Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эмгэг шарлалтыг эрт илрүүлж, саажилт үүсэхээс сэргийлэх боломжтой

Европын Холбооны хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийн “Лансет” төвийнхний судалгаагаар дэлхий даяар жил бүр 100 мянган төрөлт тутамд 1300-1500 хүүхэд нярайн шарлалтын улмаас нас бардаг гэх эмзэглэм үзүүлэлт бий. Тэгвэл түүнээс ч олон хүүхэд уг өвчний хүндрэлээр хөгжлийн бэрхшээлтэй болдог нь олон улсын эрдэмтдийн санааг байнга зовоосоор иржээ. Хүүхдийн анагаах ухааны сэтгүүлд энэ оны тавдугаар сард хэвлүүлсэн нэгэн судалгаа дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаад байна. Энэ нь Осло их сургуулийн эмнэлэг, Клиникийн анагаах ухааны хүрээлэн, Норвегийн Осло хотын Хүүхэд, өсвөр үеийн анагаах ухааны тэнхимийнхний хамтран хийсэн “Хүүхдийн шарлалт өвчний тархвар судлал” судалгаа юм. Тус эрдэм шинжилгээний өгүүлэлд шарлалт нь нярайн 30-40, тэр дундаа дутуу төрсөн хүүхдүүд (37 долоо хоногоос доош)-ийн 80 хувьд нь тохиолддог болохыг онцолжээ. Тодруулбал, дөнгөж төрсөн 10 хүүхэд тутмын нэгт нь уг өвчний эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх шаардлага тулгарсныг анхааруулав. Хэрэв зохих эмчилгээг заасан хугацаанд нь хийхгүй бол шарлалтын улмаас дэлхий дахинд жил бүр бүртгэгддэг нас баралт, хөгжлийн бэрхшээлтэй болдог тохиолдлуудыг цөөрүүлэх боломжгүй аж.

Дэлхийн хэмжээнд одоогоор төрөөд долоо хоноогүй нярай эмнэлэгт хэвтэх тэргүүн, эндэх долдугаар шалтгаан нь эмгэг шарлалт болжээ. Нярайн шарлалт гэх урхаг ихтэй уг эмгэг нь хөгжиж буй болон ядуу буурай, тэр дундаа Африк, Азийн улс орнуудад өргөн тархаад буй юм байна. Тэдгээрийн нэг нь Монгол Улс юм. Хүүхэд бүрт шарлалт харилцан адилгүй явагдах бөгөөд тэр болгоныг эмгэг гэж үздэггүй юм билээ. Тиймээс уг өвчний ямар шинж тэмдэг нь аюултай, аль нь хэвийн болохыг эцэг, эхчүүд, асран хамгаалагч нар заавал мэдэх ёстой гэнэ. Тодруулбал, гүйцэд төрсөн нярайд 2-3 хоногтойгоос арьс, салст нь шарлаж, дунджаар хоёр долоо хоногийн дараа арилахыг физиологийн шарлалт буюу хэвийн үзэгдэл гэж үздэг байна. Харин хүүхэд төрсөн эхний өдрөөсөө, эсвэл хэт оройтож шарлах, гарын алга, хөлийн ул, нүдний өнгө нь хувирах, энэ нь удаан хугацаанд арилахгүй байх нь тархи, мэдрэлийн хүнд эмгэг үүсгэх аюултай.

Манай улсад эмэгтэйчүүдийн өвчлөл нэмэгдсэн, хүүхдээ хөхөөр хооллох нь багассан, эм, тарианы хэрэглээ өндөрссөн, дутуу төрөлт ихэссэн, цөсний замын төрөлхийн гажгууд олширсон зэргээс шалтгаалж нярайн шарлалт ужгирч, хүндрэх шалтгаан болдог юм байна. 100 мянган төрөлтөд тохиолдох эмгэг шарлалтын хувь ч олон улсын дундажтай ижил хэмжээнд байгаа аж.

