэр нь EVALI (E cigarette or vaping product use associated lung injury) хэмээх нэршил бүхий уушгины өвчин. 2019 онд 2506 хүн ийм оноштой нь батлагдаж, 54 иргэн энэ өвчний улмаас нас барсан” гэв.

Цахилгаан тамхины хэрэглээ ихсэж, үүнээс үүдэлтэй эмгэг, хорт зуршил хүн амын дунд гаарсантай холбогдуулан дэлхийн улс орнууд тодорхой арга хэмжээ авч эхэлжээ. Тухайлбал, АНУ, БНХАУ, Сингапур, Энэтхэгийн зарим муж, хотод энэ тамхины эргэлтийг хуулиар хориглосныг дээрх судлаач хэлсэн. Зарим улс үүнийг энгийн тамхитай ижил түвшинд авч үзэж, импортын хязгаарлалт тогтоох санаачилга гаргасан гэнэ. Зарим нь цахилгаан тамхины сурталчилгааг хориглодог байна. Харин манай улсад энэ чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ үгүй аж. Арга хэмжээ байтугай дорвитой ойлголт, мэдээлэл хомс бололтой. Б.Майцэцэг “Өнөөгийн байдлаар цахилгаан тамхины хэрэглээ ямар ч хяналтгүй байна. Тамхины хяналтын тухай хуульд энэ талаарх зохицуулалт, заалт байхгүй. Аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ цахилгаан барааны ангиллаар оруулж ирдэг (гадаадаас). Төрөөс ямар нэг хяналт, зохицуулалтгүй, иргэд мэдлэг, мэдээлэлгүйг далимдуулан аж ахуйн нэгжүүд төөрөгдүүлсэн сурталчилгаа хийж, борлуулдаг. Өсвөр үе, залуучууд түүнд нь автаж, хэрэглээ нь улам нэмэгдэх хандлагатай” гэсэн юм. Нэгэн үе цахилгаан тамхийг хүмүүс хөөрөг шиг хаа нэг хэрэглэдэг, ховрын бараа байсан бол өдгөө жижиг мухлагаас эхлээд томоохон сүлжээ дэлгүүрүүд хүртэл худалдаалах болжээ. Энэ нь эл төрлийн бүтээгдэхүүний зах зээл дэх эрэлт хэр зэрэг ихэссэний, хэрэглэгч олширсны нотолгоо юм.

Олон жил тамхи татсан, уулзах бүрт хорт зуршлаа хаяна хэмээн ам гардаг нэгэн найз минь “Хэчнээн амар гээч. Тамхилах гэж гарч, орохгүй. Муухай үнэртэхгүй. Гэм нь зуршил болчихдог юм байна. Гарт, ил байвал байнга сорчих гээд хэцүү. Гоё үнэр, амттай (хошууг нь солих байдлаар ашигладаг)-г нь авах гэж овоо хэдэн “цаас” зарцууллаа” хэмээн ярьсан юм. Энэ бол цахилгаан тамхи үүрэг, зорилгоо биелүүлж, түүнийг алгуурхнаар өөртөө “дурлуулсаар” байгаагийн дохио юм. Хорт зуршил, донтолт гэдэг яг л ийм байдлаар эхэлж, аажим аажмаар хүний бие махбод, оюун санааг эзэрхийлдэг аюултай. Нэг ёсондоо тамхи үйлдвэрлэгчид хэрэглэгчдийг татах “зөөлөн хүчний бодлого” хэрэгжүүлдэг. Харин үүнд хамгийн амархан автах бүлэг бол яалт ч үгүй өсвөр насны хүүхэд, залуучууд билээ. Тиймээс судлаачдын хэлж байгаачлан цахилгаан тамхи бол эелдэг, амтлаг хор гэдгийг өсвөр үеийнхэнд таниулж, эцэг, эхчүүдэд ойлгуулан, нийгэмд зөвөөр сурталчлах цаг болжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.