Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.Анандбазарыг хоёр ч үндэслэлээр шалгах саналаа прокурорт хүргүүлжээ

УИХ-ын гишүүн, “Содмонгол” группийг үүсгэн байгуулагч Ц.Анандбазарт хоёр ч үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгах саналаа цагдаагийн байгууллагаас НПГ-т хүргүүлжээ. Гэхдээ иргэн Б.Сүнээ буюу Б.Сүндэрьяагийн гаргасан, охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн гэх үндэслэлээр бус, өөр хэрэгт шалгахаар болсон аж. Тодруулбал, Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай нутаг болох Бага тэнгэрийн аманд эзэмшсэн газраа зориулалт бусаар ашигласан гэх үндэслэлээр нэг хэрэг нээж буй гэнэ.

Харин нөгөө нь Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авч, зориулалт бусаар зарцуулсан байж болзошгүй гэх үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналыг цагдаагийнхан хүргүүлсэн байна. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үүсгэн байгуулсан “Содмонгол” группийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Тос, тосолгооны материалын үйлдвэр”-ийн төсөлд Засгийн газрын 2016 оны 76 дугаар тогтоолоор 14 тэрбум хүртэлх төгрөгийн зээлийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх, 30.03 сая еврог дамжуулан зээлдүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн байдаг. Улмаар 14 тэрбум төгрөгтэй тэнцэх иений зээлийг тус банкнаас олгосон юм билээ. Уг зээлээ зориулалт бусаар зарцуулж, нэлээд хэсгийг нь ОХУ-ын аж ахуйн нэгж рүү шилжүүлсэн, багагүйг нь 2020 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ зарцуулсан байж болзошгүй гэх мэдээллийн дагуу шалгаж эхэлсэн аж. Уг нь Ц.Анандбазарын хамаарал бүхий эл компанийн Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбоотой мэдээлэл нэлээд эрт бидэнд ирсэн юм. Тухайн үед Хөгжлийн банкныхнаас “Содмонгол” группийн зээлийн эргэн төлөлтийн талаар лавлахад “Тус компани нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь хэвийн төлж байгаа. Төслийг дөрвөн үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нэг, хоёрдугаар шатны ажлуудаа хийж байна. Төсөл хэрэгжүүлэгчид тос, тосолгооны материалын үйлдвэрийн үйл ажиллагааг 2021 оны зургадугаар сард эхлүүлэхээр төлөвлөсөн. “Содмонгол” группийн бизнесийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөлтэй холбоотой аливаа мэдээллийг тус компанитай байгуулсан зээлийн гэрээний холбогдох заалтыг үндэслэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өгч байсан юм. Ц.Анандбазарт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналыг прокурорын байгууллага хэрхэн шийдвэрлэсэн, шалгалтын явцад ямар зүйлүүд тогтоогдсон талаар бид эргэн мэдээлэх болно.

Ташрамд дурдахад, иргэн Б.Сүндэрьяагийн гаргасан гомдлын дагуу ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шалгаж буй ч түүнд бэлгийн дарамт учруулсан гэх үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас гадна хангалттай нотлогдохгүй байгаа гэнэ. Харин Ц.Анандбазарт хүчирхийлүүлсэн гэх олон бүсгүйгээс хэн нь ч цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй учраас мөрдөн шалгах ажиллагаа гацаж, хаах саналыг прокурорт хүргүүлж болзошгүй байна.

Бэлтгэсэн Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.