Тэгвэл нярайд шарлалт хэрхэн, яагаад явагддаг юм бол. Ураг эхийнхээ цусаар тэжээгддэг тул олон тооны улаан эстэй байдаг гэнэ. Хүүхэд мэндэлмэгц улаан эсүүд нь задарч, билирубин ихээр ялгаруулан, арьс, салст, нүдний цагааныг шарлуулдаг нь хүний хөгжлийн зүй тогтол аж. Улаан эсийн энэхүү задрал багасангуут эдгээр шинж тэмдэг 7-14 хоногийн дотор бүрэн арилдгийг эмч нар хэлсэн. Азаар ихэнх тохиолдолд энэ үйл явц жамаараа буюу ямар нэгэн эмчилгээгүй илаарьшдаг ч дээр өгүүлсэнчлэн эмгэг шарлалт болбол хүүхдийн уураг тархийг эдгэшгүйгээр гэмтээх аюултай тул анхаарахгүй өнгөрүүлж болохгүй.

Хүүхдийн төв сувиллын Нярайн тасгийн эмч, клиникийн профессор Д.Тунгалаг “Нярайн цусан дахь билирубиныг хэдэн хоногтойд, хэр хэмжээтэй байгааг тогтмол хянах нь маш чухал. Мэдэгдэхүйц шинж тэмдгээр нь буюу хүүхэд төрсөн эхний өдрөөс арьс салст, гарын алга, хөлийн ул нь шарлавал цусан дахь билирубиныг заавал хэмжүүлэх ёстой. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ шарлалтыг ажиглаж, өрхийн эмчдээ тогтмол үзүүлэн, хянуулах шаардлагатай гэсэн үг. Физиологийн шарлалт гэдэг нь нүүрнээс эхлээд цээж, хэвлий, хөлд хүрээд, доороосоо дээш буурах замаар арилдаг. Энэ тохиолдолд дунджаар 5-7 хоногтойд билирубины хувь хэмжээ нь хамгийн өндөр үзүүлэлт заагаад буурдаг тул аюулгүй гэж үзнэ. Харин өрхийн эмч нар энэ бүхнийг хянаж эмгэг шарлалт уу, эсвэл физиологийнх уу гэдгийг нь ялгаж оношилно. Шарлалт 14-өөс олон хоног үргэлжлэх, хэт эрт болон хожуу үед билирубин огцом нэмэгдсэн тохиолдолд биеийн байдал нь хүндрэх нь элбэг. Учир нь нярайн цусан дахь билирубин ихэссэнээр мэдрэл, сэтгэхүйд нь маш муугаар нөлөөлж, гэмтээдэг. Үүний уршгаар хүүхэд ирээдүйд тархины саажилттай, хараагүй, сонсголгүй, хэл ярианы бэрхшээлтэй болж ч мэднэ. Цаашлаад билирубин нь цусаар дамжин, бүх эрхтэн тогтолцоог гэмтээн, аминд нь хүрэх аюултай. Үүнээс эцэг, эхчүүд нэг л зүйлийг маш сайн ойлгоосой. Эмгэг шарлалтаас үүссэн хөгжлийн бэрхшээл төрөлхийнх биш. Уг өвчнөөс урьдчилан сэргийлж, эрт илрүүлэн, эмчлэх бүрэн боломжтойг дахин сануулъя” хэмээн зөвлөв. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ шарлалтыг хүндрүүлдэг гол шалтгаан нь хугацаа алдах гэдгийг ч тэрбээр хэлсэн. Эмгэг шарлалтын үеийн дээрх хүндрэлүүд ихэнхдээ нярайн эхний хоногуудад тохиолддог байна. Ээж, аавууд эмгэг шарлалтыг физиологийнхтой андуурч, тоохгүй явсаар хүүхэд нь хөхөө хөхөж чадахаа больсон, бөөлжиж, нумарч татсан хойно нь эмнэлэгт хандах тохиолдол цөөнгүй гардгийг мөн анхааруулсан юм.

