Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрээн хаалгаа хаахад энд лангуу хоосрох нь

Урд хөршийн Эрээн хотод коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Эрээний боомтын нэвтрэх хөдөлгөөнийг хаасан. Манай улс импортын бүтээгдэхүүнийхээ 35 гаруй хувийг БНХАУ-аас авдаг. Дараагаар нь ОХУ 26, Япон долоо, БНСУ 4.5 орчим хувийг нь нийлүүлж, нийт 142 улсаас бараа, бүтээгдэхүүн худалдан авдаг талаар Гаалийн ерөнхий газрын тайланд дурджээ. Мөн урд хөрштэй Булган, Гашуунсухайт, Хавирга, Сэхээ зэрэг 10 гаруй боомтоор хиллэн, наймаа хийдэг ч Эрээн-Замын-Үүдийнх бол хүнс, өргөн хэрэглээний барааны дийлэнхийг татан авдаг гол боомт. Эрээн хот хаалгаа хаан ийнхүү долоо хоноход дэлгүүр, захуудад ямар нөхцөл байдал үүссэнийг сурвалжиллаа.

Гурил, будаа, хүнсний болон нарийн ногооны бөөний “Барс” худалдааны төвд уржигдар 10.30 цагт очив. Нарийн ногоо, жимс борлуулдаг шилэн “нүүртэй” павильоны гаднаас харахад тавиур дээрх сагснууд нь хоосон, худалдагч бүсгүй хаалгаа түгжин, гарч явахтай таарав. Түүнээс зарим зүйл тодрууллаа.

-Хил хаагдсан учраас зарах бүтээгдэхүүнгүй болж, хааж байгаа юм уу?

-Бараг л тийм. Жимс бол бий. Харин нарийн ногоо дуусчихлаа. Манайх Хятадынхаас гадна дотоодод тарьсан өргөст хэмх, улаан лооль, салатны навч, цэцэгт байцай, бууцай зэргийг борлуулдаг. Арав хоногт 2-3 удаа бүтээгдэхүүнээ татдаг ч сүүлийн долоо хоногт нэг удаа, бага хэмжээгээр авлаа. Дотоодод ургуулсан нарийн ногооны эрэлт ихэссэн, байсныг нь өглөөгүүр зарсан.

-Урд хөршийн хил хаалттай удвал жимс ч бас ховордох уу. Нарийн ногооны үнэ нэлээд өсжээ.

-Хил нээгдэхгүй бол жимс, нарийн ногоо ч биш шоколад, хатаасан жимс, самар, резинэн чихэр, кофе, хуурай сүү зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нийлүүлэлт таг зогсоно. Миний мэдэж байгаагаар “Барс”-д борлуулж буй хүнсний талаас илүү хувь нь урд хөршийнх. Мөн хил хаагдсан сургаар л нарийн ногооны үнэ нэмэгдсэн. Дотоодын цөөн нийлүүлэгч өргөст хэмх, улаан лооль, салатны навч, цэцэгт байцай зэргээ кг тутамд нь 5000 орчим төгрөгөөр нэмж 20 000-д хүргэлээ. Томоохон ресторанууд 20 000 төгрөгөөр авъя гээд ч ховор байна. 2-3 лангуунд борлуулж байсан амтат чинжүү ганц цагт л дууслаа гэв.

