Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гишүүдийн “авлига”-д Л.Оюун-Эрдэнэ буруутай

Эрх баригчид УИХ-ын гишүүдэд дөрвөн тэрбум төгрөг хүртэлх хөрөнгө оруулалтын санал гаргах эрх өгчээ. Гишүүд сонгогдсон тойрогтоо ямар бүтээн байгуулалт хийхийг хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн улсын төсөвт “шургуулна” гэсэн үг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдэд төсвийн эрх мэдэл өгч байна. Зарим гишүүн тойрогтоо найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулах санал гаргасныг эх сурвалж дуулгав. Жорлонгийн нээлтэд хүртэл очиж тууз хайчлах дуртай гишүүдэд дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулах саналын эрх сайхан зууш байх нь дамжиггүй. Наад зах нь тойрогтоо очоод “Би үүнийг санаачлан төсөвт тусгуулсан” гэж үнэлгээ авна. Ашиглалтад ороход нь тууз хайчлан томорно. Ингэж татвар төлөгчдийн мөнгийг сонгогчдын саналыг “худалдаж авах”, улс төрийн байр сууриа бэхжүүлэхэд зарцуулж байна. Үүнийг “тойргийн усалгаа” гэж ёжлон нэрлэдэг болсныг бид мэднэ. Бүр хатуу хэлбэл, энэ нь сонгогчдыг төлсөн татварынх нь мөнгөөр эргүүлэн авлигадаж буй хэрэг юм.

Цаашлаад өөрийн санаачилсан бүтээн байгуулалтын төслөө хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтад тэд гар дүрнэ. Хөрөнгө оруулалтаас тодорхой хэмжээний шан хүртэх ч боломжтой. Үүнийг үгүйсгэх аргагүй. Угаас төрийн түшээд төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй бүтээн байгуулалтын санхүүжилтээс хувьдаа наадаг нь илэрхий болсон. “10 хувийн хэн” гэсэн хэллэг хүртэл гарсан нь үүний тод илрэл юм. УИХ-ын гишүүд мөнгө авдаггүй юм гэхэд “Би төсвийн тендерт ялахад чинь тусалж чиний бизнесийг дэмжсэн. Одоо надад ингэж тусал” гэж шан хүртдэгийг олон удаа сонсож байлаа.

Төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг гаргаж, Засгийн газар мөрийн хөтөлбөр, улс орны хөгжлийн бодлогод нийцүүлэн боловсруулдаг. Төсвийн хөрөнгө оруулалтаас нийгэм, эдийн засгийн үр ашигтайг нь нэн түрүүнд эрэмбэлэн хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг. УИХ-ын гишүүдэд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санал тусгах зөвшөөрөл олгосон нь төсвийн бодлогыг тарамдуулсан завхрал. Түүгээр зогсохгүй татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй зүйлд зарцуулах хаалгыг нээсэн хэрэг. Тиймээс УИХ-ын гишүүдийг төсөв зохиох, төлөвлөлт хийхэд оролцуулахаа болих хэрэгтэй.

Сангийн сайд Б.Жавхлан “УИХ-ын гишүүд санал өгөх эрхтэй” гэж дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилттэй төсөл, арга хэмжээг нь хүлээн авч, төсөвт тусгаж буй үйлдлээ цайруулан ярьжээ. Парламентын гишүүд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улсын төсвийн тухай хуулийг хэлэлцэн, алдаа мадгийг нь залруулж батлах эрхтэй. Харин төсөв зохиоход оролцох, өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн саналаа тусгах эрхгүй. Зарчмын ялгаатай хоёр ойлголтыг холин ярьж, олон нийтийг төөрөгдүүлэх хэрэггүй гэж Сангийн сайдад зөвлөе. Бас тэрбээр 10 их наяд төгрөгийн өртөгтэй хөрөнгө оруулалтын санал ирснийг ярьжээ. Эрх өгчихөөр гишүүн бүр санаандаа буусан, сонгогчдод таалагдах магадлалтай төслийг хэдэн арваар нь санал болгох нь гарцаагүй. Манай УИХ-ын гишүүд дахин сонгогдоход нь тус болно гэж үзээд тойрогтоо үр ашигтай, үгүй нь хамаагүй олон бүтээн байгуулалт хийх гэж зүтгэдэг нь нууц биш.