Олон улсын эмчилгээний стандартад нярайн шарлалтын хувийг “хараад оношлох” боломжтой хамгийн бага хэмжээ нь 46-68 мкмоль/л гэжээ. Насанд хүрсэн хүний билирубины хэмжээ ч тэг байдаггүй бөгөөд хэвийн үедээ 5-25 заадаг аж. Тэгвэл нярай хүүхдэд эл үзүүлэлт 30-аас ихэссэн тохиолдолд шарлалт ямар нэг хэмжээгээр явагдах нь гэж үздэг. Тодруулбал, нярайн цусан дахь билирубины хэмжээ 291-ээс бага бол анхаарах шаардлагатай, 342 хүртэлхийг хүнд хэлбэрийн, 427-д хүрвэл маш аюултай, 510-аас хэтэрвэл цөмийн шарлалт буюу саажилт хэдийн үүссэнийг гэрчилдэг гэнэ. Хүүхдийн төв сувиллын эмч нарын зөвлөснөөр бол шарлалтын хувь хэмжээг тооцохдоо төрсний дараах хоногоор ажиглавал үр дүнтэй аж. Шарлалтыг хэмжих багажгүй, гэрийн нөхцөлд эцэг, эхчүүд хүүхдийнхээ цусан дахь билирубины хувь хэмжээг дараах байдлаар таамаглаж болох нь. Зөвхөн толгойн хэсгийн арьс салст шарласан бол билирубины хэмжээ 100, цээжтэй хавсарвал 150, хэвлийн хэсгийг хамарвал 200, хөлийн уланд ажиглагдвал 250-иас дээш болжээ гэж ойлгон, эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй гэнэ. Зарим хүүхдэд эл үзүүлэлт 300-350 заасан ч урхаг, үлдэц багатай байдаг нь гүйцэд төрсөн, эрүүл саруул байдагтай нь холбоотой аж. Харин дутуу, бүтэлттэй төрсөн нярайд үүнээс ч бага хэмжээний шарлалт хүүхдийн тархийг хэдийн гэмтээсэн байдаг гэнэ. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдээ хорвоод мэндэлсэн цагаас эхлэн шарлалтыг нь ажиглаж, өрхийн эмнэлэгтээ долоо хоног тутам, шаардлагатай тохиолдолд өдөр бүр хянуулаарай. Яагаад ингэх шаардлагатайг дараах хоёр жишээгээр харьцуулан харуулъя.

…Эмгэг шарлалтаас үүссэн хөгжлийн бэрхшээл төрөлхийнх биш. Уг өвчнөөс урьдчилан сэргийлж, эрт илрүүлэн, эмчлэх бүрэн боломжтойг дахин сануулъя…

Хоёр хүүхэд нь эмгэг шарлалтад өртөж байсан ээж Б.Баярмаа ийн ярив. Тэрбээр “Том хүүг минь найм хоногтой байхад өрхийн эмч үзээд “Шарлалт нь өндөр байна, төрөх эмнэлэг рүүгээ яв” гэсний дагуу очоод хэмжүүлтэл билирубин нь 350 байсан. Энэ үзүүлэлт 200-гаас их байвал өндөр, 300 давбал тархинд буюу мэдрэл, сонсголд муугаар нөлөөлдөг гэж сонссон болохоор их айсан. Ингээд харьяа амаржих газартаа фото аппаратад найм хоног шаруулаад, эмнэлгээс гарсан ч шарлалтын зэрэг нь сайн буураагүй. Тиймээс хувийн эмнэлэгт дахин гурван хоног “шарууллаа”. Тухайн үедээ жаахан буурсан тул эмнэлгээс гарсан. Хүүхдийнхээ шарлалтыг 23 хоногтойд нь ЭХЭМҮТ-д хэмжүүлэхэд 220 болж дахин нэмэгдсэн байсан. Тиймээс Хүүхдийн төв сувилалд хэвтэн эмчлүүлж, хэсэг хугацаанд хөхний сүүгээ хүртэл хорьсон. Эхийн сүүний эмгэг шарлалт гэж бас байдаг юм билээ. Гэхдээ энэ тохиолдолд хөхөөр хооллохыг хориглох заалтгүй бөгөөд эхийн сүү хэзээ ч саажилт үүсгэдэггүй талаарх олон судалгаа уншаад тайвширсан. Ерөнхийдөө хоёр нас хүртэл нь ЭХЭМҮТ-ийн мэдрэлийн эмчид хянуулсан. Уйгагүй эмчлүүлсний хүчинд азаар урхаг, үлдэцгүй эдгэрсэнд баяртай байдаг. Ах, эгч нь шарлаж байсан бол дүүд нь удамших бас магадлалтай юм билээ. Бага хүүхэд маань төрөөд эмнэлгээс гарахад шарлалт нь 154-тэй, тав хоногийн дараа нүүр, нүд, буйл нь шарлаж, илт нэмэгдэнгүүт шууд Хүүхдийн төв сувилалд хэвтэн эмчлүүлээд, бүрэн эдгэрсэн. Хэрэв энэ талаар ямар ч мэдлэг, мэдээлэлгүй байсан бол ирээдүйд гарч болох хүндрэл, бэрхшээлийг төсөөлөхөд ч бэрх” гэсэн юм.