“Баянзүрх” захад 12.00 цагт очиход иргэдийн хөл хөдөлгөөн их, жимс, нарийн ногоо өрсөн лангууны борлуулагчид “Юу авах вэ” хэмээн уриалгахан асууж байв. Тус захад уржигдрын байдлаар жимс элбэг, өргөст хэмхээс бусад нарийн ногоо олдоцтой байна лээ. Харин өргөст хэмхийн нийлүүлэлт багасан, үнэ нь долоо хоногт кг тутамдаа 5000-6000 төгрөгөөр өссөнийг худалдагч нь хэлсэн. “Баянзүрх” захад нөөшилсөн загас, хоол амтлагч, цуу, задгай кимчи, мөөг зэргийг борлуулдаг Э.Туул “Би солонгос хүнс зардаг ч Замын-Үүдийн боомтоор бүтээгдэхүүнээ оруулж ирдэг. Хэрэв Эрээний боомтыг нээхгүй удвал манай борлуулдаг 16 нэрийн бүтээгдэхүүн бараг бүгд тасарна. Иргэд их хэмжээгээр худалдаад авчихгүй бол энэ сарыг дуустал нөөц бий” гэлээ. Тус захад төрөл бүрийн гоймон, будаа, ургамлын болон цөцгийн тос борлуулагчид харин сэтгэл зовсон шинжгүй, бүгдийг нь ОХУ-аас авдаг учраас одоогоор хомсодсон зүйл алга гэцгээж байв. Харин сүүлийн нэг жил гаруйн хугацаанд ургамлын тос, бүх төрлийн будаа, гоймон, давс зэрэг өргөн хэрэглээний хүнсний үнэ кг, ширхэг, уут тутамдаа багадаа 1000, ихдээ 7000-10 000 төгрөгөөр нэмэгдсэнийг хэлж байлаа.

Томоохон бөөний төв, хүнсний захуудад ийнхүү зарим бүтээгдэхүүний хомсдол үүсэж буй үед хүнсний жижиг дэлгүүрүүдэд ч бэрхшээл тулгарчээ. Чингэлтэй дүүргийн VIII хороонд найман нэрийн дэлгүүртэй М.Ундрахаас бүтээгдэхүүнийх нь нийлүүлэлт хэр байгааг тодрууллаа. Тэрбээр “Цар тахал дэгдэн, хилийн хорио тавьснаас хойш импортын барааны төрөл багассаар буй. Тухайлбал, иргэдийн хамгийн их худалдан авдаг бэлэн гоймон, далайн байцай, зай, кетчуп болон зарим нэрийн ариун цэврийн цаас ирэхээ байлаа. Монголд үйлдвэрлэсэн шошготой боловч урдаас ирдэг ариун цэврийн цаас их юм байна. БНСУ-аас оруулж ирдэг гэх “Nong shim” гоймон ч Хятадынх, бүх төрлийн зай ч урд хөршийнх аж” гэлээ.

“Улсын их дэлгүүр”-т өнгөрсөн мягмар гаргийн үдээс хойш өргөст хэмх байсангүй. Хэзээ “ирэх”-ийг нь худалдагч сайн мэдэхгүй гэдгээ хэлсэн. Эндээс харахад ОХУ-аас татан авдаг будаа, элсэн чихэр, гоймон зэргийн нийлүүлэлт хэвийн байна. Иргэдийн эрэлт ихсэн, дотоодын нийлүүлэгч цөөн байгаагаас ногоо ховордон, үнэ нь ердөө долоо хоногт 30-40 хувиар нэмэгджээ. Цаашид хил хэр удаан хаалттай байхаас шалтгаалан илүү олон төрлийн барааны хомсдол үүсэн, үнэ нь “чангарах” магадлалтай учраас ургамлын тос, будаа, гоймон авч нөөцлөх хэрэгтэй гэх хүн ч тааралдсан юм.