“Усалгаа сайтай” тойргоос тухайн гишүүн дахин сонгогдох магадлал өндөр. Тиймээс нам нь УИХ-ын сонгуульд ялалт байгуулахын тулд гишүүдээ “тойргийн усалгаа” хийхийг дэмждэг. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн зарлагыг УИХ нэмэхийг хориглосон. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд УИХ-ын гишүүд өөрийн ашиг сонирхолд нийцэх төсөл, хөтөлбөрийг нэмж тусгаад зардлыг тэлэхээс гадна хөрөнгө оруулалтын бодлогыг нь тарамдуулаад байсан учраас ийм заалт тусгасан юм. Уг нь МАН-ынхан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад гол ноён нуруу болсон. Мөн хуульд дээрх заалтыг тусгах санаачилга гаргасан удаатай. Гэтэл МАН-ынхан “тойргийн усалгаа” хийдэг улс төрийн бохир соёлоосоо салахыг хүссэнгүй. Төсвийн төслийг боловсруулж, зарлагын эцсийн дүн гаргахаас нь өмнө “тойргийн усалгаа”-ны зардлаа тусгаж амжжээ. УИХ Үндсэн хуулийн дагуу төсвийн зардлыг нэмэхгүй. Гэхдээ өмнө нь “хор”-оо хавчуулж амжсан. Тэдний өөрсдөө санаачлан Үндсэн хуульд тусгасан, төсвийн зарлагыг нэмэхгүй, Засгийн газрын хөрөнгө оруулалтын бодлогыг тарамдуулахгүй байх зорилгынхоо эсрэг ажиллаж байгаа биз.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах талаар яриа гарах болсон. Түүнийг үхээнц дуугарч, алдаа гаргах болгонд намынх нь нөхөд шүүрэн авч, дэвэргэж буй. Тиймээс Засгийн газраа хамгаалж үлдэхийн тулд УИХ-ын гишүүдийг дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын эрхээр хахуульдсан гэж хардах хүмүүс бий. Өмнө нь Засгийн газрыг огцруулахын тулд УИХ-ын гишүүдэд нэг тэрбум төгрөгийн ЖДҮ өгсөн гэж олон нийт харддаг. Тэгэхээр Засгийн газар огцрохгүйн тулд УИХ-ын гишүүдэд найр тавьж байж магадгүй л юм.

…Хууль тогтоох, засаж сайжруулах, хэрэгжилтийг нь хангуулах эрх, үүрэг л УИХ-ын гишүүнд ногддог. Дахин дурдахад, УИХ-ын гишүүнд төсөвт хөрөнгө оруулалтын санал тусгах, захиран зарцуулах эрх олгодог бохир соёлоо таслан зогсоох хэрэгтэй…

УИХ-ын гишүүдийг “тойргоо услах”-ыг дэмжих, цаашлаад авлигадахын тулд эртнээс төсвийн хөрөнгө оруулалтын эрх мэдэл өгч иржээ. Гишүүдийн тойргийн мөнгө гэх ойлголт УИХ-ын 2000-2004 оны бүрэн эрхийн хугацаанд Н.Энхбаярын Засгийн газрын үед бий болсон гэж эх сурвалж баталж байна. Анх УИХ-ын гишүүн төсвөөс жилд 10 сая төгрөгийн төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх эрх мэдэлтэй байжээ. УИХ-ын гишүүн бүр 2007 оноос төсвийн 250 сая төгрөгийн санхүүжилтээр тойрогтоо бүтээн байгуулалт хийх эрхтэй болсон аж. Үүнийг тухайн үед “Алдарт 250 сая” төгрөг хэмээн шүүмжлэн бичиж байсан нь хэвлэлийн хуудсанд үлджээ. Дараа нь буюу 2012-2016 онд гишүүд тойрогтоо нэг тэрбум төгрөгийг өөрийн дураар захиран зарцуулж, бүтээн байгуулалт хийх эрх эдэлж байв.

Хууль тогтоох, засаж сайжруулах, хэрэгжилтийг нь хангуулах эрх, үүрэг л УИХ-ын гишүүнд ногддог. Дахин дурдахад, УИХ-ын гишүүнд төсөвт хөрөнгө оруулалтын санал тусгах, захиран зарцуулах эрх олгодог бохир соёлоо таслан зогсоох хэрэгтэй. Ийм эрх өгснөөр эдийн засагт үүсэж буй эрсдэлийн талаар МУИС-ийн багш, эдийн засгийн ухааны доктор Б.Отгонтөгс “Нэгэнд нь дөрвөн тэрбум төгрөгийн эрх өгөхөөр 76 гишүүн 300 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ санаачлах эрхтэй болж байгаа юм. Төсвийн алдагдлыг энэ жил хоёр их наяд төгрөг байхаар баталсан. Гэтэл ирэх жил 2.4 их наяд төгрөг болох нь. Гишүүдийн мөнгө төсвийн алдагдлыг өсгөчихөж гэж харахаар байгаа биз” гэв. Мөн тэрбээр “Гишүүдэд төсвийн эрх мэдэл өгдөг хууль бус үйлдэл нь төсвийн алдагдлыг нэмэгдүүлэн, Засгийн газрын өрийг тэлж, улмаар “дефолт” зарлах нөхцөл рүү түлхэж байна. УИХ-ын гишүүд “Би дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгөөр төсөл хэрэгжүүлэх эрхээ эдэлнэ. Энэ бодлогыг буруу гэж бодохгүй байна” гэж ярихын оронд улсын өрийг дарах стратеги хэрэгжүүлээсэй” хэмээн ярьсан юм. “Авлига” авах дуртай УИХ-ын гишүүд улс орныг хөгжүүлээд байна уу, хөлдөө чирээд байна уу.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Гишүүдийн “авлига”-д Л.Оюун-Эрдэнэ буруутай

  • иргэд олон түмэн says:

    Оюун-Эрдэнэ гэдэг залуугийн жолоо цулбуурыг татах цаг болсон байх шүү?