Тэгвэл эмгэг шарлалтын хүндрэлээр алхаж гишгэж чадахаа байсан, маш их тэнцвэрийн алдагдалтай, булчингийн сулралтай болсон таван настай хүүхдийн ээж М.Болор ийнхүү ярьж байна. Тэрбээр “Манай хүүхдийн шарлалтын зэрэг 350-д хүрсэн ч тухайн үедээ нэг их аюултай хэмжээ гэж мэдээгүй. Хэсэг хугацаанд фото эмчилгээ хийлгээд жоохон буурангуут тайвширчихсан нь миний алдаа болсон. Эцэг, эхчүүд хүүхдээ гэдийж уйлах, булчин нь чангарах, шүлс нь ихээр гоожих, өлмийдөж гишгэх, эргэж хөрвөөхгүй байх зэргийг өөр өөрсдийнх нь онцлог хэмээн хаацайлдаг. Би ч тэдний нэг байсан. Гэтэл миний хүүхэд хөгжлийнхөө тодорхой үеүдэд ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй, нэг л мэдэхэд хүнд өвчинд нэрвэгдсэн байсан. Ингээд эмнэлэг, сувилал, бариа засал гээд яваагүй газар үлдээгүй. Шарлалтын улмаас хүүхдийн минь дөрвөн мөч чангарч татсан, булчингийн архаг чангарал, мэдрэлийн хүнд эмгэгтэй болсон байв. Харин нөхөн сэргээх эмчилгээнд сүүлийн нэг жил тасралтгүй яваад зургаан настайгаасаа алхаж, ярьж сурч байна. Тиймээс эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд, хүүхэд тань 14-21 хоног, сар шахам фото эмчилгээ хийлгэсэн ч шарлалт нь нэг л сайн буурахгүй, дахин нэмэгдээд байвал шантралгүй, эмчилгээгээ тасралтгүй хийлгээрэй. Тэгж чадвал таны хүүхэд 100 хувь эдгэрэх боломжтой. Одоо бүх өрхийн эмнэлэг шарлалт хэмждэг болсон. Заавал хувийн, эсвэл улсын том эмнэлэг гэж цаг алдалгүй анхан шатны нэгждээ даруй хандаарай л гэж хүсье. Нэгэнт мэдрэлийн тогтолцоонд нь нөлөөлөөд, саа, саажилт үүсгэсэн ч Монголд нөхөн сэргээх эмчилгээ хийдэг олон эмнэлэг бий тул хоног, хугацаа алдалгүй эмчилгээг нь эрт эхлүүлээрэй” хэмээв.

Нярайн шарлалтыг бууруулах гол эмчилгээ нь дэлхий нийтэд ч фото аппаратад “оруулах” байдаг. Ингэхдээ өндөр түвшний нанометрийн туяагаар хүүхдийн биеийг шарж, билирубиныг нь бууруулдаг аж. Мөн цусыг нь цэвэршүүлж, сэлбэх, тархины үйл ажиллагааг сэргээх зэрэг нарийн эмчилгээг давхар хийдэг тул эцэг, эхчүүд гэрийн нөхцөлд хүүхдийнхээ шарлалтыг бууруулах арга эрэлхийлэх нь маш аюултай гэдгийг дээрх жишээнээс уншсан биз ээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.