“Улсын их дэлгүүр”-т өнгөрсөн мягмар гаргийн үдээс хойш өргөст хэмх байсангүй. Хэзээ “ирэх”-ийг нь худалдагч сайн мэдэхгүй гэдгээ хэлсэн. Эндээс харахад ОХУ-аас татан авдаг будаа, элсэн чихэр, гоймон зэргийн нийлүүлэлт хэвийн байна. Иргэдийн эрэлт ихсэн, дотоодын нийлүүлэгч цөөн байгаагаас ногоо ховордон, үнэ нь ердөө долоо хоногт 30-40 хувиар нэмэгджээ. Цаашид хил хэр удаан хаалттай байхаас шалтгаалан илүү олон төрлийн барааны хомсдол үүсэн, үнэ нь “чангарах” магадлалтай учраас ургамлын тос, будаа, гоймон авч нөөцлөх хэрэгтэй гэх хүн ч тааралдсан юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд өнгөрсөн мягмар гарагт сэтгүүлчидтэй уулзах үедээ нарийн ногооны хомсдол үүсэж буй нь үнэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. БНХАУ, Монгол Улсын Гадаад харилцааны яамд хооронд хэлэлцээ хийн, амархан муудах хүнс, нарийн ногоог Эрээнээс төмөр замаар тээвэрлэн авч ирэхээр ярилцаж буй гэсэн. Түүнчлэн Эрээн хотоос Замын-Үүд рүү хөдлөхөөр хүнс ачсан байсан цөөн автомашиныг нэвтрүүлэх талаар санал тавьснаа дурдсан юм. Гэхдээ цар тахал, бусад давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр цаашид хил хаах давтамж өсөх, ачаа эргэлт удаашрах магадлалтайг сайд З.Мэндсайхан үгүйсгэсэнгүй. Энэ удаад ч Эрээний боомтын хөдөлгөөнийг хэдий хугацаагаар хаах, тээвэр хэзээ хэвийн болох нь тодорхойгүйг хэлсэн. Түүнчлэн өвлийн хүлэмж барих зардал өндрөөс хүлэмжийн аж ахуй эрхлэх хүсэлтэй иргэдийг төрөөс санхүүжүүлэх боломж хомс гэж байв. Төсөл хэрэгжүүлэх байдлаар олон улсын хөрөнгө оруулалт татах боломж л бий гэнэ. 10 гаруй хоногийн өмнө БНХАУ-ын “Тианжин хүнс”-тэй хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтой хэмээн ХХААХҮЯ-наас мэдээлсэн ч тус компани манайд ашиг багатай санал тавьсан учраас хамтрах, эсэх нь тодорхойгүй болоод буй аж.

Улс хооронд тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг компаниудад ямар асуудал тулгарав, амархан муудаж, хугацаа нь дуусах бүтээгдэхүүн нь Эрээнд гацсан, эсэх талаар “Брайт ложистик” компаниас тодрууллаа. Тус компанийн захирал “Манай хувьд түргэн хугацаанд муудаж, гэмтэх бараа тээвэрлэх захиалга аваагүй байсан. Бид чингэлгийн тээвэр эрхэлдэг бөгөөд хүнсийг голдуу автомашинаар зөөдөг. Гэхдээ Тяньжины боомтод өнгөрсөн тавдугаар сард л 4000 чингэлэг гацсан байсан нь өдгөө бараг хэвээр байгаа. Улс хоорондын яриа хэлэлцээ хийлээ, тээвэр хэвийн үргэлжилж буй гэсэн ч ихдээд 1000-ыг нь “хөдөлгөн”, бусад нь үлдсэн. Манай улс руу автомашинаар ч, галт тэргээр ч тээвэр хийхэд улам хүндрэлтэй, илүү хугацаа зарцуулдаг жишиг тогтлоо. Энэ бол цар тахлын нөхцөл гэхээс илүүтэй гадаад харилцааны асуудал байх” гэсэн юм.

Нарийн ногоо, хүнс гэлтгүй эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж муудан, эмийн сангууд дахь зарим бүтээгдэхүүн ховорджээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн I хороонд үйл ажиллагаа явуулдаг эмийн санд дуслын систем, иргэдийн өргөн хэрэглэдэг “Рингер лактат” дусал, тарилга найруулдаг ус буюу новакайн, уян зүү, нэг удаагийн бээлий болон бусад хэрэгсэл, зарим антибиотик тасран, хааяа нэг “ирдэг” болоод багагүй хугацаа өнгөрчээ. Энэ талаар нэгэн эмийн санч “Өнгөрсөн өвөл хатуу хөл хорио тогтоосон, хавраас нь Эрээн-Замын-Үүдийн ачаа тээврийн эргэлт багасан, удааширч эхэлсэнтэй холбоотойгоор эм, эмнэлгийн хэрэгсэл хомсдож эхэлсэн. Одоо дуслын шингэнгүй, дусал залгах системгүй, яаралтай үед хэрэглэх антибиотикгүй болох нь. Иргэд ихэнх эмийг ОХУ-аас нийлүүлдэг гэж боддог ч үгүй. Ялангуяа эмнэлгийн хэрэгслийг бараг 100 хувь урд хөршөөс авдаг. Цар тахлын ийм хүнд үед нарийн ногоо идэхгүй байхад яах вэ. Антибиотикт дассан, байнгын хэрэглээ нь болсон хүмүүсийн эм тасарч, тариа, дуслаа хийж чадахгүйд хүрвэл аюултай. Мэргэжлийн хүний хувьд үүнд санаа зовж байна” гэлээ. Харин эм, тарианы хангамж тасалдсан, ноцтой түвшинд хүрч буй, эсэх талаар Эрүүл мэндийн яамны Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм хангамжийн ахлах мэргэжилтэн Э.Буяндэлгэр “Яаралтай шаардлагатай эм, тарилга, дуслын шингэн, эмнэлгийн хэрэгслийг төмөр замаар татан авахаар ярилцаж байна. Мөн Эрээнд байсан эмнэлгийн зориулалттай барааг буцаан Тяньжинд хүргэх, тэндээс нь шууд галт тэргээр авчрах боломж бий. Эрээнд зогсоохгүй гэсэн үг. Дуслын болон тарианы шингэн үйлдвэрлэдэг дотоодын хоёр компани байдаг. Тэдгээр нь эмнэлэгүүдийг хангаж буй. Эмийн сангуудад ховордож буйг нь энэ долоо хоногт багтаан нийлүүлэхээр ажиллаж байгаа” хэмээн өгүүлэв.

Импортын барааны хомсдол үүсэн, нарийн ногоо, жимсний үнэ нэмэгдэж буйд иргэд ямар сэтгэгдэлтэй байгааг тодрууллаа. Зарим нь халаглаж, бухимдаж байсан бол олзуурхах нэгэн ч байв. Баянзүрх дүүргийн иргэн Г.Энх “БНХАУ Эрээний боомтоо хаасан нь сайн хэрэг. Бидэнд мах, гурил, төмс байхад алзахгүй. Чацарганын шүүс уун аминдэмээ нөхье. Бас дээл, ноос, ноолууран өмд цамцаа өмсөж хэвшье. Дотооддоо юмаа хийе, алийн болгон “айл” царайчилж суух вэ” гэв. Харин Г.Энхтэй ярилцаж байхад хажууд ирэн, саналаа хэлсэн Чингэлтэй дүүргийн иргэн О.Гансүх “Дээл оёх торго, даавуу, товчноос эхлүүлэн ноолуур, ноосон эдлэл хийхэд хэрэглэх будаг, бодис, техник, төхөөрөмж бүгдийг нь урдаас авдаг. Чацарганын шүүс савлах сав ч үгүй болохоо мэдэж байна уу. Дотооддоо үйлдвэрлэх бараа, бүтээгдэхүүний хэмжээ, төрлийг олшруулъя гэх нь зөв ч одоохондоо бид хүч хүрэхгүй. Импортын бүрэн хамааралтай улс. Харин нөөц хангамжаа нэмж, хэзээ, юу тохиолдсон ч “гал алдахгүй” байхад зэхэх хэрэгтэй байх. Хоёр хөрштэйгөө нээлттэй, найрсаг харилцаатай байж л урагшилна” гэсэн юм.

Ташрамд дурдахад, Хүнсний тухай хуулийн хоёрдугаар бүлэгт хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтвортой байлгах зорилгоор стратегийн хүнсний улирлын нөөцийг бүрдүүлнэ гэжээ. Мөн хуулийн 6.1-т стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журмыг Засгийн газар батална гэсэн байна. Эл хуулийн биелэлт, хүнсний хангамж хэр байгаа талаар ХХААХҮЯ-наас тодруулахад “Улсын хэмжээнд хэрэглэх будаа, төмс, хүнсний ногоо, элсэн чихэр, хуурай сүү, давс, өндөгний 20-40 хоногийн нөөц байдаг, одоо ч бий. Тээвэрлэлт тасрахгүй бол тухай бүрт татан авч, нөөцийн хэмжээг бууруулахгүй байх боломжтой. Зах, худалдааны төв, дэлгүүрүүдэд борлуулж буй өргөн хэрэглээний 100 орчим нэрийн хүнснээс одоогийн байдлаар тасарсан бүтээгдэхүүн байхгүй. Харин нарийн ногоо болон импортын зарим барааны хангамж багасаж, үнэ нь өссөн асуудал бий” гэж Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас нь мэдээлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.